Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1842

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01743 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт тус тус холбогдох,

 

Гурван талт гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнэээс тус тус татгалзаж, “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан, Г.Оюунцэцэг,

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч: Ш.Энхтөр,

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Болдбаатар,

Хариуцагч Л.Мын өмгөөлөгч: Т.Эркебулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О хариуцагч “А” ХХК болон “М” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж талууд харилцан үүрэг хүлээсэн.

2015 оны байдлаар “А” ХХК нь 128 440 000 төгрөгийн хөрөнгөтэй, 7 гишүүнтэй байсан бөгөөд Б.О уг компанийн 4 хувийн хувьцаа буюу 5 137 600 төгрөгийг эзэмшиж байсан.

Нэхэмжлэгч гэр бүлийн хамт “М” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Гурван талт гэрээ нь агуулгын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээс илүү “А” ХХК болон Б.О нарын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэхээр байгаа.

Харин “А” ХХК нь “М” ХХК-д газар шилжүүлэх үүрэг хүлээсэн нь гуравдагч этгээдэд ашигтай. Иймд “А” ХХК-аас “М” ХХК болон Б.Оийн хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Б.О гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч “А” ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ гүйцэтгээгүй. Бид “А” ХХК-аас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Б.О, “А” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд гэрээний нэг тал болох “М” ХХК-ийг хариуцагчаар татаж байна.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Мтай байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа.

Л.М нь гэрээний дагуу хувьцаа худалдан авсан төлбөрөө төлөөгүй учир хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай. 

Иймд Иргэний хуульд зааснаар гурван талт гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, компанийн 4 хувийн эзэмших эрхийг “А” ХХК, Л.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.Оийн “А” ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27 900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61 617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн.

Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ “А” ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156 535 ам.долларыг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон.

Газартай холбоотой асуудлаар гурван талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “А” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн.

“А” ХХК нь гурван талт гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсний маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “М” ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлж өгсөн.

Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ өгсөн. Энэ бичиг баримтын дагуу “М” ХХК Нийслэлийн газрын албанд хандахгүй жил гаран болсон ба “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.Оийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа “М” ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан нь илэрсэн.

Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, “А” ХХК газаргүй болсон. “М” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг “А” ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж албан бичиг өгсний дагуу газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

Б.О “М” ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдан авч, харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон.

Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ “А” ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь гурван талт гэрээний нэг тал бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд иргэний хэргийн хариуцагч байх ёстой.

Талууд гэрээний дагуу өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. “М” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ “А” ХХК-ийг биелүүлсэн гэж тооцож байна. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй.

Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Мын итгэмждэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Оийн “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн хариуцагч Л.Мын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хувьцааг өндөр үнээр үнэлэн худалдан авч, гэрээний дагуу шүлжүүлэх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад надад холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “А” ХХК, Л.М нараас “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэгч Б.Оээс 177 723 023 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 866 806 төгрөг нөхөн гаргуулж, урьдчилан төлсөн 363 152 төгрөгийн хамт улсын орлогод оруулж, хариуцагч “А” ХХК, “М” ХХК, Л.М нараас 1 046 565 гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Л.М, Б.О нарын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Б.Оийн эзэмшлийн “А” ХХК-ийн нэг бүр нь 1000 ам.долларын үнэ бүхий 4 ширхэг хувьцааг худалдан авахаар тохиролцсон.

“А”ХХК, “М” ХХК болон иргэн Б.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээгээр Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу, мөнгийг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр шилжүүлсэн байдаг.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүрэг, бүрэн дуусгавар болсон учраас хувьцааг буцаан шаардах үндэслэл байхгүй юм.

Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “А” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээнээс татгалзаж байгаа нь 2015 оны 11 дүгээр сарьн 19-ний өдөр Л.Мтай байгуулсан компанийн хувьцаа, худапдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлийг тайлбарласан.

Гурван талт гэрээнээс татгалзсан тохиолдолд шууд компанийн хувьцаа, худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл байхгүй.

Б.О нь гэрээнээс татгалзаж байгаа бол Л.Мд ямар нэгэн мэдэгдэл хүргүүлж байсан баримт байхгүйгээс үзэхэд хуульд заасан журмыг зөрчиж гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарахгүй гэсэн атлаа энэхүү үндэслэлийнхээ эсрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргасан, мөн гэрээний талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон эсэх нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад энэхүү асуудапд хууль зүйн талаас дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байгаа зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Б.О нь “А”ХХК-д эзэмшиж байсан өөрийн 4 ширхэг хувьцааг худалдах санал гаргасантай холбогдуулан “А” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр худалдах гэж буй 4 ширхэг хувьцааг тус компанийн хувьцаа эзэмшигч Л.Мын нэр дээр шилжүүлж, холбогдох бүртгэлийг хийсний үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчдэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан.

Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдахын өмнө Л.М “А”ХХК-ийн 3 хувийн хувьцааг хууль ёсны дагуу эзэмшиж байсан ба одоогоор тус гэрээгээр шилжүүлж авсан хувьцаанаас 1 ширхэг нь Л.Мын нэр дэр шилжиж ирсэн ба бусад хувьцааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигчид рүү шилжүүлсэн.

Л.М нь гэрээний үүргээ биелүүлж хувьцааны үнийг Б.Оийн данс руу төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон.

Иймд шүүхийн шийдвэрийн Л.Мд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээний 2.1, 2.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас кадастрын зурагт заасан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.мв, О цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт болон шилжүүлэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. “А” ХХК нь дээр дурдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “М” ХХК-ийн өмгөөлөгч н.Энхчулуунд холбогдох баримт бичгүүдийг эх хувь болон шаардлага хангасан байдлаар акт үйлдэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэхүү актад дурдсанаар “М” ХХК-ийн өмгөөлөгч н.Энхчулуун нь газар эзэмших эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр гаргах ажлыг хариуцахаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл хүлээлгэж өгсөн баримт бичгүүд дотор “А” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж “М” ХХК-д холбогдох газрыг шилжүүлж өгөх хүсэлт багтаж байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талуудын хэн ч гаргаж болохоор зохицуулсан нь хуулийн эдгээр заалтуудтай зөрчилдөхөөргүй байна.

Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Дотоод хяналтын албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/84 тоот албан бичигт дурдсанаар “М” ХХК нь “А” ХХК-аас дээр баримтуудыг хүлээн авсан, улмаар Нийслэлийн газрын албанд хандаж байсан нь нотлогдож байдаг.

Иргэн Б.О нь Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээнээс шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө татгалзах талаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ямар нэг хугацаа тогтоож хүсэлт гаргаж байгаагүй, нөгөө талаар энэ гэрээний үүрэг нэгэнт биелэгдсэнийг тэрээр хүлээн зөвшөөрч ирсэн нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 6.6-д “Талуудын аль нэг нь энэ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд шаардлага гаргах эрхтэй ч гэрээний 2.1-д заасан, С тал буюу “М” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд Б тал буюу Б.Оийн эрх ашиг хөндөгдөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, гэрээний 2.1-д заасан үүрэг нь А тал буюу “А” ХХК, Б тал буюу Б.О нарын харилцан хүлээх үүргийн харилцаа биш юм.

 “А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг гурван талт гэрээ гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “ .. гэрээгээр “М” ХХК-ийг хариу төлбөргүйгээр үл хөдлөх эд хөрөнгө болон “М” ХХК-ийн 6.34 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Оийн А ХХК-ний 4 хувийн хувьцааг худалдах хүсэл зоригийн нэг үндэслэл нь М ХХК-д үл хөдлөх хөрөнгийг газрын хамт шилжүүлэх үр дагавар байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, нотлох баримт дээр үндэслээгүй, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэт нэг талын эрх, ашгийг хамгаалсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

Учир нь “М” ХХК гэрээний нэг тал болж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж оролцсон байхад компанийн хүсэл зоригийг Б.Оийн хүсэл зориг байсан мэтээр түүнд хүчээр хамаатуулан шийдвэрлэсэн, ингэж хүчээр хамаатуулахдаа компанийн болон Б.Оийн хүсэл зоригийн илэрхийллүүд нь өөр, ялгаатай, хэн нь хэний өмнө ямар үүрэг хүлээсэн болохыг шүүх бодитоор тогтоогоогүй, анхаарч үзээгүй.

“М” компанийн хувьд олон жил маргаж явсан үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг маргаангүйгээр гаргуулан авах, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч байгаа тул газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, “А” компанитай маргаан үүсгэхгүйгээр найрсаг хөршийн харилцаатай цаашид ажиллах нөхцлийг бүрдүүлэх хүсэл сонирхолтой болохоо илэрхийлж гэрээний тал болон оролцсон.

“А” ХХК-аас “М” ХХК-д шилжиж буй асуудал нь зөвхөн үл хөдлөх хөрөнгөө дагаж шилжин ирж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө нэгэнт маргаангүй болсон байгаа тул цаашид ямар нэгэн асуудалгүйгээр “М” ХХК шилжүүлэн авах бүхий л боломж байгаа болохоос Б.Оийн хувьцааг авснаар шилжүүлэн өгч буй асуудал биш юм.

Талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээгээр “А” ХХК нь “М” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг болохоос Б.Оийн өмнө газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт холбогдуулан “А” ХХК, “М” ХХК, Б.О нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан гурван талт гэрээ, Б.О, Л.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, “А” ХХК-ний 4 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Б.О, “А” ХХК, “М” ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ, Б.О, Л.М нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх нэмэлт гэрээнүүд байгуулагджээ /1хх 7-13/

 

2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр Б.О нь “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг 67 018 ам.доллараар “А” ХХК-д буцаан худалдах, хувьцаа худалдсантай холбогдох баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай баримтыг 2015 оны  11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх, 4 ширхэг хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443 337 528 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзах, /гэрээний 3.1, 3,3/

“А” ХХК өөрийн ашиглаж буй газраас 5 394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргах, “М” ХХК-ийн эзэмшил ашиглалтад байгаа 20, 21, 22 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “М” ХХК-д шилжүүлэн өгөхөд тус компанийн зүгээс татгалзахгүй тухай албан бичгийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д хүлээлгэн өгөх, 4 хувийн хувьцааг 67 018 ам.доллараар худалдан авч, хувьцаа шилжсэн бүртгэлийг бүртгэлийн байгууллагад хийлгэх, үндсэн зээл, зээлийн хүү, хувьцааны үнэ нийт 156 535 ам.долларыг 2015.11.27-ны өдрийн дотор Худалдаа хөгжлийн банкин дахь Б.Оийн дансанд бэлэн бусаар шилжүүлэх үүргийг, /гэрээний 2.1-2.9/

“М” ХХК гурван талт гэрээгээр шилжүүлэн авч буй үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг худалдах тохиолдолд тэргүүн ээлжинд “А” ХХК-д санал болгох /гэрээний 4.1/ үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх тохиролцооноос үзвэл “М” ХХК нь “А” ХХК-ийн өмнө аливаа нэгэн үүрэг хүлээгээгүй байдлаас дүгнэвэл гуравдагч этгээдэд ашигтай гэрээг Б.О, “А” ХХК байгуулсан тул 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг гурван талт гэрээ гэж дүгнэхээргүй байна. Иймд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж зааснаар Б.О нь “М” ХХК-ийг төлөөлөн шаардах эрхтэй гэж дүгнэж болохоор байна.

 

Б.Оээс “А” ХХК-д худалдсан 4 хувийн хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 2.5-д: “А” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэх эсэх асуудлыг төлөөлөн “удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ” гэсэн тохиролцоо, Б.О, Л.М нарын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Б.О “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг 4 000 ам.доллараар Л.Мд худалдах, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.О “А” ХХК-ийн өөрт ногдох 4 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч буюу Л.Мд шилжүүлэхээр байгуулсан гэрээг Б.О болон “А” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний агуулгатай харьцуулан дүгнэвэл “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О нь 2 өөр гэрээгээр шилжүүлсний аль нэг нь хэрэгжих боломжтой байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байна.

 

Түүнээс гадна Монгол, Австрали, Их Британи Виржини арлууд, БНХАУ /Тайвань/-ын хамтарсан “А” ХХК байгуулах тухай 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр “А” ХХК -ийн хувьцаанаас Монгол талаас С.Мөнхбат 3 хувь, Л.М 3 хувь, Б.О 4 хувиар тус тус эзэмших, хөрөнгө оруулалттай байхаар тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэвэл 2005 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар Л.М нь “А” ХХК-ийн 3 хувийн хувьцаатай байсан бөгөөд хэрэв Б.Оээс тэрээр гэрээний дагуу шилжүүлэн авсан гэх 4 хувийн хувьцааг нэмбэл нийт 7 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх боломжтой. Гэтэл “А” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын 01 тоот тогтоолоос үзвэл Л.Мын 7 хувийн хувьцаанаас 2 хувийг Л.Цэрэндоржид, 1 хувийг С.Мөнхбатад тус тус гэрээний дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь компанийн хувьцааг захиран зарцуулсан агуулгатай байна. / 3хх 163 дугаар тал /

 

2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 2.5 дахь заалт, “А” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот хурлын тогтоол, Монгол, Австрали, Их Британи Виржини арлууд, БНХАУ /Тайвань/-ын хамтарсан “А” ХХК байгуулах тухай 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээг харьцуулан дүгнэвэл Л.Мын нэр дээрх 7 хувийн хувьцааны 3 хувь нь 2005 оноос хойш түүний өмчлөлд байсан, 4 хувь нь “А” ХХК-ийнх байвал компани өөрийн эрх хэмжээний хүрээнд 4 хувийн хувьцааны 2 хувийг нь Л.Цэрэндоржид, 1 хувийг нь С.Мөнхбатад, 1 хувийг нь Л.Мд шилжүүлсэн байх боломжтой нь Л.Мын давж заалдах гомдлын агуулгатай нийцэхээр байх боловч энэ талаар анхан шатны шүүхэд зохигчид мэтгэлцээгүй байна.

 

Мөн “А” ХХК нь одоогоор өөрөө хувьцаа эзэмшихгүй байгаа үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй ба “А” ХХК болон Л.Мын эзэмшлийн хувьцааг бүрэн тодорхойлоогүйгээс тэднээс 4 хувийн хувьцааг хэрхэн, яаж гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

 Иймд дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01743 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 185 696 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгчийн төлсөн 1 046 565 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

                

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА