Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/240

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2108 00000 1644 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-ийн Б, 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хашааны гадна хохирогч Д.У-ыг “Гөлөг гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.У нь тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ар гэрээсээ ганцаар ажил хийдэг. Хүчит шонхор зах дээр ажилладаг. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнчлэн хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй. Б.Б нь улирлын чанартай мах бэлтгэх үйлдвэрт ажилладаг гэж мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлж байсан. Гэвч гэмт хэрэг үйлдэх үедээ болон хэргийг хянан шийдвэрлэх үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 04.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хашааны гадна хохирогч Д.У-ыг “Гөлөг гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.У-ын: “...Би Б.У-тай юм яриад байж байтал Б.Б Б.У-г дуудаад байхаар нь “Чи гөлөг минь цаашаа байж бай” гэсэн чинь Б.Б “Чи гөлөг гэдэг хэн юм бэ, гөлөг ямар байдгийг харах уу” гээд хашааны гадаа авч гараад миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохисон. Б.У, Жагаа хоёр намайг салгаад Б.Б-ыг аваад явсан. ...” /хх 7-8/,

гэрч Б.М-ын: “...Д.У-аас юу болсон талаар асуухад “Өчигдөр хамт ууж байсан Б гэх залуу намайг цохисон” гэж хэлсэн. ...” /хх 14/,

гэрч Э.Ж-ын: “...Д.У гэрээсээ хоёр шил архи гаргаж ирээд ууж байтал Д.У согтоод Б.Б-ыг “Чи муу мангар бацаан манайд ирээд томрох болоогүй шүү” гэсэн чинь Б.Б Д.У-ын барьж аваад нүүр рүү нь гараараа цохиод байсан. ...” /хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.У-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10601 дугаартай дүгнэлт /хх 24-25/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Д.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор мөн адил хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан боловч энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь “...ар гэрээсээ ганцаар ажил хийдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн ухамсарт зохистойгоор нөлөөлөхүйц үр нөлөөтэй байх зорилгыг агуулахаас гадна биелэгдэх боломжтой байхыг шаарддаг бөгөөд шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ял оногдуулдаг.

Шүүгдэгч Б.Б нь “Хүчит шонхор” захад ажилладаг талаар тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүгдэгчийн эзэмшлийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаартай захирамж /хх 82/-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүх хуралдааны товыг тухайн захирамж албажих цаг хугацаанаас өмнө буюу “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр” товлож, илэрхий техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ