Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 204

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны

Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Шүүгч Х.Батсүрэн

Шүүгчид:         Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 23,5 сая төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0840 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0138 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Н.Т,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0840 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Т-г 2016 оны 8 сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 сарын 09-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож, нийт 9 сарын хугацааны цалинд 9670608 төгрөг олгохыг, холбогдох суутгал хийхийг, нэг удаагийн буцалтгүй тусламжинд нийт 23.400.489 төгрөгийг тус тус хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0138 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.3, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.Т-г ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Барилга, хот байгуулалтын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 9.670.608 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 23.082.115 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүхээс иргэн Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэнээр тооцож, шийдвэрлэсэн нь доор дурдсан байдлаар нийцэхгүй байна. Анх 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр юм. Улмаар 2014 оны 134 дүгээр тушаалаар түр чөлөөлсөн байдаг. Мөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар иргэн Н.Т-ын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байдаг.

4. Иргэн Н.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэж зохицуулсан байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Төрийн нөрийн бичгийн дарга С.М иргэн Н.Т-тэй уулзах үедээ дээрх нөхцөл байдлын талаар тайлбарлаж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Н.Т-г томилсон тушаал бүр Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, хуульд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг гаргасан.

5. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Төрийн нарийн бичгийн дарга /түр орлон гүйцэтгэгч/-ын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалын иргэн Н.Т-тэй холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд, төрийн алба хашихад хориглох хэм хэмжээг зөрчиж хөдөлмөрийн харилцааг үүсгэсэн бөгөөд шүүхээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албанаас баталсан заавар, журмыг тухайн хэргийг шийдвэрлэхэд харгалзаж үзээгүй.

6. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 128/ШШ2017/0840 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт дээрх асуудлаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор иргэн Н.Т-ын тухайн албан тушаалд томилогдох хуульд заасан шаардлага, үндэслэлийг шалгаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалд нэр дэвших хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй байхад түүнийг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаар тодорхойлж, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс дээрх үндэслэл бүхий асуудлаар мэтгэлцэхэд Захиргааны хэрэг шүүхэнд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газраас нотлох баримт гаргуулах боломжтой байсан ч хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс харгалзаж үзээгүй байгаад гомдолтой байна.

7. Тиймээс хууль зөрчиж үүссэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхгүй, хууль бус харилцаагаа зогсоосны төлөө ажилгүй байсан хугацааны цалин, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үүргийг Барилга, хот байгуулалтын яам хүлээхгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0138 дугаар магадлал, иргэн Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг буруу бичсэн байх тул хяналтын шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

9. Нэхэмжлэгч Н.Т-г анх Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаалаар тус яамны дотоод аудитын газрын Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дүгээр тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар өөрийнх нь хүсэлтээр 1 жилийн хугацаагаар төрийн албанаас түр чөлөөлсөн, мөн түүний ажилдаа эргэн орох хүсэлтийг нь үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тус яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Норм, нормативын хэлтэст Салбарын норм, нормативын боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр шилжүүлэн томилсноос үзвэл /хэдийгээр 1 жилийн чөлөөний хугацаа өнгөрсөн боловч захиргаа өөрийн эрх хэмжээний хүрээнд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байна/ Барилга, хот байгуулалтын яаман дахь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь 2013 оноос хойш үргэлжилсэн байна.

10. Нэхэмжлэгч ийнхүү 2013 онд ажилд томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлсэн байх бөгөөд тус газраас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянахад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэсэн хариу өгсөн байх тул /хавтаст хэргийн 178, 179 дэх тал/ “иргэн Н.Т нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар иргэн Н.Т-н урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн, энэ талаарх нотлох баримтыг шүүх цуглуулаагүй, үнэлээгүй” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

11. “Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 5, 6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/123 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн, өөрөөр хэлбэл уг актаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөөгүйгээс гадна төрийн албаны сул орон тоог нөхөх хуульд заасан журмыг хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагад илүү хамаатай, хариуцагч уг үүргээ биелүүлээгүй нь нэгэнт томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Төрийн нарийн бичгийн дарга /түр орлон гүйцэтгэгч/-ын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалын иргэн Н.Т-тэй холбогдох хэсгийг хүчингүй болгосон” гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх нэгэнтээ зөв дүгнэжээ.

13. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад түүнийг ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг даалгах нэхэмжлэлийн хүрээнд тооцож олгох нь үндэслэлтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадалд холбогдох өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0138 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийн...” гэснийг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0840 дүгээр шийдвэрийн...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ