Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/239

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2102 00414 0295 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ийн Б, 2000 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М их сургуулийн 3 дугаар түвшний оюутан, ам бүл 5, эх, гурван дүүгийн хамт Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон;

Г.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,284 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “2021 оны 9 дүгээр сарын 15, 16-ны үед Дархан-Уул аймгийн Хонгор суманд шивээс хийх ажлаар очиж 3 хоноод хот хоорондын автобусанд суух гээд хүлээж байх зуураа Хонгор сумын нутаг дэвсгэрээс 100-ийн гялгар уутаар дүүрэн өвс түүж аваад, цүнхэндээ хийгээд дээрээс нь шивээс хийхэд хэрэглэдэг тоног төхөөрөмжөө хийсэн. Улаанбаатар хотод ирээд шууд Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод байх гэртээ очоод өөрийнхөө амьдардаг өрөөний модон шкафны дээр нь хатаах гэж тавьсан байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг, эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үйлдлийг шалгах шаардлагатай. Мөн шүүгдэгчийн өгсөн “Би өвснөөсөө хэнд ч өгөөгүй. Зөвхөн А-тай нэг удаа хамт хэрэглэсэн” гэсэн мэдүүлгийн дагуу хамт хэрэглэж байсан гэх А-аас шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар асуух шаардлагатай гэж дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өөрийнхөө эсрэг гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнд холбогдох хэргийг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэсэн шинжээр гэмт хэргийн шинжийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болно. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “Энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” үндэслэлд хамаарч байна.

Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан асуудлыг тодруулах зорилгоор А-аас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа нь шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, заавал хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, энэ ажиллагааг хийж гүйцэтгэснээр шүүх ямар үйл баримтыг нотлох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, прокуророос шүүгдэгч Г.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тухайн бодисыг хэрэглэсэн үйлдэлд нь буруутгаагүй.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэртээ хадгалж байсан үйл баримт нотлогдсон. Харин бусад үйл баримт нь гэрчийн мэдүүлэг байсан учир өөрийнх нь эсрэг нотлох баримтаар ашиглаж болохгүй гэх зарчмыг баримталж, хадгалсан гэх шинжээр нь яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэг шүүхээс буцсаны дараа А тусдаа эрүүгийн хэргээр шийдвэрлэгдсэн гэж хяналт тавьсан прокурор нь хэлж байсан. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Г.Б-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,284.00 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үйлдлийг шалгах”, “А-аас шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар асуух шаардлагатай” гэсэн үндэслэлийг зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараагийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулна. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх талуудын хүсэлтээр хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилтод нийцнэ.

Иймд прокурор Б.Энхбатын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба холбогдсон гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ