Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2023/0040

 

 

 

 

 

 2023      10        25                                               123/ШШ2023/0040

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн С.Туул,

Хариуцагч: Баянчандмань сумын Засаг дарга,

Хариуцагч: Баянчандмань сумын газрын даамал нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Туул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч М.Алтантуяа, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч С.Туул нь анх  Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 04 сарын 03-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “С.Туулд газар эзэмшүүлсэн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаартай захирамжид газрын хэмжээг бичиж захирамжийг өөрчлөхгүй сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирамжид газрын хэмжээг 13,600 мкв бичиж гаргахыг хариуцагчид даалгах, газрыг Газрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг сумын газрын даамалд даалгах”-аар нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэмэгдүүлсэн шаардлагаа “Баянчандмань сумын Засаг дарга нь С.Туулын нэр дээр 8948 мкв газрыг баталгаажуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, 8948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар багасгасан байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С.Туул шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянчандмань сумын Хөшөөтийн ар гэдэг газар мал аж ахуй фермийн зориулалтаар 2007 оноос хойш 0.5 га газрыг Ж.Ганбаатараас үнээний фермийг хамт 27 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд түүнээс хойш 2012 онд хуулийн дагуу Баянчандмань сумын Засаг даргын захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулж, кадастрын зураг гаргуулж, дүрэм журмынх нь дагуу мэдээллийн санд оруулж өнөөдрийг хүртэл 1 га газар эзэмших эрхээ авч нийт 1.5 га болсон, цаг хугацаанд нь газрын төлбөрөө төлж ирсэн. 2019 онд тухайн газар дээр 25 сая төгрөгөөр хашаа барьсан, 75 сая төгрөгөөр өвлийн халаалттай хаус барьсан. ... Ийм байхад 2014 онд гаргасан захирамжаар миний газрыг Ж.Ганбаатарын газар болгож, Ж.Ганбаатар, Д.Сарангэрэлтэй тохиролц гэж иргэн намайг хохироож байгаа тул Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 04 сарын 03-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч С.Туул шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлага, тайлбартаа:

2007 онд Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл нараас фермерийн зориулалтаар 0.5 га газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт худалдаж авсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлээд, 2012 онд хуульд заасны дагуу өөрийн хүсэлтийг өгөөд 1 га газар нэмж авах газар эзэмших эрхийн гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу тухайн үеийн Засаг дарга, газрын даамлууд 1 хүний нэр дээр 2 гэрчилгээг хамтатгаад гаргаж өгье гээд миний 0.5 га газрын захирамжийг аваад 1.5 га газар олгоод гэрчилгээ өгөөд гэрээ байгуулсан. 2020 он хүртэл 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, үхрийн фермерээ ашиглаж, эзэмшиж ирсэн. 2020 онд Ковид гарсан жил газрын төлбөрөө төлөх гээд газрын даамал М.Алтантуяатай холбогдоход газрын шинэчилсэн системд шилжиж байгаа. Түр хүлээж бай, хариу өгнө гээд 3-6 сар хүлээсэн. Сүүлд шинэчилсэн хариу гарлаа, газрын нэхэмжлэхээ авъя гэхэд татвараас нэхэмжлэх гарч ирдэг болсон. Та түр хүлээж бай гэж хэлсэн. Дахиад би 6 сар хүлээсэн. Ингээд бараг 2021 он гарсан. Энэ хооронд би хүүхдүүддээ 2 давхар дулаалгатай өвлийн байшин өөрийн хөрөнгөөрөө барьсан. 2019 онд бетонон суурьтай, тоосгон баганатай хашаагаар газраа битүүлсэн. Гэтэл энэ хооронд кадастрын давхцал үүслээ гэж хэлсэн. Тэгээд яагаад 8 жил болсон хойно кадастрын давхцал үүссэн бэ гээд хандахад би мэдэхгүй, та хүлээж бай, та тэр кадастрын давхцал үүссэн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар хоёртойгоо ярь, тэд нартай зохиц гэж хэлсэн. Баянчандмань сумын Засаг даргад ч хүсэлтээ өгсөн. Орлогч дарга н.Болдод ч хүсэлтээ өгсөн. Газрын даамал М.Алтантуяатай хэд хэдэн удаа уулзсан. Шүүхэд хандсанаас хойш энэ хугацаанд холбогдох байгууллагад албан бичгээ хүсэж, Төв аймгийн газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргад хандсан. Газрын харилцааны алба өөрсдөө 2017 онд шинэчилсэн бүртгэлд ор гэж намайг дуудаж, газрын гэрчилгээ, захирамжийг авч мэдээллийн санд оруулаад шинэчилсэн гэрчилгээ бичиж өгсөн. Энэ хугацаанд ч гэсэн миний газар ямар нэгэн асуудалгүй байсан учраас би эзэмших ёстой гэж ойлгож явсан. Гэтэл сүүлд нь шүүхийн маргаантай байх үед маргаанаа шийдүүлэх гээд явах хугацаанд 2017 онд тухайн үеийн Газрын харилцааны кадастр хариуцсан Ш.Жаргалсайхан гэх мэргэжилтэн 2017 онд миний мэдээллийн санд шинэчилсэн программд оруулахад Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нарын эзэмшил газар байгаагүй. Сүүлд өөрсдийнх нь өгсөн албан бичгийн хариуд Д.Ганбаатар, Ж.Сарангэрэл нарын эзэмшил газрыг устгаж байгаад минийхийг бүртгэсэн зөрчилтэй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тэр олон жил яагаад давхцалтай талаар эд нар өөрсдөө мэдэхгүй явсан юм бэ. 2019 онд хөрөнгө мөнгөө зараад барилга, байгууламж бариад явж байхад энэ асуудлыг сануулаагүй юм бэ. Үүнээс болж маргаан үүсэх үед өчнөөн олон сар миний бие хохироод явж байгаа. Бүр аргаа бараад гуравдагч этгээд Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нартай уулзахад 1.5 га газраасаа дурын захаасаа шилжүүлээд ав. Бүр 2 биш 4 айлын газрыг надаас ав гэж би зөндөө олон удаа гуйсан. Гэтэл заавал тэр газрыг авна гээд ашиг сонирхол байсан. Сүүлдээ миний бие хүлээн зөвшөөрөөд тэд нартай уулзаад би нэгэнт үр хүүхдэдээ барьсан, өвлүүлж үлдээх хөрөнгөө хамгаалахын тулд тэдний эрхшээлд орж 20.000.000 төгрөгийг хэлсэн үнээр нь 2 өмчлөлийн газрыг нь худалдаж авсан. Энэ хооронд 0.5 га газраа баталгаажуулж, 2007 онд авсан газраа албан ёсоор хүсэлтээ өгсөн. Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяа болон Засаг дарга нар нь өгсөн хариу бичигтээ тэрийг тусад нь баталгаажуулж өгье гэх хариу өгсөн байгаа. Гэтэл энэ дунд анхнаасаа олон жил эзэмшиж ирсэн 1.5 га газрын 8948 м.кв газар нь бүртгэлгүй болох гээд намайг зовоож байна. Тийм болохоор энэ газрыг баталгаажуулж, мэдээллийн сандаа оруулаад захирамжаа гаргаад гэрээ, гэрчилгээг олгоод өгөөч гэж хүсэж байна. Төрийн байгууллагын тухайн үеийн албан хаагч, газрын даамал, Засаг дарга нарын буруутай үйл ажиллагаанаас болж миний бие хохироод явж байгаа учраас шүүх шалгаж үзээд 8948 м.кв газрыг баталгаажуулаад, мэдээллийн санд гэрчилгээ олгуулахыг даалгаж шийдэж өгөхийг хүсэж байна. Хэрвээ хоорондоо эвлэрээд, 2024 оныход тусгуулаад явбал 2024 онд шинээр газар эзэмших эрх хүсэж байгаа юм шиг өөрийн эзэмшил газар дээр дахиад цаг заваа зарж, захирамж хүлээгээд хугацаа алдах гээд байна. Энэ хугацаанд тэр газар дээрээ тодорхой хугацаанд бизнес, хүлэмжийн аж ахуй эрхлээд, үхрийн ферм шинээр хийе гэж төлөвлөсөн ажлууд зөндөө байсан. Энэ маргаанаас болоод миний бүх бизнесийн үйл ажиллагаа зогссон. Үүнээс харахад бодит үнэлгээ тодорхой байгаа болохоос бодит бус үнэлгээ хангалттай хохирол амсаад явж байгаа. 8948 м.кв газрыг шийдүүлэхээр, баталгаажуулахаар хүсэлтээ гаргаад өгсөн. Баянчандмань сумын Засаг дарга нь С.Туулын нэр дээр 8948 мкв газрыг баталгаажуулахаас татгалзсан нь хууль бус тул 8948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгахыг хүсч байна гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А273 тоот захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл хоёроос 0.5 га газрыг шилжүүлж авсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газрыг бусдад шилжүүлсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 38.3, 38.4-т зааснаар тухайн Засаг дарга заавал захирамжилна гэж заасан байдаг. Гэтэл энэ захирамжийг Засаг дарга тухайн үед гаргахдаа буруу гаргасан. Энэ нь 0.5 га газрыг худалдаад авсан нь гэрээгээр нотлогдсон. Хоёрдугаарт, Засаг дарга захирамжлах нь хууль зүйн үндэслэлтэй. Бид гэрээ хийсэн учраас заавал газрын эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Энэ дээр захирамж дээр тоо тавихыг Засаг дарга мэднэ. Тухайн үед Засаг дарга ажилдаа алдаа гаргаж, С.Туулыг хохироосон гэдэг нь харагдаж байгаа. Шүүх хуулийн дагуу ажиллагаа хийж, Засаг даргыг яагаад шийдээгүй вэ гэж нотлох баримтыг гаргахад тухайн үед алдаатай шийдвэр гаргасан учраас миний захирамжийг дутуу гаргасан, алдаа гаргасан нь үнэн. Ийм учраас кадастрын шинэчилсэн бүртгэлд бүртгээгүй байна. Энэ бол алдаа гэсэн. Энэ алдааг арилгуулахын тулд хөөцөлдөж явсаар байгаад 1452 м.кв газрыг өөрийн кадастрын зурагт хамруулаад давхцуулсан байсан. Яагаад давхцуулсан бэ гээд хүсэлт гомдол өгөхөөр бид нар хуулийн дагуу давхцал гаргаагүй гэж байсан. Тэгээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ш.Жаргалсайхан гэх хүний кадастрын зургаар бүгд давхацсан байсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүй гэж байгаа. Хуулийн дагуу хувь хүн өргөдөл, гомдлыг өгч байхад давхцах асуудлыг мэдэхгүй. Ингэж давхцуулсны улмаас энэ хүн хохирсон. Д.Сарангэрэлтэй тохироод энэ газрыг авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаад 8948 м.кв газрыг баталгаажуулаад 2023 оны шинэчилсэн бүртгэлд бүртгээд нэмэлт бүртгэл байдаг бол 2024 оны төлөвлөгөөнд оруулаад шүүхээр даалгуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн үед бүх бичиг баримтыг өргөдөл, гомдол, кадастрын зураг гаргуулаад хуулийн дагуу өгсөн байсан. 2012 оноос хойш 11 жил үйл ажиллагаа явуулсан. Хашаа барьсан. Энэ зөрчлийг арилгуулахын тулд С.Туулын 1,5 га газартай давхцуулсан 1040 мкв газрыг Ж.Ганбаатараас 20 сая төгрөгөөр худалдаж авч бүртгүүлсэн. 0,5 га газраа нэгэнт худалдаж авсан, Засаг дарга тэрнийг шийдвэрлэж гэрчилгээг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр болсон. Одоо үлдсэн 8948 мкв газрыг захирамж гаргаад, газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тухайн хууль бус, хүчингүй шийдвэр гаргасан бол тухайн Засаг дарга, эрх бүхий этгээд зөрчлийг арилгах үүргийг заасан байгаа. Ийм учраас зөрчил, дутагдлаа арилгаад, С.Туулыг хохироохгүйгээр 8948 м.кв газрыг захирамжлаад кадастрын зургийг оруулж өгөх нэхэмжлэл гаргасан гэв.

2.4. Хариуцагч, Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа нэхэмжлэл бол өөр төрлийн нэхэмжлэл байсан. Манай эзэмшлийн газар дээр өмчлөлийн газар олгосон байна, хүчингүй болгож өгөөч гэсэн, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өнөөдөр эцсийн байдлаар 8948 м.кв талбайг баталгаажуулан мэдээллийн санд оруулан бүртгэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгуулсан шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлттэй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж ойлголоо. Хариуцагчийн гаргасан 2012 оны захирамжид газрын хэмжээ заагаагүй. Гэтэл хавтаст хэрэгт 2012 оны захирамжийг үндэслээд 2017 онд гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээг олгохдоо газрын хэмжээг 14991 м.кв гэсэн гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээг Д.Гэрэлхүү олгосон. Энэ нь ямар нэгэн шийдвэргүйгээр газрын хэмжээ заагаад гэрчилгээ олгосон. Хэдийгээр 2012 оны 09 дүгээр сарын 326 дугаар шийдвэрийг үндэслэж байгаа боловч анхны шийдвэр дээр газрын хэмжээ байхгүй учраас гэрчилгээ олгосон шийдвэр нь өөрөө үндэслэлгүй болж байна. Яагаад гэхээр Газрын тухай хууль дээр шийдвэрийг үндэслээд газрын даамал гэрчилгээ олгоод гэрээ хийгээд кадастржуулах үүрэгтэй. Энэ зөрчлийг бид хэлээд байгаа. Бид үүнээс 5000 м.кв-ыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр энэ хүн худалдах, худалдан авсан гэрээ байдаг. 5000 м.кв-ыг олгох гэж байгаад хэмжээгүй тавьсан гэх асуудлыг бид хэлж байна. Гэтэл ямар ч төлөвлөгөөгүй 1 га газрыг нэмж бичээд 8948 м.кв-ыг олго гэж байгаа юм бэ. Энэ нь өөрөө хууль бус, үүнийг Засаг дарга хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч хүсэлт өгсөн. нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбоотойгоор 2 хүсэлт гаргасан, Баянчандмань сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтдээ 10948 м.кв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд оруулан гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт. Мөн 10 дугаар сарын 24-ний өдөр дахиад 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, улмаар мэдээллийн санд оруулан баталгаажуулж, надад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ хийж өгнө үү гэх 2 хүсэлтийг өгдөг. Засаг дарга бол хариуд нь 0.5 га газрыг шийдвэрлэх боломжтой байна. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаар захирамжаар иргэн С.Туулд газар эзэмшүүлэхдээ хэмжээг бичээгүй мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр 8948 м.кв газрыг үндэслэлгүйгээр гэрчилгээ бичиж олгосон тул 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Тэгэхээр бид зөрчлийг арилгана гэсэн үг. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд боломжгүй байна гэх хариуг бид байнга өгдөг. Яагаад гэхээр 2024 оны төлөвлөгөөнд тусгаж өгөөч гэх хүсэлт өгөөд байгаа хэр нь баталгаажуулаад гэрчилгээ хийгээд өг гэдэг нь өөрөө ойлгомжгүй, боломжгүй нэхэмжлэлийн шаардлага болж байна. Төлөвлөгөөг батлахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийддэг. Төлөвлөгөөнд тусгагдсаны дараа Газрын тухай хуулийн дагуу олгох асуудал шийдэгдэнэ. Нэхэмжлэгчийн байр суурь нь нэгэнт авсан учраас шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хууль нь ийм байна. 326 дугаартай захирамж, гэрчилгээ нь ямар хуулийн заалтуудыг зөрчсөн бэ гэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 1.1-т гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг эзэмшүүлнэ гэж заасан. Энийг гэр бүлийн хэрэгцээний гэж ойлгож байгаа. Төрийн байгууллагын биш, аж ахуйн нэгжийн байгууллагынх биш, С.Туулын нэр дээр гарсан учраас. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т гэр бүлийн хэрэгцээнд олгохдоо 29 дүгээр зүйлийн 29.1-т 0.07 га-аас илүүгүй байна гэж байгаа. Гэтэл энэ хүнд 8948 м.кв болж байна. 29 дүгээр зүйлийн 29.4-т Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно гэж заасныг зөрчсөн. 31 дүгээр зүйлийн 31.1-т хүсэлт гаргана гэж байгаа. Гэтэл энэ хүсэлт хавтаст хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгч манайх хүсэлтээ гаргасан, зургаа өгсөн гэх агуулгаар яриад байдаг. Хавтаст хэрэгт баримт байхгүй. Үзлэг хийхэд байгаагүй. Энэ хэрхэн нотлогдож байна вэ гэхээр хэмжээ, зааг, байршил  харуулсан тойм зураг байна гэх. Гэтэл яагаад ийм зураг өгөөгүй байгаа талаар нотолж байна вэ гэхээр өмчлөлийн 2 газартай давхцуулаад олгосон. Давхардуулан олгох боломжгүй байдаг. Гэтэл гэрчилгээ дээр олгоод байгаа 14 м.кв газар нь өмчлөлийн газартай давхардуулан олгосон. Ийм тойм зураг өгсөн байх боломжгүй. Хэрвээ тойм зураг өгсөн бол давхардуулан өгөх боломж байхгүй байсан гэж үзэж байна. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Тухайн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт ороогүй, байхгүй. Тэгэхээр 1.5 га-аар газар эзэмшүүлсэн байх үндэслэл огт байхгүй. 34 дүгээр зүйлийн 34.1-т газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслээд гэрээ байгуулж, гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ гэж байгаа. Шийдвэр дээр нь газрын хэмжээ байхгүй. Газрын хэмжээ байхгүй учраас энэ шийдвэрийг үндэслэсэн гэж үзэхгүй. Харин 5000 м.кв газрыг худалдаж авсан учраас энүүгээр гаргах гэж байгаад 1.5 га газрыг хөндсөн юм болов уу гэж харагдаж байна. Маргаан бүхий 8948 м.кв газар бол огт олгогдоогүй гэж үздэг. Хуулийн дагуу олгогдоогүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5. Хариуцагч, газрын даамал М.Алтануяа шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс сумд очиж үзлэг хийхэд С.Туул очиж хамт үзсэн. Баянчандмань суманд байгаа газар эзэмшигч, өмчлөгч нарын хувийн хэрэг дотор С.Туулын нэртэй материал нэг ширхэг ч байхгүй. Мөн тухайн үеийн өргөдөл гомдол бүртгэдэг байсан дэвтрүүдийг бүгдийг архиваас татаж авч үзсэн. Тэр дээр ч С.Туулын нэртэй бүртгэл байхгүй учраас би мэдэхгүй байна. 2017 онд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэж байна. Тэгвэл мэдээлэлийг 2017 онд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй. Хуучин мэдээллийн санд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн бүртгэл л харагддаг. Түүнээс шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл байхгүй. Шинэчилсэн бүртгэлийг Баянчандмань сумын тухайд тухайн үед аймгийн Газрын албаны мэргэжилтэн нь хийж байсан, Баянчандмань сумын Газрын даамал шинэчилсэн бүртгэл эрхлэх эрхээ 2018 онд авсан гэж ярьдаг. Тэгэхээр 2018 оноос эхэлж Баянчандмань сумын Газрын даамал шинэчилсэн бүртгэлийг хийж эхэлсэн. Түүнээс өмнө шинэчилсэн бүртгэл хийгдээгүй. Би энэ тухайн үед Баян суманд ажиллаж байсан. Захирамжийг Засаг дарга н.Баярнэмэх гаргасан байдаг. Гэхдээ Засаг дарга юуг үндэслэж захирамж гаргасан талаар нотлох бичиг баримт манайд байхгүй. Яаж гарсан талаар мэдэхгүй байна. С.Туул 2021 онд Ковид-ын дараа 2 удаа ирсэн. Эхлээд ирэхдээ бичиг баримтаа үлдээгээд явсан. Дараа нь бичиг баримтаа авах гэж ирсэн. Авах гэж ирэхэд нь би газар тариалангийн мэргэжилтний ажлыг давхар хийж байсан учраас би хөдөө тариалангийн талбайгаар намар ажил ихтэй, ургацын мэдээ авдаг ажлаа хийгээд явж байхад ирсэн. Над руу утсаар ярьсан. Би тантай холбогдсон, та миний өрөөнд ороод үзээрэй, би хөдөө ажилтай явж байна гээд би жижүүр рүүгээ яриад өрөө рүүгээ оруулаад миний хүлээгээд авсан байсан мэдээллийн санд бүртгэгдээд явж байсан материалууд дотроос таны өргөдөл, гомдол байсан. Тэгээд та материалаа буцаагаад аваад явсан. Би өөрөө тухайн үед хүлээж авсан материалуудаа хаана байгааг мэдэж байсан учраас таныг манай жижүүртэй уулзаж байгаад ав гэж хэлсэн. Та өөрөө яаралтай бичиг баримтаа авах шаардлагатай байна, очихыг хүлээж чадахгүй гээд байсан учраас би үүдэнд дээр хариуцлага хүлээгээд сууж байгаа жижүүрийг ороод, онгойлгоод энэ хүний материалыг олж өгөхөд туслаач гэж хэлсэн, өөрөө бичиг баримтаа аваад явсан. Би 2021 онд надад материалаа өгсөн үед нь шалгаж үзсэн. Тэгээд давхцал үүссэн талаар мэдээд бүртгэл хийх боломжгүй гэж хэлсэн. Би энэ хүний асуудлыг шийдвэрлэж өгөх гээд судалсан. Судлаад кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх гээд үзэхэд энэ хүний газар давхцалтай байсан учраас бүртгэх боломжгүй байна гэж хэлсэн. С.Туул нь Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нараас давхцалтай байгаа 1040 мкв газрыг худалдан авсныг бүртгэсэн. 2007 онд гэрээгээр авсан 5000 мкв газрын асуудлыг сумаас шийдвэрлэхээр болсон, үлдсэн 8948 мкв газрын асуудлаа шийдвэрлүүлээгүй учраас мэдээллийн санд бүртгээгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч С.Туул нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэмэгдүүлсэн шаардлагаа багасган тул шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Баянчандмань сумын Засаг дарга нь С.Туулын нэр дээр 8948 мкв газрыг баталгаажуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, 8948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Маргааны үйл баримтууд: 

2.1. Иргэн Ж.Ганбаатарт Баянчандмань сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаар захирамжийг үндэслэн Хөшөөтийн ард байршилтай, нэгж талбарын 18605339210110 дугаартай 0,5 га газрыг фермерийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Газрын кадастрын CCLIS буюу хуучин мэдээллийн санд бүртгэсэн[1],

            2.2 Нэхэмжлэгч С.Туул нь иргэн Ж.Ганбаатартай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, түүний өмч болох тус сумын Хөшөөтийн ар энгэр нэртэй газарт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 000168732 дугаар гэрчилгээтэй фермерийн зориулалттай 8х16 метр үнээний байр, 6х12 метр гахайн байр, трансформаторыг хашаа болон бусад эд хөрөнгийг 0,5 га газрын хамт худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд “фермерийн зориулалттай 8х16 метр үнээний байр, 6х12 метр гахайн байр”-ыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000110821 дугаартай гэрчилгээг 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон.

С.Туул, Ж.Ганбаатар нарын 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Ж.Ганбаатараас 2006 онд гаргасан хүсэлт, 0,5 га газрыг эзэмших эрхийн 00082493 дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн байршлын зураглал, фото зураг, иргэний үнэмлэхний хуулбарууд, “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-иас олгосон техникийн нөхцөл зэргийг хавсаргасан байх боловч 0,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг Баянчандмань сумын Засаг даргад гаргасан гэх баримт хавсаргаагүй байна.

2.3.Баянчандмань сумын Засаг дарга 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 326 дугаар захирамжаар тус сумын Хөшөөтийн ар энгэрт С.Туулд фермийн зориулалтаар арван таван жилийн хугацаатэй эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан ч хариуцагч уг захирамжид С.Туулд эзэмшүүлсэн газрын хэмжээг заагаагүй байна.

2.4. Баянчандмань сумын Засаг дарга нь 2014 оны 04 сарын 03-ны өдрийн А/73 захирамжаар Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл нарт тус сумын Хөшөөтийн 1-р гудамжны 2, 4 тоот хаягт байршилтай тус бүр 0,07 га газрыг өмчлүүлж, уг захирамжаа 2014 оны 04 сарын 28-ны А/102 дугаар захирамжаар хүчингүй болгож, 2014 оны 08 дугаар сарын 29-ны А/273 дугаар захирамж гарган тухайн газрыг дахин Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл нарт өмчлүүлж шийдвэрлэсэн[2],  иргэдэд өмчлүүлсэн газрыг Газрын кадастрын ЛМ буюу шинэ мэдээллийн санд 4116030707, 4116030284 нэгж талбарын дугаарт тус тус  бүртгэсэн.

2.5. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нь Газрын кадастрын хуучин мэдээллийн санд Ж.Ганбаатарын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18605339210110 дугаартай 0,5 га газрын бүртгэлийг устгаж[3],  Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаар захирамжийг үндэслэн, Хөшөөтийн ард байршилтай, 14991 м.кв газрыг С.Туулын нэр дээр нэгж талбарын 18605339178101 дугаарт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн, С.Туулын эзэмшиж буй 1,5 га газар нь Баянчандмань сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй  байсан[4].

2.6. Баянчандмань сумын газрын даамал Д.Гэрэлхүү нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаар захирамжийг үндэслэн С.Туулд 14991 м.кв газрыг фермийн зориулалтаар эзэмших эрхийн 000688736 дугаартай гэрчилгээг олгож, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,5 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.7. Газрын кадастрын CCLIS буюу хуучин мэдээллийн сан болон ЛМ шинэ сан дахь газрын мэдээллийг давхцуулан үзэхэд Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/273 дугаар захирамжаар өмчилж буй Ж.Ганбаатарын өмчийн 700 м.кв газраас 493 м.кв газар, Д.Сарангэрэлийн өмчийн 700 м.кв газраас 547 м.кв газар нь нэхэмжлэгч С.Туулын эзэмшиж буй 14991 м.кв /1,5 га/ газартай давхцалтай байх ба Ж.Ганбаатарын өмчилсөн 700 м.кв газар дээр С.Туулын барьсан 2 давхар байшин байрлаж буй зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/779 тоот[5], 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07/418 тоот албан бичиг[6] зэргээр тогтоогдож байна.

2.8. Харин, нэхэмжлэгчээс “Миний бие анх 2007 онд Ж.Ганбаатараас 0.5 га газрыг 27 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөсгөхөөр 2012 онд хүсэлт гаргаж 1 га газраар томруулаад 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргын захирамж гарсан[7], ...0,5 га газрыг тухайн үедээ Улсын бүртгэлд бүртгүүлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоод холбогдох баримтуудыг надаас бүгдийг нь авсан, 2012 онд би  хүсэлтээ өгөхөд хамтарсан хоёр гэрчилгээтэй яваад яах вэ, нэгдсэн нэг гэрчилгээтэй нэг хүний эзэмшил юм чинь гээд захирамжаа дахиж гаргаад өгсөн, 2017 газрын алба намайг дуудаад шинэчилсэн бүртгэл явагдаж байна гээд 2017 онд дахиж гэрчилгээ бичигдсэн. Түүнээс өмнө гэрчилгээ гарчихсан, баталгаажсан байсан,...өмнөх гэрчилгээ надад байхгүй, 2017 онд шинэчилсэн бүртгэлд оруулна гээд надаас Д.Гэрэлхүү хурааж авсан...”[8] хэмээн тайлбарласан боловч,

гэрч, Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү шүүх хуралдаанд “аймгийн мэдээллийн сангийн Ш.Жаргалсайхан мэдээллийн санд оруулсан, зураг нь эх хувиараа байсан, нэгж талбарынх нь зургийг үндэслээд газрын байршлыг нь тогтоож, гэрчилгээ олгож, гэрээ хийсэн, мэдээллийн санд давхцалтай зургууд ордоггүй учраас газар давхцалгүй байсан байх. Захирамж дээр талбайн хэмжээг нь анзаарч хараагүй юм байна, талбайн хэмжээг бичээгүйг мэдэхгүй байна. Захирамж гаргаад кадастр хийгээд мэдээллийн санд оруулдаг” гэж мэдүүлсэн,

мөн, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар, газрын даамлын хариуцаж буй газрын нэгж талбарын хувийн хэрэг, сумын Засаг даргын захирамжийн дугаарын бүртгэл, захирамжийн цахим архив зэрэгт нэхэмжлэгч С.Туулыг оролцуулан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...С.Туулын нэрээр газрын нэгж талбарын дугаараар үүсгэсэн хувийн хэрэг байхгүй, 2009-2012 онуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг бүртгэсэн дэвтэрт С.Туулаас ирүүлсэн гэх өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй, 2009-2011 онуудад С.Туулд газар эзэмшүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргаагүй, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаар захирамжаар С.Туулд газар эзэмшүүлсэн захирамж гаргасан, үүнээс өөр С.Туулд газар эзэмшүүлсэн захирамж гараагүй...” гэсэн зэрэг баримтуудаар нэхэмжлэгч С.Туул нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Ж.Ганбаатараас 2009 онд худалдан авсан 0,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай, мөн уг газар дээр нэмж 1 га газар эзэмших тухай хүсэлтийг тус тус Баянчандмань сумын Засаг даргад гаргасан гэх байдал  нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул С.Туулыг маргаж буй 1 га газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаагүй, тус сумын Засаг даргаас түүнд уг 1 га газрыг эзэмшүүлсэн захирамж гаргаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.9. Нэхэмжлэгч С.Туул нь маргаан бүхий газартай давхцаж буй иргэн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын өмчилсөн Баянчандмань сумын Хөшөөтийн 1-р гудамжны 2, 4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 4116030707, 4116030284 нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, тус бүр 700 м.кв газрыг худалдан авч, эдгээр нэгж талбарын дугаар бүхий газрыг өмчлөх эрхийн 00080107114, 000801715 дугаартай гэрчилгээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн.

2.10. Нэхэмжлэгчээс 2023 оны 10  дугаар сарын 20-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргад хандан “...2007 онд Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нараас 0.5 га газрыг худалдаж авсан, 2012 оны 326 тоот захирамжаар 1 га газар эзэмших хүсэлтээ өгч 1,5 га газрыг 13 жил  эзэмшиж ирсэн. ...газрын давхцал үүссэн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нарын өмчийн газрыг 20 сая төгрөгөөр худалдаж авсан. ...иймээс нийт эзэмшиж буй 13948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд оруулан, гэрчилгээ олгуулах” тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтэд тус сумын Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/394 тоот албан бичгээр “2007 онд Ж.Ганбаатараас шилжүүлж авсан 0.5 га газрыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаар захирамжаар иргэн С.Туулд газар эзэмшүүлэхдээ хэмжээг бичээгүй мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр 8948 метр квадрат газрыг үндэслэлгүйгээр гэрчилгээ олгосон байх тул 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн. Үүнээс үзвэл, хариуцагч Засаг дарга “нэхэмжлэгчийн 0,5 га газрыг эзэмших захирамж гаргуулах” хүсэлтийг хүлээн авсан, харин түүний “8948 мкв газрыг эзэмших захирамж гаргуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2.11. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд Баянчандмань сумын газрын даамалд хандан эзэмшсэн газар болон Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нараас худалдан авсан газраа Газрын мэдээллийн санд бүртгүүлэх  хүсэлт гаргаснаар С.Туулын худалдан тус бүр 699 мкв талбайтай өмчийн газрыг түүний нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн, бусад газрыг бүртгээгүй байх тул нэхэмжлэгчийн газрын зарим хэсгийг бүртгэсэн, бусад газрыг бүртгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал, маргаж буй 1,5 га газраас 1040 мкв газар нь Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын өмчилсөн 1400 мкв газартай давхацсан тул тухайн газрыг эдгээр иргэдээс худалдан авсныг газрын даамал мэдээллийн санд С.Туулын нэр дээр бүртгэж баталгаажуулсан, харин үлдэх 13951 мкв газрыг түүний нэр дээр бүртгээгүй, эс үйлдэхүй гаргасан байна.

2.12. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан журмаар 8948 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гаргуулах хүсэлтээ 2023 оны 10 дугаар сард Баянчандмань сумын Засаг даргад гаргасан, харин түүний хүсэлт гаргасан газар нь тус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын тусгаагүй газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй байх тул Баянчандмань сумын Засаг даргын 2023  оны 10 дугаар сарын 01/394 дугаар албан бичгээр “8948 мкв газрыг эзэмших захирамж гаргуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.“ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим баримтална” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн маргаж буй 8948 мкв газрыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж шийдвэрлэхээ илэрхийлсэн байх тул хариуцагчийн татгалзсан шийдвэр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

2.13. Хариуцагч, газрын даамал нэхэмжлэгчийн маргаж буй 14991 мкв газраас 13951 мкв газрыг түүний нэр дээр бүртгээгүй, эс үйлдэхүй гаргасан бөгөөд нэхэмжлэгчид маргаж 13951 мкв газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг Баянчандмань сумын Засаг даргаас гаргаагүй нь дээр дурдсанаар тогтоогдсон тул газрын даамлын эс үйлдэхүй  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

2.14. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч С.Туулын “8948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгох” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/394 тоот татгалзсан шийдвэр болон  нэхэмжлэгчийн 13951 мкв газрыг түүний нэр дээр бүртгээгүй газрын даамлын эс үйлдэхүй хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй газрыг баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Туулын “Баянчандмань сумын Засаг дарга нь С.Туулын нэр дээр 8948 мкв газрыг баталгаажуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, 8948 мкв газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.5 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 143 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-1, 87,94,124 дэх талд,

[3] Хавтаст хэрэг-1, 44 дэх талд,

[4] Хавтаст хэрэг-1, 143 дахь талд,

[5] Хавтаст хэрэг-1, 6 дахь талд,

[6] [6] Хавтаст хэрэг-1, 142-153 дах талд

[7] Хавтаст хэрэг-1, 31 дэх талд, нэхэмжлэгчийн 2023.06.09-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

[8] Хавтаст хэрэг-1, 36 дахь талд, нэхэмжлэгчийн 2023.06.09-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,