Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0159/Э

 

Дархан-Уул аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Иргэдийн төлөөлөгч Н-,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч Т-ийн өмгөөлөгч М.Жаргалсайхан,

Хохирогч Г-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Хохирогч Г-, Б-, Т-, Д.Мөнгөнцэцэг, Д.Нарантуяа,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Б-ын өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгч Н.Болормаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Нямсүрэн,

Гэрч Д-, Б-, А-,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Б-,

Шүүгдэгч Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Нацагдоржийн Болормаа, Амгаланбаатарын Батбаатар нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000630 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Цэдэндамбын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аргалчин овогт Нацагдоржийн Болормаа, Регистрийн дугаар ДН86072208,

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын механик оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Урьд:

 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 3 сар хорих ялаар,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих оногдуулж 2006 оны өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жил хорих ял хасч, 2005 оны 08 дугаар сарын 29-нд оногдуулсан ялд 1 жилийг нэмж нэгтгэсэн, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон могод овогт Амгаланбаатарын Батбаатар, регистрийн дугаар ТК86031818,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б-нь шунахайн сэдэлтээр “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт” УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар

-хохирогч Б-аас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 19-ний хооронд 16 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 485.428.000 төгрөгийг,

-хохирогч Д.Нарантуяагаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 17-ны хооронд 43 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 535.933.000 төгрөгийг,

-хохирогч Б-аас 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдреөс 2015 оны 06 дугаар сарын 04-ний хооронд 19 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 337.680.000 төгрөгийг,

-хохирогч Д.Мөнгөнцэцэгээс 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны хооронд 31 удаагийн үйлдлээр 372.320.000 төгрөг, нийт 1.731.361.000 төгрөгийг,

Мөн яллагдагч Б-нь Б-тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт" УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж өгнө’’ гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар

-хохирогч Г-аас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны хооронд 4 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 52.000.000 төгрөгийг,

-хохирогч Т-өөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс оны 05 дугаар сарын 28-ны хооронд 5 удаагийн үйлдлээр 274.000.000 төгрөгийг нийт 326.000.000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр залилан мэхлэж авч бусдад нийт 2.057.361.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Б- нь Н.Болормаатай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч "Эрдэнэт УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж өгнө”, “өөрийгөө Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн уурхай хариуцсан ерөнхий инженер, ажлын үнэмлэхээ ажлын хувцсанд орхичиж, би энэ ажлыг хийдэг гол хүн" гэж худал ярьж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар,

-хохирогч Г-аас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны хооронд 4 удаагийн үйлдлээр 52.000.000 төгрөгийг Н.Болормаагийн банкны дансанд шилжүүлсэн,

-хохирогч Т-өөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны хооронд 5 удаагийн үйлдлээр 274.000.000 төгрөг Н.Болормаагийн банкны дансанд хийлгэж, давтан үйлдлээр нийт 326.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б-нь “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт шахаж дундаас нь их хэмжээний ашиг олдог гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Нарантуяа, Б-, Б-, Д.Мөнгөнцэцэг Г- нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2014 оны 2 дугаар сараас эхлэн 2015 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч Д.Нарантуяа, Б-, Б-, Д.Мөнгөнцэцэг, Г-, Т- нараас бэлнээр болон дансаар 2.057.361.000 төгрөгийг залилан авч, 1.428.707.000 төгрөгийг ашиг гэж хэлэн буцаан өгч 628.654.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б- нь Н.Болормаагийн зааж өгснөөр хохирогч Г-, Т- нартай уулзаж би “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн уурхай хариуцсан инженер байна. “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт шахаж дундаас нь их хэмжээний ашиг олдог гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Г-, Т- нарт их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Болормаагийн өгсөн: Би 2013 оны 9 дүгээр сард Төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон. 2013 оны 11 дүгээр сард Даваадорж гэх хүн намайг өрөөндөө дуудаж уулзсан. Тэр үед Төмөрлөг болон Эрдэнэт үйлдвэрийн хооронд ган бөмбөлөг нийлүүлдэг талаар хэлээгүй. Ерөнхийдөө ашигтай бизнес байна гээд тухайн үед бээлийн дээр жишээ авч тайлбарлан өгч байсан. Тэгээд энэ талаар нэр бүхий нэг хүнд хэлээд өгөөч гэхээр нь би тэр хүнийг сайн танихгүй учир хэлээгүй. Тэгээд 2014 оны 2 сараас эхлээд Нарантуяа эгчид энэ талаар хэлэхэд Нарантуяа эгч 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Тухайн үед Нарантуяа эгчтэй тохиролцлын гэрээ гэж бичгээр гэрээ хийдэг байсан. Нарантуяагаас авсан бэлэн мөнгөө аваад Даваадоржид өгч байсан. Энэ мэтчилэн Нарантуяа эгчээс 2013 оны 2 сараас эхлэн 2015 оны 6 сар хүртэл нийт 40 удаагийн үйлдлээр 268.633.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан. 168.633.000 төгрөгийг дансаар, үлдэгдэл мөнгийг бэлнээр авсан байдаг. Нарантуяа эгчид 75 удаагийн үйлдлээр 325.693.000 төгрөгийг дансаар өгсөн. Батбаатараас 17 удаагийн үйлдлээр нийт 218.184.000 төгрөгийг авч 38 удаагийн үйлдлээр 267.935.000 төгрөгийг буцааж өгсөн, Баярбаатараас 306.928.000 төгрөгийг аваад 393.920.000 төгрөгийг өгсөн. Мөнгөнцэцэгээс 372.320.000 төгрөгийг авсан. 402.609.000 төгрөгийг дансаар буцааж өгсөн. Г-аас 310.000.000 төгрөгийг дансаар авч 128.100.000 төгрөгийг буцааж өгсөн. Т- гэх хүнтэй би өмнө нь уулзаж мөнгө авч байгаагүй, Г- ахтай л уулзаж байсан.

2015 оны 6 сарын 04-ний өдөр мөнгө гарч ирэх ёстой байсан боловч мөнгө гарч ирээгүй, мөнгө гарч ирэхээргүй болчихлоо гэснээс хойш Т-тэй уулзсан.

Би Г-, Т- хоёрыг мөнгө гарчихлаа хүрээд ир гэж ерөөсөө дуудаагүй, мөнгө гарахгүй болчихлоо гэхэд өөрсдөө ирж уулзсан. Би энэ хүмүүсээс мөнгө залилан мэхэлж авъя гэсэн зүйл байгаагүй, бүхий л учир байдлаа хэлж байсан. Би удаа дараа энэ хүмүүст та нар тэр хүмүүстэй нь өөрсдөө очиж уулзаад мөнгө төгрөгөө оруулаад явчих, надад ямар ч ашиг байхгүй байхад би оролцмооргүй байна гэдгээ хэлж байсан.  Гэтэл чи оролцсоноороо өөрөө явж бай гээд очиж уулзаагүй. Үйлдвэрээс бэлэн мөнгө гарч ирэхэд би энэ хүмүүст бэлэн мөнгө өгч байсан. Тэр талаар нотлох баримт байхгүй учир тооцоонд оруулаагүй байгаа. Нарантуяа эгч анхнаасаа цаасан дээр тэмдэглээд явж байсан. Баярбаатар эгчтэй зээлийн гэрээ хийсэн. 2 удаа нотариатаар баталгаажуулсан. Тухай бүр тооцоо нийлээд явж байсан. Тэр тооцоо нийлсэн баримтууд өөрсдөд нь байгаа. Нарантуяа эгч 2014 оны 7 сараас хойших тооцоог гаргаж ирсэн. Тэрнээс өмнөх нь өөрт нь байсан боловч устгасан байсан. Чамайг устгаад явж бай гэсэн учир устгасан гэж хэлсэн. Би бол устгаад явж бай гэж хэлж байгаагүй, та өөрөө тэмдэглээд л явж бай гэж хэлж байсан.

Би Г- ахад 2014 оны 11 сараас хойш ингэж мөнгө төгрөг оруулдаг гэж ярьж байсан. Гэтэл  Г- ах би өөрөө уурхайд ажилладаг учир мэднэ. Тийм боломж гарвал чи хэлээрэй гэхээр нь би 4 сард 150 сая төгрөг оруулах боломжтой байна гэтэл инженерээ явуулчих гэхээр нь би Даваадорж гэх хүнтэй холбогдож энэ талаар хэлэхэд инженер явуулах ямар ч боломжгүй, чи өөрөө учраа ол гэхэд нь би Г- руу инженер явуулах боломж байхгүй байна, би тань руу мөнгө оруулаад авч байгаа хүнийг явуулах уу? гэхэд тэг гэсэн. Тэрний дагуу би Б-ыг чи Г- ахтай очиж уулзаад ямар учиртайг нь хэлээд тайлбарлаад өг гэсэн. Б- тэрний дагуу очиж уулзсан. 2 хоногийн дараа миний данс руу 150 сая төгрөг орж ирсэн. Тэр 150 сая төгрөгийн 90 сая төгрөгийг Б-ын данс руу хийгээд үлдэгдэл мөнгийг Баярбаатар болон Нарантуяа эгчийн данс руу хийсэн. Энэ хүмүүсийн гарч ирэх ёстой байсан мөнгө болох 150 сая төгрөгийг буцаагаад шууд орууллаа шүү гээд явж байсан. Энэ хүмүүс ерөнхийдөө хүүний мөнгө нь гарч ирээд буцаад шууд орлоо шүү гэдэг зарчмаар ажиллаж байсан. Мөн нэг нэгнийгээ нөхөх аргаар бас ажиллаж байсан. Энэ болгоныг өөрсдөө мэдэж байгаа. 4 сарын дундуур Г- над руу утсаар яриад чи Б-тай гэрээ хийгээдэх гэсэн. Тэрний дагуу би гэрээ хийгээд эх хувийг нь Г-д өгсөн. Би энэ хүмүүсийг залилан хуурч мэхэлж байгаагүй, бүгд л хамтраад ярилцаад хамт явж байсан. 7 сараас 8 сар хүртэл байнгын Б-, Нарантуяа эгч бид нар Улаанбаатар хотод тэр хүмүүстэй уулзалдах гээд явж байсан гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б-ын өгсөн: 2014 оны 6 сарын дундуур анх би Н.Болормаад 20 сая төгрөгийг өгсөн. 14 хоногийн дараа 15 сая төгрөг өгсөн. Энэ байдлаар 2015 он хүртэл Н.Болормаад мөнгө өгөлцөж аваад явж байсан. Б-тухай бүрт нь ашгаа өгч байсан. Үндсэн мөнгөн дээрээ олсон ашгаа нэмээд өгч байсан. Төмөрлөгийн үйлдвэр Эрдэнэт үйлдвэрт  ган бөмбөлөг нийлүүлдэг. Үүн дээр мөнгө оруулж ашиг олдог маш нууц бизнес гэж Б-надад хэлж байсан. 2015.04.06-ны өдөр Б-манай 1 инженер 150 сая төгрөг оруулсан байсан. Тэр мөнгөө аваад ажлаасаа гараад Хөтөлийн Цементийн үйлдвэр рүү шилжсэн учир тэр хүний оронд хүн оруулах хэрэгтэй байна. Чамд мөнгө байна уу? гэхээр нь тэр үед надад мөнгө байхгүй гэсэн. Гэтэл Б-дараа нь чи манай ах Г- гэх хүнтэй очиж уулзаадах. 150.000.000 төгрөгөөр хүн оруулах гэсэн боловч нөгөө хүмүүс нь инженерээ явуул гээд байна. Чи энэ асуудлыг мэддэг учир инженер нь гэж хэлж уулзаад мөнгө хэрхэн өгч авдаг талаараа тайлбарлачих. Би Г- ахтай бүх зүйлээ ярьсан. Г- ах чамайг инженер биш гэдгийг чинь мэдэж байгаа. Харин нөгөө хүмүүс нь мэдэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би болохгүй шүү дээ гэж хэлтэл зүгээрээ би ахдаа хэлсэн байгаа гэсэн. Би тухайн үед  Н.Болормаад тусалъя гэж бодоод явсан. Тэнд очтол Г- ах намайг тосож уулзахаар нь би инженер биш шүү дээ гэж хэлтэл Г- ах Н.Болороо бид 2 ярьчихсан байгаа. Чи мөнгө авч байсан уу? тэр талаараа хэлчих гэж байсан.

Би Т- ахтай уулзаад би уурхайн инженер гэж хэлээд мөнгө өгч авч байгаа талаараа ярьж өгсөн. Тэгтэл Г-, Т- 2 чи явж бай чамд мөнгө өгч явуулахгүй, бид хоорондоо ярилцаж байгаад шийднэ гэж хэлсэн. 2 хоногийн дараа Б-дансанд 150 сая төгрөг Т-өөс орж ирлээ гэж надад хэлсэн.

Би өөрийн хамаатнуудаас 100 гаран сая төгрөг зээлсэн байсан. Би эдгээр хүмүүсийн мөнгийг гаргаж өг гэж хэлтэл Б-та нарын гарах мөнгийг цааш нь гаргахгүйгээр шууд явуулчихъя гээд 90 сая төгрөгийг өгөх ёстой хүмүүст нь тараагаад өг гээд миний данс руу шилжүүлсэн. Би өгөх ёстой хүмүүс рүү нь тэр дор нь шилжүүлсэн. Б- надад  Даваадорж, Баттөгс, Туяацэцэг, Авирмэд гэх хүмүүсийн нэрийг л хэлдэг байсан. Тэр хүмүүстэй бид нарын төлөөлөл болгож 2-3 хүн уулзуулна гэдэг байсан.  Тэгээд манай ээжийг уулзуулах уу гэхэд ээж зөвшөөрөөгүй байсан. Би мөнгө өгчихсөн байсан болохоор тэр хүмүүстэй нь нэг уулзаад үзье гэж бодоод хэзээ уулзуулах вэ гэхэд Б-тэгж байгаад уулзуулнаа л гэдэг байсан. Б-6 дугаар сарын 04-ний өдөр мөнгө гарна гэж байгаад гарахаа больчихлоо 7 дугаар сарын 22-ны өдөр болчихлоо гэж хойшлуулсан.  Тэгж байгаад мөн 8 дугаар сарын 10-ны үеэр мөнгө гарлаа гээд би ээж эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот орсон. Гэтэл мөнгө гараагүй учир бид хэд мөнгө гарахыг хүлээж хэд хоног буудалд хоносон. Сүүлдээ манай гэрийнхэн буцаад би Н.Болормааг дагаж хэд хоног явсан. Тэгээд  9 дүгээр сарын 04-ний өдөр ээж чамайг Цагдаагийн газраас асууж байна гэхээр нь би Н.Болормаад хэлтэл би цагдаагийн газарт очихгүй, мөнгөө аваад нөгөө хүмүүстээ өгчихөөд очно, чи яв гэхээр нь би ирж мэдүүлгээ өгсөн гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г-ын өгсөн: 2014 оны 9 сараас эхлээд Б-надруу ярьж эхэлсэн. Би Төмөрлөгийн үйлдвэрт хууль зүйн хэлтсийн дарга болсон. Бичиг баримт үзэж байгаад мөнгө эргэлдүүлдэг ажлыг мэдсэн. Намайг мэдсэн болохоор тэр хүмүүс намайг мөнгө оруулаад ашиг ав гэж хэлсэн. Та мөнгө оруулах боломж байна уу гээд ярьдаг байсан. Энэ мэтээр 12 сар хүртэл байнга ярьсан. Тэгээд би ямар учиртай яадаг бизнес вэ гэж асуухад 14-21 хоногийн хугацаанд мөнгө орж ирдэг гэж хэлсэн. Тэгээд би өөрийн найз Т-т энэ талаар хэлж байсан. 2 сард манай ээж өөд болоод 49 хоногийг нь Дарханд Н.Болормаагийн гэрт хийсэн. Ирсэн хүмүүсээ гаргаж өгөөд байж байтал Б-ирээд та нөгөө яриад байсан саналыг бодож үзсэн үү, мөнгө оруулдаг байсан инженер Хөтөлийн цементийн үйлдвэр лүү шилжсэн. Тэр хүний оронд орох боломж байна гэхээр нь би Т-тэй уулзаж хэлсэн. Т- цаана нь гардаж хийдэг дарга болон инженертэй нь уулзаж үзье гэхээр нь би Н.Болормаад гардаж ажилладаг инженерийг нь явуулчих гэтэл тэгье гэж хэлсэн. Бид хүлээгээд сууж байтал Б- ирээд Б-хууль зүйн хэлтэст дарга хийдэг, ямар нэгэн эрсдэл байхгүй, ямар нэгэн асуудал гарвал Б-дарга учир шийдчихнэ гэж хэлсэн. Би бэлдэцийг бэлдэж өгдөг хүн гэж гэсэн. Б- мөнгө нь бэлэн бол аваад явъя гэхээр нь бид одоо чамд өгөхгүй ярилцаж байгаад өгье гэж хэлсэн. Маргааш нь Т- 150 сая төгрөгийг шилжүүлчихлээ гэсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан. Дараа нь би Н.Болормаад 52 сая төгрөг өгөөд 15.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл 36.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т-ийн өгсөн: Г- надад манай дүү Б-Төмөрлөгийн үйлдвэрт хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. Төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг гаргаж Эрдэнэт үйлдвэр лүү нийлүүлдэг бизнес байна. Тэрэнд оруулаад өгөх боломж байна гэсэн чамд мөнгө байна уу? гэхээр нь би инженертэй нь уулзъя гэтэл Б- ирсэн. Би ямар учиртайг нь асуухад би тоо ширхгийг нь гаргадаг, Б-санхүүгээ хариуцдаг. Манай найз Бат-Эрдэнэ гэх хүн Хөтөл рүү шилжиж байгаа. Тэр хүний орон зайг ашиглаад орох эрх байгаа гэхээр нь 150 сая төгрөгийг шилжүүлсэн. Ярьсан хугацаандаа 30 сая төгрөг орж ирсэн. 2-3 хоногийн дараа 35 сая төгрөг нэхсэн. Тэр мөнгийг нь өгсөн. 35 сая төгрөгийн хүү гэж орж ирсэн. Тэгээд 55 сая, 65 сая төгрөг гэх мэтээр өгсөөр байгаад нийт 274.000.000 өгсөн байсан. Энэ мөнгөнөөс 102.000.000 төгрөг буцааж авсан. Одоо 172.000.000 төгрөгийг Б-болон Б- нараас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б-ын өгсөн: Н.Болормааг өмнө нь ажил хэргийн холбоотой таньдаг байсан. 2014 оны 6 дугаар сард Олон улсын худалдааны төв дээр явж байгаад Н.Болормаатай таарсан. Тухайн үед би Төмөрлөгийн үйлдвэрт хүний нөөц хийж байгаа гэж хэлээд салсан. Удаагүй 10 дугаар сарын 17-ны өдөр Б-над руу залгаад тухайн бизнесийн талаар хэлсэн. Тэрнээс хойш Б-над руу 3-4 удаа залгасан. Тэгээд Н.Болормаатай уулзаж асуудлыг тодруулаад нөхөртөө хэлээд 2014.11.12-ны өдөр зээл авч Н.Болормаад өгсөн. Тухайн үед Б-маш их итгэл үнэмшил төрүүлж байсан. Одоо болохоор бид нараас авлагатай юм шиг яриад байна. Би 52 удаагийн үйлдлээр нийт 485.428.000 төгрөгийг Н.Болормаад өгч 31 удаагийн үйлдлээр 393.920.000 төгрөг авсан. Зөрүү нь 91.508.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөр бусад хүмүүсээс мөнгө зээлж Н.Болормаад өгч байсан. Миний бусдад төлөх өр зээл нийт 92 сая төгрөг байгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Мөнгөнцэцэгийн өгсөн: Б-над дээр ирж уулзаад би Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Надад нэг санал байна. Та надад мөнгө олоод өг би тэр мөнгийг чинь цааш нь өсгөөд өгье. Дархан төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэр лүү бараа бүтээгдэхүүн нийлүүүлдэг нууц бизнес байдаг гэж хэлсэн. Эхлээд намайг 600.000 төгрөгийг олоод өг гэсэн.  2014 оны 7 сард эхлээд 2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөнийхөө хүүг хугацаандаа өгч байсан. Тэгээд авч байсан мөнгөө ахиулаад авдаг байсан. Би тухайн үед ямар учиртай юм бэ? чи өөрөө асуудалд орвол яах вэ гэж асууж байсан. Инженерт өгдөг, та айлтгүй гэж хэлж байсан учир би итгэсэн. Б-гэнэт утсаар залгаад тэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо та олоод өг гэхээр нь би хүн амьтнаас зээлээд олж өгдөг байсан. Сүүлдээ мөнгө хугацаандаа гарахгүй хойшлоод байхаар нь асуутал найдвартай гэж хэлдэг байсан. Би Н.Болормаад 372.320.000 төгрөгийг өгсөн 330.609.000 төгрөгийг авсан. Одоо 41.710.000  төгрөгийг авна гээд гараад ирсэн гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Нарантуяагийн өгсөн: Б-СЗДТГ-т манай нөхөртай хамт ажилладаг байсан. 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр  Б-манай нөхрөөр дамжуулаад 2.000.000 төгрөг зээлж байсан. Түүнийгээ бага багаар төлж байсан. 2014 оны эхээр Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д хөрөнгө оруулалттай байна гэж хэлсэн. 4-5 инженер хамтарч ажилладаг гэж удаа дараа ярьсан. Би 15.000.000 төгрөгийг хэд хувааж өгсөн. Тэгж өгчихөөд үргэлжлүүлээд мөнгө өгч байсан. Надад 20%-ийн ашиг амлаж байсан. Би надад 20%-ийн ашиг хэрэггүй. Би 15%-ийн ашиг авъя. Чи цаанаасаа хэдийг авахаа өөрөө мэд гэж хэлж байсан. Олон удаагийн үйлдлээр мөнгө өгөлцөж авалцаж байсан. Эхлээд Б-бид хоёр гэрээ хийдэг байсан. Эхний хэдэн гэрээг би устгадаг байсан. Б-намайг манай инженерүүдтэй танилц таныг танилцуулмаар байна гэхээр нь би чи нууц гэж байсан би наад нарийн юмнуудыг чинь  ойлгохгүй учир чи анхнаасаа хариуцсанаараа хариуцаад яв гэж хэлж байсан.  2015 оны 6 сард Г-, Т- нар надтай ирж уулзан та бүх зүйлийг мэднэ юу болоод байгааг тайлбарлаад өг гэхээр нь би манай хүүхэд Төмөрлөгт инженер битгий хэл дотор нь ч орж үзээгүй, би Н.Болормаатай гэрээ хийгээд мөнгө зээлүүлдэг гэж хэлсэн. Б-надад 7 дугаар сарын 22-ны өдөр мөнгө гарах боллоо мөнгө гарвал манжуур явъя гэж бид хоорондоо ярилцсан байсан. Тэгээд Б-манай захирал  намайг амралтанд яваад ир гээд  4 сая төгрөг өгсөн. Би танд 1 сая төгрөгийг өгье гээд Б-болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамт 7 дугаар сарын 4-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл амралтаар хамт явсан. 7 дугаар сарын 20-ны өдөр ирээд Б-мөнгөө гаргана гээд хот явсан. 8 сарын эхээр мөнгө гарах болчихлоо та хүрээд ир гэсэн. Оффис нь талбайн хажууд байрладаг байсан. Тэнд хэд хоног хүлээгээд сүүлдээ буцсан. Би тухайн үед Г-, О.Түшинтөгс нартай холбоотой байсан. Б-утсаар ярьдаггүй байсан. Н.Болормааг тэд нартай уулзуулъя гэхээр Н.Болормааг алдчихдаг байсан. Мөнгө гарахгүй болохоор Баттөгс гэх захиралтай нь уулзах гээд явж байтал Баярбаатартай таараад бид хамт орж уулзсан. Гэтэл Баттөгс би Б-гэх хүн танихгүй, санхүүгээс асууж хариу өгье гэж хэлж байсан. Дараа нь мөн Улаанбаатар орж Даваадоржийн ажил дээр нь очиж уулзтал өрөөндөө дагуулж ороод аяархан ярь, хүмүүс сонсчихно гэж хэлээд өрөөнөөсөө аваад гадаа гарсан. Гадаа гараад их сандарсан байдалтай нэг дор 5 ширхэг тамхи татсан. Б- Н.Болормаагаас мөнгө авна гээд хадмуудаасаа мөнгө авчихсан. Хадмууд нь мөнгөө нэхээд хэцүү байсан. Би Н.Болормааг улаан цайм хүн гүтгээд байна гэж бодохгүй байна. Жоохон сэжүүр байгаа болов уу гэж бодож байна. Би Н.Болормаад 535.933.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Буцааж 350.493.000 төгрөгийг авсан. Одоо 185.440.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би эдгээр мөнгийг өөрөөсөө өгөөгүй, хүмүүсээс зээлж өгсөн. Надад мөнгө зээлүүлсэн хүмүүс маань намайг иргэний шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарчихсан би төлөөд явж байгаа гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б-ын өгсөн: Би Н.Болормаад нийт дансаар болон бэлнээр 337.680.000 төгрөг өгсөн. 236.185.000 төгрөг буцаан авсан. 101.495.000 төгрөг нэхэмжилж байна. Би алтанд явж цуглуулсан 35.000.000 төгрөгөө Н.Болормаад өгсөн боловч баримт байхгүй гээд прокурор дээр хэрэгсэхгүй болгосон. Энэ 35.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Би хамаатнуудаасаа мөнгө авч өгсөн. Энэ мөнгөнд иргэний нэхэмжлэгч Саранчимэгийн 60 сая төгрөг явж байгаа, Ганчимэгийн 15 сая, Баяраагийн 5 сая гэх мэт мөнгө байгаа гэх мэдүүлэг,

 

Гэрч Д-ийн өгсөн: Би Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ерөнхий нягтлан бодогч, санхүү эдийн засагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. 2017.04.18-ны өдөр ажлаасаа гарсан Н.Болормааг танихгүй, сүүлд мөрдөн байцаалтын үеэс таньдаг болсон. Би Төмөрлөгт ажилладаг байхдаа Болормаатай уулзаж байгаагүй. Болормаагаас ямар нэгэн байдлаар бэлнээр болон дансаар мөнгө авч байгаагүй. Н.Болормаатай ямар нэгэн харилцаа байхгүй. 2015 оны 5 сард цагдаагийн газраас намайг дуудахад энэ асуудлын талаар мэдсэн. Ингэж худлаа хэлж намайг хохироож байгааг гайхаж байна. Миний эрхэлж байсан ажлын нэрийг барьж хүмүүсээс мөнгө залилсан юм байна гэж бодож байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Б-ийн өгсөн: Би Төмөрлөгийн үйлвэрт 2009.10.22-ны өдөр ажилд ороод 2015.09.16-ны өдөр ажлаасаа гарсан. Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Манайх Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлдэг байсан. Энэ гэрээ жил болгон хийгддэг. Хувь хүн мөнгө оруулаад ашиг аваад явах ямар ч боломж байхгүй. Ийм үйл ажиллагаа явагдаж байгаагүй. Би амьдралдаа Н.Болормаатай уулзаж байгаагүй. Н.Болормаад цаад хүмүүсийнхээ хэл амыг дар гэж мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин ч манай үйлдвэр Н.Болормааг хүний нөөцөөр ажилд авч цалин хөлс өгсний төлөө ийм зүйл яриад явж байгааг ойлгохгүй байна. Ичгүүргүй юм. Хаанаас ийм үлгэр зохиож яриад байгааг ойлгохгүй байна гэх мэдүүлэг.

 

Гэрч А-ийн өгсөн: Би Н.Болормааг зүс харж байсан юм байна. Би Төмөрлөгийн үйлдвэрт 1990 онд ерөнхий инженерээр ажилд ороод цех, хэлтсийн дарга хийж байгаад 2006 онд гарсан.  2009 онд эргэж ороод 2014 онд тэтгэвэрт гарсан. Эрдэнэт үйлдвэр лүү ган бөмбөлөг нийлүүлэхэд нь мөнгө оруулж, дундаас нь ашиг олох ямар ч боломжгүй. Би Болормаатай утсаар ярьж байгаагүй. Улаанбаатар хотод уулзаж байгаагүй. Ийм асуудлаар дахин дахин дуудагдаад байх хэцүү байна. Хийсэн хэргээ өөрөө үүр, битгий хүн гүтгээд бай гэж Болормаад хэлмээр байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн өгсөн: “...2015 онд манай ломбардаар үйлчлүүлдэг байж байгаад сүүлд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Болормаа, Нарантуяа нар монетон гинж 3 ширхэг, монетон 11 ширхэг бөгж, ээмэг хосоороо 4 ширхэг, кулон 2 ширхэг нийт 20 ширхэг монетон эд зүйл тавьсан бөгөөд 4 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгсэн хүрэхгүй байсан чинь Хонгор сумын нэг өрөө байрны гэрчилгээг хамт тавьж 4 сая төгрөг авсан. Одоо хугацаа нь дуусаад 8 сар болж байна. Нэг ч удаа сунгуулаагүй, мөн хүүгээ ч төлөөгүй. Би Болормаагийн утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд хамт ирж дээрх эд зүйлийг тавьсан Нарантуяа гээд хүүхэн рүү залгаад Болормааг асуусан чинь асуудалтай байгаа юмыг нь байлгаж байгаарай удахгүй авах байх гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /6-р хх-ийн 48/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Саранчимэгийн өсгөн: ...манай эгчийн хүргэн хүүхэд болох Батбаатар нь надтай 2015 оны 03 сард уулзаад би Б-гэх эмэгтэйтэй хамтарч Төмөрлөгийн үйлдвэр рүү материал шахаж байгаа. Та надад эргэлтийнхээ мөнгөнөөс боломжтой бол хэдэн төгрөг зээлээч гэж хэлсэн           . Батбаатар, Б-нараас 60 сая төгрөгийг нэхэмжилж байна. Батбаатар, Б-нар надад ашиг гэж 6 сая төгрөг өгсөн нь үнэн. Өөр ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй" гэх мэдүүлэг /8-р хх-ийн 211/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэбилэгийн өгсөн: ...манай нагац ахын хүүхэд Батбаатар 2015.04.24-ний өдөр манайд Болормаа, мөн ломбардны эзэн гэгч нэг эрэгтэй хүнтэй ирээд хүний мөнгөний хүү төлөх гэж байгаа юм, та хашаа байшингаа тавьчихаач, урьдных шигээ мөнгийг нь хурдан гаргаад бичиг баримтыг чинь гаргаж өгнө гээд намайг дагуулаад Эрдэнэс плазагийн нотариат орж би хашаа байшингийн нэрийг ломбардны эзэнд шилжүүлж, үл хөдлөх дээр очиж нотариатаар батлуулсан хуулбараа түр хураалгасан. Үл хөдлөх орчихоод буцаад үйлчилгээний төвийн ард талд байрлах ломбарданд очоод хашаа байшингийн бичиг баримтаа барьцаалж 10 хувийн хүүтэй 3 сая төгрөг аваад Батбаатартай хамт явсан Б-гэх эмэгтэйд авсан 3 сая төгрөгөө өгөөд тэрнээс хойш ямар нэг мөнгө төгрөг аваагүй байна. Тэрнээс хойш би ломбардны хүү гэж 1450000 төгрөг төлсөн. Хүүнд төлсөн мөнгө, одоо гарсан хүүг Болормаагаас төлүүлж, өөрийн хашаа байшингаа нэр дээрээ шилжүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 207-208/,

 

Гэрч П.Цэдэндамбын өгсөн: ...Б-99527839, 88829692, 99447763 дугаар барьж байсан. Миний мэдэхийн 99115809, 91194238 гэсэн утас руу их ярьдаг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48/,

 

Гэрч Ц.Эрдэнэтогтохын өгсөн: ...миний хувьд Скайтель ХХК-д гэрээт салбарын захирлаар ажилладаг. Гэрээт борлуулагч нарт нийт авсан дугаараас 40 хувийг буцаан урамшуулал гэж олгодог. Энгийнээр 30 дугаар Скайтель компаниас 5,0 төгрөгөөр нийт 150000 төгрөгөөр худалдан авсан тохиолдолд бидэнд буцаагаад 40 хувь буюу 13 дугаарыг үнэгүй өгдөг юм. ...91194238 дугаарын 2015.07.28-ны өдөр Скайтелиас өөр 19 дугаарын хамт авсан. Энэ дугаарыг хэнд өгснийг санахгүй байна. Энэ дугаарыг лавлаж үзэхэд 5,0 төгрөгний нэгжтэй байснаас 4343 төгрөгийг үлдэгдэлтэй боловч хугацаа нь 2015.08.28-ны өдөр дууссан дугаар байна. 2015.07.28-наас 2015.08.28-ны хооронд 567 төгрөг энэ дугаараас зарцуулагдсан байна. .... Би Нацагдоржийн Б-гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45/,

 

Гэрч Д.Сийлэгмаагийн өгсөн: “...Урьд нь 91194238 дугаарыг Цэвэгмидийн Эрдэнэтогтох гэх ДС71123101 регистрийн хүн эзэмшдэг байсан нь программ дээрээс харагдаж байна. ...91194238 дугаарын мессежний эхний хэсэг нь 91194238 утаснаас илгээсэн мессежний билл байна. Дараагийн доот талын хэсэгт 91194238 дугаарын утас руу бусад дугаарын хэрэглэгчээс илгээсэн хэрэглэгчийн билл юм. Хүснэгтийн утга нь дээрхтэй адил байдаг юм. ...Мессеж 20 төгрөгөөр бичигдэж байгааг бодохоор 520 төгрөг зарцуулагдсан байна. 137 төгрөг нь ямар нэг нэмэлт үйлчилгээ хийгдэж түүний дүнд хасагдсан байна. Хэрвээ бусад руу ярьсан болон нэгж шилжүүлсэн бол билл дээр гарч ирэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 91194238 дугаарын хэрэглэгч зөвхөн мессеж бичсэн түүнээс биш гадагшаа залгасан үйлдэл хийгээгүй байна...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 16-18/,

 

Гэрч Г.Очирсумын өгсөн: ...би Б-гэж хүнийг танина. Бид 2 Төмөрлөгийн үйлдвэрт нэг өрөөнд цуг ажилласан. Б-Төмөрлөгийн үйлдвэрт нийгмийн даатгал хариуцсан ажилтан байсан. 2014.05.05-ны өдөр бие өвдлөө гэж яваад буцаж ажилдаа ирээгүй. 2014.05.12-ны өдөр ажлаас халах тушаал гарсан. Б-утсаар их ярьдаг байсан. Миний хажууд утсаар ерөөсөө ярьдаггүй байсан, утас нь дуугараад хэдэн цагаар ч хамаагүй утсаар яриад гараад явчихдаг байсан. Утсаар ярихдаа голдуу мөнгө л ярьдаг байсан гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 213/,

 

Гэрч О.Гансүхийн өгсөн: ...Б-нь маш их чөлөө авдаг, чөлөө авахдаа хүүхэд өвчтэй болон бусад шалтгаанаар чөлөө авдаг байсан, тэгээд удаа дараа ажил тасалдаг байсан учир ажлаас халагдсан... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 217/,

 

Гэрч Ж.Сайханбаярын өгсөн: ... би энэ байгууллагад 2007 оноос эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь Эрдэнэт үйлдвэр рүү ган бөмбөлөгийн бэлдэц нийлүүлэх гэрээ хийсэн байдаг, өөр химийн бодис, арматур нийлүүлэх гэрээ байгуулж байгаагүй. Эрдэнэт үйлдвэр болон бусад гэрээт байгууллагаас орж ирсэн мөнгийг нэгдсэн журмаар зарцуулдаг. Яг Эрдэнэт үйлдвэрээс орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан талаар тусдаа тайлан гардаггүй, нэгдсэн нэг тайлан гардаг...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 214/,

 

Гэрч Ч.Тогоогийн өгсөн: ...2014 оны 4 сараас Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажлыг одоо хүртэл хийж гүйцэтгэж байна. Намайг энэ ажлыг хийж эхэлснээс хойш Эрдэнэт үйлдвэрээс өөр хувь хүн, аж ахуйн нзгж ган бөмбөлөг худалдан авсан тохиолдол байхгүй. 2015 оны 6-9 сарын хооронд Эрдэнэт үйлдвэрээс ган бөмбөлөгийн төлбөр тооцоо хийгээгүй асуудал байхгүй. Би программаас 2015 оны 5-10 сар хүртэлх хугацаанд шүүж үзэхэд Эрдэнэт үйлдвэрээс ган бөмбөлөгийн төлбөр тооцоог сар бүр шилжүүлж оруулдаг байсан байна. Би Тангар интеграл" ХХК гэж мэдэхгүй, манай компанитай харилцаж байгаагүй. Ган бөмбөлөгийн бэлдэц болон төмөр худалдаж авахад мөнгө дутагдаж, хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө зээллэг, хөрөнгө нийлүүлж бэлдэцийг нийлүүлээд Эрдэнэт үйлдвэрээс мөнгө орж ирсний дараагаар буцаан ашгийн хамт өгч байсан зүйл байхгүй. Баттөгс, Туяацэцэг, Авирмэд, Даваадорж нар Эрдэнэт төмөрлөгийн үйлдвэрт Эрдэнэт үйлдвэрээс орж ирэх мөнгөнөөс авах ёстой гэж утсаар ярьсан болон ирж уулзсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 225-226/,

 

Гэрч Г.Одгэрэлийн өгсөн: “...манай Дархан-Уул аймаг дахь ХААН банкны үйлчилгээний төв дээр байрлах салбарт 20 болон түүнээс дээш сая төгрөгийн бэлнээр хийсэн 24 ширхэг тохиолдол байна. Гүйлгээний утга дээрээс харахад Бурмаа гэх хүнээс Сарангэрэл гэх хүний данс руу шилжүүлсэн гүйлгээ байхгүй. Мөн цагдаагийн газрын ирж ажиллаж байгаа ажлын хэсгийн албан хаагчид 2015 оны 3, 4-р сарын мөнгөн гүйлгээний архивын баримтанд үзлэг хийхэд тийм зүйл илрээгүй...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 227/,

 

Болормаагийн барьж байсан гэх 88829692 дугаарын утсанд 91194238 дугаараас мессеж илгээгүй болохыг нотлох лавлагаа /2-р хх-ийн 215/,

 

Хохирогч нараас шүүгдэгч Н.Болормаагийн данс руу мөнгө орсон, шүүгдэгч Н.Болормаагийн данснаас хохирогч нарын данс руу мөнгө орсон болохыг нотолсон дансны хуулгууд, шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б-нь Төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэр лүү ган бөмбөлөг нийлүүлж, дундаас нь ашиг олдог нууц бизнес байдаг, Төмөрлөгийн үйлдвэрийн дарга инженерүүд болох Д-, Б-, А- нар нь энэ талаар мэдэж байгаа. Би хохирогч нараас авсан мөнгөө Д-ид бэлнээр аваачиж өгдөг байсан. 2-3 удаа дансаар өгсөн. Нэг удаа Сарангэрэл гэх хүний данс руу Бурмаа гэсэн нэрээр хийгээд өөрийнхөө гарын үсгийг зурсан гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь гэрч Д-, Б-, А- нарын ... Төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэр лүү бараа бүтээгдэхүүн нийлүүлж дундаас нь мөнгө олох боломж байхгүй, Б-гэх хүнээс мөнгө авч тийм нууц бизнес хийгээгүй. Н.Болормааг зүс харж байсан байсан болохоос танихгүй гэх мэдүүлгүүд,

Гэрч Г.Одгэрэлийн: ...Манай Дархан-Уул аймаг дахь ХААН банкны үйлчилгээний төв дээр байрлах салбарт 20 болон түүнээс дээш сая төгрөгийн бэлнээр хийсэн 24 ширхэг тохиолдол байна. Гүйлгээний утга дээрээс харахад Бурмаа гэх хүнээс Сарангэрэл гэх хүний данс руу шилжүүлсэн гүйлгээ байхгүй байна гэх мэдүүлэг, Хаан банкны орлого зарлагын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч нараас 1 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч Н.Болормаагийн дансанд орсон мөнгө нь шүүгдэгчийн данснаас бэлнээр гаралгүй эргээд бэлэн бусаар хэд хэдэн хохирогчийн дансанд нь шилжсэн байгаа болохыг  нотолсон дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх дагаж мөрдөж байсан хуулиар тодорохойлно” гэж заасан тул Н.Болормаа, Б- нарыг 2002 оны Эроүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан нь оногдуулах ялын хэмжээ хөнгөрч шүүгдэгч Н.Болормаа, Б- нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Болормааг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Болормаагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г-д 36,500,000 төгрөгийн, хохирогч Т-т 172,000,000 төгрөгийн, хохирогч Б-т 91,508,000 төгрөгийн, хохирогч Д.Нарантуяад 185,440,000 төгрөгийн, хохирогч Д.Мөнгөнцэцэгт 41,711,000 төгрөгийн, хохирогч Б-т 101.495.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Болормаагаас 628,654,000 төгрөг гаргуулж, хохирогч Г-д 36,500,000 төгрөг, хохирогч Т-т 172,000,000 төгрөг, хохирогч Б-т 91,508,000 төгрөг, хохирогч Д.Нарантуяад 185,440,000 төгрөг, хохирогч Д.Мөнгөнцэцэгт 41,711,000 төгрөг, хохирогч Б-т 101.495.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Б-ын алтны бичил уурхайгаас олсон орлого 35,000,000 төгрөгийг Н.Болормаагаас гаргуулах тухай нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч С.Баясгалан, Т.Саранчимэг, А.Эрдэнэбилэг нарын нэхэмжлэлтэй холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага оногдуулах тухай

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Болормаа, Б- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Н.Болормаа, Б- нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Иймд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Н.Болормаад 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б-т 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Н.Болормаа, Б- нарын урьдчилан цагдан хоригдсон 205 хоногийг /хоёр зуун тав хоног/ тус тус эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тэд Аудит ХХК-ийн гаргасан 1 хавтас 210 хуудас бүхий аудитын дүгнэлтийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан болох битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Болормаагаас 628,654,000 төгрөг гаргуулж, хохирогч Г-д 36,500,000 төгрөгийг, хохирогч Т-т 172,000,000 төгрөгийг, хохирогч Б-т 91,508,000 төгрөгийг, хохирогч Д.Нарантуяад 185,440,000 төгрөгийг, хохирогч Д.Мөнгөнцэцэгт 41,711,000 төгрөгийг, хохирогч Б-т 101.495.000 төгрөгийг тус тус олгосугай.

3. Хохирогч Б-ын 35,000,000 төгрөг гаргуулах тухай, иргэний нэхэмжлэгч С.Баясгалан, Т.Саранчимэг, А.Эрдэнэбилэг нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Н.Болормаад 9 жилийн /есөн жил/ хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б-т 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Болормаад оногдуулсан 9 жилийн хорих ял, шүүгдэгч Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Болормаа, Б- нарын урьдчилан цагдан хоригдсон 205 хоногийг /хоёр зуун тав хоног/ тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тэд Аудит ХХК-ийн гаргасан 1 хавтас 210 хуудас бүхий аудитын дүгнэлтийг хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан болох битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Болормаа, Б- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах, Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР

 

                                                   ШҮҮГЧИД                               Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                                                                                  Т.БАТЖАРГАЛ