Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/898

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /цахим/,

шүүгдэгч Б.Э /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-т холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505046611405 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа 22-р авто худалдаа дээр машин зардаг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-ын Э /РД:000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газрын гадаа иргэн А.Б-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж, дух, хамар, дээд, доод уруулд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна, цаашдаа биеэ зөв авч явна. Хохирогчоос уучлалт гуйж, хохиролд 800.000 төгрөг өгсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа прокурортой тохирсон гэв.

 

2. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найзуудынхаа хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй бааранд орж үйлчлүүлсэн. Ингээд тухайн баарнаас 02 цагийн орчим гарсан. Тухайн үед би баарнаас гараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гэнэт пид пад гээд л ардаас хэн нэгэн цохиод авсан бөгөөд яг хэн цохисныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан бөөн бужигнаан болоод намайг надтай хамт явж байсан хүмүүс салгаад аваад явсан. Олон хүмүүс байсан болохоор яг хэнийг нь намайг цохиж байгааг мэдээгүй, гэнэт их хурдан болоод өнгөрсөн асуудал байгаа. Би сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй, энэ талаар ямар нэгэн байдлаар шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролд 800,000 төгрөгийг шилжүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

3. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө би найзуудын хамт Эргэн дурсахуй бааранд орсон. Бид хэд нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, манай найз нэлээн согтуу байсан. Би найзуудыгаа нэг нэгээр нь авч гараад машинд суулгасан. Хамгийн сүүлд Э-ийг авах гэж очсон чинь хэдэн залуустай маргалдаж байсан. Би очоод энэ манай найз нэлээн уучихсан байна, та нар больчих гээд найзыгаа аваад явж байсан чинь араас нэг залуу ирээд бид 2-ыг араас татсан. Би Э-ийг барьж явж байгаад тавиад эргэж хараад намайг барьсан залууд хандан би эрүүл байна, намайг тавьчих гэхийн завдалгүй Э болон нөгөө залуу 2 цохилцоод явсан. Би тэр 2-ыг арай гэж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

4. Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 9 сарын 25-ны өдөр БГД-ийн 4-р хороонд байрлах Эргэн дурсахуй бааранд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нэлээн муудаад, найз А бид 2 хохирогч гээд байгаа хүмүүстэй маргалдсан. Би Б-ийг барьж аваад бид 2 хоорондоо цохилцож авсан. Нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Тэгээд цагдаа нар ирээд А бид 2-ыг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Би өөрийнхөө хийсэн буруутай үйлдэлдээ маргаагүй, хохирогчид 800.000 төгрөг өгсөн, гомдол саналгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5, 6 дугаар хуудас/,

 

6. Хохирогч А.Б-ийн “...2025 оны 9 сарын 25-ны өдөр Эргэн дурсахуй баарны гадна хүнтэй маргалдаж зодолдсон. Хохирлоо 100 хувь барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна, гомдол, саналгүй...” гэх хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

7. Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0726/1241 дугаартай “...1.2.3.А.Б-ийн биед дух, хамарт зулгаралт, хамар, зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Б-д 800.000 төгрөг өгсөн, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй, гомдол саналгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд ...гомдол саналгүй гэсэн...байна. Иймээс шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э /РД:0000000000/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болно.

 

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.