Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/719

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал хөтлөн,

улсын яллагч Ж.Ууганбаяр,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2610001360227 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 1, ******** дүүргийн **  тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

************ овогт *************-ын ************* (РД: **********),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2025 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамтран амьдардаг **********-гийн биед халдаж, духанд няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *************-ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****************-гийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-13 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЕГО0726/321 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй чөлөөтэй ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан идэвхтэй үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч *************** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ************-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв..

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч шүүгдэгч ***********-аас баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************* /рд: УШ97011360/ 2025 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэргийн улмаас 196.000 /нэг зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн тусламж үйлчилгээ авч, зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн учир гэм буруутай этгээд *************-ын *************-аас тус хохиролыг гаргуулж, нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан байх ба тус төлбөрийг төлсөн талаарх холбогдох нотлох баримт хэрэгт бэхжүүлэгдээгүй байх тул тус нөхөн төлбөрийг шүүгдэгч ***********-аас гаргуулж, хохирогч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *************-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2610001360227 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч **************овогт *************-ын ************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг 1500 (мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 (нэг сая таван зуу) төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************ нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 196.000 /нэг зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч ************-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.