| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2107 00000 0279 |
| Дугаар | 2022/ДШМ/215 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/215
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
хохирогч М.Ж,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Ж-ыгаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.А-д холбогдох 2107 00000 0279 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн А-ийн А, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
А.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн хашаан дотор тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Ж-тай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагасны улмаас хохирогч М.Ж-ы баруун хөл хугарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овогт А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч М.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би найзындаа амарч байх үед А.А өөрөө намайг ажил дээр дуудан аваачиж, хэрүүл маргаан үүсгэсэн. Гэтэл А.А шүүх хурал дээр намайг “Ажлын байран дээрээ архи уусан, согтуу байсан” гэж худал мэдүүлсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түүнд зодуулж, биедээ гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн баруун хөлийн шилбэ, шаант ясанд төмөр суулгуулж хадуулсан. Одоо болтол төмөр, хадаасыг аваагүй, эмчилгээ үргэлжилж, ажлаа хийж чадахгүй байхад А.А надтай уулзаж эмчилгээний болон хохирлын мөнгө төлөөгүй, хохирол төлөх талаар надтай уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирол төлөх талаар ямар ч баталгаа хийж өгөөгүй байхад надад мэдэгдэлгүй шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Одоогийн байдлаар эмчилгээнд нийт 500.000 төгрөгийн, өвчтэй байх хугацааны 1 сарын цалин 500.000 төгрөгийн зардал гарсан. А.А хохирлыг төлөөгүй, төлөх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байхад хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасныг ноцтой зөрчсөн, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр ердийн журмаар хэлэлцүүлж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянасан. Хэрэгт авагдсан хохирогчийн “Хохирлын баримтаа жич бүрдүүлж нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх хүсэлтэд үндэслэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин хохирогчид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, уг эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:
Хохирогч М.Ж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхээр хангагдах ёстой.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас А.А-ийн холбогдсон гэмт хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлж, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг томилж, тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 01 дугаартай захирамжаар шүүх хуралдааны товыг тогтоохдоо мөн өдрийн 14:00 цагт улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч А.А нарыг оролцуулахаар тогтоосон байна.
Улмаар шүүх хуралдааны товыг прокурор, шүүгдэгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр хурлын товыг мэдэгдсэн /хх 113/ байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр тухайн өдрөө шүүх хуралдаанаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн, мөрдөн байцаалтын явцад хохирогч М.Ж-аас Багахангай дүүргийн Прокурорын газарт хандаж “...эмчилгээ дууссаны дараа эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан байх боловч, прокурорын яллах дүгнэлтэд “Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байгаагаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор “Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болно.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц холбогдсон хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн явцуу ойлгож болохгүй.
Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх агуулга бүхий хохирогч М.Ж-ы давж заалдах гомдлыг хүлээн авч, А.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ