Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 117/ШШ2023/0005

 

 

 

Нэхэмжлэгч,  хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Д.Бгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Н хэлтэс /дарга Г.Б/, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хариуцагдах “Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн  тоот тогтоолын 3 дахь заалт, Дундговь аймгийн Н хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Д.Бгийн 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч, баталгаажуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны  03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Дундговь аймгийн С сумын МГСС-тай “Ц” сургуульд математикийн багшаар 32.5 жил ажиллаж байгаад 2021.01.29-ний өдөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл миний математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулсны нэмэгдэл цалин хөлснөөс нийгмийн даатгалыг зөв суутган төлөөгүйгээс миний тэтгэврийн хэмжээ буруу тогтоогдсоноос одоог хүртэл хохирсоор байна.

Учир нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын 1999.10.11-ний өдрийн 84 дүгээр тушаалаар баталсан “Итгэлцүүр хэрэглэх журам”-ыг нэг мөр ойлгон хэрэглэх талаар Улсын НДЕГазраас 2000.01.11-ний өдрийн 16 тоот албан бичгээр Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт “Итгэлцүүр хэрэглэх журам”-ыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар өгсөн чиглэлийн 2-рт Багш нарын хувьд анх тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн цалин, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтод илүү цаг, цагаар хичээл заасны хөлсийг тухайн улирал, жилийн эцсийн аль нэг сарын цалин дээр нэгтгэж бичигдсэнээс уг сарын цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөхөд зөвхөн тэр сарын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэх тохиолдол нилээд байна. Иймээс эдгээр иргэдийн ажиллаж байсан байгууллагаар нь цалингийн тодорхойлолтонд аль нэг сарын цалин дээр нэгтгэж бичигдсэн илүү цаг, цагаар хичээл заасны хөлсийг зөвхөн цалин хөлсний баримтыг үндэслэн олговол зохих саруудаар нь дахин хуваарилан тооцож тодорхойлсны үндсэн дээр тухайн сар бүрийн цалинг итгэлцүүрээр өсгөж тооцох нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн байдаг.

Гэтэл энэ итгэлцүүр, НДЕГазраас өгсөн чиглэлийг Дундговь аймгийн Н хэлтэс зөрчиж миний тэтгэврийг үнэн зөв тогтоож өгөөгүй байсан. 2022 оны 01 сарын 29-нд Д.Б миний тэтгэврийг тогтоохдоо дээрх итгэлцүүрийг баримтлан зөв тогтоож өгөөгүйг 2022 оны 07 дугаар сард мэдсэн.

Иймээс би дээрх “Итгэлцүүр хэрэглэх журам”, чиглэлийг үндэслэн 2022 оны 07 дугаар сард Дундговь аймгийн Н хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-д гомдол гаргасан.

Тухайн гомдлын агуулга нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1999 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр тушаалаар баталсан “Итгэлцүүр хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийг үндэслэн тэтгэврээ зөвөөр шинэчлэн тогтоож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан. /Энэ гомдол Дундговь аймгийн НДХэлтэст байгаа/

Тухайн зөвлөл миний гомдлыг хүлээн авч 2022 оны 09 сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолыг 1 дэх заалтаар “Д овогтой Бгийн 2010-2019 онуудад “Ц” гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиас олгосон гүнзгийрүүлсэн сургалтын цалин хөлсийг нэг сард бөөн тайлагнасныг холбогдох саруудад нь хуваан тайлагнаж нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлүүлсүгэй”, 2-рт нь Д.Бгийн цалин хөлсийг нийгмийн даатгалын байгууллагад үнэн зөв тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсний дараа Д.Бгийн тэтгэврийг дахин бодож олгосугай, 3-рт нь 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт хийгдсэн нэр бүхий 5 иргэний цалин, хөлсийг үнэн зөв болгож нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг “Ц” сургуулийн захирал /Б.Т/-д үүрэг болгосугай гэсэн тогтоолыг гаргасан.

Энэхүү тогтоолын дагуу 1, 2 дугаар заалтын дагуу би өөрийн сургуулийн нягтлан бодогч П.Мээр 2010-2019 онуудын гүнзгийрүүлсэн сургалтын цалин хөлсийг зохих саруудад хувааж тайлагнуулан тайланг, өргөдлийн хамт Дундговь аймгийн Н хэлтсийн бичиг хэргийн ажилтанд 2 удаа би өөрөө албан ёсоор өгсөн болно.

Гэтэл Дундговь аймгийн Н хэлтсийн дарга Г.Б нь 2022.11.30-ны өдрийн № тоот, 2023.03.03-ны өдрийн № тоот албан бичгээр “...цалингийн залруулга хийлгэх нь танай байгууллагын нэр бүхий 5 даатгуулагчтай холбоотой байгаа ...тул 1 хүний залруулгыг хийх боломжгүй” гэх үндэслэлгүй шалтгаанаар тайланг хүлээн авч, баталгаажуулахаас татгалзсан хариуг удаа дараа өгсөн. Энэ нь Дундговь аймгийн Н хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2022.09.29-ний өдрийн  тогтоолын 1, 2-р заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Яагаад гэвэл Дундговь аймгийн Ни хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-д Д.Б миний бие өөрөө гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлыг хүлээн авч, 2022.09.29-ний өдрийн  тоот тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолын 3-р заалтад дурьдсан бусад 4 даатгуулагчийн асуудал бол Д.Бнадад огт хамааралгүй байхад миний тайланг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн энэ 4 даатгуулагч дээрх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаагүй байхад тус зөвлөлөөс иргэн Д.Б миний гомдлыг шийдвэрлэхдээ надад огт хамааралгүй 4 даатгуулагчийн асуудлыг тогтоолын 3-р заалтаар шийдвэрлэж, сургуулийн захиралд үүрэг өгсөн нь миний тэтгэврээ зөв тогтоолгох эрхийг зөрчиж байна. Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан хүн нь бол Д.Б юм.

Дундговь аймгийн Н хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл’’-ийн 2022.09.29-ний өдрийн  тогтоолын 1, 2-р заалтын дагуу Д.Б миний бие “өөрийн 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайлан”- г Дундговь аймгийн Н хэлтэст хүлээлгэн өгөхөд тус хэлтсийн дарга Г.Бнь 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 101 тоот албан бичгээр надад хариу ирүүлэхдээ /Д.Б танаа/: Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022.09.29-ний өдрийн тоот тогтоолын 3-р заалтыг хэрэгжүүлэхийг сургуулийн захиралд зөвлөсөн гэх утгатай надад хамааралгүй асуудлыг шалтаглан, миний тайланг хүлээн авч баталгаажуулахаас татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан “ Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллага даатгалын бүх төрлийн санд төлсөн шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр тэдэнд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг үндэслэн бүртгэнэ” гэх заалтыг хэрэгжүүлэхгүй хууль зөрчиж, намайг хохироож байна.

Дундговь аймгийн Н хэлтэс /дарга Г.Б/ нь иргэн миний Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан “ Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэсэн эрхийг минь ноцтой зөрчиж байна.

Дундговь аймгийн Н хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2022.09.29-ний өдрийн  тоот “Д.Бгийн цалин хөлсийг засварлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж, Д.Б миний засварласан тайланг хүлээн авахаас татгалзсан хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч миний тэтгэвэр зөв тогтоогдохгүй хохирсоор байна.

Иймээс Дундговь аймгийн Нхэлтэс /дарга Г.Б/, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хариуцуулан “ Дундговь аймгийн Н хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022.09.29-ний өдрийн  тоот тогтоолын 3 дахь заалт, Дундговь аймгийн Н хэлтсийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн  дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Д.Бийн 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч, баталгаажуулалт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул уг нэхэмжлэлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагчаас 2023 оны 04 сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Д овогтой Б миний бие 2023 оны 04 сарын 04-ний өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Нэхэмжлэлийн шаардлага: 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч баталгаажуулалт хийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний дотор миний тэтгэврийг шинэчлэн тогтоож өгөхийг харилцан тохиролцсон болно.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.Бээс Дундговь аймгийн Н хэлтэс /дарга Г.Б/, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хариуцагдах “Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  тоот тогтоолын 3 дахь заалт, Дундговь аймгийн Н хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Д.Бийн 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч, баталгаажуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Гэвч хэргийн оролцогчдоос 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж зааснаар тэдэнд хуулиар олгогдсон эрх төдийгүй энэ эвлэрэл нь  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 68 дугаар зүйлийг   68.1, 68.4-т   заасныг   баримтлан нэхэмжлэгч  Д.Бгээс Дундговь аймгийн Н хэлтэс /дарга Г.Б/, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хариуцагдах “Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  тоот тогтоолын 3 дахь заалт, Дундговь аймгийн Н хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Д.Бгийн 2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч, баталгаажуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн “2010-2019 оны тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг хүлээн авч баталгаажуулалт хийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний дотор тэтгэврийг шинэчлэн тогтоож өгөхийг харилцан тохиролцсон” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              В.Ц