| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03391/И |
| Дугаар | 102/ШШ2024/02882 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/02882
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/02882 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар хороо * дугаар байр *тоотод оршин суух, *онд төрсөн * настай, *
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2. Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн *-т ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2005 оны 05 дугаар сарын 20-ныг дуустал захирлаар ажилласан. 2023 оны 08 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон боловч хуучны хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, улсын архивт материал байхгүй гэсэн шалтгааны улмаас 1991 оны 09 дүгээр сарын 16-наас 1995 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд *-т ажилласан хугацааг оруулж тооцсонгүй. Мөн *-т 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01 хүртэлх, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын төлөлт хийгдээгүй гэсэн шалтгаанаар тэтгэвэр бодоход тооцогдох хугацаанаас хассан бөгөөд энэ нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус компанийг хувчлахаар олон удаа дуудлага худалдаанд оруулж, ажил үйлчилгээг зогсоож байсантай холбоотой. Улмаар дуудлага худалдаагаар авахгүй болохоор 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын * дугаартай захирамжаар татан буулгасан юм. Энэ хугацаанд үйл ажиллагааны орлого олоогүй тул ажиллаж байсан хүмүүстээ цалин тооцож бодож мөнгөний оронд бараа олгон тохиролцож байсан. Тус байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн цалингаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр тооцооны асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцаж эцэслэхээр тогтоолд заасан боловч шийдээгүйгээс одоо тэтгэвэр тогтоолгохд асуудал үүсч байгаа юм. 1991 оны 09 дүгээр сарын 16-нд ажилд томилогдсон боловч тушаал, шийдвэрүүд нь архивт байхгүй учир энэ хугацааны баримтаа бүрдүүлж тусдаа шийдвэрлүүлье. Иймд *д 1992 оны 10 дугаар сарын 30-наас 1995 оны 03 дугаар сарын 01 хүртэл ерөнхий нягтлан бодогч, *-т 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01 хүртэл, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд захирлаар ажилласан хугацааг улсад ажилласан жилд тооцож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс * Нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний төв архивын газрын *д холбогдох баримт шилжиж ирээгүй тухай тодорхойлолт, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар * Нийслэлийн Засаг даргын захирамж, захирамжийн хавсралт, 1997 оны 01 дүгээр сарын 23, 02 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн даалгавар, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Илгээмжийн худалдаа компани *тай байгуулсан 1996 оны хөдөлмөрийн гэрээ, 1995 оны 12 дугаар сарын 30-ны өддрийн * Илгээмжийн худалдаа компаний ерөнхий захирлын тушаал, 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Илгээмжийн худалдаа компаний албан бичиг, 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн* Илгээмжийн худалдаа компаний компани хувьчлалын тухай албан бичиг, 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Өмчийн харилцааны газрын албан бичиг, 2002 онд Илгээмжийн худалдаа компаниас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч анентлаг Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн Санал тавих тухай албан бичиг, 2004 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн * *гийн ажил байдлын тодорхойлолт гэсэн баримтуудыг ирүүлсэн.
4. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч *, * нарыг асууж, мэдүүлэг авч баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч * нь 1992 оны 10 дугаар сарын 30-наас 1995 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаанд *-т ерөнхий нягтлан бодогчоор, 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд захирлаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.
2.1. 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Илгээмжийн худалдаа компани нь *тай Илгээмжийн худалдаа фирмийн ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан байна.
* нь Илгээмжийн худалдаа компанид 1992 оны 10 дугаар сарын 30-наас 1997 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ерөнхий нягтлан бодогч, захирлаар ажиллаж байсан болох нь дээрх хөдөлмөрийн гэрээ, №203336 Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт, 1997 оны 01 дүгээр сарын 23, 02 дугаар сарын 27-ны өдрийн Илгээмжийн худалдаа компаниас Худалдаа хөгжлийн банк руу мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгаврын баримтад нягтлан бодогч * гэсэн гарын үсэгтэй баримтаар тогтоогдож байна.
2.2. 1996 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр * компаний санхүү эдийн засаг эрхэлсэн дэд захирал, ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд *тай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж энэ хугацаагаас хойш 2005 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл ажилласан болох нь 1997 оны төлбөрийн даалгавар, 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнг * төвийн захирал *гаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч *д хүргүүлсэн Компаний хувьчлалын тухай албан бичиг, Өмчийн харилцааны газрын 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай Илгээмжийн худалдаа компаний захирал * танаа Танай * тоот бичгийн хариу гэх албан бичиг, Илгээмжийн худалдаа компаний дэд захирал *ийн гарын үсэгтэй 2004 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн * компани УҮГ-ын захирал *гийн ажил байдлын тодорхойлот гэсэн албан бичиг, * Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт гэсэн баримтаар тогтоогдож байна.
Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч * 1991-2000 он хүртэл *тай * гэх нэршилтэй байх үед хамт ажилласан. * 1991 онд ерөнхий нягтлан бодогчоор томилогдож 1997 он хүртэл ажилласан. 1997 оноос * компаний захирал болж 2005 он хүртэл ажилласан. 2005 оны сүүлээс зах зээлийн нийгэмд шилжиж компани дампуурсан. Би тухайн үед худалдагчаар ажиллаж байсан, гэрч * 1994-2005 оныг хүртэл *д бид хамт ажилласан. Би 1994 онд худалдагчаар ажилд орж 2005 онд тухайн байгууллага татан буугдтал няраваар ажилласан. 1994 онд намайг анх ажилд ороход * ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1997 онд захирал болсон. 2005 онд компани татан буугдтал захирлаар ажилласан гэсэн мэдүүлгээр * дээрх хугацаанд улсад ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч * нь 1992 оны 10 дугаар сарын 30-наас 1995 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаанд *-т ерөнхий нягтлан бодогчоор, 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд захирлаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байгаа тул түүний ажиллаж байсан энэ хугацааны тасарсан хугацаа, сарыг улсад ажилласан хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
4. Иймд хүсэлт гаргагч *г 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаанд *-т ерөнхий нягтлан бодогчоор, 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
5. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *г 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаанд *-т ерөнхий нягтлан бодогчоор, 2003 оны 03 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01, 2004 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА