| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01535/И |
| Дугаар | 102/ШШ2024/01999 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/01999
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ....................... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ........., С овогтой Ч-ын Д,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух, регистр ....., Ч овогтой У З,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39 380 399.19 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мв, хариуцагчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Д нь У.З-д холбогдуулан 39 380 399.19 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
У.Зтай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1773 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 568 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Хариуцагч У.З-аас гэрээний 4.2-т зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй гэрээний хугацаанаас өмнө буцаан шаардах эрхтэй, 4.7-т зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, 5.1-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгч талд үл маргах журмаар зээлийг төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож гэрээг цуцалж, алданги торгууль төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. У.З нь удаа дараа зээл төлөлтийн график зөрчиж, гар утсаа авахгүй зээлийн гэрээнд заагдсан төлөлтийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр 36 568 000, хүүгийн төлбөр 2 812 399.19 төгрөг, нийт 39 380 399.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ 30 631 083.73 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр ярихдаа 36 568 000 төгрөг нэхэмжилж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Учир нь О ББСБ ХХК-иас хариуцагч нь зээл авсан, зээлийг хаахаар 2 авто машин хүлээлгэж өгсөн. Тухайн 2 авто машиныг 184 866 232 төгрөгөөр, улсын тэмдэгтийн хураамж 1 082 382 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 600 000 төгрөг нийт 186 568 631 төгрөгний үүргийн гүйцэтгэлд өгсөн байдаг. Үүнд ..... дугаартай Мерседес бенз маркийн авто машиныг 65 000 000 төгрөгт, BWD Yuan Plus гэх улсын дугаар аваагүй, арлын дугаар бүхий машиныг 125 000 000 төгрөгт тооцон өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Үүний дараа О ББСБ ХХК нь танай 2 машиныг хэтэрхий өндөр үнээр үнэлэн авсан, иймд 30 000 000 төгрөг нэмж өгөхийг шаардаж, хариуцагчийг дуудан зээлийн гэрээг байгуулж гарын үсэг зуруулсан байсан. Гэвч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй, зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн, авсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл/хх 3/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ/хх 6/, Ч.Д гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 7/, зээлийн төлбөрийн хуваарь /хх 8/, бэлэн мөнгөний зарлагын баримт/хх 9/,
Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол /хх 23/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн О ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн албан тоот /хх 24/, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүсэл т/хх 25/, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эм Би Эф ХХК-ийн ОНО Систем ХХК-д хандсан хүсэлт /хх 26/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Ч.Д , У.З нар нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1773 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 568 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирч, бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн зээлийг төлүүлэхээр шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээтөлбөр авагч О ББСБ ХХК нь 2 машиныг хэтэрхий өндөр үнээр үнэлэн авсан, иймд 30 000 000 төгрөг нэмж өгөхийг шаардсан, улмаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийг бодитоор аваагүй гэж маргасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр У.Згаас 184 866 232 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 082 382 гаргуулж О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч нь дээрх төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 600 000 төгрөг нийт 186 568 631 төгрөгний үүргийн гүйцэтгэлд .......дугаартай Мерседес бенз маркийн авто машиныг 65 000 000 төгрөгт, BWD Yuan Plus гэх улсын дугаар аваагүй, арлын дугаар бүхий машиныг 125 000 000 төгрөгт тооцон өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4124 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/11/1182 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд 36 568 000 төгрөгийг шилжүүлж аваагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 354 852 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 852 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Заас 39 380 399 /гучин есөн сая гурван зуун наян мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Д гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 852 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА