Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1840

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 17-ний өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Бааа хороолол, 61/2 дугаар байр, 6 тоот хаягт оршин байх, М.Н-ийн өмчлөлийн 42 м.кв 1 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 28 850 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байна.Уг орон сууцны зах зээлийн үнэлгээ 70 000 000 төгрөг юм.

Анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, сүүлд нь хаягаар ирснийг мэдсэн. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээ хийхдээ 53 м.кв талбай бүхий орон сууцыг 42 м.кв гэж буруу хэмжилт хийж, үнэлгээ гаргасан учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны 183/ШШ2017/02258 дугаар захирамжаар “Вертикал бүрд” ХХК, Ц.Баттогтох, А.Насанбат нараас 133 320 934 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18290472 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлээгүй талаар мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бааа хороолол 61/2 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 42.3 м.кв талбай бүхий орон сууцыг 18290472/05 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18290472/08 дугаар тогтоолоор хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилосон, шинжээч 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 278 500 000 төгрөгөөр, 42.3 мкв талбайтай орон сууцыг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг талуудад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3024, 4/3023 дугаар албан бичгээр мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайлантай өмчлөгч М.Н-ийг танилцуулсан. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 61/2 байрны 6 тоот хаягт байрлах 42.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Үнэлгээтэй холбоотой маргаанд үнэлгээ хийсэн байгууллагыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргахад шүүх шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой маргаан учир хамтран хариуцагчаар татаж оролцуулж болохгүй гэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Үнэлгээ хийсэн байгууллагыг оролцуулж болохгүй учир үнэлгээчинг гэрчээр оролцуулахад үнэлгээ хийхэд тоосгон байшин, угсармал байшин эсэх нь ялгаагүй, наран талдаа цонхтой, сүүдэр талдаа цонх байх нь үнэлгээнд хамаагүй, тагттай эсхүл тагтгүй байр үнэлгээнд хамаагүй, давхрын ялгаа үнэлгээнд хамаагүй гэсэн мэдүүлэг өгсөн.

Орон сууц худалдан авах гэж байгаа хүн дээрх 4 нөхцөлийг үндэслэн худалдан авдаг ба эдгээр нь үнэлгээнд чухал нөлөөтэй. Тэгэхээр үнэлгээ бодитой хийгдээгүй нь тодорхой.

Орон сууц гэрчилгээнд талбайг 42.2 м.кв гэдэг боловч бодит байдал дээр коридортойгоо 53 м.кв талбайтай. Гэтэл гэрчилгээнд заагдсан талбайгаар үнэлгээ хийсэн ба орон сууцанд очиж хэмжилт хийгээгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ гэж орон сууцыг 28 800 000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд анхны үнэлгээнд гомдол гаргана, анхны үнэлгээний хувиар тооцсон 2 дахь үнэлгээнд гомдол гаргах гэж зааглан ялгаагүй, орон сууцыг 28 800 000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний талаар мэдэгдэл аваад хугацаандаа гомдол гаргасан.

Иймд бодит байдалд нийцээгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хамтран хариуцагчтайгаар шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бааа хороолол, 61/2 дугаар байр 6 тоот, 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн 183/ШШ2017/02258 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба эвлэрлийн гэрээнд Ц.Баттогтох, А.Насанбат, “Вертикал бүрд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 133 320 934 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу “Хас банк” ХХК-д төлөх, гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчвөл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцсон байна.

 

Шүүхээс 2018 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 280 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18290472 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, явуулжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1829072/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18290472/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бааа хороолол, 61/2 дугаар байр 6 тоотод оршин байх, М.Н-ийн өмчлөлийн 42,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

 

М.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барьцааны зүйл болох уг орон сууцыг худалдан борлуулах доод үнийг 78 000 000 төгрөгөөр тодорхойлон үнийн санал гаргасан, төлбөр төлөгч Ц.Баттогтох, А.Насанбат, “Вертикал бүрд” ХХК нар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 06 тоот тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагааг буруутгах боломжгүй юм.

 

Шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 39 970 000 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3023 тоот мэдэгдэл үйлдэж, уг мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М.Н-т гардуулан өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлыг М.Н- нь мэдэгдлийг хүлээж авсан өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гомдол гаргах юм. Гэтэл тэрээр дээрх хугацааг 49 хоногоор хэтрүүлж 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Шинжээч орон сууцны талбайн хэмжээг дутуу тооцсоноос орон сууцны зах зээлийн үнэлгээ бодитой тогтоогдоогүй гэх тайлбараа М.Н- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2019/09762 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш юм.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ хийсэн үнэлгээчинг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/10055 дугаар захирамжаар хүлээн авч, үнэлгээчин Г.Отгонбаярыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

 

Үнэлгээ хийсэн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцвол зохих бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан гэрч биш юм. Иймд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд тооцогдохгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА