Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/01998

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: ................ тоот, регистр ........ М ХХК,

Хариуцагч: ..................... Н газар,

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ............... өөрийн байр, регистр , Ж банк

  Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, гэрч Н.Ц, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар М ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан манай компанийн эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгөд Н газраас 10,853,957,434 төгрөгийн үнэлгээг тогтоосон байдаг. Нэгж талбарын . дугаартай............, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах 149,880 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газарт 6,701,631,921 төгрөгийн үнэлгээ, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, .....................тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдэд 4,152,325,513 төгрөгийн үнэлгээг тус тус тогтоосон. Н газраас тогтоосон тус үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын хэмжээтэй ижил хэмжээтэй газартай харьцуулалт хийгээгүй. Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрын нийт хэмжээ нь 149,880 м.кв буюу 14,9 га талбай бүхий газар байхад Х ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/64 дугаартай хөрөнгийн үнэлгээнд 7,800 м.кв, 10,000 м.кв, 10,000 м.кв, 3,000 м.кв, 9,300 м.кв газруудтай тус тус харьцуулалт хийх замаар зах зээлийн жишиг үнийн аргаар газрын үнэлгээг тогтоосон нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан, илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон байна. Учир нь хотын үйлдвэрлэлийн бүс болох Эмээлтэд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га тутмын зах зээлийн үнэ 600,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байхад дээрх хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 15 дахин бага хэмжээтэй газартай харьцуулан жишиж, 1 га газрын үнэлгээг 449,773,954 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгчийн эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа болно. Зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ зах зээл дээр борлуулагдахаар зарлагдсан харьцуулсан хөрөнгүүд нь газар болон түүн дээрх барилгын хамт нэгдсэн үнээр зарлагдсан байдаг учир үнэлж буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ цэнд нь газрын үнэ цэнэ орсон байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байдаг тул үл хөдлөх хөрөнгө байршиж буй газрын зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоохгүйгээр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах нь үнэлгээг зохих ёсоор хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар гүйцэтгэх тухай заасан байдаг. Үүнд: Зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага гэсэн аргууд байна. Гэтэл Х ХХК нь газрын үнэлгээг хийхдээ зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь газар бол зах зээлийн жамаар байнгын эргэлтэд орж, үнэ цэнэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг үл хөдлөх хөрөнгө бөгөөд орлогын хандлагаар газрын чанар, үр шим, өгөөжөөр нь тухайн хөрөнгийн бий болгох үнэ цэнийг тогтоодог аргыг үнэлгээнд ашиглаагүй байна. Манай компани өөрийн эзэмшлийн уг газарт байнгын сайжруулалт хийж, газрын чанар төлөв байдлыг дордуулахгүйгээр хөрөнгө оруулалт хийж ашиглаж байсан болно. Ийнхүү газрын үнэлгээг тогтоохдоо манай компанийн эзэмшлийн газрын хэмжээнээс хэд дахин бага хэмжээтэй газартай харьцуулан жишиж, үнэлгээний аргачлалын зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ тогтоож манай компанийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, зах зээлийн ханштай дүйцүүлж үнэлгээ хийгээгүй хэт доогуур үнээр үнэлсэн тухайд манай компанийн өмчлөлийн тус бүр нь 1896 м.кв, 1296 м.кв, 648 м.кв, 120 м.кв, 288 м.кв, 144 м.кв, 360 м.кв, 144 м.кв талбай бүхий тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй 8 үл хөдлөх хөрөнгө нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрэлттэй бүсчлэлд байршдаг бөгөөд тус бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ зах зээлийн судалгаагаар 1,300,000 төгрөгөөр худалдан борлуулахаар байхад Н газраас томилсон Х ХХК-ийн шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг зөвхөн өртгийн хандлагаар тооцож үнэлсэн нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өртгийн хандлагаар хийсэн үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ сул байдаг тул ач холбогдлын хувьд зах зээлийн хандлага болон орлогын хандлагаас харьцангуй бага юм. Одоогийн байдлаар манай компани тус үл хөдлөх хөрөнгүүдэд нийтдээ 5,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй барилгын гүйцэтгэл нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхад тус үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээг 4,152,325,513 төгрөгөөр тогтоосон нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн тус хөрөнгийн үнэлгээнд 8 үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээг тогтоогоогүй нийт 4,152,325,513 төгрөг гэж үнэлгээ тогтоосон нь хоорондоо талбайн хэмжээний зөрүүтэй ялгаатай үл хөдлөх хөрөнгүүдийн аль нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох нь тодорхойгүй байдал үүсгэж байгаа болно. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэний талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна, мөн хуулийн 8.2.3 дах хэсэгт Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэх шаардлагуудыг тус тус хангаагүй бодит байдалд нийцээгүй бүрэн дүүрэн үнэлгээ хийгээгүй байна. Х ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн биет байдал, байршил зэргийг нарийвчлан тооцолгүй зөвхөн өртгийн хандлагыг голчлон тооцсон, мөн газрын үнэлгээг тогтоохдоо ижил хэмжээтэй газартай жишиж харьцуулан үнэлгээнд тооцоогүй нь илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон байсан. Иймд нэгж талбарын 1801920534 дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн ............................. дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Х ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22-ны өдрийн 01/64 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт манай компанийн эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгөд Н газраас 5,656,341,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байдаг. Үүнд: Нэгж талбарын ................... . дугаартай, Баянзүрх дүүрэг, .............хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ........................дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ....................... тоот хаягт байрлах тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө. Н газраас тогтоосон тус үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн нийт эзэмших эрхтэй газрын хэмжээгээр хөрөнгийн үнэлгээг хийгээгүй тухайд нэгж талбарын . дугаартай үйлдвэрлэлийн ..............зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан нийт хэмжээ нь 14,600 м.кв буюу 14,6 га талбай бүхий газар байх атал Н газраас томилсон Ф ХХК-ийн шинжээч нь тухайн газраас 62,600 м.кв буюу 6,2 га газарт хөрөнгийн үнэлгээ хийсэн нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан, бүрэн дүүрэн, бодитой үнэлгээ болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгч нь бодитоор 14,600 м.кв газар эзэмшдэг бөгөөд эзэмших эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг болох газар эзэмших эрхийн гэрчилгээнд мөн нийт хэмжээгээр тусгагдсан байтал газрын тодорхой хэсгийг хэсэгчилж үнэлгээ тогтоох нь тухайн газрын зах зээлийн бодит үнэ цэнийг үгүйсгэж байгаа хэлбэр болно. Нэхэмжлэгчийн эзэмшлийн хотын үйлдвэрлэлийн бүс болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо Майхан уулд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га тутмын зах зээлийн бодит үнэлгээ нь 450,000,000 төгрөг байхад Файн эстимэйт ХХК-ийн шинжээч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг 1 га тутам нь 334,446,935 төгрөгөөр тогтоож зах зээлд худалдан борлуулагдах бодит ханшийг үлэмж бууруулсан байна. Газар бол зах зээлийн жамаар байнгын эргэлтэд орж, үнэ цэнэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг онцлогтой үл хөдлөх хөрөнгө бөгөөд манай компани өөрийн эзэмшлийн уг газартаа газар шорооны ажил гүйцэтгэх, асфальт бетон авто зогсоолын зам, шигтгэмэл хавтан явган хүний зам, малын саравч, бетон хашаа барих зэргээр байнгын сайжруулалт хийж, газрын чанар төлөв байдлыг дордуулахгүйгээр хөрөнгө оруулалт хийж ашиглаж байсан тул газрын үнэ цэн энэ хэрээр өсөн нэмэгдсэн болно. Гэтэл дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй нэхэмжлэгчийн эзэмшлийн нийт газраас тодорхой хэсгийг таслан авч үнэлгээ тогтоож байгаа нь манай компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр тул маш их гомдолтой байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн 14,600 м.кв газар нь үйлдвэрлэлийн зориулалтай газар бөгөөд Газрын тухай хуульд аж ахуй нэгжид эзэмшүүлэх газрын зориулалтыг ялгаатай байхаар тодорхой хуульчилж өгсөн байдаг. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолын хавсралт 3-т Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээнд худалдаа үйлчилгээний зориулалттай газар болон бүх төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га тутмын суурь үнэлгээг ялгаатай тогтоосон байдаг төдийгүй зах зээлд худалдаа үйлчилгээ зориулалттай газар болон үйлдвэрлэлийн зориулалттай газар нь ялгаатай үнийн дүнгээр худалдаалагдаж байна. Гэтэл Файн эстимэйт ХХК-ийн шинжээч нь худалдаа үйлчилгээний зориулалттай газар, шатахуун түгээх агуулахын зориулалттай газруудтай тус тус харьцуулалт хийх замаар зах зээлийн жишиг үнийн аргаар газрын үнэлгээг тогтоосон нь нэхэмжлэгчийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан, илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон байна. Газрын зориулалт нь тухайн газрын үнэ цэнийг шууд илэрхийлж байдаг бөгөөд манай компани үйлдвэрлэлийн зориулалттай өөрийн эзэмшлийн газартаа засан сайжруулалт, бүтээн байгуулалт хийх зэргээр хөрөнгө оруулж, үнэ цэнийг нэмэгдүүлсэн байхад эдгээрийг харгалзахгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай газартай харьцуулан үнэлгээ тогтоосон тогтоосон байх тул газрын зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоохгүйгээр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах нь үнэлгээг зохих ёсоор хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн манай компанийн эзэмшлийн газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай үл хөдлөх хөрөнгө байхад хөрөнгийн үнэлгээнд харьцуулан жишиж тогтоосон үл хөдлөх хөрөнгүүд нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай газартай харьцуулан жишиж тогтоосон байна. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолд Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэлийг ялгаатай байдлаар буюу 2 өөр бүсчлэл болохыг ялгаж, бүсчлэл тус бүрийн 1 га тутмын суурь үнийг ялгаатай байдлаар тогтоосон байдаг тул Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай газар нь Налайх дүүрэгт байршилтай газраас 1 га тутмын зах зээлийн үнэлгээ нь өндөр байна. Гэтэл Налайх дүүрэгт байршилтай газартай харьцуулан жишиж үнэлгээ тогтоосон нь манай компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээг илэрхийлэхгүй юм. Ийнхүү газрын үнэлгээг тогтоохдоо манай компанийн эзэмшлийн нийт газрын хэмжээгээр бус тодорхой хэсгийн газарт үнэлгээ тогтоосон, худалдаа үйлчилгээ, шатахууны агуулах зэрэг өөр зориулалтын газартай харьцуулан жишсэн, манай компанийн үл хөдлөх хөрөнгө байршиж буй дүүргээс өөр дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай газартай харьцуулан үнэлгээ тогтоож манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг Олон улсын стандартад заасан стандарт аргачлалыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, зах зээлийн ханштай дүйцүүлж үнэлгээ хийгээгүй хэт доогуур үнээр үнэлсэн тухайд манай компанийн өмчлөлийн тус бүр нь 288 м.кв, 360 м.кв, 144 м.кв, 1872 м.кв, 648 м.кв, 120 м.кв, 288 м.кв талбай бүхий тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй 7 үл хөдлөх хөрөнгө нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрэлттэй бүсчлэлд байршдаг бөгөөд барилга нь дуусаагүй барилга учир тухайн үнэлгээний өдрөөр бүрэн дууссан байгаа гэдэг төсөөллийг хийж, олон улсын стандарт 410 буюу өмчлүүлэгчийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэсэн үнэлгээний стандартаар зохицуулагдаж хийгдэх ажил байсан. Гэтэл Файн эстимэйт ХХК-ийн шинжээч нь Үнэлгээний олон улсын стандарт 410 стандартыг баримтлаагүй, энэ тухай хөрөнгийн үнэлгээний тайланд тус бүр тусгаагүй байдаг. Үнэлгээний олон улсын стандарт 410 стандарт нь эхлээд тухайн объектыг дууссан гэж төсөөлөөд дараа нь өнөөдрийн гүйцэтгэсэн байдлаар нь дуусах хүртэл зардлыг тооцоод хасаж үлдэгдлээр нь үнэ цэнийг гаргадаг гэтэл хөрөнгийн үнэлгээг дээрх аргачлалын дагуу гүйцэтгээгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэний талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна", мөн хуулийн 8.2.3 дах хэсэгт Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэх шаардлагуудыг тус тус хангаагүй бодит байдалд нийцээгүй бүрэн дүүрэн үнэлгээ хийгээгүй байна. Мөн манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь хотын үйлдвэрлэлийн бүсэд байршдаг бөгөөд тус бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ зах зээлийн судалгаагаар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр худалдан борлуулахаар байхад Н газраас томилсон Файн Эстимэйт ХХК-ийн шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг зөвхөн өртгийн хандлагаар тооцож үнэлсэн нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өртгийн хандлагаар хийсэн үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ сул байдаг тул ач холбогдлын хувьд зах зээлийн хандлага болон орлогын хандлагаас харьцангуй бага юм. Одоогийн байдлаар манай компани тус үл хөдлөх хөрөнгүүдэд нийтдээ 5,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй барилгын гүйцэтгэл нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхад тус үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээг 2,319,080,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг буруулсан, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Файн Эстимэйт ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Үнэлгээний олон улсын стандарт аргачлалыг баримталж үнэлээгүй, зөвхөн өртгийн хандлагыг голчлон тооцсон, мөн газрын үнэлгээг тогтоохдоо манай компанийн эзэмшлийн нийт газрын хэмжээгээр бус тодорхой хэсгийн газарт үнэлгээ тогтоосон, худалдаа үйлчилгээ, шатахууны агуулах зэрэг өөр зориулалтын газартай харьцуулан жишсэн, манай компанийн үл хөдлөх хөрөнгө байршиж буй дүүргээс өөр дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай газартай харьцуулан үнэлгээ тогтоосон нь илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон байсан. Нэгж талбарын 136012/0049, 18666297440562 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 507 дугаар магадлалаар М ХХК, С.Б нараас 16.728.173.770 төгрөгийг гаргуулах хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан М ХХК-ийн эзэмших эрхтэй нэгж талбарын ..... (хуучин .....) дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах 150.000 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, эрхийн улсын ........................ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, .............................. тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Мөн дээрээс нь барьцааны гэрээний дагуу Хөгжлийн банк өөрсдөө үнэлгээ тогтоож, нэхэмжлэгч талтай харилцан тохиролцоогүй. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шинжээч томилох тухай 11412 дугаар тогтоолоор Ф ХХК-ийн Н.Ц шинжээчийг томилсон байгаа. Үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүрэгт байх тус үл хөдлөх хөрөнгүүдийг 10,853,957,434 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор талуудад танилцуулж мэдэгдсэн. Гүйцэтгэх хуудсанд заасан Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 7 үл хөдлөх хөрөнгүүд байгаа. Тэр тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 5,656,341,000 төгрөгөөр Х ХХК-ийн үнэлгээчин н.Бат-Энхээр үнэлүүлж хөрөнгийн тайлан гаргуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5/, Н газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-224/24343 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 6/, Баянгол дүүргийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр хуулбар /хх-ийн 7-12/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлал /хх-ийн 13-18/, Н газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол хуулбар /хх-ийн 37/, Н газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хуулбар /хх-ийн 36/, хуулийн этгээдийн гэрчилгээ /2-р хавтас 13/, Н газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-224/24343 тоот албан бичиг /2-р хавтас 14/, Баянгол дүүргийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр хуулбар /2-р хавтас 15-20/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлал хуулбар /2-р хавтас 21-26/,

 

Хариуцагчаас: Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 40/, Н газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-224/24344 тоот албан бичиг /хх-ийн 41/, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ГХ2023/01178 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 42-44/, Баянгол дүүргийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2023/11148 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж хуулбар /хх-ийн 45-48/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр хуулбар /хх-ийн 49-59/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлал хуулбар /хх-ийн 60-70/, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2023/00452 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 71/, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00479 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 72/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол хуулбар /хх-ийн 73/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-97/4369 тоот албан бичиг /хх-ийн 74-75/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 97/01 дугаар тогтоол /хх-ийн 76/, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8/442 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 77/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 78-84/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-97/4362 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 85/, Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 81 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 86/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулбар /хх-ийн 87/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний 4-97/4349 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 88/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19/305 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 89/, Кадастрын зураг хуулбар /хх-ийн 90/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-97/4357 тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 91/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-97/4367 тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 92-94/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 97/01 дугаар тогтоол хуулбар /хх-ийн 95-96/, Н газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23410953/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 97/, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт /хх-ийн 98/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23410953/02 тогтоолын хуулбар /хх-ийн 99/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 91/, эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 102-112/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 113-117/, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл хуулбар /хх-ийн 118/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 119-134/, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэл хуулбар /хх-ийн 135/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 136-140/, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 141-142/, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хх-ийн 143/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 144-145/, Нийслэлийн Баянгол дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 66/26 дугаар тодорхойлолт хуулбар /хх-ийн 146/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл хуулбар /хх-ийн 147/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23/410953/18 дугаар тогтоол /хх-ийн 148/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 149/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 150/, Хөндлөнгийн гэрчийн эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тухай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл хуулбар /хх-ийн 151/, Н газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23410953/19 тоот эд хөрөнгө хураах тогтоол /хх-ийн 152-153/, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэггчийн тэмдэглэл хуулбар /хх-ийн 154-156/, Н газрын эд хөрөнгө хураах тухай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23410953/20 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол хуулбар /хх-ийн 157-158/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 159-160/, Н газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-224/22070 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 161/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөр төлөгчийн төлөөлөгчийн санал /хх-ийн 162-163/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 164/, Н газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-224/22073 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 165/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 166/, Монгол улсын хөгжлийн банкны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1230 тоот албан бичиг хуулбар /хх-ийн 167-170/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 171/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөр төлөгчийн санал хуулбар /хх-ийн 172-173/, Шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилох тухай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/412, 11/411 дугаартай тогтоол хуулбар /хх-ийн 174-175/, Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хуулбар /хх-ийн 176-250/, Н газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-224/24343 тоот албан бичиг хуулбар /2-р хавтас 1/, төрийн цахим шуудан үнэлгээ илгээсэн мэдээлэл зураг /2-р хавтас 2/,

 

Гуравдагч этгээдээс: Монгол улсын хөгжлийн банкны хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар /2-р хавтас 89/ зэрэг нотлох баримтуудыг бүрлдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.М ХХК-ний үнэлэгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар М ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчинтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

 

2.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ202148 дугаар захирамж, 1178 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох М ХХК-ний эзэмшлийн нэгж талбарын . дугаартай................, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах 149,880 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ........................ дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ............................ тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

нэгж талбарын . дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ................................ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .....................1 тоот хаягт байрлах тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг 2023-10-30-ны өдрийн 4-224/22070, 4-224/22073 тоот мэдэгдлээр тус тус мэдэгджээ.

 

2.2. Төлбөр төлөгч М ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгүүдийг нийт 42, 935, 000, 000 төгрөгийн үнийн санал гаргасан, харин төлбөр авагч Монгол улсын Х банк ХХК үнийн саналыг зөвшөөрөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй нь шинжээч томилох үндэслэл болсон байна.

Улмаар шийдвэр гүйцэтгэгч Шинжээч томилох тухай 2023 оны 11-р сарын 06-ны өдрийн 11/412 тоот тогтоолоор Х ХХК-ний үнэлгээчин Бат-Энх, 11/411 тоот тогтоолоор Ф ХХК-ний үнэлгээчин Н.Ц тус тус шинжээчээр томилжээ.

Шинжээч Х ХХК-ний үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар М ХХК-ний эзэмшлийн нэгж талбарын ...... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах 149,880 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ...........................хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 10, 853, 957, 434 төгрөгөөр,

Ф ХХК-ний үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар нэгж талбарын ..............дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн . .....................дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо ................................... тоот хаягт байрлах тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 5, 656, 341, 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

2.3. Шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ, үнэ цэнийн суурь болох үнэлгээний зорилго, зориулалтад нийцүүлэн сонгож, үнэ цэнийг тооцоолон гаргахад ашиглах урьдчилсан нөхцөлийг тодорхойлж үнэлгээний олон улсын стандарт болон үндэсний стандартад нийцүүлэн тухайн газрыг зэргэлдээ байрлах газартай харьцуулан, 50 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийн хамт үнэ цэнийг бодитой тогтоосон байна.

 

2.4. Түүнчлэн гэрч, үнэлгээчин Б.Б-ийн ...үнэлгээний 2 аргаар буюу газрыг зах зээлийн харьцуулах аргаар тогтоож, тухайн газарт байршилтай ижил төстэй 5 газрыг судалжгазар дээрх барилга байгууламж, явган хүний зам, хашаа саравчийг өртгийн хандлагаар үнэлсэн. Барилга байгууламж нь үндсэн суурь цутгагдсан, саралж төмөр босгоод түүнээс цааш баригдаагүй учраас баригдсан өртгөөр нь тооцсон, орлогын аргыг хэрэглэх боломжгүй, дутуу баригдсан, орлого олох боломжгүй барилгууд байсан гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Ц-ийн ...Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар болон тухайн газарт байх 7 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, дутуу баригдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэ цэнийн суурийг ашиглаж үнэлгээ тогтоох байсан, зах зээлийн үнэ цэнийн суурь гэдэг нь зохих магадлагаа, судалгаа хийгдсэний дараа арилжаанд оролцоход бэлэн байгаа худалдан авагч, худалдан борлуулагчийн хоорондох харилцан хамааруулах байдлаар тодорхойлогдоно, ийм мэдээлэл зөвхөн Улсын бүртгэлийн газарт, эсвэл нотариатчийн санд байдаг, ийм учраас нээлттэй арилжааны санал болгосон үнийн мэдээлэлд тохируулга хийх замаар үнэ цэн тогтоож байна гэсэн үг, ижил төстэй худалдах хөрөнгүүдийг харьцуулах замаар үнэ цэн тогтоосон, дуусаагүй барилгууд, асфальтан зам, зогсоол, явган зам, малын саравч, бетонон хашаа гээд тухайн газраас салгаж болохгүй үл хөдлөх шинж чанартай хөрөнгүүд дээр сайжруулалт хийгдсэн байгаа учраас уг хөрөнгүүдийг нэмж оруулсан, газрын хувьд гэрчилгээгээр бол 142,600 м.кв талбайтай хэдий ч барьцаанд авсан хэсэг нь 62,600 м.кв байсан, үнэлгээг 2 аргаар буюу дуудлага худалдааны анхны үнэ тогтоох аргачлалаар, зах зээлийн аргаар үнэлсэн гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл,  үнэлгээг хуульд заасан үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих зүйлүүдийг бүрэн тусгасан нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, төлбөр төлөгч нар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр хөрөнгөө худалдан борлуулах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-ний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай газар, 50 хувийн үл хөдлөх хөрөнгийг 10, 853, 957, 434 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ний үнэлгээ, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай газар, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 5, 656, 341, 000 төгрөгөөр Файн эстимэйт ХХК-ний үнэлгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн М ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА