Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0257/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг ,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч У-,

Шүүгдэгч Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарсүрэнгийн Дарханбаатарт холбогдох эрүүгийн 171800000009 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Шарын гол сум Санжит баг Буянт нарийн жалга гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Дарханбаатар, регистрийн дугаар ТК87020818,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжит багийн нутаг дэвсгэрт иргэн У-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжит багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн У-г зодож биед нь тархи доргилт, зүүн бугалга, баруун шанаан дахь цус хуралт, хэвлийн өмнө хэсгийн зулгаралт, умайн тонус /базлалт/ бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Дарханбаатарын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манайд найзууд маань ирсэн. Би найз нартайгаа 2 шил архи хувааж уусан. Тухайн үед би У-тай маргалдсан учир У- Шарын гол сум руу аав ээж дээрээ очно гэсэн. Би явуулахгүй гэснээс болж маргалдсан. Би У-г 2 удаа алгадсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэх мэдүүлэг,

Хохирогч У-гийн өгсөн: Тухайн хэрэг гардаг өдөр манай гэрт М.Дарханбаатарын найзууд нь ирсэн юм. Тэд архи уугаад маргаад байсан. Гэтэл Д-унтлаа гээд унтаад өгсөн. Би Шарын гол сумын төвд байдаг гэр лүүгээ явсан. Явган алхаж байтал Д-араас ирээд явуулахгүй гээд татсан. Тэгээд бид хоёр маргалдаад Д-намайг цохисон. Замд машин таарахаар нь би суугаад Шарын гол сумын төв рүү хүргүүлсэн. Энэ хэрэг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон. Энэ хугацаанд бид хоёр эвлэрсэн. Д-дахин архи ууж зовоохгүй гэж амлалт өгсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 729 дугаартай: У-гийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун шанаан дахь цус хуралт, хэвлийн өмнө хэсгийн зулгаралт, умайн тонустай /базлалт/ байдал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

У-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д-нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч У- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын цалин орлогогүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг банкны салбаруудын тодорхойлолтууд зэрэг хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд бүрэн дунд сургуулийн сурагчдыг болзошгүй аюул осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч М.Дарханбаатарт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын бүрэн дунд сургуульд “school police” буюу сургуулийн эргүүлээр 300 цаг ажиллах нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мягмарсүрэнгийн Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д-нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч У- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч М.Дарханбаатарт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын бүрэн дунд сургуульд “school police” буюу сургуулийн эргүүлээр 300 /гурван зуу/ цаг ажиллах нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дарханбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР