Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/167

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Б.Бямбадулам

Улсын яллагч: Н.Зулаа

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2614000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08-09 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар хойноос урагш чиглэлд алхаж яваад иргэн *******ийн гээгдүүлсэн “Samsung A35” маркийн гар утсыг автозам дээр байхад нь олж, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч, ашиглан бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ..Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2026 оны 03 дугаар сарын 25-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гараад гудамжны үзүүрээс таксинд суухад саарал өнгийн таксинд суусан. Тэгээд Өнө-Эрдэнэ дэлгүүрийн эсрэг талаас 2 жоохон хүүхэд дагуулсан эмэгтэй хүн арван жилийн эрэгтэй хүүхэд цуг суусан. Цагдаагийн харалдаа зогсоол руу шахаж зогсоод жолоочийн эсрэг талын арын суудлаас буугаад хүүхдээ дагуулаад зам хөндлөн гараад 14 дүгээр цэцэрлэг рүү хүүхдээ оруулж өгчхөөд гарч такси бариад 4 замын уулзвар дээр зогсож байхад халаасанд утсаа үзэхгүй байхгүй байсан. Тэгээд таксины жолоочийн гар утсаар нь 3 удаа залгаж дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд имей кодоор гар утсыг Цагдаагийн байгууллага шалгаж өгдөг гэж дуулаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Хяналтын камер шүүж үзээд ******* улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан... Тухайн таксинд цуг явсан гэх хүмүүсийг танихгүй. Өнө-Эрдэнэ дэлгүүрийн замын эсрэг талын гудамжнаас ирж байсан... Гар утсаа шөнө цэнэглээд хоносон 100% цэнэгтэй байсан. Гар утас кодтой байгаа... Би гар утсаа Баянхонгор аймаг дахь Мобикомын салбараас 2024 оны 08 сарын үед 1.299.000 төгрөгөөр худалдан авч байсан, А35 загварын хар өнгийн гар утас, гадуураа цагаан цэнхэр өнгийн кейстэй байгаа. Гар утасны нүүрэнд манай 3 хүүхдүүдийн зурагтай... Имей код байгаа.*******,******* гэсэн кодтой байгаа... Хар өнгийн Самсунг А35 загварын гар утас миний гээсэн гар утас мөн байна... Хагарч барьсан зүйл байхгүй байсан. Гар утсаа хүлээгээд авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй ....гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 20-21/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшдэггүй, манай эхнэрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа... 2026 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутын үед арван мянгатаас уруудаж явж байхдаа Өнө-Эрдэнэ дэлгүүрийн харалдаа явж байсан замын харалдаа нэг эмэгтэй хүн жоохон хүүхэдтэй гараа өргөхөөр нь зогсоод суулгасан. Тэгээд цаанаас 2 жоохон хүүхэд 1 эмэгтэй хүн арван жилийн эрэгтэй хүүхэд ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд эхэнд суусан эмэгтэй жоохон хүүхэдтэй хүнийг Цагдаагийн харалдаа буулгаад, цаашаа яваад 3 дугаар арван жилийн харалдаа баруун талд арван жилийн хүүхдийг буулгаад чигээрээ яваад 16 дугаар цэцэрлэгийн харалдаа жоохон хүүхэдтэй эмэгтэйг буулгасан. Тэгээд цаашаа Есөн-Эрдэнэ захаар яваад төв зам руу эргээд хойшоо яваад Номундалай сургуулийн урд талаас 5- 6 дугаар ангийн эрэгтэй хүүхэд гараа өргөхөөр аваад Номгон сургуулийн харалдаа буулгачхаад тэгээд гэр рүүгээ харьсан...Би тээврийн хэрэгсэл дотроос тухайн хаясан гэх гар утсыг хайхад байхгүй байсан...Тухайн жоохон хүүхэдтэй эмэгтэйг Цагдаагийн харалдаа буулгаад цааш явж байх замд гар утас дуугарах чимээ гараагүй ээ... Таксинд сууж явсан гэх хүмүүсийн танихгүй …” гэх мэдүүлэг /хх-ийн  24-26/,

Юнител ХХК-н 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “… имей кодтой утсанд дугаарыг 2026 оны 04 сарын 09-ний өдрөөс хийж ашигласан байна. Д.*******…” гэх 12-01/1404 дугаартай албан бичиг /хх-ийн 57/,

.Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баясгалангийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай “... Samsung A35 гэх загварын гар утас 2024 оны 08-р сард 1.299.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх. 2026 оны 03-р сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1 жил 7 сар буюу 19 сарын хугацаанд эдэлгээ, чанар, хуучирсан зэргээс шалтгаалж, зах зээлийн бодит үнэлгээгээр 450.000 төгрөгөөр үнэлж байна...магадалгаа /хх-ийн 31-34/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 67-70/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-50/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.******* нь 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08-09 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар хойноос урагш чиглэлд алхаж яваад *******ийн гээгдүүлсэн “Samsung A35” маркийн гар утсыг автозам дээр байхад нь олж, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч, ашиглан бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.*******ын...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

   Хохирогч *******ийн..14 дүгээр цэцэрлэг рүү хүүхдээ оруулж өгчхөөд гарч такси бариад 4 замын уулзвар дээр зогсож байхад халаасанд утсаа үзэхэд байхгүй байсан,  таксины жолоочийх гар утсаар нь 3 удаа залгаж дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон,.... Хар өнгийн Самсунг А35 загварын гар утас миний гээсэн гар утас мөн байна, гар утсаа хүлээгээд авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 20-21/,

Гэрч *******гийн..тээврийн хэрэгсэл дотроос тухайн хаясан гэх гар утсыг хайхад байхгүй байсан... Тухайн жоохон хүүхэдтэй эмэгтэйг Цагдаагийн харалдаа буулгаад цааш явж байх замд гар утас дуугарах чимээ гараагүй …” гэх мэдүүлэг /хх-ийн  24-26/,

Юнител ХХК-н 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “… имей кодтой утсанд дугаарыг 2026 оны 04 сарын 09-ний өдрөөс хийж ашигласан байна. Д.*******…” гэх 12-01/1404 дугаартай албан бичиг /хх-ийн 57/,

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баясгалангийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай “... Samsung A35 гэх загварын гар утас 2024 оны 08-р сард 1.299.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх. 2026 оны 03-р сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1 жил 7 сар буюу 19 сарын хугацаанд эдэлгээ, чанар, хуучирсан зэргээс шалтгаалж, зах зээлийн бодит үнэлгээгээр 450.000 төгрөгөөр үнэлж байна...магадалгаа /хх-ийн 31-34/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.           

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт ...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...гэж хуульчилжээ. 

Уг үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа эд юмсыг хэлдэг.

 Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч *******ийн эзэмшлийн “Samsung A35 гар утас нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар 450,000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, ашиглаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Д.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч *******ийн “Samsung A35” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн  хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Д.*******т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг  гаргажээ.

Эрүүгийн хариуцлага Д.******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж  заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу  хохирогчийн хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу тогтмол орлогогүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт...ойр зуурын ажил хийж өдрийн хоол, хүнсээ олдог, өөрийн гэсэн хашаа байхгүй тул найзынхаа хашаандаа 4 ханатай дан бүрээстэй гэрээр барьсан, нэр ортой, нэг зурагтай, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх боломжтой, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, гаргасан прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******т үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр өөрийн оршин сууж байгаа газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******т Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу  өөрийн оршин сууж байгаа газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанаас нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА