Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2023/0037

 

 

 

 

 

 2023       10         23                                                 123/ШШ2023/0037

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЭБТТ” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ЭБТТ” ХХК-ийн захирал С.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Нямсүрэн /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “ЭБТТ” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1.Нэхэмжлэгч “ЭБТТ” ХХК-ийн захирал С.Энхтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт "Авдарант" нэртэй 27.25 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Төв аймгийн Засаг даргад гаргахад өргөдлийг хүлээн аваад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан ажиллагаанууд, хуулийн 14.1.4-д заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор өргөдлийг холбогдох баримтын хамт Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн. Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 09 сарын 01 өдөр Төв аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь давхцалгүй тул "ЭБТТ ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” тухай 10/4376 дугаартай дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтийн дагуу ашигт малтмалын мэдээллийн санд "Авдарант" нэртэй ХА-41000276 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн урьдчилсан дугаар олгогдсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гэж заасны дагуу Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл олгох эсэх саналыг авахад “сумын баяр наадмын хурдан морины замтай давхцсан  тул "ЭБТТ ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж 2023 оны 05 сарын 05-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 12 дугаар тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т "өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхацсан бол тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар заасан, манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд дурдсан "хурдан морины замтай” ч давхцаагүй. Манай өргөдөл гаргасан талбайтай зэрэгцүүлэн “Принципал инвестмэнтс” ХХК, “БИ Би Эл” ХХК, “Ар Эрхэс” ХХК-уудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон атлаа манай компанид олгохоос татгалзсан нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар ...ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй. 20997  га талбайд олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Наадмын морины уралдааны талбай гэж яриад байгаа аман дээр хөрс хуулалт хийгээд явж байгааг энэ жил би очиж үзсэн. Ийнхүү Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын тухай хууль болон бусад холбогдох хуульд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэнээр тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй нөхцөл байдалд хүрч манай компанийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05 өдрийн "санал хүргүүлэх тухай" 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЭБТТ ХХК нь Эрдэнэ сумын нутаг Авдарант нэртэй 27.25 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайх тусгай зөвшөөрөл авахаар 2022 оны 09 дүгээр сард Төв аймгийн Засаг даргад хандсан. Аймгийн Засаг дарга хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан ажиллагаа хийж, Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглалтыг хязгаарласан, хориглосон тусгай хэрэгцээ нөөцөд авсан ашигт малтмалын ашиглалтын, хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон түрүүлж өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй тул “ЭБТТ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар 10/4376 тоот дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтийн дагуу ашигт малтмалын мэдээллийн санд Авдарант нэртэй 41000276 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар олгогдсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахад татгалзсан санал гаргасан. Татгалзсан саналын хувьд Ар хустайн амны голоос 1.9 км сумын баяр наадмын хурдан морины замтай давхацсан тул “ЭБТТ” ХХК-д ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаартай тогтоолд дурдаад, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа санал ирүүлсэн талбай нь Ар хустайн голын ай сав болон сумын баяр наадмын хурдан морины талбайтай давхацсан байгаа түүнчлэн Авдарант уул орчмоор нутагладаг 4 дүгээр багийн С.Борхүү нарын малчдын хаваржаа, зуслан, намаржааны газар тул  уурхайн зориулалтаар эзэмшүүлэхийг дэмжих боломжгүй гэх тайлбарыг өгдөг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 14 айлын хаваржаа, зуслан, намаржааны  газартай давхцаагүй нь тогтоогдсон. Мөн хурдан морины талбай нь өмнө нь өгч байсан тайлбараас арай өөр болоод Соёолон морины талбайтай давхцаад байгаа гэх агуулга нь адилхан боловч үндэслэл нь зөрүүтэй тайлбарыг ирүүлээд байдаг. Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй, хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчийн тайлбарлаад байгаа баяр наадмын хурдан морины талбай нь манай хүсэлт гаргасан талбайгаас 1.9 км-ын зайтай. Ар хустайн голын ай сав газартай ямар ч хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 3 айлын газар эзэмших эрхийн гэрчилгээг хэргийн материалд өгсөн. Энэ айлуудын газруудтай давхацсан юм уу гэхээр н.Борхүү гэх айлынх Цагаан чулуутын ар гэх газарт, н.Энхмандахынх Олон цохионы арын хавтгай гэх, н.Доржнямынх Олон цохио гэдэг газар байдаг. Авдарант уултай нэршлийн хувьд өөр байдаг. Авдарант уул гээд бүхэл бүтэн уул байгаад байна. Энэ уулын жалга, ар өврөөр нь тусгаарлах нь энэ айлуудтай давхацсан юм болов уу гээд харахаар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ЭБТТ” ХХК-ийн ашиглах гээд байгаа талбайгаас н.Доржнямын намаржаа 1 км-ын зайд, С.Борхүүгийнх 700 м-ын зайд,  н.Энхмандах гэх айл 2 км-ын зайтай болох нь хэрэгт авагдсан кадастрын зургаас харагддаг. Бид нарын хүсэлт гаргасан талбай бусдын амьдрах, оршин суухад төвөг учруулаад байгаа юм болов уу гэхээр манайх хамаарахгүй. Яагаад гэхээр хурдан морины уралдааны зам болон Ар хустайн голд ойрхон, айлуудтай зэрэгцээ Принцинал инвестментс гэх компани, Би Би Эл, Ар эрхэс гэх компаниудын талбайтай давхацсан. Манайх харин ч давхцаагүй баримт харагддаг. Энэ компаниудын газар давхацсан байна, эд нартай маргадаггүй юм уу гэхээр эд нар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй учраас ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Манай эрхийг энэ компаниуд хөндөхгүй байгаа танайх хөндөж байгаа гэх тайлбарыг учир дутагдалтай гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлуудаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хууль зөрчиж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолд танайх Ар хустайн амны голоос 1.9 км, сумын баяр наадмын хурдан морины замтай давхацсан тул санал болгосон талбайд зөвшөөрөл олгох боломжгүй гэх тайлбар бичсэн. хурдан морь уралдуулна гээд ирээдүйд болох юм яриад байна, үнэхээр ирээдүйд болох эсэхийг мэдэхгүй. Ирээдүйд сумын баяр наадмын талбайг томруулна гэвэл өөр хэрэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал ч гэсэн хуульд нийцэж гараагүй. Нэхэмжлэгч компанийн хүсэлтээс татгалзаж байгаа хууль бус үндэслэл нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг зөрчөөд байгаа учраас Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

2.3. Хариуцагч, Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭБТТ” ХХК-ийн тус сумын 4 дүгээр багийн нутаг Авдарантад 27 га газрыг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ИТХ-ын дэргэдэх Газрын харилцаа байгаль, орчин хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж, тус санал ирүүлсэн газар нь Архустайн голын ай сав газар болон сумын баяр наадмын хурдан морины уралдааны зам давхцаж байна. Мөн Авдарант уул орчмоор нутагладаг 4 дүгээр багийн С.Борхүү, Б.Бат-Эрдэнэ зэрэг 14 малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээр, хаваржаа, зуслан, намаржааны гол газар тул уурхайн зориулалтаар эзэмшүүлэхийг дэмжих боломжгүй дүгнэлтийг гаргасан. Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан ээлжит арван гуравдугаар хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр танилцуулга хийсэн. “ЭБТТ” ХХК-ийн захирал С.Энхтөгс тус хуралд нэмэлт тодруулга, танилцуулга хийж, үүний дараа тус Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хуралдаанд танилцуулсаны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дэмжих, эсэх саналыг төлөөлөгчдөөс авахад хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар эс дэмжигдэж тогтоол баталгаажуулсан. Тус сумын 4 дүгээр багийн Авдарант хэмээх 27 га талбайд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Л.Эрдэнэбаатар, гишүүн Алтанхутга нар нөхцөл байдлыг тогтоохоор Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагатай ажиллагааг хийж, фото зургаар нотлох баримтыг цуглуулан, газар дээр нь үнэлэхэд тус санал ирүүлсэн газар нь Архустайн голын ай сав газар болон сумын баяр наадмын хурдан морины уралдааны зам давхцаж байна, мөн Авдрант уул орчмоор ашиглалтын “А” лицензтэй талбайд 4 дүгээр багийн өвөлжөө хаваржаа нь орсон С.Борхүү зэрэг  малчид зусаж, намаржиж амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээрийн гол газар болох тул тэнд амьдарч байгаа иргэдийнхээ амьдрах нөхцлийг хангах үүднээс хязаалан насны морьд эргэх талбайд уурхай эрхэлвэл тодорхой хэмжээнд орчныг бохирдуулж, агаарт тоосжилт ихсэж, газар хуурайшиж зам хагардаг тул сумын наадмын хурдан морь уралдах замаа хамгаалахаар хурлын төлөөлөгчид хамтын шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Принцинал инвестментс-д 2008 онд олгосон газар дээр 10 хэдэн айлын өвөлжөө хамаараад байгаа. Принцинал инвестментс нь олборлолтоо явуулаад эхэлбэл тэр бүх айлын өвөлжөө, хаваржаа бүгд ашиглалтын талбайд орж байгаа учраас энд цаашид иргэд амьдрах боломжгүй болно. Манай сумын хурдан морины уралдаан сумынхаа нутаг дээр 16 км,  түүнээс цааш яваад Архустай сумын нутаг дээрээс эргэж уралддаг. Манай сум газар нутаг багатай. Архустайн сумын нутаг дээрээс эргэж байгаа уралдааны зам нь тус сумын тариалангийн талбайд тулаад эргэж, уулын жижигхэн завсрын жаахан зайгаар уралдаж байгаа. Одоогоор сумын наадам бүрэн хэмжээгээр биш, Ар хустайн амаа өгсөж, уруудаад уралдаж, соёолон морь Ар хустай сумын нутаг дээрээс арай жаахан өргөн газар дээрээс нь морь эргэж байгаа. Гэхдээ тэр морь эргэж байгаа нь 100-с дээш тооны морь эргэх багтаамжгүй, давчуу газраас эргэдэг. Ирэх жил сумын 100 жилийн ой болно. Энэ байдалтай холбогдуулаад хурдан морины замыг өөрчлөх, эргэх талбайг нь 300 морь эргэх төхөөрөмж суурилуулж, өргөн талбайтай газраас эргүүлэх шаардлагатай байгаа тул Жаргалантын амнаас хурдан морио эргүүлэхээр төлөвлөсөн.  Авдарант  гэдэг том уул 2 том амтай, нэг амыг нь Жаргалантын ам гэдэг юм. ЭББТ-ийн хүсэлт гаргаж байгаа газар нь Жаргалантын аманд жижигхэн Цагаантолгой толгой байгаа. Хурдан морины уралдааны зам ЭББТ ХХК-ийн хүсэлт ирүүлсэн талбай дундуур гарахаар байгаа. Үүнээс  өөр хурдан морь уралдуулах зай, талбай байхгүй. Газар нь 2 талаараа жалганд шахагдаад нэлээн давчуу газар байдаг. Хурдан морины уралдааны зам албан ёсоор баталгаажаагүй, сумын хэрэгцээнд хамгаалалтдаа аваагүй байгаа. Цаашдаа тусгай хамгаалалтад авна гэх үүднээс энэ тогтоол гарсан. Манай сум газар нутгийн хувьд бага, бэлчээрийн даац 5 дахин хэтэрсэн, бэлчээрийн алга дарам газрыг ч гэсэн хамгаалж байж, хэдэн мал маллаж амьдарч байгаа ард иргэдээ ая тухтай амьдруулахын үүднээс шийдвэр гаргасан. Нэгэнт олгосон А лицензийн талбайг бид цуцлах боломжгүй тийм учраас одоо шинээр нэмж олгохгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Ашиглалтын лиценз өгөх тал дээр орон нутагт малчин иргэдэд ямар их хохирол учирдгийг биеэрээ мэднэ. Манайх харьцангуй бага уул уурхайтай гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            Нэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмал газрын тосны газраас “ЭБТТ ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай  давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” тухай 2022 оны 09 дүгээр сарын 01-нийөдрийн 10/4376 дугаартай дүгнэлтийг Төв аймгийн Засаг даргад ирүүлсэн, аймгийн Засаг дарга дүгнэлтийг аваад тухайн талбай байрших Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад тус сумын Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор ...сумын баяр наадмын хурдан морины замтай давхцсан тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзсан нь хууль бус...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан талбайтай давхацсан бол татгалзана, энэ хуульд заагаагүй өөр үндэслэлээр татгалзах эрх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй....манай өргөдөл гаргасан талбайтай зэрэгцүүлээд Принципал инвестмэнтс ХХК, БИ Би Эл ХХК, Ар Эрхэс ХХК-уудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон атлаа манай компанид олгохоос татгалзсан нь  Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар ...ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй...” хэмээн тодорхойлон маргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч “ЭББТ” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байршилтай "Авдарант" нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах” тухай хүсэлтийг Төв аймгийн Засаг дарга хүлээн авч, анхан шатны шүүлт хийгээд, тухайн өргөдлийг холбогдох материалын хамт Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн.

Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 09 дүгээр сарын 01-нийөдрийн 10/4376 дугаартай “ЭББТ ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000276 дугаарт бүртгэгдсэн 27.25 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. Жич: Уг дүгнэлт нь заавал түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр биш болохыг анхаарна уу” гэсэн дүгнэлтийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

2.2. Төв аймгийн Засаг даргаас “ЭББТ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, саналаа тогтоолоор ирүүлэх” тухай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/439 дугаартай албан бичгийг Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлсэн.

2.3. Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөөлөгчдийн 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, “ЭББТ” ХХК-ийн захирал С.Энхтөгсийн танилцуулга, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гадаад харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлт зэргийг сонсон, “ЭББТ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “ЭББТ” ХХК-ийн хүсэлтийг дэмжихгүй гэж шийдвэрлэж, тухайн хуралдаанаас Монгол улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн “ЭББТ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Архустайн голоос 1,9 км, сумын баяр наадмын хурдан морины замтай давхцсан тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай 12 дугаар тогтоолыг батлан гаргасан.

2.4. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07/1093 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 27 гектар газар нь “Принципал инвестмэнтс” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-20997 тоот тусгай зөвшөөрөл бүхий 1,314,72 гектар талбайтай залгаа байршилтай, мөн тус компанид 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-13412 тоот тусгай зөвшөөрөл бүхий 421.91 гектар талбайтай зэрэгцээ байршилтай нь тогтоогдсон.

Мөн, Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурдан морь уралдуулах зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй, маргаж буй талбай нь бусдын эзэмшил, өмчийн газар болон тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний газартай давхцаагүй нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Харин, хариуцагчаас “манай сумын хурдан морины уралдаан сумынхаа нутаг дээр 16 км,  түүнээс цааш яваад Архустай сумын нутаг дээрээс эргэж уралддаг. Манай сум газар нутаг багатай. Архустайн сумын нутаг дээрээс эргэж байгаа уралдааны зам нь Архустай сумын тариалангийн талбайд тулаад эргэж, уулын жижигхэн завсрын жаахан зайгаар уралдаж байгаа. Одоогоор сумын наадам бүрэн хэмжээгээр биш, арай жаахан өргөн газар дээрээс нь морь эргэж байгаа. Гэхдээ тэр морь эргэж байгаа нь 100-с дээш тооны морь эргэх багтаамжгүй, давчуу газраас эргэдэг. Ирэх жил сумын 100 жилийн ой болно. Энэ байдалтай холбогдуулаад хурдан морины замыг өөрчлөх, эргэх талбайг нь 300 морь эргэх төхөөрөмж суурилуулж, өргөн талбайтай газраас эргүүлэх шаардлагатай байгаа тул Жаргалантын амнаас хурдан морио эргүүлэхээр төлөвлөсөн.  Авдарант  гэдэг том уул 2 том амтай, нэг амыг нь Жаргалантын ам гэдэг юм. ЭББТ-ийн хүсэлт гаргаж байгаа Цагаантолгой гэдэг жижиг толгой нь Жаргалантын аманд байдаг. Хурдан морины уралдааны зам ЭББТ ХХК-ийн хүсэлт ирүүлсэн талбай дундуур гарахаар байгаа. Үүнээс  өөр хурдан морь уралдуулах зай, талбай байхгүй. Газар нь жалганд шахагдаад нэлээн давчуу газар байдаг. Хурдан морины уралдааны зам албан ёсоор баталгаажаагүй, энэ өвлийн хурлаар баталгаажуулна. Нэгэнт олгосон А лицензийн талбайг бид цуцлах боломжгүй учраас одоо шинээр нэмж олгохгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Ашиглалтын лиценз өгөх тал дээр орон нутагт малчин иргэдэд ямар их хохирол учирдгийг мэднэ. Сумынхаа эрх ашгийн үүднээс сумын баяр наадмыг зохион байгуулах, газрыг хамгаалахаар тогтоол гаргасан.” хэмээн тайлбарлан маргасан.

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зураглал болон тус сумын газрын байршлын сансарын зурагт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн ойр орчинд нийт 2391 гектар талбайд, нэр бүхий 3 компанид  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон, мөн тус сумын одоогоор морь уралдаж буй зам болон тус сумаас хурдан морь уралдуулахаар төлөвлөсөн гэх газрууд нь өндөрлөг газраар хүрээлэгдсэн байршилтай байна.

2.6. Төв аймгийн Засаг дарга, “ЭББТ” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байршилтай "Авдарант" нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах” тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  02/1838 дугаар “ЭБТТ ХХК-иас Эрдэнэ сумын Авдрант нэртэй газарт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашиг малтмад, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн системд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Эрдэнэ сумаас санал авахаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 01/439 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч сумын Засаг даргаас одоог хүртэл албан ёсны хариуг ирүүлээгүй гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

2.7. Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж,

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.13.энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, гэж, 47 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Аймгийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж,

Баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна.”, 17 дугаар зүйлийн 17.1-т “Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.1.1.хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, 17.1.5.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон бусад сунгаа, бэлтгэлийн үед хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах, хяналт тавих” гэж тус тус заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нараас хурдан морь уралдуулж байгаа хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьчилан сэргийлэх зорилгоор үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны замыг урьдчилан тодорхойлж, морины уралдааныг аливаа эрсдэлгүй зохион байгуулах үүрэгтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “аймаг, сум энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж,  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасны дагуу Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй, мөн хуулиар тухайн Хурлын чиг үүрэгт хамаарах, тодруулбал тухайн орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцэн, саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлэх, мөн үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах асуудлыг урьдчилан хэлэлцэж шийдвэрлэх, тухайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй байх тул хариуцагчийн сумын баяр наадмыг зохион байгуулах хурдан морины уралдааны замыг хурлаар баталгаажуулахаар төлөвлөсөн, сумынхаа эрх ашгийн үүднээс газрыг хамгаалахаар тогтоол гаргасан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна. Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас одоогийн морь уралдаж байгаа гэх газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хурдан морь уралдуулах зориулалтаар маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй ч тухайн асуудлыг хэлэлцэн батлах эрхтэй байх тул хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдсон үйл баримтуудаар хариуцагч нь “ЭББТ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд, тогтоосон журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “ЭББТ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай” тогтоол хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан, энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд зааснаар аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байх ба үүнээс өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулы болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байсан бөгөөд Эрдэнэ сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Принципал инвестмэнтс” ХХК-д 2008, 2017 онуудад ашиглалтын MV-20997 тоот, MV-13412 тоот тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байх тул хариуцагчийг нь  Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар ...ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн,  Принципал инвестмэнтс” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоод “ЭББТ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй, аж ахуй нэгжүүдэд адил тэгш хандаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭБТТ” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН