Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/188

 

Э.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Ч.Ч-ийн өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/88 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.У-т холбогдох 2103 00292 0373 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Э-ийн У, 1983 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 426 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 -д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Э.У нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 21 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гурван бүдүүн” цайны газрын урд замд Б.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус загварын хх-хх УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”  мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан “Bieben North Benz ND4250” загварын хх-хх УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хажууд явж байсан Ч.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт:

“Яллагдагч Э.У нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Гурван бүдүүн” цайны газрын урд замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэсэн буюу гэмт хэрэг хэзээ, яаж гарсныг тусгаагүй буюу, ямар тээврийн хэрэгсэл жолоодон явсан, хэдний өдөр гэмт хэрэг гарсан, мөн Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт, хэсгийг зөрчсөн гэж буруутгаж яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй тогтоол байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хангагдаагүй бөгөөд яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй хэсгээр прокурор 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 361 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгийг бичиж, яллах дүгнэлт үйлдсэн, уг зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ээс шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ба үндэслэлээ шинжээч үзлэг хийх үед хохирогч Ч.Ч хэвтэрт хөдөлгөөнгүй байсан учраас зарим гэмтлээ мэдээгүй, дараа нь баруун мөр нь хөдөлгөөнгүй болсныг мэдсэн байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд мөрний гэмтэл тусгагдаагүй байна гэж тайлбарласан. Шүүх эмнэлгийн хүний биед 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн 10116 дугаартай дүгнэлтэд “Ч.Ч-ийн биед мөрний гэмтэл учирсан эсэх талаар дүгнээгүй байх ба гэмт хэргийн улмаас хохирогчийн биед баруун мөрний гэмтэл учирсан эсэхийг нэг мөр шалган тогтоох шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлон тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.У нь 2002, 2005 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолууд авагдсан байх боловч 2005 онд ялтны суллагдсан тухай шүүхийн шийдвэр байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлоогүй. ...” гэж дүгнэж, Э.У-т холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй ба эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт ямар гэмт хэрэг, хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай нэг бүрчлэн дэлгэрэнгүй зааж, мөн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг яллагдагч Э.У-т танилцуулахыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхланд даалгасан байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчид танилцуулж, мэдүүлэг авсан нь яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх эрхийг зөрчөөгүй. Нөгөө талаар, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт хоорондоо зөрүүгүй, яллах дүгнэлтийг прокурор гардуулан өгсөн тэмдэглэл хэрэгт байгаа. энэ талаар талуудаас ямар нэгэн маргасан асуудал байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10116 дугаартай дүгнэлт /хх 74-78/-ээр бүрэн нотлогдсон. Мөн энэ талаар хохирогч Ч.Ч-оос гаргасан хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол болон хариу мэдэгдэх хуудас хэрэгт байгааг шинжлэн судалсан. Мөн улсын яллагч шүүх хуралдааны үеэр өвчтөний түүх болон дээрх шүүх эмнэлгийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ, дүгнэлт хэсгийг нэг бүрчлэн уншиж, шинжлэн судалсан байтал шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар огт тусгагдаагүй байна. Шүүх хуралдааны бичлэгээс үзнэ үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст шалгасан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл арын нүүрэнд дэлгэрэнгүй тэмдэглэсэн байгаа бөгөөд улсын яллагч шүүгдэгч Э.У-ын урьд ял шийтгэгдсэн шүүхийн шийтгэх тогтоолуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй шинжлэн судалсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар мөн огт тусгагдаагүй байна.

Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааж буй үндэслэлийг тодорхой заагаагүй, хэт ерөнхий, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь хэргийн ямар нөхцөл байдлыг нэмж шалгах, шалгаж тогтоосноор ямар хууль зүйн үр дагавар бий болгох талаар тодорхойгүй, ойлгомжгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүгчийн захирамжийн агуулга гардуулсан захирамжаас зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан  байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ч.Ч-ийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хөдөлгөөнгүй байсны улмаас баруун мөрөнд нь гэмтэл учирсан болохыг шинжээч эмч нарийн үзэж тогтоож чадаагүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шатанд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Баруун мөрнийх нь гэмтэл нь хэзээ, юуны улмаас үүссэн, баруун гарын тохой болон хуруу сарвуутай холбоотой гэмтлийг нэг мөр тодорхой болгох шаардлагатай. Гэм хор, хохирлын асуудал яригдахад баруун мөрөнд хийсэн эмчилгээний төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлөхгүй гэх магадлалтай. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, баруун мөрөнд гэмтэл байгаа эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй. ...” гэв.

Шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Мөрний гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Яг баруун мөр гэж бичээгүйгээс болж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулна гэж байгаа нь үндэслэл муутай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 3 дахь заалтыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Хохирогчийн буруутай үйлдэл харагддаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж хохирогчид арга хэмжээ авсан баримт хэрэгт байдаггүй. Хэн аль нь ямар буруутай байсныг нарийн шалгаж тогтоосноор хохирол төлбөрийн асуудал дахин яригдана. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Тээврийн Прокурорын газраас Э.У-ыг “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 21 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гурван бүдүүн” цайны газрын урд замд Б.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус загварын хх-хх УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан “Bieben North Benz ND4250” загварын хх-хх УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хажууд явж байсан Ч.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10116 дугаартай хохирогч Ч.Ч-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн баруун мөрөнд гэмтэл учирсан эсэх талаар дүгнээгүй байх бөгөөд нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийж, дурдсан гэмтэл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болох эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай.

Шүүгдэгч Э.У нь 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч нь дээрх ялыг хэзээ эдэлж дууссан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгүүлж, суллагдсан баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, хохирогч Ч.Ч-ийн мэдүүлэг /хх23/ зэргээс үзэхэд хохирогч Ч.Ч нь хх-хх УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын 1 дүгээр эгнээд зогсож, улмаар тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйны хаалтыг янзалсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байна.

Харин, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт, хэсгийг зөрчсөн гэж буруутгаж, яллагдагчаар татсан нь тодорхойгүй, тус тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, Э.У-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх 100/-ын тодорхойлох хэсэгт яллах дүгнэлтэд дурдсанчлан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14:21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус” загварын хх-хх УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан “Bieben North Benz ND4250” загварын хх-хх УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хажууд явж байсан Ч.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэснээ дурдсан байх бөгөөд тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай тодорхой заасан байх тул яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийн “...яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт хоорондоо зөрүүгүй, хуульд заасан шаардлагыг хангасан...” гэсэн хэсгийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/88 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/88 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ