Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/124

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/847 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.М-д холбогдох 2102 00380 0253 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн М, 1998 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь заалтад зааснаар эцэг, эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан;

Б.М нь 2021 оны 8 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн “Номгон” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, цэвэр 6322,34 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

улмаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, 10 хэсэг гялгар уут, оймс, хуванцар саванд хийсэн, нийт 6322,34 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод орших гэртээ болон хх-хх УБА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-ийн М-ийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Б.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор,

Б.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6.230.920 төгрөгийг түүнээс албадан гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан зиплок гялгар уут цаасны хамт 2.2 грамм өвс, 2 гэж дугаарласан хуванцар тагтай шилэн сав, 3 гэж дугаарласан хуванцар улбар шар өнгийн аяга, 4 гэж дугаарласан зиплок гялгар ууттай, голдоо төмөртэй ногоон өнгийн таглаа, 5 гэж дугаарласан шар ууттай 1.475 грамм өвс, 6 гэж дугаарласан шар ууттай 1.350 грамм өвс, 7 гэж дугаарласан шар ууттай 2.175 грамм өвс, 8 гэж дугаарласан шар ууттай 0.745 грамм өвс, 9 гэж дугаарласан шар ууттай 0.115 грамм өвс, 10 гэж дугаарласан шар ууттай 0.240 грамм өвс зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтыг жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдлийн хор хөнөөлийг их ойлгож, бусад хүмүүст хар тамхины сөрөг нөлөө, үр дагаврын талаарх ойлголтыг хүргэхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Би  мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Миний хувийн байдлыг сайн тогтоогоогүй. Учир нь, эхнэр С.Д нь 2 настай бага охиноо гэртээ хардаг тул би том охиноо цэцэрлэгт нь хүргэж, авдаг. Үүний хажуугаар хувийн компанид хүргэлтийн жолоочийн ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Хань, 5 болон 2 настай охидуудаа харж хамгаалан өсгөж, эцэг хүний үүргээ биелүүлж, нас өндөр аав, ээжийгээ асарч халамжлан, ач тусыг нь хариулах боломж олгож, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг яагаад оногдуулж болохгүй талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт огт тусгаагүй. Эрүүгийн хууль, эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлага нь хүнлэг, энэрэнгүй байх, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж болох хуулийн зарчмыг зөрчсөн, зохих хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй туслалцаа үзүүлсэн, эхнэр С.Д нь 2 настай М.Е, 5 настай М.Г нарыг гэртээ харж, өсгөдөг ба Б.М нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох зүйл заалтыг Эрүүгийн хуульд тусгасан. Шүүгдэгч Б.М болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа илэрхийлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр, нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Б.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт бодитой дүгнэлт хийж, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Грамм их байсан гэдэг үндэслэлээр худалдах зорилготой байсан гэж яллах нь үндэслэл муутай байсан. Худалдаалах зорилготой байсан нь тогтоогдоогүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Шийтгэх тогтоолд гэмт хэргийн талаарх дүгнэлтийг хангалттай дурдсан байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Номгон гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, цэвэр 6322,34 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авсан,

улмаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, 10 хэсэг гялгар уут, оймс, хуванцар саванд хийсэн, нийт 6322,34 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод орших гэртээ болон хх-хх УБА улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Өглөө босоод Хөтөл рүү цааш явж байх замдаа бие засахдаа зам дагуу хар тамхины төрлийн өвс байгааг олж харсан. Хар тамхины талаарх мэдээллийг хувцасны зураг, фейсбүүк, интернетээс хардаг байсан. Ингээд өөрийн саваагүй зангаасаа болоод сонирхож, хэрэглэж үзэхээр өөрийн байнгын үүрч явдаг хар өнгийн үүргэвчээрээ дүүрэн өвс түүсэн. Ингээд Хөтөл сум дээр очиж өгөх ёстой юмнуудаа өгөөд хоол унд идээд Улаанбаатар руу хөдөлсөн. ...2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригдаад гэртээ хадгалсан өвсөө хураалгасан. Хэрэглэж үзэхдээ ашигласан хэрэглүүр шаврыг өөрийн эзэмшлийн хх-хх УБА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины урд талын суудлын голын хайрцаг доор тавьсан байж байгаад үзлэг хийх явцдаа хураалгасан. ...” /хх 118-119/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн /хх 4-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн /хх 15-23/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан /хх 24-28/ тэмдэглэлүүд,

шүүгдэгч Б.М-ийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот орон байранд үзлэг хийж, хураан авсан гялгар уут, хуванцар сав, оймсонд хийсэн ургамал тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4172 дугаартай дүгнэлт /хх 47-59/,

шүүгдэгч Б.М-ийн эзэмшлийн хх-хх УБА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4173 дугаартай дүгнэлт /хх 63-68/,

шүүгдэгч Б.М-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4174 дугаартай дүгнэлт /хх 71-73/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Б.М-ийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, гэртээ болон тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М нь сэтгэц идэвхит бодисоос хамаааралтай болсон гэх шинжгүй, хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 752 дугаартай дүгнэлт /хх 77-78/-ээр тогтоогдож байх бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар Б.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх тул хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих агуулга бүхий шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21-217 дугаартай дүгнэлт /хх 82/-ээр Б.М-ийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хх-хх УБА улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг 6.230.920 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хуульд зааснаар үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээний дүнг шүүгдэгч Б.М-өөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/847 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдалд нийцсэн тодорхой шийдвэр гаргах, хэргийн үйл баримтыг тогтоох зорилгоор мөрдөгч хуульд заасан арга, хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэн тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах, прокурор тус ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй бөгөөд ингэснээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн этгээдэд ял завшуулахгүй, тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим хангагдана.

Мөрдөн шалгах тодорхой ажиллагааны үр дүнд шүүгдэгч Б.М нь “их хэмжээний” буюу 6322,34 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан үйл баримт хангалттай тогтоогдсон байх боловч энэхүү бодисыг цаашид худалдаалах зорилготой байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа худалдаалах зорилготой байсан эсэх нь тогтоогдоогүй гэж тайлбарласан нь үндэслэл муутай байх бөгөөд цаашид прокурор хяналтаа тавьж ажиллахыг үүрэг болгож, магадлалд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/847 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ