Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0258/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч ,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч А-,

Шүүгдэгч Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянтогтохын Цогтбаатарт холбогдох эрүүгийн 1718000010011 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засварын ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчдийн 071 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баянтогтохын Цогтбаатар /регистрийн дугаар МЬ88071718/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг Хүнсчдийн 2-17 тоотод оршин суух А-тай маргалдаж улмаар эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг Хүнсчдийн 2-17 тоотод А-тай маргалдаж улмаас түлхэж унаган биед зүүн гарын бугалга ясны битүү хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ц-ын өгсөн: Наадмаар хүүгээ ээжтэй нь хоёр хоног уулзуулах гээд Дарханд ирсэн. Тэгээд А-д хүүгээ хоёр хоног харж бай гэж хэлэхэд надаас мөнгө нэхсэн. Надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухайн үед машины цонхон дээр зүүчихсэн зургийн аппаратыг А- булааж асван. Би зургийн аппаратаа авчихаад машиндаа суутал А- машины цонхоор гараа оруулаад зүүгдсэн. Тэгэхээр нь түлхтэл уначихсан. Хохиролд 1.500.000 өгөхөөр А-тай гэрээ байгуулсан. Би өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажилд ороод 14 л хонож байна. Тиймээс хохирлоо төлж чадаагүй. А- бид хоёр хамтран амьдарч байгаад 1 хүүхэдтэй болсон. Гэхдээ одоо тусдаа амьдарч байгаа. Би хүүхдээ ээжтэй нь хоёр хоног уулзуулъя гэж бодсон. Өөрийн бурууг ойлгож байна. Нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч А-ын өгсөн: Хэрэг гардаг өдөр Ц- над руу 11 цаг өнгөрч байхад утсаар залгаад хүүгээ хоёр хоног харж бай гэж хэлсэн. Удалгүй Ц- гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэхээр нь би гараад хүүгээ авсан. Харин Ц- 2 хоногийн дараа хүүгээ Улаанбаатар хотод хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Хот руу явахад зардлын мөнгө хэрэгтэй, зардлын мөнгө өг гэхэд надад өгөхгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би буцах замдаа дайраад хүүхдээ аваад яваарай гэж хэлсэн. Тухайн үед Ц-ын сууж явсан машинд байсан хүмүүс нь явах гээд яараад байсан. Харин машиных нь цонхонд зургийн аппарат зүүчихсэн байхаар нь би шүүрч авсан. Ц- машинаасаа буугаад зургийн аппаратаа надаас булааж аваад машиндаа буцаад суусан. Тэгэхээр нь би машиных нь цонхноос зүүгдсэн. Харин Ц- надаас зуурчихаад тавихгүй байх үед машин хөдөлж явсан. Намайг 1 шонгоос нөгөө шон хүртэл чирсэн. Чирч байхдаа Ц- намайг тавихгүй байсан. Харин машин дотор сууж байсан хүн одоо тавиач ээ, явъя гэж хэлэхэд Ц- намайг тавьсан. Би шороон дээр унасан. Босох гэсэн боловч босож чадахгүй, гар хугарсан байсан. Намайг ээж, дүү хоёр ирж босгосон. Ц- одоогоор надад мөнгө өгөөгүй байгаа. Хохирол 1,500,000 төгрөг авахаар гэрээ байгуулсан. Би эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Би зун ажил хийж сургалтын төлбөрөө олдог байсан. Гар хугарснаас болоод ажил хийж чадаагүй. Иймд зөвхөн сургалтын төлбөрөө л нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Гэрч Н.Цолмонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Туяачимэг, дүү Цогтбаатар нарын хамтаар миний Приус-20 маркийн 51-10 УНИ улсын дугаартай машинтай явж байтал Цогтбаатарын эхнэр нь хүүхдээ авна гэхээр нь Алтанзулынд очсон. Алтанзул Цогтбаатараас мөнгө нэхээд байгаа бололтой байсан. Машинд зургийн аппарат өлгөөтэй байсан чинь тэрийг авна гэсэн. Тэгсэн чинь Цогтбаатар буугаад буцааж авч ирээд машин суусан. Араас эхнэр нь зуураад байсан чинь Цогтбаатар гарнаас түлхсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Унаад гар нь хугарсан гэдгийг сүүлд мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №728 дугаартай: -А-ын биед зүүн гарын бугалга ясны битүү хугарал тогтоогдлоо.

-    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-    Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

-    А-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А-ын биед хүндэвтэр гэмтэр учирсан ба хохирогч А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж сургалтын төлбөр 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх нь эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Ц- нь хохиролд 1.500.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц- нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын цалин орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баянтогтохын Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Хохирогч А-ын 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх нь эрхтэйг болон шүүгдэгч Ц- нь хохирол 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхийг илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР