Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан  тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих  хяналтын прокурор С.Б-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цд холбогдох,

            Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б эрх бүхий албан тушаалтан Б.Ц нь шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1-д "хуулийн зүйл, хэсэг, заалт болон шийтгэлийн хэмжээ"-г бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар тусгана" гэснийг зөрчиж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан "шийтгэлийн хуудасны загвар"-ын дагуу үйлдээгүй, холбогдогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн 101795 төгрөг нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой, хэнээс гарсан зардал болох талаар нотлох баримт авагдаагүй гэж үзээд  “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт ирүүлжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч С.М-д татварын хууль зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар   101795 төгрөгөөр торгох шийтгэлийг түүнд оногдуулжээ.

3. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Ц нь “Тэнгэрийн оргил гоо ХЗХ-ны 2022 оны төлбөрийн баримт олгоогүй” гэх 29 дугаартай материалыг хялбаршуулсан журмаар шалгаж холбогдогч С.М-д 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Материалыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлснийг, хүлээн авч хянахад эрх бүхий албан тушаалтан Б.Ц нь шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1-д "хуулийн зүйл, хэсэг, заалт болон шийтгэлийн хэмжээ"-г бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар тусгана" гэснийг зөрчиж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан "шийтгэлийн хуудасны загвар"-ын дагуу үйлдээгүй байна.

Мөн шийтгэлийн хуудасны 7-д холбогдогч С.М-аас 101795 төгрөгийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ зардал нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэнээс гарсан зардал болох талаар нотлох баримт авагдаагүй байхад холбогдогчоос зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэснийг зөрчсөн, улмаар холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргажээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн  улсын байцаагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймаг Цагаанхайрхан сумын татвар төлөгч “Тэнгэрийн оргил гоо” ХЗХ-ны 2022 оны төлбөрийн баримт олгоогүй" гэх 29 дугаартай материалыг хялбаршуулсан журмаар шалгаж, холбогдогч “Тэнгэрийн оргил гоо” ХЗХ-ны нягтлан бодогч С.М-д зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С Баярчимэг хянан үзэхдээ уг шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бичиж Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны            шүүхэд хүргүүлсэн байна. Гэтэл Хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх С.Б нь 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 107 дугаар дүгнэлтээ эрх  эрх бүхий албан тушаалт шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д "хуулийн зүйл, хэсэг, заалт болон шийтгэлийн хэмжээ”-г бичсэн байхад бичээгүй байна хэмээн үзэж мөн шийтгэлийн хуудасны 7-д холбогдогчоос 101795 төгрөгийн зардлыг гаргуулах шийдвэр нь яг ямар чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэнээс гарсан зардал болох талаар нотлох баримт авагдаагүй байхад холбогдогчоос зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзсэн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дээрх зардал нь холбогдогчоос гарах торгуулийн төлбөр гэж    ойлгож шийтгэлийн хуудасны 7-д бичсэн болно.

Хялбаршуулсан журмаар шийдэхдээ холбогдогчоос авсан мэдүүлэгт холбогдогчийн эрх үүргийг тодорхой тайлбарлан өгч  холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан       үйлдэл гаргаагүй. Иймд дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч Б.Ц нь шийтгэлийн хуудас бөглөхдөө алдаа гаргасан. Мөн зөрчлийн хэргийн материалд зардал гарсан тухай баримт байхгүй. Зөрчил гаргасан этгээд нь тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ өгсөн учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Б.Ц шийдвэр гаргасан. Ингэхдээ шийтгэлийн хуудасны захирамжлах хэсгийн  6 дахь заалтын  “зардал гаргах” хэсэгт торгох шийтгэлийн дүнг бичсэн алдаа гаргасан. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж шийтгэврийн хуудсыг алдаатай бөглөсөн байна. Манай тал гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна.

Нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан гаргасан ялимгүй алдаанаас шийтгэлийн хуудас хүчингүй болгох гэсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино. Холбогдогч өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байхад прокурор хуулийн зорилгыг гажуудуулж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бичсэнд харамсаж байна. Хэрэв зөрчлийг шалган шийдвэрлэх явцад зардал гарсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4-т зааснаар Улсын прокурорын газраас баталсан журмыг баримталж зардлыг тооцох ёстой байдаг. Гэтэл уг 29 дугаартай зөрчлийн материалд зардал тооцож гаргасан ямар ч материал авагдаагүй,  зардал гаргах шийдвэр гараагүй.  Иймд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан прокурорын тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           2. Шүүх хуралдаанд оролцсон прокурор  дүгнэлтээ дэмжин оролцсон ба  “шийтгэлийн хуудасны “шийдвэрлэх нь” хэсгийн 1-д хуулийн зүйл хэсэг, заалт болон шийтгэлийн хэмжээг бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан  шийтгэлийн хуудасны загварын дагуу бөглөөгүй, шийтгэлийн хуудасны 7-д холбогдогч С.М-аас 101795 төгрөгийн зардал гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ зардал нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбоотой хэнээс гарсан зардал болох талаар нотлох баримт авагдаагүй байхад холбогдогчоос зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, улмаар холбогдогчийн эрхзүйн байдлыг дордуулсан, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан” гэх 2 үндэслэлээр  дүгнэлтээ бичин ирүүлжээ.

3. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Ц, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар прокурорын дүгнэлтийг эс  зөвшөөрч   “Шийтгэлийг хуудсыг бөглөхдөө гаргасан алдаа нь  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Холбогдогч С.М-ын зөвшөөрлөөр зөрчлийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 101795 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн зорилго, зарчмыг гажуудуулна” гэж маргажээ

4. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаас үзэхэд  Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр  “Тэнгэрийн оргил гоо” хадгаламж зээлийн хоршооны 2022 оны төлбөрийн  баримтуудад хяналт шалгалт хийж,  “татварын хууль зөрчиж цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчлийг илрүүлж, холбогдогч  нягтлан бодогч С.М-ын  зөвшөөрлийг үндэслэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0066481 дугаартай шийтгэлийн хуудсаар  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу  тухайн хуулийн этгээдийн 7 дугаар сарын борлуулалтын орлого 7.893.400 төгрөгийн 2 хувь болох 101795 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

 

5. Хариуцагч татварын улсын байцаагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 8 сарын 3-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудасны “шийдвэрлэх нь” хэсгийн нэг ба хоёр дах заалтуудад шийтгэл оногдуулахдаа баримталсан  Зөрчлийн тухай тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалт болон   шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхой бичсэн байхад прокурор “бичээгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Харин тэрээр зардал гарсан баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй, холбогдогч С.М-аас зардал гаргуулахаар шийдвэрлээгүй мөртлөө   шийтгэлийн хуудасны “шийдвэрлэх нь” хэсгийн 6 дахь заалтын зардал гаргуулах хэсгийг бөглөж алдаа гаргасан байна. Хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд  прокурорын тухай дүгнэлтэд дурдагдсан  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дах , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

6. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэжээ

 

Мөн  хуулийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил” гэдгийг  “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд  мөн хуулийн  тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар  торгох”-оор заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт зааснаар татварын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчлийг  шалган шийдвэрлэх эрхтэй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх”-ээр, мөн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээх”-ээр тус тус зохицуулжээ.

7. Хариуцагч хяналтын улсын байцаагч Б.Ц нь  холбогдогч “Тэнгэрийн оргил гоо” ХЗХ-ны нягтлан бодогч С.М-ын зөрчил үйлдсэнээ  сайн дураараа хүлээн зөвшөөрснийг баталж,  хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж ,тухайн хуулийн этгээдийн борлуулалтын орлогын 2 хувиар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна. Хариуцагч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох ноцтой алдаа гаргасан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоодохгүй байх тул хариуцаг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

8. Иймээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0066481 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дэх хэсэгт  заасан  гомдлоор үүсэх хэрэг, маргаан  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул  прокурорын дүгнэлт бүхий гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.4 дүгээр зүйлийн 5 дахь,  тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь, 6.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгүүдэд  заасныг тус тус  баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ОЮУНГЭРЭЛ