Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0267/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Б-од холбогдох эрүүгийн 1718001190068 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгийн Баянгол сумын 3 дугаар баг, 2-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Б- /регистрийн дугаар МБ88060812/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын техникийн 67 дугаар лангуун дээр иргэн Б.Очирбатын гээсэн Галагси Жи-7 гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Хохирогч Ц.Нарантуяагийн өмчлөлийн Самсунг галакси Жи-7 маркийн гар утсыг түүний нөхөр Б.Очирбат барьж яваад 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын техникийн 67 дугаар лангуун гээсэн ба уг гээсэн утсыг шүүгдэгч Б.Б- нь мэдсээр байж авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: Шүүхэд хандаж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Нарантуяагийн өгсөн: Манай нөхөр Б.Очирбат 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний Галакси Жи-7 гар утсыг маань бариад зах орохоор гарсан. Тэр үед миний гар утас 99397898 дугаартай маань байсан. Манай нөхөр өдөр зах ороод үдээс хойш гэртээ ирээд машин дотор гар утас байгаа, ороод аваад ир гэсэн. Би гэрээсээ гараад машиндаа ороод хартал утас маань байхгүй байсан. Тэгээд нөхөр Очирбатдаа утас байхгүй байсныг хэлтэл Дархан захын техникийн зах дотор үйлчлүүлж байгаад лангуун дээр орхиод гарснаа санаад буцаж явсан. Ирэхдээ миний гар утас олдсонгүй ээ. Гэхдээ зах дотор камер байгаа юм байна, цагдаад бүртгүүлээд ирлээ гэсэн гэх мэдүүлэг /ххийн 10-11/,

Гэрч Б.Очирбатын өгсөн: Өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагийн үед Дархан захын техникийн зах дотор 67 дугаарын лангуун дээр үйлчлүүлж байгаад эхнэрийн Самсунг галакси Жи-7 маркийн гар утсыг лангуун дээр нь орхичихоод гараад явчихсан байна. 30 орчим минутын дараа эргээд 67 дугаар лангуун дээр очоод худалдагчаас нь асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд 2 давхарт гараад төв хяналтын камерыг шүүж үзэхэд би тэр лангуун дээр нь утсаа тавиад гарч байгаа бичлэг, бас намайг утсаа тавиад цаашаа явсны дараа шар өнгийн пиджактай, баруун гартаа томхон гар цүнх барьчихсан 40 орчим насны бараан өнгийн царайтай эмэгтэй хүн миний утсан дээр цүнхээ тавиад аваад гарч байгаа бичлэг байсан. Тэр нь хяналтын камерын цагаар 14 цаг 50 минутын үед байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч М.Мөнхмаагийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг Техникийн захын 67 дугаар лангуун дээрээ ажлаа хийгээд сууж байхад миний үйлчлүүлэгч зүс таних Очирбат ах ганцаараа ирээд худалдаа хийгээд удалгүй явсан. Тэгээд байж байгаад 30-40 минутын дараа Очирбат ах эргэж ирээд надаас энэ лангуун дээр чинь гар утсаа орхисон байна, байна уу, миний дүү харсан уу гээд хүрээд ирсэн. Би худалдан авагч ихтэй байсан тул анзаараагүй гэдгээ хэлсэн. Тэгээд би Очирбат ахыг яваад камер шүүж үзэх талаар зөвлөсөн. Тэгээд камер шүүлгэнэ гээд л яваад өгсөн. Маргааш нь Очирбат ах ирээд ах нь бичлэгээ шүүлгэлээ, надад хуулбарлаж өгөхгүй байна, улаан цамцтай эмэгтэй хүн авсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар нэг аргаар та хуулбарлуулаад аваа гэж хэлээд явуулсан. Маргааш нь дахиж ирээд, цагдаа дагуулж очоод ах нь бичлэгээ хуулж авлаа гэж хэлсэн. Тэгээд Очирбат ах өөрийн гар утсан дээрээ бичсэн бичлэгээ надад үзүүлсэн. Тэгэхэд настайвтар ах эгч хоёр шиг харагдсан. Гэхдээ нүүр царай нь хэн болох нь тогтоох боломж муутай харагдсан гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Л.Батцэцэгийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр Б.Б- гаднаас утас оллоо гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би хаанаас яаж олсон юм бэ гэж асуухад манай нөхөр Дарханы сэлбэгийн зах дээрээс нэг лангууны дээрээс мэдэлгүй, өөрийн утастай андуураад авсан гэж хэлсэн. Тэрийгээ мэдэхгүй явсаар байгаад гэртээ ирээд мэдсэн гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Самсунг Жи-7 маркийн шинэвтэр гар утас 500.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 6-7/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч Ц.Нарантуяад Самсунг галакси Жи-7 маркийн гар утсыг нь биет байдлаар нь буцаан төлж гэм хорыг арилгасан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан байна.

Гэтэл мөрдөн байцаагч нь шүүгдэгч Б.Б-ын өмчлөлийн nokia-2610 маркийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг битүүмжлэх санал гаргасан боловч уг саналыг хэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт  хэрэгт авагдаагүй байна. Иймд уг гар утсыг битүүмлэгдсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Нарантуяа нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР