Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 117/ШШ2023/0002

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, С.Агийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга Ц.А/-д хариуцагдах “С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  дүгээр тогтоолыг хууль бусад тооцож хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны  01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулахаар сумын ИТХ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар захирамж гарсан. Тус ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” 64 дүгээр тогтоолыг баталсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих”, 55 дугаар зүйлийн 55.1.2. “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэсэн заалтыг үндэслэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.13 “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 59.1.18 “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж хуралдаанд оролцогчдын 66,6 хувь буюу олонхын саналаар С сумын Засаг дарга Сн А миний биеийг огцруулж, саналыг аймгийн Засаг даргад уламжилсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2. ”нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэж үндэслэлээр огцруулсан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 92,5 хувь буюу санаачилгатай сайн ажилласан гэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүгнэсэн дүгнэлттэй нийцэхгүй байна.

Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сумын Засаг дарга С.А миний ажлын тайланг сонсоогүй, хэлэлцээгүй, тайланг сонсох асуудлыг хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд тусгаагүй байж хангалтгүй ажилласан гэж огцруулсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

С сумын ИТХ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” 12 дугаар захирамжаар сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байдаг. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн сумын ИТХ-ын холбогдох хороо хуралдахдаа хэлэлцэж буй асуудлыг урьдчилан хороодын гишүүдэд танилцуулаагүй, хуралдахдаа сумын Засаг даргын ажлын тайланг сонсоогүй нь сумын ИТХ-аар баталсан Хороодын ажиллах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Сумын Засаг даргыг огцруулах асуудлаар хорооноос санал дүгнэлт гаргаагүй, сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанд тус хорооны дарга танилцуулаагүй нь Монгол  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ИТХ-ын төлөөлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймээс С.А миний сумын Засаг даргаар ажиллах хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул С сумын ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сумын З дарга С.А нь тухайн сумын нутаг дэвсгэрт нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулах “П” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 4 багийн ИНХ-аар танилцуулж, хэлэлцүүлж тогтоолыг хуралд оролцсон иргэдээр гар өргүүлж батлуулаагүй бөгөөд 4 багийн ИНХ-ын хууль бусаар үйлдсэн тогтоолд тухайн үеийн -р багийн ИНХ-ын дарга Г.Д, -р багийн ИНХ-ын дарга Б.Р нарт нөлөөлж гарын үсэг зуруулсан /өөрсдөө нотолдог/, -р багийн ИНХ-ын дарга Э.У, -р багийн ИНХ-ын дарга Ж.С нарт мөн нөлөөлсөн байж болзошгүй бөгөөд хуулиар хүлээсэн  өөрийн бүрэн эрхээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь огцруулах саналыг ИТХ-ын олонхын саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжилсан. Тухайн өдрийн  дүгээр тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тухайн хууль бус тогтоолд гарын үсэг зурахад нөлөөлсөн гэх үндэслэлийг нотлохын тулд тухайн үеийн 4 багийн ИНХ-ын дарга нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байна. Тухайн 4 иргэний мэдээлэл болон, асуух асуултын хүсэлтийг хавсралтаар хүргүүллээ.

Иймд бидний хүсэлтийг хүлээн авч сумын Засаг дарга С.Атай холбоотой хууль бусаар үйлдэгдсэн хурлын тогтоолд нөлөөлсөн эсэхийг тогтоож шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн С.Агаас Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолыг хууль бусад тооцож хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгч С.А нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 66 дугаар зүйлийг   66.1-т   заасныг   баримтлан    нэхэмжлэгч    С.Аийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга Ц.А/-д хариуцагдах “С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  дүгээр тогтоолыг хууль бусад тооцож хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              В.Ц