Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/187

 

Ч.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21 (22)-ний өдрийн 461 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлчимэгийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ч.О-д холбогдох 2107 00000 0240 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-ийн О, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Ч.О нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудаст өөрийн ашигладаг “О” гэх хаягаас “Энэ Налайхын цагдаад зуудаг нохой орчихсон юм уу хаашаа юм бэ. Үсгүй жижигхэн витамины дутагдалд орчихсон залуу ажлаас гадуур хэрүүлийн чанартай юм яриад байх юм овоолсон баас чинь” гэх нийтлэл оруулж, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагт зохицуулагч цагдаа ажилтай Ц.М-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд цахим сүлжээ фэйсбүүкээр тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: Ч.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Гэмт хэргийн объектив шинж болон тодруулах ба “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг хэн, ямар хүн нээсэн тухай группийг хэдэн хүн дагадаг, “О” хэзээ бүртгүүлсэн, “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудаст бүртгүүлэхэд зөвшөөрөл авдаг эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. ...” гэж дүгнэж, Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй байхаар хуульчилсан. Хүний нэр төр нь иргэний зан суртахуун, тухайн хүний хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмж, алдар хүнд гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн хүний үнэлэмжийг тус тус ойлгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн сахиж, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хэдий ч мөн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй.

Ч.О нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудаст үзлэг хийж, группийг 63,3 мянган хүн дагадаг талаар мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Хохирогч Ц.М-ийн нэр төрийг гутаасан агуулгатай, түүний нэр төрд халдсан худал мэдээллийг тараасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг шалгаснаар шүүгдэгч Ч.О-ийн гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Энэ байр суурь дээрээ хэвээрээ байна. Анхан шатны шүүхээс хохирлыг тогтоох шаардлагатай гэж дүгнээд байгаа нь өөрөө эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг мөн, биш эсэх нь эргэлзээтэй байхад ингэж шийдвэрлэж байгаа нь Ч.О-ийн эрх ашгийг зөрчиж байна. Прокурор эсэргүүцлээ шүүгчийн захирамжийн хүрээнд гаргаж байгаа болохоос хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудлыг тусгаагүй. Иймд эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Ч.О-ийг Ц.М-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүкээр тараасан” гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 21 (22)-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг хэн, ямар хүн нээсэн тухай группийг хэдэн хүн дагадаг, “О” хэзээ бүртгүүлсэн, “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй фэйсбүүк цахим хуудаст бүртгүүлэхэд зөвшөөрөл авдаг эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

 “Налайхчуудын нээлттэй групп” фэйсбүүк хуудаст мөрдөгч үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг ажиллагаагаар тус цахим хуудсыг хэдэн хүн дагадаг болохыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн, хохирогч Ц.М-ээс Ч.О-ийн гэх хаягаас дээр дурдсан цахим хуудаст бичсэн сэтгэгдэл, зэргийг хуулбарласан баримтыг хэрэгт тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй байна.

Харин, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.О-ийн бичсэн гэх бичвэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл” гэх диспозици шинжид бүрэн хамаарах эсэх, шүүгдэгчийн бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийг доромжилсон зөрчлийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх, энэхүү зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй ямар шинжээр ижил төсөөтэй болох, аль шинжээр ялгаатай болох зэргийг судалж, хууль зүйн зөв дүгнэлт хийх замаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Иймд, энэхүү магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21 (22)-ний өдрийн 461 дугаартай захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гэрэлчимэгийн “захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21 (22)-ний өдрийн 461 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гэрэлчимэгийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ