Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2023/0007

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2022 оны 02 сарын 25-ны өдрийн .. дугаартай Б.Гт холбогдох шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Х шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “...Б.Г нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн...” гэх .. дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад тухайн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч  Б.Гыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

            Материалд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” Б.Г нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” талаар тэмдэглэл үйлдсэн байна.

            Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал “зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..  дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” Б.Г нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд шийтгэлийн хуудас бичих явцдаа алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Иргэний үнэмлэх үрэгдүүлсэн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал хайхрамжгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн зөрчилд хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй нь бусад нотломжоор харагдах бөгөөд уг үйлдэл нь улсын байцаагчийн бичиглэлийн алдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл юм. Иймд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дундговь  аймгийн    Улсын    бүртгэлийн    хэлтсийн    хяналтын    улсын       байцаагч Д.Н нь Б.Гыг иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Прокурорын газрын хяналтын прокуророос Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал “зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарах ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав. 

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар  зүйлийн 8-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2022 оны 02 сарын 25-ны өдрийн .. дугаартай Б.Гт холбогдох шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн  2022 оны 02 сарын сарын 25-ны өдрийн ... дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ хэсгийн 1-р заалтын “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн “15.24.1” гэснийг  “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн  15.24 дүгээр зүйлийн 4” гэж  өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

[1] Хавтаст хэргийн 7-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн   18-р хуудас

[4] Хавтаст хэргийн  19-р хуудас