Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
Хэргийн индекс | 117/2023/0002/З |
Дугаар | 117/ШШ2023/0008 |
Огноо | 2023-05-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 117/ШШ2023/0008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2021 оны 12 сарын 23-ны өдрийн ... дугаартай Б.Эт холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Х шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “... Б.Э нь иргэний үнэмлэхээ гээгдүүлж, үрэгдүүлсэн...” гэх 2 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад тухайн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Э 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.
Материалд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” Б.Э нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” талаар тэмдэглэл үйлдсэн, шийтгэл оногдуулсан байна.
Гэвч дээрх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт” тус бүрийг нэг бүрчлэн бичиж шийтгэл оногдуулахаар зааж хуульчилсан байтал эрх бүхий албан тушаалтан нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсанд ... зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал нь зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэлийн дагуу шийтгэл оногдуулахаар байтал өөр өөр зөрчил үйлдсэн талаар шийтгэлийн хуудсыг бөглөсөн мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” Б.Э нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд шийтгэлийн хуудас бичих явцдаа алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Иргэний үнэмлэх үрэгдүүлсэн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал хайхрамжгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн зөрчилд хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй нь бусад нотломжоор харагдах бөгөөд уг үйлдэл нь улсын байцаагчийн бичиглэлийн алдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл юм. Иймд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Ннь Б.Эийг иргэний үнэмлэхээ гээгдүүлж, үрэгдүүлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.
Гэвч Прокурорын газрын хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт” тус бүрийг нэг бүрчлэн бичиж шийтгэл оногдуулахаар зааж хуульчилсан байтал өөр өөр зөрчил үйлдсэн талаар шийтгэлийн хуудсыг бөглөсөн мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.
Хариуцагч дээрх прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарах юм.
Зөрчилд холбогдогч Б.Э 2021 оны 12 сарын 23-ны өдөр “Төрийн сан 10008.. Ду.. торгуулийн орлого” дансанд торгуулийн 30000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор орон нутгийн орлогод төлөгдсөн мөнгийг Б.Э..т буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 12 сарын 23-ны өдрийн ... дугаартай Б.Э.т холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2021 оны 12 сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны баримтаар төлөгдсөн торгуулийн 30000 /гучин мянга/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Б.ийн Э.т /./-д буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ В.Ц.