| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2010024010347 |
| Дугаар | 2022/ДШМ/158 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/158
О.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяа,
нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Б-д холбогдох 2010 02401 0347 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн О-ын Б, 1986 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;
О.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Б-ийг Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод гэрт нь байхад утсаар ярьж манай дүү Юнител ХХК-д ажилладаг гэж хуурч, юнителийн 8811хххх, 8811хххх дугаарыг хямд үнээр авах боломжтой байна гэж итгүүлэн Худалдаа хөгжлийн банкны 46ххххххх дугаартай дансаар 7.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Т-д хүнд даацын авто машины зөвшөөрөл гаргуулж өгнө хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн Үндэсний төвийн орчмоос 3 удаагийн үйлдлээр банкны дансаар нийт 22.500.000 шилжүүлэн авч хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Б-ийг “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авна хэмээн хуурч, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан мөнгийг нь авсан атлаа Ч.Б-д өгөлгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Ч.Б-д 9.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт О-ын Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалт болох “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Б-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай” гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь хохирогч Ч.Б-д төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-өөс 11.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т 2.700.000 төгрөгийг, хохирогч Ё.Т-д 8.500.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Б нь үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж, хуулийн зүйл хэсэгт маргаагүй. Шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл хэргийн нөхцөл байдалд тохирсон. О.Б нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарсан боловч ийнхүү хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч, хорих ялаар шийтгүүлээгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 574 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж анхан шатны шүүхэд дүгнэлтээ гаргасан боловч шүүх О.Б-ийг өмнө нь өршөөлд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн гэж дүгнэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулахаар заасныг хэрэглээгүй. Иймд О.Б-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б урьд 2 удаа шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлж байсан. Шинээр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өмнө нь өршөөлд хамрагдаж байсан бол дахин өршөөлд хамруулахгүй. Анхан шатны шүүхийн шийдэх тогтоол хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх О.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
О.Б нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод хохирогч Б.Б-ийг гэрт нь байхад утсаар ярьж “Манай дүү Юнител ХХК-д ажилладаг. 8811хххх, 8811хххх дугааруудыг хямд үнээр авах боломжтой байна” гэж хуурч Худалдаа хөгжлийн банкны 46ххххххх дугаартай дансаар 7.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Т-д “Хүнд даацын авто машины зөвшөөрөл гаргуулж өгнө” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн Үндэсний төвийн орчмоос Хаан банкны дансаар нийт 22.500.000 шилжүүлэн авч хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ч.Б-ийг “Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж хуурч, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан мөнгийг нь авсан атлаа Ч.Б-д өгөлгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Ч.Б-д 9.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ийн: “...2019 оны 8 дугаар сард О.Б надад “Хямд үнээр 8811-тэй 4 дугаар авах боломж байна. Миний дүү Юнител ХХК-ийн техникийн албанд ажилладаг юм. Тэнд хэрэглэхээ больсон, дахин худалдаанд гарах гэж байгаа дугаарууд байгаа учраас худалдаанд гарахаас өмнө хямд үнээр авах боломж байна” гэж хэлэхээр нь би авахаар болсон. ...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр О.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 46ххххххх дугаарын данс руу өөрийн Төрийн банкны 10хххххххххх данснаас 7 сая төгрөг шилжүүлсэн. Тэр үед О.Б надад “Би 2 дугаар олчихлоо. 7 сая төгрөг шилжүүлчих” гэсэн. Маргааш нь над руу залгаж, уулзахад 8811хххх, 8811хххх дугааруудыг авч ирэхээр нь “Бусад 2 дугаар нь яасан юм бэ. Уг нь 4 дугаар гэж ярьсан биз дээ” гэхэд “2 дугаар нь гарах боломжгүй болсон” гэсэн. Надад 8811хххх дугаарыг өгөөд, өөрөө 8811хххх дугаарыг “Нэр шилжүүлтэл ашиглаж байя” гээд авч үлдсэн. Энэ дугаарыг 2 сарын хугацаанд ашиглаж байтал танихгүй дугаараас “Барьцаанд тавьсан дугаарынхаа төлбөрийг төлөхгүй бол уг дугаарыг хаалгах болсныг мэдэгдэж байна” гэсэн зурвас ирсэн. ...” /1хх 80-81/,
хохирогч Ё.Т-ийн: “...2019 оны 9 дүгээр сард найз О.Б над руу залгаад “Улс хооронд нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины “С” зөвшөөрөл гаргах боломж байна. Танд хэрэгтэй юу, би бүтээж чадна” гэж хэлсэн. Удалгүй хэдэн өдрийн дараа миний “Wechat” хаяг руу зөвшөөрлийн зураг явуулсан. ...Тухайн үед миний ажиллаж байсан байгууллагатай хамтран ажилладаг Г-ын явуулдаг машинууд дээр зөвшөөрөл гаргуулахаар тохиролцон Г-аас 22.500.000 төгрөгийг хоёр хувааж 12.500.000 болон 10.000.000 төгрөгөөр хэсэгчлэн авч, О.Б-ийн аав Г.О-ын данс руу шилжүүлсэн. ...О.Б-өөс асуухад “Мөнгөө цааш өөр хүнд өгсөн. Би араас нь хөөцөлдөж байна” гэж хэлээд яваад байдаг байсан. ...” /1хх 62-63/,
хохирогч Ч.Б-ийн: “...2020 оны 02 дугаар сард О.Б над руу холбогдоод “Автомашин авъя” гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 18-нд 10 дугаар хорооллын “Материал импекс” дээр О.Б ирээд “Японоос ирсэн Тоёота Приус-30 загварын автомашиныг банк бусаар авъя. Урьдчилгаа өгье” гээд 6 сая төгрөгт тооцож “Нэрийг нь дараа шилжүүлье” гээд 8811хххх дугаарыг надад өгсөн. “Очир ундраа” банк бус санхүүгийн байгууллага дээр надаас авсан автомашиныг барьцаанд тавиад үлдэгдэл 9 сая төгрөгийг надад өгнө гэж зээл аваад надад мөнгө өгөөгүй, намайг залилаад алга болчихсон. ...” /1хх 147-148/,
гэрч Г.М-ийн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О.Б гэх хүн 8811хххх, 8811хххх дугааруудыг барьцаанд тавиад 16.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Эхний 6 сарын төлөлтийг хийсэн. Түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй учраас 3 сар хүлээгээд О.Б-тэй удаа дараа холбогдож, уулзахад төлбөр төлөөгүй. ...” /1хх 111/,
гэрч П.М-ийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүк дээр “Приус-30 машин авна” гэж зар тавьсан. Миний зарын сэтгэгдэл хэсэгт 8825хххх гэсэн дугаар бичсэн байсан. Тэр дугаар руу нь залгаж, машиныг үзээд 13.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэр ах надад “Ахынх нь машин банк бус дээр байдаг” гэж хэлсэн бөгөөд авахаар болж, банк бусыг нь шууд хаахаар болоод явж байсан чинь нөгөө ах яриад банк бусын дансыг авсан. Тэгээд “Энэ данс руу шилжүүлчих” гэхээр нь би тэр данс руу нь 8.135.000 төгрөг шилжүүлсэн. Дансны эзэмшигч нь “О ББСБ” гэж гарч ирсэн. “Оройтчихлоо. Банк бус хаах цаг нь болчихож. Ахдаа үлдэгдэл мөнгөө шилжүүлчих. Хоёулаа маргааш яваад нэрээ шилжүүлчихье. Чи машинаа аваад яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгө болох 5.665.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 46ххххххх данс руу шилжүүлсэн. Маргаашнаас нь тэр ахын утас нь холбогдохоо больсон. ...2020 оны 10 дугаар сарын 30-нд би “О” ББСБ дээр очиж уулзахад ажилтан нь надад “Ч.Б гэдэг хүнээс О.Б энэ машиныг аваад манайхаар зээл гаргуулаад тэр мөнгөө Ч.Б-д өгөөгүй юм билээ. Энэ мөнгөө өгөхгүй байгаа учраас нэр шилжүүлэх боломжгүй” гэж хэлсэн. ...” /1хх 151-152/,
гэрч Ц.А-ийн: “...О.Б гэх хүн манай байгууллагаас тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж, зээл гаргуулж авсан манай зээлдэгч. 2020 онд Тоёота Приус-30 загварын автомашин лизингээр худалдаж аваад манайхаас зээл гаргуулсан. ...” /1хх 153-154/,
шүүгдэгч О.Б-ийн: “...Би Ё.Т-тэй утсаар холбогдоод нийт 22.500.000 төгрөгийг аав Г.О-ын 54ххххххх дугаарын дансаар шилжүүлэн авсан. ...Зөвшөөрөл бүтэхгүй байгаа талаар Ё.Т-д тайлбарлаад 15 сая төгрөгийг Ё.Т-ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Миний тооцоогоор бидний хооронд 22.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...Би Б.Б-т 10 сая төгрөгөөр 8811-тэй 2 дугаар худалдаж аваад эргээд уг дугаарын ханш өсөхөөр заръя гэж тохирсон. Б.Б над руу 7 сая төгрөг шилжүүлсэн. Би Б.Б-оос авсан 7 сая төгрөгийг тухайн үед БНХАУ, ӨМӨЗО-ы иргэдтэй хамтарч борцны үйлдвэрийн ажилдаа зарцуулсан. Энэ талаар Б.Б-т хэлээгүй. ...Би гэм буруугаа хүлээж байна. ...” /1хх 54-55, 74-76, 243/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч О.Б-ийн эцэг Г.О-ын Хаан банк дахь дансны хуулга /1хх 15-16/, шүүгдэгч О.Б-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /1хх 127/, Г.М болон шүүгдэгч О.Б нарын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /1хх 108-110/, гар утасны зурвасууд /1хх 112-116/, шүүгдэгч О.Б нь Э, Ш гэх хүмүүстэй харилцсан зурвасууд /1хх 129-133/, хохирогч Ч.Б шүүгдэгч О.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гаалийн баримт /1хх 197-214/, автомашин худалдах авах зээлийн гэрээ /1хх 215-220/, “О” ББСБ болон шүүгдэгч О.Б нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээ /1хх 221-225/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар О.Б нь “утасны дугааруудыг хямд авах боломж байна, хүнд даацын автомашины зөвшөөрөл гаргуулж өгнө, тээврийн хэрэгсэл худалдаж авна” гэж хохирогч Ч.Б, Ё.Т, Б.Б нараас нийт 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн үйлдлийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Түүнчлэн, шүүгдэгч О.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байх бөгөөд тэнссэн хугацаанд бусдыг залилж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх дээрх шийдвэрийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяа “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас батлан, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тус хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээг тогтоосон бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд тус тус батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй байхаар,
хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” журмыг хуульчлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүхээс гагцхүү хорих ял оногдуулсан тохиолдолд л хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан.
Шүүгдэгч О.Б-ийн хувьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж өршөөлд хамрагдсан,
мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасанчлан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулиудад заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзсан тохиолдолд тус хуульд хамруулах эсэх асуудлыг хуульчлан зохицуулаагүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хуульчлан, зохицуулаагүй асуудлыг тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулахаар заасныг баримтлан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, хуулийг тайлбарлах, хэрэглэхэд хуулийн тодорхойлолтыг чанд баримтлах хууль ёсны зарчмыг зөрчихөд хүргэнэ.
Иймд, давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох агуулга бүхий шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолд найруулгын өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдийн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн баримталбал зохих хуулийг зөв хэрэглэхгүйгээр, мөн утга найруулгын хувьд ойлгомжгүй байдлаар бичсэнийг энэхүү магадлалаар өөрчлөн зөвтгөх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ