Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0266/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д,

Улсын яллагч И,

Хохирогчийн өмгөөлөгч М,

Хохирогч И-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т,

Шүүгдэгч С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Даваадоржийн С- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000351 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, бүрэн боловсролгүй, цахилгаанчин мэргэжилтэй, урьд барилгын ажил эрхэлдэг байсан, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангирт 10 хэсэг,  2-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваадоржийн С- РД: ДЮ92040211,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С- нь 2017 оны 03 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хабитат хорооллын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Болортуяагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Антентай толгой” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Болортуяатай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С- нь 2017 оны 03 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хабитат хорооллын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Болортуяаг цохиж, нэг шүдний булгарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Антентай толгой” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Э.Болортуяатай маргалдаж улмаар хоолойг нь боож амь насыг нь хохироон нүхэд хийж булсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С-ийн өгсөн:  Талийгаач эхлээд над руу залгаж “чамтай сүүлийн удаа уулзъя, хэлэх зүйл байна” гэсэн. Бид 2 Дархан буудлын тэнд уулзсан. Талийгаач надтай уулзахаар ирэхдээ их бухимдуу байдалтай ирсэн. Би “яагаад надад уурлаад байгаа юм бэ” гэхэд “би чамд уурлаагүй” гэж хэлсэн. Талийгаач “Бид халуун дулаан уур амьсгалтай сайхан байсан, жижиг асуудлаас болж ийм байдалд хүрлээ, надад хэцүү байна” гэж байсан. Бид маргалдаж байтал хохирогч миний нүд рүү цохисон. Тэр үед миний дотор эвгүй болоод нэг мэдэхэд талийгаач уначихсан байсан. Би тухайн үед шоконд орсон байсан.

2017 оны 3 сард талийгаачийн найзынд хамт очсон. Биднийг очиход вино задалсан. Би түүнээс амсаагүй. Харин Болортуяа виноноос уусан. Гэтэл хажууд нь сууж байсан хүн над руу ирмээд байхаар нь би “Одоо боль” гэж хэлсэн. Дараа нь намайг нойлын өрөөнд орж нүүрээ угаагаад байж байтал Болортуяа орж ирээд “Би ажлынхаа хүмүүстэй юм ууж болдоггүй юм уу” гэж хэлэхээр нь би “Айлд байгаа юм чинь ичих нүүр байх хэрэгтэй. Би чамайг ууж болохгүй гэж хэлээгүй” гэж хэлчихээд гараад явсан. Бид түүнээс болж хоорондоо маргалдсан. Болортуяа “Би ууж болдоггүй юм уу” гээд намайг алгадсан. Дахиад цохих гэхээр нь гараараа хаах гэж байгаад би шүд рүү нь цохисон. Тэр үед Болортуяа “Чи шүд рүү цохилоо” гэж хэлээд уурласан. Би Болортуяаг уурлахаар нь цаад өрөө рүү дагуулж орсон гэх мэдүүлэг,

Хохирогч И-н өгсөн: Би 2016 оны 6 дугаар сараас хойш С-ийг мэднэ. Бид байшин барьж өгөөд талийгаач, С- хоёрыг тусад нь гаргасан. Талийгаач, С- хоёр тусдаа гараад 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2017 оны 3 сард С- талийгаачийн шүд рүү цохисон байсан. Тухайн үед С-ийн ээжийг дуудаж энэ талаар хэлсэн. Түүнээс хойш С- болон талийгаач хоёрын тусдаа байсан. 2017 оны 6 сарын 10-нд талийгаач манай гэрт ирж хоноод гэртээ харьж хувцсаа солиод ажилдаа явна гээд явсан. 11-нд огт холбоо бариагүй. 12-ны өглөө талийгаачийн утас руу залгатал холбогдохгүй байсан. Дэлгүүрийн түлхүүр талийгаачид байсан ба талийгаач ажил дээрээ очоогүй байсан. Намайг машинаараа Дархан их дэлгүүр лүү явж байхад С-ийн ээж явж байсан. Би “С- хаана байна” гэж асуухад “Мэдэхгүй” гэсэн. Би утасны дугаарыг нь аваад залгахад утсаа авахгүй байсан. Би ээжээс нь “С- яагаад миний дуудлагыг авахгүй байгаа юм бэ” гэж асуухад “Мэдэхгүй, манай хүүхэд орой 18 цагаас хойш гэрээсээ гараагүй” гэж ээж нь хэлсэн. Би С-ийн ээжийн гар утсаар дамжуулж С-тэй ярьсан. Утсаар ярихад С- “Би Төв аймагт ажлаар явж байна” гэж хэлсэн. Намайг С-ээс “Хэзээ ажилд явсан юм бэ” гэж асуухад С- “Өглөө явсан” гэж хэлсэн. Гэтэл С-ийн ээж С-ийг өдөр ажилд явсан гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөлгүй орой болтол хүлээж байгаад орой 18-19 цагийн орчимд цагдаад дуудлага өгөөд Улаанбаатар хотоос эгчийгээ дуудсан. Эгч Улаанбаатар хотын авто вокзал дээр С-ийг явж байна гэж хэлсэн. Би тэр үед талийгаачийн алга болсон асуудал наад хүнтэй чинь холбоотой. С-ийг дагуулаад ир гэж хэлсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед С- манай эгчтэй хамт ирсэн. Бид тухайн үед С-ийг өөрсдөө цагдаа дээр аваачиж өгч байсан. С- юу ч болоогүй юм шиг мэдэхгүй гэж байсан. Бид талийгаачийг 11 хоног хайгаад олоогүй. Цагдаа нар ч хайгаад олоогүй. Бид аргаа бараад зөн билгийн тулааны ялагч болсон хүнийг авч ирж үзүүлж байж талийгаачийг олсон. Гомдолтой байна. Оршуулгын зардал 8.798.705 төгрөг нэхэмжилж байна. Мөн талийгаачийн том хүүхэд Төгс-Эрдэнэ 2012 онд төрсөн. Түүнийг 8 нас хүртэлх тэтгэлгийг тооцоход 9.900.000 төгрөг, бага хүүхэд Уянгалянхуа 2014 онд төрсөн 8 нас хүртэл гэж тооцоход 16.500.000 төгрөг буюу хоёр хүүхдийн тэтгэмжийн мөнгөнд 26.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нэхэмжилж буй мөнгө нь оршуулгын зардлаас тусдаа юм гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

- ... Охин маань С- гэх залуутай найзалж нөхөрлөөд 1 жил гаран болсон. Нэг гэрт ороод 3 сар болсны дараа мартаар охинтой маань муудалцаж зодоод 4 шүдийг нь цөм цохиод хамаг хувцсаа аваад явсан. Бид нар С- гэх залууг салаад явчихлаа гэж бодсон. Гэтэл цаагуураа утсаар яриад дарамтлаад байсан юм шиг байна лээ... гэх гэрч П.Цэнгэмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-89/,

- Би талийгаачийн  нагац ах нь юм. Манайх талийгаачийн гэртэй хамар хашаанд байдаг. 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим талийгаач ажилдаа явж харагдсан. 11-12-нд шилжих шөнө 04 цагийн орчим талийгаачийн гэрээс сүү авах гээд ороход гэртээ ирж хоноогүй байсан. Тер үед хүргэн ахынд очиж хоносон байна гэж бодоод тоогоогүй юм. Би үүрээр 5 цагийн үед хот руу ажлаар явсан. Өдөр 16-17 цагийн орчим дүү И- над руу яриад талийгаач олдохгүй байна та хурдан ирээч гэсэн. Би маргааш өглөө эхнэрийн хамт Дарханд ирж дүү нарынхаа хамт хайцгаагаад 6 дугаар сарын 22-ны өдөр уулын энгэрт нүхэн дотор нас барсан байхыг нь олсон...гэх гэрч П.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 90/,

 

- ... 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим дүү И- над руу яриад талийгаачийг алга болчихлоо гэж хэлсэн. Би ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад Дархан луу явах гээд Драгон дээр явж байхдаа С-тэй тааралдсан. С-ийг аваад Дарханд ирсэн. Тухайн үед С- хавар 2 тийшээ болсноос хойш талийгаачтай огт уулзаагүй гэж хэлж байсан. Ах дүү нарынхаа хамт талийгаачийг хайгаад 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг Мангиртын задгайд антентай уулын энгэрт байрлах жалганаас нас барсан байхыг нь олсон... гэх гэрч Э.Мөнхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 91/,

 

- ... С- албан ёсны эхнэр хүүхэдгүй байсан. Жолооны курст сурч байгаад талийгаачтай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Би 2016 оны 5 сараас талийгаачийг мэддэг болсон. Тэр хоёр шинэ байшин бариад хамт амьдарч эхэлсэн... гэх гэрч С.Цэндийн өгсөн мэдүүлэг /хх-94/,

 

- Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сумын 15 дугаар баг, Хабитат хорооллын ертөнцийн зүгээр хойшоо Антентай толгойн урд талд зүүнээс баруун чиглэлтэй жалгын хойд налуу хэсэгт 116х90 см харьцаатай 85 см гүнтэй ухсан нүх байх ба нүхний амсар хэсэгт том жижиг чулуу овоолсон байв. Чулууг зөөж холдуулахад ертөнцийн зүгээр хойд зүгт толгой харсан, зүүн хажуугаар хэвтсэн, 2 хөлийг өвдөгний үеэр нугалж, шагайн үеэр зөрүүлж байрлуулсан, зүүн гар шулуун тавигдсан, баруун гар тохойн үеэр нугалж хэвлийн урд хэсэгт байрлуулсан, нүүр танигдахааргүй хөөж харалсан цогцос байна гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/,

-Талийгаачийн хувцсанд үүссэн гэмтлүүдийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3726 дугаартай дүгнэлт /хх-123-127/,

-Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтууд /хх-135-141/,   

- Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй. Цогцосны хожуу үеийн өөрчлөлт буюу ялзрал нь гадаад дотоод олон хүчин зүйлээс хамаарна. Дунджаар цогцосны арьсны гадаргуу 10-12 хоногт бүрэн ногоордог бөгөөд их хэмжээний авгайлдай, хүүхэлдэй үүссэн байсан нь талийгаач тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд нас барсан байх боломжтой гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн  дугаартай 50 дүгнэлт /хх-142-143/,

- ... 2017 оны 03 дугаар сарын ихээр С- нь Болортуяаг цохиж шүдийг нь гэмтээгээд тэр шүдэндээ холболт хийлгэж эмчилгээ хийлгэсэн байсан гэх гэрч Г.Ариунтуулын өсгөн мэдүүлэг /хх-ийн 238/,

- Э.Болортуяагийн биед нэг шүдний булгарал, шүдэнд эмчилгээ хийлгэсэн байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Болортуяад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний 794 дугаартай дүгнэлт /хх-ийн 231/,

- Энхбаатарын Болортуяа нь 2017 оны 3 дугаар сарын 11-ээс 17-ны хооронд гэмтлийн гаралтай хоншоорын зүүн дээд хажуугийн үүдэн шүдний булгарал, оноштойгоор шүдэнд чиг тавих, шүдний сувгийн эмчилгээ, ломбодох зэрэг эмчилгээ хийлгэсэн байна гэх “Дархан харзтай ХХК-ийн “Харзтай” шүдний мэнэлгийн тодорхойлолт, үйлчлүүлэгчийн картын хуулбар, өвчний карт /хх-163-165/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан боловч 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ хэмжээ хөнгөрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Харин тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ хүндэрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд шүүгдэгч С-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон ба хохирогч И- нь оршуулгын зардалд 8.798.705 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 26.400.000 төгрөг нэхэмжилж, зардлын баримтууд /хх-201-234/ болон Болортуяагийн Төгс-Эрдэнэ, Тарваагийн Уянгалянхуа нарын асран хамгаалагчаар П.Цэнгэмааг тогтоосон Дархан сумын Засаг даргын захирамж, Болортуяагийн Төгс-Эрдэнэ 2012 оны 01 дүгээр сарын 13-нд төрсөн, Тарваагийн Уянгалянхуа 2014 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбарууд, Э.Болортуяагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, П.Цэнгэмаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 251000 төгрөг авдаг гэх тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг холбогдох баримтуудыг гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч И- нь оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Иймд шүүгдэгч С-ээс оршуулгын зардалд 8.798.705 төгрөг гаргуулж хохирогч И-д олгох нь зүйтэй байна.

Мөн талийгаач Э.Болортуяа нь нас барах үедээ сард дунджаар 402949 төгрөгийн цалинтай байсан, тэжээгчээ алдсаны тэтгэмж 251000 төгрөг авч байгаа болох нь тэтгэврийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Талийгаач Э.Болортуяа нь бага насны 2 хүүхдийн хамт, ам бүл 3-уулаа амьдарч байсан тул түүний сарын дундаж цалин, орлого болох 402949 төгрөгөөс 1 хүнд ногдох хэсэг болох 134316 төгрөгийг хасахад 268633 төгрөг болж байна. /402949-134316=268633/

Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч /268633-251000=17633/ шүүгдэгчээс сар бүр 17633 төгрөг гаргуулж 2014 оны 6 дугаар сарын 14-д төрсөн Т.Уянгалянхуаг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ асран хамгаалагч П.Цэнгэмаад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан С-эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, 13 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 13 жил 3 сарын /арван гурван жил гурван сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 13 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С-ийн цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар шаргал өнгийн фудволк 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хөхний даруулга 1 ширхэг, улаан өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан саарал өнгийн сандаал 1 хос, хэргийн газрын үзлэгээр дээж болгон хураан авсан хөрсний дээж, бөөрөнхий мод 1 ширхэг, чулуу 3 ширхэг, Чингис архины шил 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар шүүгдэгч С-ээс 8.798.705 төгрөг гаргуулж хохирогч И-д олгож, гэмт хор учруулсны төлбөрт шүүгдэгчээс сар бүр 17633 төгрөг гаргуулж 2014 оны 6 дугаар сарын 14-д төрсөн Т.Уянгалянхуаг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ асран хамгаалагч П.Цэнгэмаад олгосугай.

3. Шүүгдэгч С-эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 13 жилийн /арван гурван жил/ хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн   2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, 13 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 13 жил 3 сарын /арван гурван жил гурван сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-эд оногдуулсан 13 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад элүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар шаргал өнгийн фудволк 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хөхний даруулга 1 ширхэг, улаан өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан саарал өнгийн сандаал 1 хос, хэргийн газрын үзлэгээр дээж болгон хураан авсан хөрсний дээж, бөөрөнхий мод 1 ширхэг, чулуу 3 ширхэг, Чингис архины шил 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц утсгаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Б.ИХТАМИР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Я.ТУУЛ

ШҮҮГЧ            А.НАРАНТУЯА