Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1861

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Л Б ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах эмчилгээний зардалд 1 477 344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Урамшуулалд төлсөн 46 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.З- нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Л Б ” ХХК-д ерөнхий инженерийн ажилд томилогдсон ба гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар ажлаас гэнэт чөлөөлөгдсөн.

Ийнхүү ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, компанийн төлөө цаг наргүй, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд инженерийн оновчтой шийдэл гаргаж, ажлыг түргэн шуурхай явуулж ирсэн. Ажилд орох үед “Орчлон констракшн” ХХК-ийн 16 давхар 2 барилга дээр ажиллах санал тавьсан. Үүнд барилгын карказ угсралтын ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өгвөл цалин тогтмол 1 200 000 төгрөг байхаар, илүү цаг болон хамтарч ажилласны хөлсөнд 50 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Ингээд 2016 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл “Л Б ” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж “Орчлон констракшн” ХХК-ийн High apartment барилгын карказ угсралтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн.

Цаашид хамтран ажиллахаар болж, эхний тохиролцсон 50 000 000 төгрөгийг 2016 оны 07, 09 дүгээр сард, 2017 оны 07 дугаар сард сүүлийн тооцоо гэж цувуулан бага багаар өгсөн. Хэрвээ Ж.З- ажлаа сайн гүйцэтгээгүй байсан бол хариуцагч компани уг урамшууллыг өгөхгүй байсан. Харин 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 3.2-т “ажилтан нь ажилд орсноос хойш 5 жилийн хугацаанд өндөр бүтээмж гаргаж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, идэвх санаачлагатай ажилласан тохиолдолд компанийн зүгээс Арцат апартментийн 2 дугаар ээлжийн барилгаас 80 орчим м.кв талбайтай 3 өрөө байрыг урамшуулал болгон өгнө” гэсэн заалтыг оруулсан.

2017 онд 2017-2019 оны хийх ажилд байр өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Тэрээр үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан. 2016 онд хийсэн ажил, өгсөн мөнгө бүгд таарсан, маргаан байхгүй юм. Ж.З-ын хувьд ямар нэгэн сахилгын болон ноцтой зөрчил гаргаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан тохиолдол байхгүй тул түүний хийсэн ажилд нь тохирсон урамшууллыг буцаан шаардах үндэслэлгүй.

Ж.З-т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр барилгын талбай дээр халтирч унан баруун гарын мөрөнд бэртэл авсан хэдий ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар зөөлөн эдийн гэмтэл, гайгүй болчихно гэхээр нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан.

Улмаар өвдөлт нэмэгдэж 2018 оны 03 дугаар сарын эхээр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд баруун мөрний шөрмөс тасарсан, яаралтай мэс засалд ор гэсэн. Улмаар Люкс мед эмнэлэгт MRI өгч баруун мөрний шөрмөс тасарсан гэсэн тул харьяа дүүргийн эмнэлэгт үзүүлж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс магадлагаа авч эмчилгээ шинжилгээ хийлгэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон.

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн ослын акт гаргасан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өвчтэй, эмчилгээ хийлгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаа хийж байгаад хөдөлмөрийн чадвар алдсанд гомдолтой байна.

Урамшуулалд өгсөн гэх 46 000 000 төгрөгийг байрны урамшуулалд олгосон мэтээр гуйвуулан тайлбарлаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Л Б ” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, мөн үйлдвэрлэлийн осолд орсонтой холбоотой эмчилгээний зардал, хохиролд 1 477 344 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.З-ыг 2016 оны 05 дугаар сараас эхлэн ерөнхий инженерээр ажиллуулсан. Ж.З- нь ажиллах хугацаандаа ажлын байран дээр архи ууж ирсэн, согтуу байсан гэх мэт сахилгын ноцтой зөрчил гаргаж байсан тул захирлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэж 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.

Барилгын ажил хариуцлагатай, маш өндөр шаардлага тавигддаг, ялангуяа ерөнхий инженерийн хувьд аюулгүй байдал, талбай дээр ажиллаж байгаа ажилчдыг бүрэн хариуцах, мөн сахилга хариуцлагыг дээд зэргээр хангах үүрэгтэй атал ажлын байран дээр архи уусан, согтуу байсан нь ажлаас халах хангалттай үндэслэл болно.

Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэмтэл нь манай байгууллагаас үүдэлтэй эсэх нь эргэлзээтэй, тухайн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ж.З- ажлаас халагдах үедээ ажлаа хийж байсан, ямар нэгэн зовиур шаналгаа ажиглагдаагүй, ажил дээр халтирч унасан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Мөн яг ямар эмчилгээ хийлгэсэн талаар байгууллагад мэдэгдээгүй, энэ талаар бидэнд хандсан зүйл байхгүй.

Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасны дагуу компанийн зүгээс Ж.З-т цалингаас гадна 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд нийт 51 000 000 төгрөгийг түүний хүсэлтээр байр авах урьдчилгаа, урамшуулал байдлаар өгсөн. Үүнээс 7 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн 43 500 000 төгрөгийг Төрийн банк дахь түүний данс руу шилжүүлсэн.

Бэлнээр өгсөн мөнгөнөөс 2 500 000 төгрөгийн баримт байгаа, харин үлдсэн 5 000 000 төгрөгийн баримт олдохгүй байгаа тул 5 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд Ж.З-аас хөдөлмөрийн гэрээний урамшуулалд олгосон 46 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л Б ” ХХК-аас 1 477 344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.З-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Л Б ” ХХК-д холбогдуулан гаргасан ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.З-ын нэхэмжлэл, мөн нэхэмжлэгч Ж.З-аас 46 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагч “Л Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л Б ” ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 16 200 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.З- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 246 340 төгрөг, хариуцагчийн 387 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л Б ” ХХК-аас дутуу төлсөн 450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 38 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.З-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс "Л Б " ХХК-нд компанид ерөнхий инженерээр ажиллах болсон. Ийнхүү ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл болон захиргааны арга хэмжээ гаргаж байгаагүй, инженерингийн оновчтой шийдэл гаргаж, ажлыг түргэн шуурхай явуулж ирсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр барилгын үүдэнд халтирч унасан ба эмнэлгээр явж байгаад баруун гарын шөрмөс тасарсныг мэдэж яаралтай эмчилгээ хийлгэж мэс засалд орсон.

Гэтэл эмчилгээ хийлгэж байхад буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсныг эс зөвшөөрч шүүхэд хандсан.

Анхан шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигч хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүйн зэрэгцээ сахилгын зөрчил давтан гаргасан гэж тогтоосон нь бодит байдалтай нийцээгүй.

Шүүх Ж.З- миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ гэрч О.Дашдулам (гүйцэтгэх захирлын эхнэр), П.Хишигээ, Б.Наранбаатар нарын мэдүүлгийг үндэслэн намайг ажлын байран дээр архи уусан байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй.

Мөн түүнчлэн намайг ажлын байран дээр 3 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 03 сарын 9, 18 өдрүүдэд архидан согтуурсан нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "...зөрчил давтан гаргасан бол..." гэсэнтэй нийцэхгүй.

Даргын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Ж.З-т холбоотой асуудлыг хэлэлцсэн гэх боловч энэ нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай ажлаас халах тухай тушаалд тусгаагүй, Ж.З- оролцоогүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.З- нь хариуцагч “Л Б ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, эмчилгээний зардал, хохирол 1 477 344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч урамшуулалд өгсөн 46 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Ж.З- нь “Л Б ” ХХК-ийн ерөнхий инженерээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан ба 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

“Л Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.8.3 дахь заалтыг баримтлан Ж.З- 2018 оны 03 дугаар сарын 09, 18, 21-ний өдрүүдэд ажлын байран дээр архидан согтуурч, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.3.8-д “ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, тийм байдалтай ажилд ирсэн” нөхцөлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Гэрч П.Хишгээ: “Ж.З- 2018 оны 03 дугаар сарын 21-нд архи уусан байсан. Захирал ажлын байрны талбайгаас гарга, архи уусан байна гээд би таксинд суулгаж өгөөд эхнэр рүү нь залгаж хэлсэн”, гэрч Б.Наранбаатар: “2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “оффис дотор н.Амараа захиралтай уулзаж байхад /Ж.З-/ 2 удаа хаалгыг нь онголзуулаад байсан, орж ирээд гутлаа солих үедээ ганхсан байдалтай байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байна гэж харж байсан, н.Батсанаа захирлаас асуухад манай ерөнхий инженер гэж хэлсэн”, гэрч О.Дашдулам: “Ж.З- нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр архи уусан байсан” гэсэн мэдүүлэг, хариуцагч байгууллагын Удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Ж.З-ыг хөдөлмөрийн гэрээний 6.3.8-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх зохицуулалтад нийцжээ.  

 

Түүнээс гадна Ж.З- 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр барилгын талбай дээр унаж, гэмтсэн, осолдсон байдлыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор бүртгэж, акт үйлдсэн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоосон.

 

Харин нэхэмжлэгч Ж.З- нь уг ослын улмаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд амбулатороор эмчлүүлэхдээ ажлаас чөлөөлөгдөөгүй байдал нь 2018 оны 03 дугаар сарын цалингаа бүтэн авсан байдлаар тогтоогдож байгаа ба ажил олгогчийн тушаал, хурлын тэмдэглэл дээрээс үзвэл түүнийг ажлаа тасалсан, ажилдаа ирэхгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заладах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх Ж.З-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасантай нийцсэн гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаварыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч байгууллагаас эмчилгээний зардалд 1 477 344 төгрөгийг гаргуулж Ж.З-т олгохоор, мөн урамшуулалд төлсөн 46 000 000 төгрөгийг буцаан гаргуулаж тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв, зохигчид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА