Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/186

 

Н.Г, Г.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ц.Ц, Ж.Г нарын өмгөөлөгч Ч.Энхээ,

шүүгдэгч Н.Г , түүний өмгөөлөгч Ч.Анар,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/1290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.Анар нарын хамтарч, шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Г, Г.А нарт холбогдох 1806 02341 0911 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Н-ийн Г, 1965 оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О овгийн Г-ын А, 1998 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Н.Г нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод иргэн Ж.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Г.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Г.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Ц-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 125 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Г.А нь Н.Г-тай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Н.Г-тай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Ц-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 125 м.кв  талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч О овогт Н-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Г-ын А-ийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Г-ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.А-ийг тус тус шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг двд, 1 ширхэг шүдний рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Г, Ц.Ц нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.Анар нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Маргаантай үйл баримтыг үндэслэл болгон бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн.

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1915 дугаартай шүүгчийн захирамж /2хх 156/-д “байрны эзнийг тухайн байранд нэвтрүүлэлгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш оршин сууж, амьдарч байгаа болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. ...Уг гэмт хэргийн нөхцөл байдал нь бусдын байранд нэвтэрч дураараа авирласны дараагаар тухайн байрнаас гэмт этгээд гарч явсан байхыг шаардана” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд Н. Г, Г.А нар бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, оршин суугч этгээдийн халдашгүй, чөлөөтэй байх, хувийн орчинд, хувийн өмчтэй байх эрхэнд ямар нэгэн байдлаар халдаад гарч явсан үйлдэл хийгээгүй байдаг.

Хэрэгт авагдсан оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхэд тус тус бүртгэгдсэн хаяг, хорооны засаг даргын тодорхойлолт, орон сууц ашиглалтын төлбөр төлсөн баримт, СӨХ-ны гишүүнчлэлийн төлбөр төлсөн баримт, гэр доторх эд хогшил, өмч хөрөнгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчийн мэдүүлэг дэх болон гомдол гаргах үеийн Ж.Г, Ц.Ц нарын бүртгэлтэй хаяг (Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэг), Ц.Б-аас байрны ашиглалтын төлбөрийг Н.Г нараар төлүүлэхээр хандсан баримт, “Шуурхай зар” сонинд тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлийн хөрөнгө гэсэн ойлголтоор зарлуулж байсан сонины зар зэрэг баримтаар тухайн орон байранд байнгын оршин суугч этгээд нь өмчлөх эрхийн маргаан иргэний болон захиргааны журмаар эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд Н. Г, түүний гэр бүлийн гишүүд болох нь эрх зүйн ухамсрын хүрээнд дүгнэгдэхээр байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч, бусад этгээд заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно” гэж тодорхой заасан тул Ж.Г, Ц.Ц нарыг оршин суугч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Г.А-ийн мэдүүлэг /2хх 175/-ээр тэрээр тухайн орон байрыг өөрийн гэр бүлийнх гэсэн итгэл үнэмшил, ойлголт, сэтгэхүйтэй байсныг илтгэдэг бөгөөд энэ нь Н.Г-ын хувьд адил хамаарна /2хх 173/. Хэрэг явдал болсон цаг хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн талаарх иргэний тодорхой нэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан байхад, цаг хугацааны хувьд хожим бий болсон нөхцөл байдалд хамаарах 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01533 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1740 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь учир зүйн уялдаагүй болсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол /2хх 95/-д “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах орон сууцны зориулалттай байр нь шүүгдэгч Н.Г болон түүний гэр бүлийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байсан ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хохирогч Ц.Ц-ийн өмчлөлд шилжсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон. Дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байна. ...” гэсэн дүгнэлт нь Н.Г нараас хууль зүйн мэргэжлийн туслалцааг захиргааны салбар эрх зүйн хүрээнд авч чадаагүйн улмаас дээр дурдсан өмчлөх эрхийн бүртгэлийг үгүйсгэх баримт, ажиллагааг бүрдүүлж эхлээгүй байсантай холбоотой. Одоо тухайн асуудлаар өмчлөх эрхийн бүртгэл хууль бусаар шилжсэн агуулгатай  нэхэмжлэл хянагдаж байна.

Дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн баримтын төрөлд хамаарах баримт бол Ц.Ц-ийг хариуцагчаар татсан иргэний маргаанд Н.Г нь хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаж чадаагүй, эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн болох нь өмгөөлөгч Т.Цэен-Ойдовт тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаас мэргэжлийн хариуцлагын шийтгэл оногдуулсан.

Бусдын өмчлөлийн орон байранд нэвтрэн орох гэмт хэргийн урьдчилсан нөхцөл нь тухайн орон байр бусдын өмчлөлийн хөрөнгө гэдэг нь гэмт этгээдийн хувьд маргаангүй байх явдлаас эхлэх бөгөөд өмчлөлийн маргаантай эд хөрөнгийг хууль бусаар эзэмдэн авсан эсхүл нэвтэрч орсон, хууль бусаар эзэмшсэнтэй холбоотой маргаантай асуудал нь зохих эрх бүхий байгууллага, харьяалах шүүхийн байгууллагад хянагдаж байгаа, одоог болтол маргаантай байгаа үед бусдын хөрөнгөд нэвтрэн орсон гэж дүгнэх боломжгүй. Ийм дүгнэлтийг эрүүгийн хэргийн шүүхээс маргаантай асуудлыг шийдвэрлэгдэхээс өмнө өгөх нь оновчгүй, бодит байдалд нийцэхгүй бөгөөд хэрэв захиргааны эсхүл иргэний шүүхээр тухайн маргаантай асуудлыг шийдвэрлээд Н.Г-ын өмчлөх эрхийн улсын бүртгэл сэргээгдэх тохиолдолд Ж.Г нь өөрөө бусдын орон байранд хууль бусаар цоожны гол сольж нэвтрэн орсон гэмт үйлдлийг хийсэн болж ойлгогдохоор эргэлзээтэй байдлууд бий болохоор байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, уг эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлыг хялбаршуулсан, ерөнхий байдлаар дүгнэх боломжгүй бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шударгаар олж авсан” эсэх асуудал нь маргаантай, өмчлөлийг олж авсан бүртгэлийн хууль ёсны байдал хянагдсаар байгаа, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай харьяалах иргэний хэргийн шүүхийн маргаан одоо үргэлжлэн явагдаж байгаа цагт өмчлөгчийн хууль ёсны итгэл зөвхөн бүртгэлд үндэслэсэн байдлаар тодорхойлогдож, хамгаалагдахгүй, өмчлөгчийн орон байрны халдашгүй байдлын асуудлаар эрүүгийн хэргийн шүүх урьдчилсан дүгнэлт өгөхөд тохиромжгүй нөхцөл байдалтай байгаа нь гэм буруугийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байдлыг бий болгохоор байна.

2. Эргэлзээтэй, зөрүүтэй баримтуудаар хөнгөн хохирол санаатай учруулсанд тооцсон.

3496 дугаартай шинжээчийн дүгнэлтээр доргилт, цус хуралт, зулгаралт нь хэзээ үүссэн болохыг дүгнээгүй, тусгай мэдлэг ашиглан цаг хугацааг нь тогтоож чадаагүй, шинэ, шинэвтэр, хуучин, хуучивтар гэмтлийн аль болохыг цаг хугацаагаар баримжаалан тодорхойлж чадаагүй /1хх 40/. Дахин шинжилгээ хийлгэхэд мөрдөгч саналаа “шинэ нөхцөл байдал бий болсон” гэж томъёолсон /1хх 90/ нь тухайн цаг хугацааны дараа Н.Г-ын үйлдлээс өөр бусад хүчин зүйлийн улмаас шинээр гэмтэл авсан байх тохиолдолд түүнийг хамтатган шинжлүүлэх бололцоотой байдлаар хохирогч талд илт давуу байдал олгож, Шүүхийн шинжилгээний тухай хууль тогтоомжийн зохицуулалттай зөрчилтэй байдлаар дахин шинжилгээ хийлгэхээр хандсан. Прокурор М.Цэнд-Аюуш дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол гаргахдаа шинжээч бүрэлдэхүүнд хэрэг явдал болсон цаг хугацааг даруй хуанлийн 26 хоногоор хойшлуулж, “2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Н.Г-ын үйлдэлтэй холбоотой байж болох эсэх” гэсэн байдлаар томъёолж асуултыг хүргүүлсэн /1хх 91/. Уг асуултад шинжээчид тогтоол, эрх, үүргийг танилцуулж хууль сануулсан /1хх 129/.

Бүрэлдэхүүнтэй шинжээч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 568 дугаартай дүгнэлт гаргахдаа анхны шинжээчийн дүгнэлтэд хугацаа тогтоож, тодорхойлж чадаагүйг үндэслэлтэй гэж дүгнэж, цаг хугацааны асуудлаар тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг улам лавшруулсан, хэрэг явдал болсноос хойш хөдөлмөрийн чадварыг түр сарниулах гэмтлийн түр хугацаа үргэлжилж өнгөрсөн 2 сарын дараа нөхцөл байдлыг сэргээн дүрслэх замаар хийгдсэн, дахин шинжилгээ эсхүл нэмэлт шинжилгээ эсэх нь тодорхой бус дүгнэлт болсон.

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н.Г-тай холбоотой ямар нэгэн хэрэг учрал болоогүй байхад цаг хугацааг өөрчилж тогтоох замаар дахин шинжилгээг хийлгэсэн нь хууль бус ажиллагаа бөгөөд хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлж гэм бурууг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай зөрчилдөнө.

3. Хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

- Хохирогчийг газар хэвтүүлж, үстэж байгаад бүлэглэн зодсон гэх Г гэх хүнийг энэ хэрэгт яагаад огт асуугаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа урьдчилан бичигдсэн зохиомж, зохиолоор явагдсаны гол илрэл. Учир нь бодит байдал дээр зодох үйлдэл хийгээгүйг хохирогчоос бусад бүх гэрч мэдүүлсэн.

- Цагдаагийн албан хаагч орж ирэх үед Г, Г нарт зодуулсан хохирогчийн нүүр амнаас шалаар дүүрэн цус асгарсан байсныг бусад бүх гэрч, цагдаагийн алба хаагч хараагүй нөхцөл байдал үүссэн эсэх нь эргэлзээтэй.

- Н.Г, Н.У, М.А, М.А, Б.Ө, Г.А, Н.Д нарын нийт 7 хүний гэрчийн мэдүүлэгт бүгдэд зодолдсон, зодсон гэх үйл явдал болоогүйг мэдүүлсэн. Зөвхөн Ж.Г-ын мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээс хууль зүйн хувьд илүү ач холбогдолтой, илүү үнэн зөв, илүү хүчин чадалтай гэж үнэлэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна.

- Ж.Г “Г гэгч миний үснээс зулгааж байхад Н.Г миний нүүрэн тус газар 2, 3 удаа цохисон” гэж мэдүүлсэн /1хх 199/ нь тогтоогдож шалгагдаагүй. Мөн “Н.Г-ын хүү нь гэх үл таних эрэгтэй хүн манай гэрийн цонхыг хагалж орж ирээд гэрийн хаалга дотроос нь онгойлгоод, Н.Г болон эхнэр, хүү, ах, дүү, хүүхэд гэх нийт 7 хүн гаднаас орж ирсэн” гэж мэдүүлсэн нь урьд “Н.Г өөрөө орж ирсэн” /1хх 199/ гэх мэдүүлэгтэй нь зөрнө. Мөн “Тэд зарим нь согтуу байсан” /1хх 3/ гэсэн боловч цагдаагийн байгууллага дээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад согтуурлын ямар нэгэн зэрэг, хэмжээ огт илрээгүй.

Ж.Г 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгтээ: “Манай эхнэр Б-аас Н.Г гэх хүн нь мөнгө зээлсэн. Одоо болтол өгөхгүй байгаа. Энэ асуудлаас болж манайх руу дайрч орсон байх” /1хх 7/ гэж мэдүүлсэн байтал, гэрч Ц.Ц нь “Анх Н.Г-д, Ц.Б та хоёр мөнгө зээлдүүлэхээр тохиролцон зээлдүүлсэн юм уу?” гэх асуултад “Үгүй, тийм зүйл байхгүй" /1хх 11/, “Н. Г-тай гэрээ хийснээрээ би 90.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Ц.Б ямар ч хамааралгүй” /1хх 13/ гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн.

Гэрч Ц.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгтээ, “Н.Г манай дүү Ц.И-оос намайг байр худалдан авах гэж байгаа гэдгийг мэдээд манай дүүгээс миний утасны дугаарыг аваад над руу залгаад “Таныг байр сонирхож байгаа гэж сонссон. Надад яаралтай бэлэн мөнгөний хэрэг байна. Манай байрыг сонирхох уу” гэж асуухаар нь би тэр байрыг нь очиж үзсэн” /1хх 11/ гэж мэдүүлсэн байтал, тухайн цаг хугацааны утсаар ярьсан орох-гарах дуудлагын жагсаалтаас харахад Н.Г нь Ц.Ц-тай утсаар огт ярьж байгаагүй байдаг. Түүний мэдүүлснээр 9980хххх, 9822хххх дугаараас өөр дугаар байхгүй. Энэ нь Ц.Ц нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мэт ойлголтыг бий болгож, өмчлөх эрхийг хууль бус аргаар олж авсан нөхцөл байдлаа өнгөлөн далдлах үүднээс бодит байдлыг илтэд гуйвуулж худал мэдүүлснийг харуулдаг.

Ц.Ц нь өмгөөлөгчийн хамтаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал хийхдээ, мөн гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгээсээ зөрүүтэй, иргэний хэргийн шүүхэд өгсөн тайлбаруудаасаа зөрүүтэй зүйл ярьдаг. “Н.Г намайг орон байранд цонх болон тагтны шил хагалж орж ирсэн” гэж мэдүүлсэн нь мөн худал мэдүүлэг бөгөөд хэргийн газрын байдлын талаарх цагдаагийн ажилтны мэдээлэл, бусад гэрчүүдийн мэдүүлгээр Ц.Ц худал мэдүүлсэн болох нь илэрдэг. “Н.Г-ын төрсөн ах Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бөгөөд хэрэг шалгахад нөлөөлдөг” гэж иргэний хэргийн шүүхэд мэдүүлсэн нь мөн худал.

Ц.И нь “Н.Г, Ц.Б-г танихгүй, урьд өмнө уулзах боломжгүй, гадаадад байсан” /1хх 108/ гэж мэдүүлдэг боловч Ц.Б-тай уулзаж байсан, Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тухай лавлагаа, дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэг /2хх 166/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс худал мэдүүлсэн нь нотлогдсон.

Ц.Ц нь тухайн байрыг 90 сая төгрөгөөр авахаар мөнгөн хуримтлалыг О.Г-ын дансанд хавар, намар байршуулсан эсхүл ах дүү нараас цуглуулсан гэж илтэд зөрүүтэй, зохиомол мэдүүлгийг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Ц.Ц нь дээрх асуудлаар хариулахаас татгалзсан, зайлсхийсэн бөгөөд өмнө мэдүүлсэн үйл баримтаа огт санахгүй болж хувирсан нь хуралдааны тэмдэглэлээс уншигддаг.

- Ц.Ц-тай байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд орон сууцыг шалгаж хүлээлгэн өгсөн гэж бичигдсэн боловч тухайн үед хүлээлгэн өгөөгүй болохыг Ц.Ц өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тухайн гэрээнд мөн “төлбөрийг бэлэн мөнгөөр болон бэлэн бусаар хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэгээ нь бодит бус болохыг Ц.Ц мөн зөвшөөрсөн.

Хожим Ц.Б нь өндөр настай эхээ цагаан сарын ёслол үйлдүүлэх шалтгаанаар түр ашиглуулсныг хүлээлгэн өгсөн үйл баримт хэмээн шүүхээс дүгнэсэн нь ноцтой зөрүүтэй дүгнэлт болсон.

Ц.Ц-аас О.Г-аар дамжуулан Н.Г надад тухайн өдөр шинээр нээлгэсэн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн дансанд “Зээл” утгаар шилжүүлсэн 90.000.000 төгрөгөөс Н.Г би өөрөө, өөрийн хүү Г.А, төрсөн дүү Н.Б, төрсөн дүү Н.Я-ийн хүүхэд Э.А-аар дамжуулан дараах төлөлтүүдийг хийсэн нь анх тухайн зээлийг өгч буй хүн гэх Ц.Б Монгол Улсын хилээр ээжийнх нь биеийн байдал муудсан шалтгаанаар орж ирэх үетэй шууд тохирсоор байтал, Ц.Ц нь үүнийг Ц.И дүүтэй Н.Г миний хийсэн чиргүүл худалдан авсан хариу төлбөр мэтээр илт худал тайлбарлаж, бодит үнэнийг гуйвуулсаар байгааг олж харахгүй, нягтлан дүгнэхгүйгээр буруу тайлбарлаж, Н.Г намайг илтэд хохироосоор байгаа юм.

  • 2016 оны 11 дүгээр сарын 29-нд Н.Г-аас Ц.И-ийн дансанд 7.750.000 төгрөг
  • 2017 оны 02 дугаар сарын 08-нд Н.Г-аас Ц. И-ийн дансанд 2.000.000 төгрөг
  • 2017 оны 02 дугаар сарын 25-нд Э.А-аас “Г” гүйлгээний утгаар Ц. И-ийн дансанд 1.000.000 төгрөг
  • 2017 оны 3 дугаар сарын 09-нд Н.Б-ээс “Г-аас” гүйлгээний утгаар Ц. И-ийн дансанд 2.000.000 төгрөг
  • 2017 оны 3 дугаар сарын 16-нд Н.Б-ээс “Г-аас” гүйлгээний утгаар Ц. И-ийн дансанд 1.500.000 төгрөг
  • 2017 оны 3 дугаар сарын 17-нд Н.Бямбасүрэнгээс “Г-аас” гүйлгээний утгаар Ц. И-ийн дансанд 500.000 төгрөг /Ц.Б Монгол Улсад 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 2017 оны 3 дугаар сарын 21 хүртэл байсан цаг хугацаатай тохирдог
  • 2017 оны 4 дүгээр сарын 26-нд Н.Г-аас Ц.И-д бэлнээр 500.000 төгрөг
  • 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Э.А-аас “Г” гүйлгээний утгаар Ц. И-ийн дансанд 5.500.000 төгрөг
  • 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.Аээс Ц. И-ийн дансанд 8.000.000 төгрөг /Ц.Б Монгол Улсад 2017 оны 5 дугаар сарын 28-аас 2017 оны 6 дугаар сарын 08-ныг хүртэл байсан цаг хугацаатай тохирдог/ нийт 28.750.000 төгрөг шилжсэн.

Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг үгүйсгээд зогсохгүй Ц.И, Ц.Ц нар нь Н.Г Ц.Б-г огт танихгүй, урьд өмнө уулзах боломжгүй, гадаадад байсан мэтээр тайлбарлаж мэдүүлдэг. Бодит байдлын хувьд Н.Г би Ц.Б-тай уулзаж байсан нь Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тухай лавлагаа болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс нотлогддог.

Түүнээс гадна, Ц.Ц нь зээлийн харилцааг худалдах, худалдан авах тохиролцоо мэтээр ойлгуулах зорилгоор улайран зүтгэж, худал ярьсаар байгаа нь түүний өөрийн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрсөөр байгаагаас хялбар харагддаг. Тухайлбал, Ц.Ц байрыг 90 сая төгрөгөөр авахаар мөнгөн хуримтлалыг О.Г-ын дансанд нэг бол “хавар байршуулсан”, нэг бол “намар байршуулсан” гэж мэдүүлээд, эсхүл зарим үед “Мөнгө хүрэхгүй, ах дүү нараас цуглуулсан” гэж мэдүүлдэг. Мөн тухайн 90 сая төгрөгийг О.Г-ын дансанд “Н.Г-д дамжуулж хийгээрэй” гэж дансаар буюу бэлэн бусаар шилжүүлэн өгсөн гэж мэдүүлэх атлаа, хожим нь шүүх хуралдааны үед тухайн мөнгийг О.Г-т “бэлэн мөнгөөр” аваачиж өгсөн гэж мэдүүлсэн.

Энэхүү 1806 02341 0911 дугаартай эрүүгийн хэрэгтэй зэрэгцэн дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байна.

  • 7242 дугаар гомдол шийдвэрлэлтийн хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газарт хянагдаж байгаа. Ц.Ц нь эрүүгийн 1806 002341 0911 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг гэж заасныг зөрчиж, түүнчлэн гэрчээр асуугдахдаа хууль сануулсны дараа худал мэдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлаар Н.Г-ын гаргасан гомдлыг прокурорын байгууллага хянаад, тухайн эрүүгийн 1806 002341 0911 дугаартай хэрэг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед урьдчилж шалгах ажиллагааг давхардуулан явуулах боломжгүй талаар хариуг өгөөд байгаа бөгөөд тухайн асуудлаар ирүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудаст зохих журмын дагуу дээд шатны прокурорт хандан гомдол гаргасан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
  • Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Н.Г-д холбогдох хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнхжаргал хянан шийдвэрлэж байна. Энэхүү маргаан нь агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6, 17.2 дугаар зүйлд тус тус заасан гэмт хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирсон гэж үзэж буй хохирогч талуудын гомдолтой ижил үйл баримтыг хянаж байгаа бөгөөд Ц.Ц нарын шүүхэд хандан эрхээ хамгаалуулах бололцоо ямар нэгэн байдлаар хязгаарлагдаагүй хэрэгжиж буйг илтгэдэг.
  • Н.Г-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох, гуравдагч этгээд Ц.Ц оролцож буй захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна.
  • Нотариатч Ж.Д-д холбогдох 101/НЭ2021/07697 дугаартай нэхэмжлэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж эхэлж байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Н.Г, Г.А нарыг прокурорын гаргасан яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байх бөгөөд уг хэрэгт Ж.Г-ыг цохиж, зодсон гэх Г гэж хүнийг огт шалгаагүй, Ц.Б гэж хүнээс мэдүүлэг авах ажиллагаа огт явуулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, харилцан зөрүүтэй олон тооны мэдүүлэг авагдсан, маргаантай үйл баримтаар захиргаа, иргэн, эрүүгийн, хуульчийн мэргэжлийн хариуцлагын бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа зэргийг тооцон үзвэл, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, бодит байдлаас зөрүүтэй байдлаар гэм буруутайд тооцох дүгнэлт өгөгдсөн нь учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болсон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ц.Ц-аас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд асуухад шүүгдэгч Г.А-д тус орон сууцны түлхүүрийг хохирогч өөрөө өгсөн, хэсэг хугацаанд шүүгдэгч Г.А-тэй одоо хэлэлцэгдэж буй тус орон сууцанд хамт амьдарч байсан талаар мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэсэг хугацаанд хамт амьдарч байсан талаарх баримтыг анхааралгүй шийдвэрлэсэн. Дээрх үйлдэл нь шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийг үгүйсгэх, гэмт хэргийн шинжгүй болохыг нотолсон баримт юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон байр нь өмчлөлийн хувьд шүүгдэгч Г.А-ийн аав Н.Г болон хохирогч Ц.Ц нарын хооронд маргаантай байгаа орон сууц юм. Тус орон сууцны өмчлөлийн талаарх маргаан өнөөдрийг хүртэл иргэний болон захиргааны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шүүгдэгч Г.А-ийг гэм буруутайд тооцсон. Г.А-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ дээр дурдсан ач холбогдолтой хоёр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, шүүхийн шийтгэх тогтоолд үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ дурдалгүй шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шийтгэх тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх шалтгаан нөхцөл болсон ба Г.А-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.А-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Г, Г.А нарыг прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байх бөгөөд уг хэрэгт Ж.Г-ыг цохиж, зодсон гэх Гүнсээ гэх хүнийг огт шалгаагүй, Ц.Б гэж хүнээс мэдүүлэг авах ажиллагаа огт явуулаагүй. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, харилцан зөрүүтэй олон тооны мэдүүлэг авагдсан, маргаантай үйл баримтаар захиргаа, иргэн, эрүү, хуульчийн мэргэжлийн хариуцлагын бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа зэргийг тооцон үзвэл хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, бодит байдлаас зөрүүтэй байдлаар гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Очбадралаас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би тухайн үед аавдаа санаа зовоод араас нь орсон гэж эхний мэдүүлэгтээ мэдүүлсэн. Гэхдээ удаа дараагийн шүүх хуралдаанд би “Хаалгаар орсон” гэж үнэнээ хэлсэн. Хохирогч Ж.Г “Н.Г цонхоор орж ирсэн. Хүү нь хаалгаар орж ирсэн” гэж мэдүүлдэг. ...” гэв.

Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдоогүй. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр аав, хүү хоёрыг хоёуланг нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүхэлдээ буруу болсон. Нэгэнт нотолж чадаагүй бол гэм буруутайд тооцохгүй байх зарчмын хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан. ...Хохирогч Ц.Ц орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ хүний зөвшөөрөлгүй орон байранд хууль бусаар аав, хүү хоёрыг нэвтэрсэн гэж буруутгадаг. Ц.Ц яагаад 4-5 удаа болсон хэргийн талаар өөр өөрөөр шүүхэд мэдүүлээд байна вэ. Шүүх хуралдааны тэмдэглэлд мэдүүлгүүд нь тусгагдсан байгаа. Нэг бол цонхоор орж ирсэн, эсхүл Н.Г, Г.А хоёр хоёулаа хаалгаар орж ирсэн гэдэг. Сүүлдээ юу болсныг санахгүй байна гэдэг. Хохирогч мэдэж буй зүйлээ хэлэхээс татгалзах эрх байхгүй. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байна гэдэг дүгнэлт хэрэгт байхгүй. Хэрвээ мэдүүлгийг нь няцаан үгүйсгэж байгаа бол хохирогч худал мэдүүлэхгүй байх гэсэн хуулийн заалттай хэрхэн уялдаж байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Нотолж чадаагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Г.А нь насанд хүрээгүй байсан. Одоо насанд хүрсэн. Одоо л юунд холбогдсон болохоо ойлгож байна. Хүүгийн амьдралыг харлуулж гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргах үндэслэлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ц.Ц гэх хүний дүү Ц.Б-аас 90 сая төгрөгийн зээл авсан. Би байраа зээлийн барьцаанд тавьсан гэж ойлгосон. Би 90 сая төгрөгийг жилийн хугацаатай аваад 6 сарын дотор 28 сая төгрөг төлсөн. Ингээд би “Миний байрыг банкинд тавь” гээд очиход Ц.Ц-ийн нэр дээр байрыг шилжүүлсэн болохоо нуусан. 2018 он хүртэл нуусан байсан. Ц.Б-тай уулзахад “Та байраа зарчих” гэсэн. Би тэгэхээр нь сонинд зар өгсөн. Хадамтайгаа золгох гээд Хэнтий аймаг руу явчихаад ирэхэд намайг гэрт оруулаагүй. Би ганц хүүтэй. Хүү минь ийм байдалд орсон. Хүүг минь яллуулж байраар наймаалцах гэдэг. Би 90 сая төгрөг зээлсэн болохоо нотолсон. Намайг 28 сая төгрөг өгснөө нотолж чадахгүй байна гэдэг. 2016 онд байрыг 257 сая төгрөгөөр үнэлсэн. Ж.Г “Миний ар нуруу руу сандлаар цохисон” гэж мэдүүлчихээд “Миний хавирга гэмтсэн” гэдэг. Ц.Ц нь өмгөөлөгчтэйгөө хамт хэвлэлийн хурал хийсэн. Хавирга хугалсан, шүдийг гэмтээсэн гэж ярьсан. Олон нийтийн телевизээр ингэж ярьснаас болж шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Ц.Ц, Ж.Г нарын өмгөөлөгч Ч.Энхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээн дээр Н.Г-ын өөрийнх нь гарын үсэг байдаг. Энэ талаар огт маргаж байгаагүй. Ц.Ц-ийн эзэмшлийн байр болохыг иргэний шүүх эцэслэн тогтоосон. Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байхад миний гарын үсэг хуурамч гэх зүйл яриагүй. Тэр үедээ согтуу байсан гэдэг боловч тэр нь нотлогдоогүй. Тухайн үед эхнэр нь нотариат дээр хамт очиж, гадаа машинд үлдээд Н.Г-ыг оруулсан гэдэг. Би шүүхийн хэлэлцүүлэгт эхнэрээс нь “Нөхөр чинь тийм ухаангүй, согтуу байсан юм бол та яагаад нотариат руу ганцааранг нь оруулсан юм бэ” гэж асуухад юм хэлж чадаагүй. Тэгэхээр Н.Г эрүүл байсан болж таардаг. Гэрт хэдэн хүн хаагуур орсон бэ гэдэг асуудал дээр маргадаг. Г.А мэдүүлэхдээ “Аав цонхоор орчихоор нь би хүнтэй зодоон хийчих байх гэж айгаад араас нь цонхоор орсон” гэсэн байдаг. Мөн Н.Г мэдүүлэгтээ “Би гэрт ороод хаалга тайлаад Н.У, М.А, Г, З.Т нарыг оруулсан” гэсэн байдаг. Энэ мэдүүлэг дотор хүү Г.А хаалгаар орсон гэх үг байхгүй.. Хаалгаар орж ирсэн бусад хүмүүсийг яагаад хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Н.Г хаалгыг нээсэн гэдгээ зөвшөөрдөг. Байрны эзэмшигч Ж.Г хаалгыг тайлаагүй. Өөрөөр хэлбэл, Н.Г-ын нээсэн хаалгаар орж ирсэн Н.У, М.А, Г, З.Т нар мөн л бусдын эзэмшлийн байранд зөвшөөрөлгүй орсон хүмүүс гэж харагддаг. Энэ хэрэг бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн асуудал биш. Дээрмийн гэмт хэрэг. Өнөөдрийг хүртэл Н.Г байранд амьдарч байна. Анх байранд нэвтэрч орохдоо Ц.Ц-ийн өмчлөлийн байрыг өөрийн эзэмшилдээ авна гэсэн зорилготой байсан. Үүнийг дээрмийн гэмт хэргээр л зүйлчилнэ. Харин бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрнэ гэдэг нь хаалгаа тайлахгүй байхад нь зөвшөөрөлгүй ороод агсам тавиад ч юм уу гарахыг ойлгоно. Анхнаасаа байрыг авах зорилготойгоор байранд нэвтэрч орсон бол дээрмийн гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой. Өнөөдрийг хүртэл Ц.Ц өөрийнхөө байранд орж чадахгүй байна. 90 сая төгрөгөөр байрыг худалдаж авч, Н.Г-ын данс руу шилжүүлсэн тухай бүх баримтууд нь хавтас хэрэгт байдаг боловч Н.Г зөвхөн “Байраа авна” гэж ярихаас биш 90 сая төгрөгийг яаж өгөх тухай асуудлыг яриагүй. 28 сая төгрөгийг өгсөн гэж ярьдаг. Үүнтэй холбоотой Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж Ц.И гэх хүний дансанд 28 сая төгрөгийг хийсэн гэж нэхэмжилдэг. Ингээд шүүхээс “28 сая төгрөг нь Ц.Ц гэх хүнд шилжүүлсэн мөнгө биш байна. Ц.И, Н.Г хоёрын хоорондох төлбөрийн асуудал байна” гэж тогтоосон байдаг. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах орон сууц нь шүүгдэгч Н.Г болон түүний гэр бүлийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хохирогч Ц.Ц-ийн өмчлөлд шилжсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-220ххххххх дугаартай гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй. Харин уг гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар тухайн байрны хууль ёсны өмчлөгчийн асуудлаар талууд маргаж, иргэний хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргасан байдаг. Гэхдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр Ц.Ц-ийн өмчлөлийн байр гэдгийг тогтоосон. Иймд тухайн байрыг хохирогч Ц.Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч үйлдэл нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч байгаа үйлдэлд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Ж.Г-ын биед хөнгөн гэмтэл учруулсан асуудал дээр шинжээчийн 568 дугаартай дүгнэлт гарсан. Н.Г, Ц.Ц гэх хоёр хүн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг байрыг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлж, мөнгө нь Н.Г-ын данс руу шилжсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед байрны гэрчилгээ хохирогч Ц.Ц-ийн нэр дээр гарсан байсан. Энэ утгаараа Н.Г, Г.А нарыг бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзсэн. Бусдын өмчлөл, эзэмшилд байгаа байранд хууль бусаар нэвтэрч орсноор гэмт хэрэг төгссөн. Хохирогч Ж.Г тухайн үед хаалгаа онгойлгоогүй, Н.Г цонхоор орж ирээд Ж.Г-ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Г, Г.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч нар,  тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокуророос Н.Г, Г.А нарыг “бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, тус орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Н.Г-ыг Ж.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогч Ж.Г-ын: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дугаар байрны ... тоотод ах Ц.Ц-ийн гэрт зээ хүүгийн хамт унтаж байхад хаалга чанга нүдэхээр нь 102-т дуудлага өгсөн. Тэгээд хаалгаа тайлж өгөөгүй. Гэтэл тагтаар нэг залуу дамжин орж ирээд хаалга тайлахад 7-8 хүн байсан. ...Тэгээд намайг цохихоор нь би хэвтэж байсан хүүхдээ дээрээс нь тэврээд хэвттэл намайг дээрээс сандал, хуванцар сав зэргээр цохисон. Миний нуруу руу Н.Г гэх хүн цохисон. ...” /1хх 6/,

хохирогч Ц.Ц-ийн: “...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод 125 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдан авсан. Учир нь Н.Г манай дүү Ц.И-оос намайг байр худалдаж авах гэж байгааг мэдээд миний утасны дугаарыг авч залгаад “Таныг байр сонирхож байгаа гэж сонссон. Надад яаралтай бэлэн мөнгө хэрэгтэй байна. Манай байрыг сонирхох уу” гэхээр нь би байрыг очиж үзэхэд бололцооны байр байсан учир 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.Г-ын Голомт банкны данс руу дүүгийн хүү О.Г-ыг шилжүүлчих гэсэн. Тухайн үед мөнгө шилжүүлэхээс 1 хоногийн өмнө “Да хүрээ” захын нотариат дээр уулзаж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг 90 сая төгрөгөөр биш 40 сая төгрөгөөр хийлгэсэн. Учир нь Н.Г тухайн үед “Татвар бага төлөх юм” гэж хэлээд нотариатчаас гуйж байгаад хийлгэсэн. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотын ордер миний нэр дээр шилжсэн тохиолдолд би мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Маргааш нь уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Тухайн үедээ би Н.Г-д “Байраа суллаж өг. Би охиноо байлгах гэж байна” гэж хэлсэн чинь Н.Г “Одоохондоо бидэнд очих газар байхгүй” гэхээр нь би “Тэгвэл байрны тог, хог, интернетийн хөлсөө төлөөд амьдрах газраа олтол түр амьдарч бай. Би орох цагтаа та нарт хэлээд суллуулж авъя” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2018 оны 01 дүгээр сард Н.Г надруу залгаад “Би байраа арай хямд зарсан байна. Мөнгийг чинь буцааж өгөөд байраа авъя” гэж хэлэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ. Жил гаруйн өмнө наймаа хийчихээд одоо буцаана гэж юу байдаг юм бэ. Би одоо байр хайна гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд Н.Г-ыг нэг л биш хүн байна гэж бодоод “Бид одоо байрандаа орох гэж байна. Байраа суллаж өг" гэж шаардлага тавьсан чинь Н.Г байраа суллаж өгсөн. Гэхдээ “Одоо тавилга авах боломжгүй байна. Ойр зуурын хэрэглэх зүйлсээ авъя” гэж хэлээд байраа суллаад явсан. Тухайн үед манай хүргэн дүү Ж.Г Дархан-Уул аймгаас ажилтай орж ирсэн байсан учир түр манай байрыг хараад байж бай гэж хэлээд байлгаж байсан чинь 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 20-21 цаг болж байхад Ж.Г над руу утасдаад “Н.Г нь эхнэр, хүүхэдтэйгээ нийлээд ирчихээд “Миний байр. Байр суллаж өг” гэж дайрч орж ирээд, намайг цохиж, нүдээд байхаар нь би цагдаа дуудсан. Одоо цагдаагийн 2 дугаар хэлтэс орно гээд байна. Та яаралтай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад Баянзүрхийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би байрны гэрчилгээ болон иргэний үнэмлэхтэйгээ ирсэн. ...” /1хх 10-13/,

гэрч Н.У-ийн: “...Миний нөхөр Н.Г нь 2016 онд наймаа хийх зорилгоор Ц.И гэх хүнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 125 м.кв байраа барьцаалан 40.000.000 төгрөг зээлсэн юм. Уг байрыг 2007 онд Сайнхүү гэдэг хүнээс худалдан аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тэгтэл 2018 оны 02 дугаар сард Ц.И, Ж.Г гэгч хүмүүс манай гэрт биднийг байрнаас хөөж гаргаад, манай байранд орсон. Учир нь тэр хүмүүс манай нөхрийг зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа учир манай байранд орсон гэж бодож байна. Энэ өдрөөс хойш бид 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ах, дүү нарын гэрээр хоноод бараг траншейнд орох нь холгүй байсан. Бид 2018 оны 02 сарын 14-ний өдөр гэртээ очсон чинь Ж.Г гэгч бидний урдаас салаавч гаргаад ална гээд хөөж гаргасан. 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой гэртээ ирээд бид гэрийн хаалга тогшиход дотор нь “Н.Г-ынхан байна” гээд утсаар яриад байхаар нь “Н.Г байна. Үүдээ” гэж хэлтэл хаалга тайлахгүй болохоор нь манай нөхөр Н.Г “Хаалга тайлаач. Бид нар байна” гэж хэлтэл тайлахгүй байсан. Манай нөхөр гадна тагтаар дамжаад тагтны хуучин хагархай хэсгээр ороод гэрийн үүдээ тайлахад манай хүү Г.А, хадам дүү А, З.Т, М.А нарын хамт ороход Ж.Г гэгч жаахан хүүхэдтэй, тэр хүүхэд буйдан дээр унтаж байхад Ж.Г “Би цагдаа дуудсан” гэж хэлээд хэл, амаар доромжилж, дайраад Н.Г-тай барьцалдсан зогсож байхад нь хадам Н.Д гаднаас орж ирээд салгасан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд Н.Г, Ж.Г нарыг дагуулаад гарсан. ...” /1хх 22-23/,

гэрч М.А-ын: “...2018 оны 3 дугаар сарын 09-нд 17-18 цагийн үед Н.Г ах миний утас руу залгаад “Манай гэрт хүрээд ир. Юм зөөлцөөд өгөөч” гэж хэлэхээр нь би 20-30 минутын дотор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэрт нь ороход Н.Г ах, түүний эхнэр Н.У, хүү Г.А, эгч М.А болон үл таних 30-40 орчим насны эрэгтэй хүн, 1 настай гэмээр хүүхэд хажуудаа суулгасан, Г ахыг гэрээс нь хөөгөөд “Чи гар. Энэ миний байр” гэж хэлэхээр нь Н.Г ах “Хуулийн дагуу энэ чинь миний байр” гээд чанга, чанга ярилцаад зогсож байхаар нь би гэрт ороод цагаан болон саарал өнгийн 3 ширхэг орны бүтээлгэнд боосон зүйлсийг эгч М.А-тай хамт жижиг өрөөнөөс коридор хэсэгт гэр дотор зөөж байтал цагдаа нар ирээд үл таних хүүхэдтэй эрэгтэйг манай ах Н.Г-тай хамт аваад явсан. ...” /1хх 28/,

гэрч Н.Д-ийн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний 20 цагийн үед дүүгийн хүүтэй утсаар ярьсан чинь “Н.Г ахынд Н.Г ахынхантай хамт ирсэн чинь гэрт нь байгаа хүмүүс биднийг оруулахгүй байна” гэхээр нь би 10-20 минутын дараа очтол Н.Г, эхнэр Н.У, хүү Г.А, дүүгийн хүү М.А, М.А, манай Г нар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод байх Н.Г-ын гэрт нь ороход хаалга нь нээлттэй Н.Г Ж.Г гэгчтэй “Та нар хүний гэрт дайрч ороод, гэрээс хөөж гаргачихаад хаалга тайлахгүй, гэрийн цоожны гол сольсон байна” гээд хэрэлдээд том өрөөнд зогсож байхаар нь би Н.Г-д “Чи хүнтэй хэрэлдэж байхаар цоожны голоо соль” гэж хэлэхэд Н.Г гадна хаалганы цоожны голоо сольж байх хооронд цагдаа ирээд Н.Г, Ж.Г хоёрыг аваад явсан. ...” /1хх 31/,

шүүгдэгч Н.Г-ын: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ орох гэтэл Ж.Г гэгч ороод хаалганы гол сольсон хаалга цоожтой, тогшсон боловч тайлахгүй, гэр дотор “Н.Г-ынхан байна. Манайхан бол утсаар ярьж байгаад орж ирдэг” гэсэн яриа сонсогдоод оруулахгүй байхаар нь “Би Н.Г байна. Гэртээ ормоор байна. Хаалга тайл” гэхэд хаалга тайлахгүй байхаар нь тагтаар орсон. Учир нь би уржнан жил тагтны шилийг хагалсан байсан учир тэрүүгээр ороод хаалга нээх гэтэл манай хүү миний араас цонхоор орж ирсэн чинь Ж.Г манай хүүг хараад “Юун хүн бэ” гэж байсан. Тэгээд би гэрийнхнээ оруулсан. Эхнэр Н.У, дүү М.А, А, З.Т нарын хамт ортол Ж.Г бидний урдаас “Чи байрандаа орно гэвэл битгий горьд. Чамайг ичээнэ шүү. Би олон хурандаа таньдаг. Шүүхийг судалсан, хууль мэддэг” гээд салаавч гаргаад байхаар нь бид барьцалдаж авсан. Ах Н.Д араас орж ирээд салгасан. ...2016 оны 11 сарын 23-ны өдөр Ц.И-д “Мөнгөний хэрэг байна. Байраа барьцаанд тавиад 90 сая төгрөг зээлэх гэсэн юм” гэж хэлтэл Ц.И надад “Манай дүү Б-тай яриад байраа манай ах Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлчих. Манай дүүд мөнгө байгаа” гэж хэлээд Да хүрээ захын тэнд нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед би согтуу байсан учраас хаана, хэнтэй гэрээ хийснээ санахгүй байна. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь Худалдаа хөгжлийн банкны 49хххххх дугаарын данстай О.Г гэх хүнээс миний 431хххххх дугаартай дансанд 90.000.000 сая төгрөг орохоор нь тэр өдрөө Ц.И-ийн 50хххххххх дугаартай дансанд 3.500.000 төгрөг хийгээд 2017 оны 3 дугаар сарын 17-ны хооронд нийт 16.500.000 төгрөгийн төлөлт хийсэн баримт байгаа. Энэ талаар би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Г нь Ц.И-ийн хүргэн дүү нь гэсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн барьцаанд Ц.Ц гэдэг хүнд байр эзэмшигчийн нэрээ шилжүүлж өгсөн. Ц.Ц нь Ц.И-ийн төрсөн ах нь гэсэн. Тэгээд цагаан сарын өмнө Ж.Г манай гэрт орж ирээд намайг гэрээс өмссөн хувцастай хөөж гаргаад манай байранд орсон. ...” /1хх 136-137/,

шүүгдэгч Г.А-ийн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр аав, ээж хоёр “Өнөөдөр гэртээ орно” гэхээр нь би дагаад явсан. Өөрийнхөө орон байрыг хүний нэр дээр хэдийд, хэрхэн шилжсэн талаар мэдэж байгаа зүйл байхгүй. 2018 онд цагаан сарын үеэр ээж, аавыг явснаас хойш нэг өрөөндөө хэд хоносон. Тэр үе нэг өрөөнд танихгүй хүмүүс байдаг байсан. Нэг өдөр иртэл хаалганы гол сольсон байсан. Тэгээд гэртээ орж чадахаа байсан. ...Нэг хөгшин эмээ, Ц.И гээд нэрийг нь сүүлд мэдэх болсон ахтай манайд байгаад байдаг байсан. ...” /1хх 250/,

хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт, зулгарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 3496 дугаартай дүгнэлт /1хх 40/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцыг Н.Г-ын өмчлөлд бүртгэсэн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ү-22хххххххх дугаартай гэрчилгээний хуулбар /1хх 90/,

дээрх үл хөдлөх хөрөнгийг Ц.Ц-ийн өмчлөлд бүртгэсэн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрчилгээний хуулбар /1хх 101/,

Н.Г, Ц.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан дээрх орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /1хх 100/,

хохирогчийн Ц.Ц-ийн дүү гэх О.Г-ын данснаас шүүгдэгч Н.Г-ын данс руу 90 сая төгрөгийг шилжүүлсэн баримт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар:

Н.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 125 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2007 онд худалдан авч, Улсын бүртгэлийн байгууллагад өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлсэн, үүний дараа хамтран ажилладаг гэх Ц.И-оор дамжуулан Ц.Ц-д 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22хххххххх дугаартай гэрчилгээ /1хх 65/-ээр тус орон сууцыг Ц.Ц-ийн өмчлөлд шилжүүлсэн хэдий ч 2018 оны 2 дугаар сар хүртэл уг орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч, уг орон сууцыг эзэмшиж байсан нь нотлогдож байна.

2018 оны 02 дугаар сард Н.Г, Ц.Ц нар нь тохиролцсоны дагуу цагаан сарын шинэлгээ хийхээр тухайн орон сууцыг Ц.Ц-д хүлээлгэн өгсөн бөгөөд ингэхдээ Н.Г нь өөрийн эзэмшлийн хөрөнгө, тавилга, эд хогшлыг тухайн орон сууцанд үлдээсэн буюу Н.Г-ын хүү, шүүгдэгч Г.А нь өөрийн гэрийн эд хөрөнгийг харж, тухайн орон сууцандаа Ц.Ц-ийн төрөл садны хүмүүсийн хамт оршиж сууж байсан байна.

Улмаар Г.А, Н.Г, Н.У нарыг 2018 оны 02 сарын 14-ний өдөр очиход Ж.Г нь маргаан үүсгэж орон сууцанд оруулаагүй талаар гэрч Н.У мэдүүлсэн байна. Мөн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Г нь амьдарч байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот гэртээ хүү Г.А, эхнэр Н.У, төрөл садны М.А, Н.Д, М.А, З.Т гэх хүмүүсийн хамт очиход Ц.Ц нь тус орон сууцны цоожны голыг сольсны улмаас орох боломжгүй болсон, тус байранд тухайн үед оршин сууж байсан Ж.Г нь хаалгаа онгойлгохгүй байсан тул Н.Г, Г.А нар нь буцан гарч, тагтны цонхоор дамжин орж, Ж.Г-тай тухайн орон сууцны эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт, зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Ж.Г-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3496 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосныг шинжээчдийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 568 дугаартай дүгнэлтээр баталсан байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.Анар нар “худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, байрыг барьцаалж зээл авсан, зээлийг төлж байсан, орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Г мөн” гэж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, А.Очбадрал нар нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, өөрийнхөө орон сууц руу орсон” гэж, хохирогч Ж.Г, Ц.Ц нарын өмгөөлөгч Ч.Энхээ нь “худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хууль ёсны өмчлөгч нь Ц.Ц, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус мэтгэлцэв.

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл түүнийг эзгүй үед түүний оршин сууж буй байранд нэвтрэн орсон үйлдлийг тус гэмт хэргийн шинжийг хангасан гэж үздэг. Харин хэдийгээр орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн боловч, Н.Г нь гэр бүлийн хамт уг орон сууцыг эзэмшиж байсны хувьд гэр бүлийн хэрэгцээний хувцас хунар, тавилга, эд хогшлоо нүүлгээгүй, хэд хоногоор түр явсныг далимдуулан хаалганы цоожны голыг сольж гэртээ орох боломжгүй болгож орон сууцны өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн нөхцөл байдал нь түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх нөхцөлгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд Н.Г, Г.А нар нь уг орон сууцанд амьдарч, эзэмшиж байсны хувьд хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй болно.

Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г нь Ц.Ц-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилган тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01533 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1740 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 305 дугаартай тогтоолоор тус худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэвч, гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн орон байранд Н.Г, түүний гэр бүл амьдарч байгаад Ц.Ц-ийн гэр бүлд цагаан сарын шинэлгээ хийхээр түр хүлээлгэн өгсөн, Н.Г-ын гэр бүлийн хөрөнгө, эд хогшил тухайн үед тус орон сууцанд байсан, Н.Г-ын хүү Г.А нь тухайн орон сууцандаа оршин сууж байсан бөгөөд Ц.Ц нь хаалганы цоожны голыг сольсны улмаас орох боломжгүй болсон зэрэг Н.Г болон Ц.Ц нарын хооронд бий болсон орон сууцны өмчлөлтэй холбоотой бий болсон маргаан үүсэх хүртэл Н.Г нь тус орон сууцны ус, халаалт, СӨХ-ны мөнгө зэргийг төлж байсан буюу тухайн үед Н.Г, түүний гэр бүл болон Ц.Ц нарын хэн аль нь оршин суугч буюу эзэмших эрхтэй байж гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд  Н.Г, Г.А нарын тус орон байранд нэвтэрч орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзэж, тэдгээрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Прокуророос Н.Г, Г.А нарыг бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Ц-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 125 м.кв  талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулан захиран зарцуулах бодит боломж бий болгосноор төгссөнд тооцдог, материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь тухайн орон байранд нэвтрэн орсноор Ц.Ц-ийн өмчлөлд нэгэнт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн эзэмшилдээ авч, чөлөөтэй захиран зарцуулах бодит боломж бий болохгүй, тэдгээр нь цааш өөрийн дураар захиран зарцуулах чадамжгүй байх тул энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Н.Г-ын хохирогч Ж.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмт хэрэг санаатай учруулсан гэмт хэрэг хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-д тухайн зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирчээ.

Монгол Улсын Их Хурлаас батлан, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээнд шүүгдэгч Н.Г-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарч байх бөгөөд тус хуульд зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан “Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.Анар нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлоос “Н.Г-д холбогдох бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох” хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/1290 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/1290 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г-ын А-ийг цагаатгасугай” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч О овгийн Намсрайн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ