Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0258/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Лхамсүрэнгийн Сарангэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000010003 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, Дээж угаагч, засварчин мэргэжилтэй, Заамарт хувийн компанид ажилладаг, ам бүл 4, охин, хүргэн, зээгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 1-127 тоотод оршин суух, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхамсүрэнгийн Сарангэрэл /регистрийн дугаар ТЕ67042401/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг Олон улсын худалдааны төв дотор төрсөн дүү Л.Ганбаатарын эхнэр Цтай маргалдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг Олон улсын худалдааны төв дотор төрсөн дүү Л.Ганбаатарын эхнэр Цтай маргалдаж улмаар биед нь хамар ясны битүү хугарал, нүүрний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Сийн өгсөн: Би он сар өдрийг нь санахгүй байна. Би Цын лангуун дээр очоод нэг чихэр өгөхийг гуйсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Харин Ц үснээс зулгааж Олон улс худалдааны төвийн үүд хүртэл чирсэн. Намайг үсдээд чирч байхдаа өшиглөж зодсон. Тэгээд Олон улс худалдааны төвийн гадаа гараад “миний цүнхийг эвдчихлээ балай авгай чинь” гэхээр нь би Цыг цохисон. Энэ хэргээс болоод би 7 хоног хүйтэн газар хоригдсон. Миний бие ядарч сульдаж байна. Намайг хоригдож байхад Ц уучлалт гуйж эргэж ирээгүй. Би гомдолтой байна гэх мэдүүлэг,

Хохирогч Цын өгсөн: Тухайн өдөр би Олон улсын худалдааны төвийн хүнсний лангуун дээрээ сууж байхад манай нөхрийн эгч С лангуун дээр ирээд надаас чихэр нэхсэн. Ер нь бол лангуун дээр ирж намайг байнга дарамталдаг. Лангуунаас юм авч болно. Тэгэхгүй байнга хэл амаар доромжилдог. Тухайн өдөр надаас нэг чихэр аваад ундаа нэхээд хамаг юм авч шидсэн. Үүнээс болж үүд рүү Сийг чирсэн. Ингэж байхад гартаа байсан утсаар миний хамар руу цохиж, хамар хугарсан. Хамар хугарснаас болж би ажилдаа 14 хоног явж чадаагүй. С намайг дарамталсан байдал олон жил үргэлжилж байна. Нэг удаа миний машины толийг цохиж хугалсан. Тэгээд шүүхэд өгсөн. Тухайн үед нөхрийн минь эгч учраас гомдолгүй гэж хэлээд тэнсэнтэй гарч байсан. Би гомдол саналтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сийг миний ажлын байранд очуулахгүй л байвал зүгээр байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Гэрч Л.Ганбаатарын өгсөн: 2017 оны 6 дугар сарын 28-ны өдөр гадуур явж байтал манай эхнэр Ц- над руу утсаар яриад танай эгч Сарангэрэл ирээд хэл амаар доромжилж, намайг зодож, цохиод ажил хийлгэхгүй байна. Лангууны барааг ийш тийш нь шидээд байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би Олон улсын худалдааны төв дээр очиход хойд талын хаалга дээр нь Сарангэрэл эгч, манай эхнэр Ц-ыг хэл амаар доромжилж, орилж хашгирсан байдалтай, эхнэрийн хамраас цус гарчихсан, хувцас нь нийлэнхүйдээ цус болчихсон зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн

- Цын биед хамар ясны битүү хугарал, нүүрний цус хуралт тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

- Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

- Цд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 689 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасч, шүүгдэгч Сийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны хуулийн буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Цын биед хамар ясны битүү хугарал, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, иргэний үнэмлэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байна.

Шүүгдэгч Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Заамарт хувийн компанид ажилладаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Сийн цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож торгох ялаас хасаж, торгох ялыг хэмжээг 315 нэгж буюу 315.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Хохирогч Ц нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Сийн цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийн 15 нэгжээр тооцож, торгох ялаас хасаж, торгох ялыг хэмжээг 315 нэгж буюу 315.000 төгрөгөөр /гурван зуун арван таван мянган төгрөг/ тогтоосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР