Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/156

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1978 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2016 2602 3135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн Б, 1971 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай  харилцан ярилцаж, “Дутуу баригдсан барилгад чинь Хонг Конгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 0002хххххх, Ү-220ххххххх дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.С-оос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилж иргэн Ц.Б-д 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “Би П.С-т 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 15.650.000 төгрөг, Ц.Ш-д 2015 онд 2.000.000 төгрөг, хохирогч Ц.Б, түүний дүү Ц.Ш нарт өмнөх шүүх хуралдаан дээр 19.000.000 төгрөг, нийт 36.350.000 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэгч Н-д “Ц.Б-ы байрыг нь авч өгье. Хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөр байна вэ” гэхэд миний төлсөн 15.650.000 төгрөгийг төлбөрт тооцсон ба Ц.Ш, Ц.Б нарт төлсөн 19.000.000 төгрөгийг төлбөрт тооцогдоогүй байсан. Одоо үлдэгдэл төлбөрийг төлөх гэж манай ах 14.000.000 төгрөг банкинд байршуулсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 8.500.000 төгрөг төлсөн.”

хохирогч Ц.Б: “2018 оны 01 дүгээр сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 2 удаа дуудлага худалдаа явуулсан. Одоо 3 дахь удаа дуудлага худалдаа зарлагдах байх. Одоогоор миний байр зарагдаагүй ч би байраа эзэмших, ашиглах эрхгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Б.Б хэдэн төгрөг төлснийг би мэдэхгүй. Өмнөх шүүх хуралдааны явцад Б.Б нь Ц.Ш-д 15.000.000 төгрөг, надад 4.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг төлбөл би 19.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөхөд бэлэн байгаа. Одоо би байраа чөлөөлж авмаар байна. Миний байрны өмчлөх эрхийг хууль ёсны болгож, надад шилжүүлсэн тохиолдолд өөр маргаан байхгүй” гэж тус тус мэдүүлсэн. Иймд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01152 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар ажиллагаа хийсэн, уг ажиллагаа ямар үе шатанд байгаа, Б.Б болон хариуцагч Ц.Ш нар нь нэхэмжлэгчид хэдэн төгрөг төлсөн талаар шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоогоогүй” гэж дүгнэж,  Б.Б-д холбогдох эрүүгийн 2016 2602 3135 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б-д холбогдох хохирлын хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу Баянгол дүүргийн ... дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, 16102 товчооны зам, ... дугаар байрны ... дугаар орц, ... давхарт байрлах 64 м.кв талбай бүхий орон сууцыг Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээгээр 76.808.625 төгрөгөөр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар тогтоогдсон. Мөн хохирогч Ц.Б тус орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй, боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг гэж үзнэ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 793 дугаартай магадлалаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байж болох гэмт хэргийн хувьд Б.Б-г 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолсон нь буруу гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Мөн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэн хууль зүйн дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан.

Гэтэл нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаарх асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд бус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх явцад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний захиран зарцуулах, өмчлөх эрх зөрчигдсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас мэдэгдэл ирсэн. 01 дүгээр сарын 21-нд дуудлага худалдаагаар байр маань зарагдсан. 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт худалдаж авсан хүн нь байраа чөлөөлж өг, хүлээж авмаар байна гэсэн баримт байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаартай шийдвэрээр Ц.Ш-аас 49.151.750 төгрөгийг гаргуулж С-т олгохоор шийдвэрлэсэн. Хэргийг удаашруулж байгаа нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас болсон. Анхан шатны шүүх бодитой шалтгаангүйгээр хэргийг буцаасан. Гэм буруугийн хурлаас хэргийг буцаасан нь буруу. Давж заалдах шатны шүүх энэ асуудалд маш яаралтай арга хэмжээ авч өгнө үү. 02 дугаар сард хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байна. ...” гэв.

Хохирогч Ц.Б-ы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн эсэх баримтууд нь авагдаагүй гэж шүүх шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаж байсан. Гэвч дурдсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа зөвшөөрч иргэний шүүхэд гарсан төлбөрийг бүрэн төлсөн. Байраа бүрэн чөлөөлөх боломжтой байсан. Үлдэгдэл мөнгө болох 49.800.000 төгрөгийг төлчихөөд “Байраа авах боломжтой боллоо. Та бүхэн хурдан байраа аваарай” гэж хохирогч талд удаа дараа утасдаж мэдэгдсэн. Өмгөөлөгчид “Байрны үлдсэн мөнгийг төлчихсөн. Ордерыг авах дутуу байна. Та нар авсан мөнгөө төлчихвөл байрыг чинь бүрэн чөлөөлөх боломжтой боллоо” гэж удаа дараа утасдсан. Утасдахад утсаа аваагүй. “Би ажил явдалтай байна, би эмнэлэгт байна, хохирогчтойгоо уулзаад эрээд хэлье” гэсэн байдлаар хариу өгч байсаар хохирогч байраа алдсан. Хохирогч тал ямар санаа, зорилгоор байраа авахгүй байсныг би мэдэхгүй байна. Шүүх тунгаан бодож, шийдвэрээ үнэн зөвөөр гаргана гэж бодож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирлоо барагдуулах мөнгөө дансанд байршуулсан дансны хуулгыг өгсөн. Хохирогчоос тухайн хохирлыг 70.000.000 төгрөгийн үнэлгээний дүнгээр эсвэл тусгай тэмдэглэгээ хийгдээд битүүмжилсэн үнийн дүнг чөлөөлөх буюу шийдвэр гүйцэтгэлд байгаа үнэлгээгээр нэхэж байгаа юм уу гэдгийг шүүх тодруулсан. Тэгэхэд “Би байраа өр төлбөрийг нь төлүүлээд чөлөөлүүлж авах зорилготой” гэсэн иргэний нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлсэн. 19.000.000 төгрөг авчихсан, шийдвэр гүйцэтгэл 8.000.000 орчим төгрөг төлөгдөөд 13.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Энэ талаарх тайлбарууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 7 хоногийн дараа тухайн дүнг шүүгдэгч төлөөд шийдвэр гүйцэтгэлээс байрыг шууд чөлөөлж авах боломжтой болсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарах үеэр үл хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжээгүй, 2017 оны 12 дугаар сарын тусгай тэмдэглэлтэй байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1978 дугаартай захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэрэг үйлдэгдсэн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.” гэж тус тус заажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтойгоос гадна шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг оролцуулж, тогтоох гэж буй нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан асуун, хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Хэрэгт нэгэнт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, прокурор С.Цэрэндоржийн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, ...хэрэгт мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа хийгдсэн...” гэж тайлбарлан дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1978 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ