Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02143

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин байрлах хаягтай, регистр . И овогт Б-ын Т,

Хариуцагч: .................... тоотод оршин суух, регистр ......., Т овогт Х Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т нь Х.Б холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Б.Т нь 2023 оны 9-р сарын 26-ны өдөр 48 event hall зохион байгуулагч Х.Б уулзаж 2023 оны 10-р сарын 1-ний өдөр хуримын хүлээн авалт хийхээр амаар тохирсон. Улмаар урьдчилгаа 2000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Хуриманд оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэн тул өөр газар хийх болсон талаараа маргааш нь буюу 9-р сарын 27-ны өдрийн 16 цагт түүнтэй ярьж мэдэгдсэн. Ингээд 2000 000 төгрөгөө буцаан шилжүүлэхийг хэлсэн, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Х.Б-аас 2000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс: Мөнгөн шилжүүлгийн баримт /хх 4/ нотлох баримтаар гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Х.Б-ын Голомт банкны ...... дугаар дансанд 2 000 000 төгрөг шилжүүлжээ.

 

Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүх хуралдааны мэдэгдлийг 2024 оны 04-р сарын 17-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Х.Б аас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хн Б аас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Б Т д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Х.Б аас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгчэс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.