Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0143

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар0221/МА2017/0143

Улаанбаатар хот

 

Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээд Э.Сүхбаатар, Б.Баярхишиг, Ө.Одгэрэл нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Гэрэлээ 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох хэсэг, А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот хаяг бүхий газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаяр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт 2013 оны 3 дугаар сард хүмүүс суурьшаагүй, хэн нэгний эзэмшил үүсээгүй, хоосон байсан газарт хорооны Засаг даргаас зөвшөөрөл авч бууснаас хойш хашаа барин, тэмдэгжүүлж, амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд төрийн байгууллагаас түүнийг хүлээн зөвшөөрч байсан болох нь 16 дугаар хорооноос Г.Настыг 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамж, 84 тоот хаягт шилжин ирсэн тухай бүртгэж” шилжилт хийн иргэний үнэмлэхэнд тэмдэглэсэн, 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсанд 86 тоот дугаартай хашааны газрыг эзэмших хэлбэрээр Г.Мөнхжаргалын нэр дээр бүртгэсэн зэргээр тогтоогддог.

Улмаар тухайн газраа эзэмших, өмчлөх хүсэлтэй болохоо хорооны Засаг даргад илэрхийлэн 2013 онд өөрсдийн газрынхаа кадастрын зургийг хийлгэж, хандахад “Нийслэлийн хэмжээнд газар олголтыг түр зогсоосон, өргөдөл хүлээн авч эхлэхээр материалаа өгөөд газраа авч болно” гэдэг байсан, мөн хорооны Засаг даргад газраа үзүүлэн зөвшөөрөл авч буусан, хэсгийн байцаагчаас дээрх гудамж, хашааны “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот” гэсэн хашааны хаягийг өгч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Ингээд Засаг даргын хэлсний дагуу хүлээж байгаад өргөдөл авч эхэлсэн гэж сонсмогцоо 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших өргөдлөө өгсөн. Гэтэл тухайн газрыг гэнэт гарч ирсэн Ө.Одгэрэл, Б.Баярхишиг, Э.Сүхбаатар нарт олгосон байсан.

Энэ нь гуравдагч этгээдүүдээс түрүүлж, 2013 оноос хойш, уг газрыг эзэмшихийг хүсч тухайн газраа амьдарч, хамгаалж, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд итгэн хүлээж байсан нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолыг зөрчсөн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнтэй нийцэхгүй байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж байсан гэж дүгнэсэн. Гэтэл гуравдагч этгээдүүд ч өмнө нь амьдарч байсан гэх газраа эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан болохоо шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг өдөр өргөдлөө өгсөн байхад шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар тогтоолоор цанын бааз байгуулахаар төлөвлөсөний дагуу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан, иймээс гуравдагч этгээдүүд нь газар эзэмших хүсэлтээ өмнө нь илэрхийлж, хашаа хатган амьдарч байсан иргэдийн эрхийг зөрчих, давуу эрхтэй мэтээр дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “ газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эдгээрээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглээгүй атлаа тогтоох хэсэгт баримтласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг бусдын эзэмшил болохоос нь өмнө суурьшсан бөгөөд энэ талаараа холбогдох төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан, тухайн газрыг өмчлөх хүсэлтээ 2013 онд хорооны Засаг даргад гарган, кадастрын зураг хийлгэж байсан, гэтэл цаг хугацааны хувьд дараа нь хүсэлт гаргасан этгээдэд тухайн газрыг олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг зөрчсөн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлсэн иргэдэд давуу эрхээр газар олгосон, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглээгүй атлаа тогтоох хэсэгт баримталсан зэргээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан байх боловч эдгээр нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэж тус тус заасан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалт нь маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж бодитоор эзэмшсэн, түүнчлэн хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшихийг хүссэн иргэний хүсэл зоригийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй ч нэхэмжлэгч Г.Наст, Д.Дэлгэр нарын хувьд 2013 онд өөрсдийн эзэмшихийг хүссэн газартаа оршин сууж байсан болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын тухайд тухайн газрыг цаг хугацааны хувьд бусад этгээдээс түрүүлж, зохих байдлаар эзэмших зорилгоор хашаалж, дугуй, чулуу оролцуулан 25 метрийн урттай, 1.8 метр өндөр хашаа барьсан” гэх тайлбар нь холбогдох баримтаар тогтоогддог ч энэ нь түүнд хууль ёсны дагуу эзэмшил үүссэн гэж үзэх, тухайн газрыг бусдад эзэмшлүүлэх хариуцагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хавтаст хэргийн 78 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын “Г.Мөнхжаргал нь Согоот 59а-86 тоотод 2013 оноос өнөөг хүртэл амьдарч байгаа” гэх тодорхойлолт, 79 дэх талд авагдсан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “59а-гийн 86 тоот хаягт байрлах газрын өмчлөхийг хүссэн” тухай өргөдөл, 80-82 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад хандсан өргөдөл, ХХ-ийн 106 дахь талд авагдсан 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Газрын кадастрын зураг, 135-136 дахь талд авагдсан гэрч Ө.Даваадоржийн “2013 оны хавар ...3 талт хашаа хийгээд, дээд хэсгийг нь дугуй болон чулуугаар хийсэн. Мөнхжаргал хааяа ирж байсан” гэх мэдүүлэг болон фото зураг зэргээр Г.Мөнхжаргал тухайн үед хашаа барьсан нь тогтоогдож байна.

Гэвч Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэж, 2015 оны зорилт батлах тухай” 5 дугаар тогтоолоор тус дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын аманд Өвлийн спортын цогцолбор, цанын бааз байгуулахаар төлөвлөсний дагуу тус дүүргийн Засаг даргаас Газрын албанд хандаж тухайн орчимд оршин сууж байгаа иргэдийг 16 дугаар хорооны Согоотын ам буюу одоогийн нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүссэн, зарим нь тодорхой байдлаар эзэмшил үүсгэсэн газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөнтэй холбогдуулан гуравдагч этгээд Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/471, Ө.Одгэрэлд 2015 оны А/497 дугаар захирамжаар тус тус 500 м2 газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлснээр Газрын тухай хуульд заасан “бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагаас гадна нэр бүхий нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. 

Учир нь гуравдагч этгээд нар тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаагүй, харин дээрх үндэслэлээр хариуцагчаас нэгдсэн журмаар шилжүүлэлт хийгдсэн иргэдэд хамрагдсан байх тул энэ тохиолдолд захиргааны байгууллагыг болон гуравдагч этгээд нарыг буруутгах үндэслэлгүй юм.

Харин ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нэр бүхий нэхэмжлэгчдийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжинд маргаж буй газраас өөр байршилд газар эзэмшүүлэх боломжтой гэх тайлбар гаргаснаас үзэхэд Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж өөр байршилд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой байна.

Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх журмыг зохицуулсан, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 33.1.1-ын тухайд иргэдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалт бөгөөд дээр дурдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй энэ тохиолдолд холбогдох заалтыг баримтласныг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэслэл хэсэгт хуулийн зүйл, заалтаар шууд тусгагдаагүй ч уг зохицуулалтын агуулга, түүнд хамаарах Хурлын тогтоолыг шийдвэр гаргахад үндэслэл болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд өмгөөлөгч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН