Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0259/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг ,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хадаев овогт Баюугийн А-ад холбогдох эрүүгийн 1718000010010 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан баг 47-5 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 614 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 28-нд Өршөөл үзүүлэх тухай хууль зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөл суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хадаев овогт Баюугийн А-, регистрийн дугаар ТК70050310,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжит баг, Ойчдын 17-33 тоотод 10 настай Э.Бат-Оршихыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжит баг, Ойчдын 17-33 тоотод 10 настай Э.Бат-Оршихыг зодож биед нь тархи доргилт, зүүн эгэм, хамар, духны орчим цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч А-ын өгсөн: Тэр өдөр Мядагмаа төрсөн өдөр гээд намайг гэртээ дуудсан. Бид 2 пиво уугаад сууж байтал Мядагмаагийн хүүхэд над руу бэлэн хоолны амтлагч цацчихсан. Би яаж байгаа юм бэ? гээд 2-3 удаа цохиод авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд

Насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Оршихын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 19-нд манай аавын найз Амжаа манай гэрт согтуу орж ирсэн. Би зурагт үзээд сууж байсан чинь миний гэдэс рүү цохисон. Би хуурай сироп барьж байсан болохоор цохиход нь тэр ах руу цацагдсан. Гэтэл сироп цацдаг хэн бэ? гээд над руу шилэн бор аяга шидсэн. Тэр аяга нь толгой руу оносон. Мөн гараараа миний толгой руу цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-6-7/,

Иргэний нэхэмжлэгч Х.Мядагмаагийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 19-ний орой миний төрсөн өдөр болоод манай нөхрийн найз Амжаа ирсэн. Бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг пиво уусан. Орой 23 цагийн үед над руу сироп цацдаг хэн бэ? гээд босч ирээд миний хүү Бат-Оршихыг цохиод авсан. Би салгах гэтэл миний дээгүүр гар нь ороод миний хүүг цохиод байсан. Би А-аас хохиролд 100.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-10-11/,   

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: Э.Бат-Оршихын биед тархи доргилт, зүүн эгэм, хамар, духны орчим цус хуралт тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

Э.Бат-Оршиход учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 777 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Оршихын биед хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохиролд 100.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мядагмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А- нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 614 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 28-нд Өршөөл үзүүлэх тухай хууль зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөл суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба бага насны буюу 10 настай хохирогч Э.Бат-Орших нь биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А- нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар хугацаагүй тогтоогдсон, хувь тэнцсэн тахир дутуугийн тэтгэвэрт сард 216000 төгрөг авдаг болох нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, тэтгэврийнн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хадаев овогт Баюугийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мядагмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР