Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00514

 

 

 

 

 

               2024       05         28

        151/ШШ2024/00514

 

 

 

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Н.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С-д холбогдох,

52,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Ж би “Онцгой хотхонд шинээр ашиглалтад орж байгаа байрандаа захиалга авна. Төлбөрийн нөхцөлд тээврийн хэрэгсэл оруулж болно” гэсэн зарын дагуу “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С гэх хүнтэй ... “Х” ХХК-ийн ажлын байранд уулзсан. ... дүүргийн 8 дугаар хороонд баригдах гэж байгаа ... А блокийн 6 давхарт 44м2 талбай бүхий 2 өрөө байр авахаар тохиролцож 100 хувийн төлөлт болох 52,800,000 төгрөгийг 2 өрөө байрны 100 хувийн төлбөр болох 52,800,000 төгрөгийн төлбөрт ... улсын дугаартай 2014 онд үйлдвэрлээд 2017 онд монголд орж ирсэн 72,000,000 төгрөгийн үнэтэй ... маркийн тээврийн хэрэгслийг бартер хийж өгсөн. Ингээд Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг 100 хувь төлсөн гэх баримт үйлдэж өгсөн. Үүнээс хойш 2 өрөө байраа авах гэсэн боловч 2020 онд ... барилга барьж байгаа газраас асуухад тус барилга дээр ийм компани ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулахад удаа дараагийн залилангийн үйлдлээр ... суманд байрлах хорих ангид хоригдож байгаа нь тогтоогдсон. Иймд Б.С-оос 52,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.С миний бие нэхэмжлэгч Н.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлага автомашины төлбөрийг эргүүлэн өгөхийг мэдэгдэж байна. Тухайн төлбөрийг шоронгоос гарсны дараа төлнө. Харин шууд нэг дор өгөх боломжгүй байгаа тул хугацаа тохирч 2025 оны 08 дугаар сараас эхлэн төлөх болно. Мөн хорих ангиас суллагдаж гараад 8 сарын хугацаанд зорчих эрх хасагдсан байгааг шүүх харгалзаж үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж нь Б.С-д холбогдуулан 52,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь “... Б.С миний бие нэхэмжлэгч Н.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлага автомашины төлбөрийг эргүүлэн өгөхийг мэдэгдэж байна. Тухайн төлбөрийг шоронгоос гарсны дараа төлнө. Харин шууд нэг дор өгөх боломжгүй байгаа тул хугацаа тохирч 2025 оны 08 дугаар сараас эхлэн төлөх болно гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ж-гийн 52,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 210,975 төгрөгийг, хариуцагч Б.С-оос 210,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Ж-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

    ШҮҮГЧ                                         Д.ОТГОНЧУЛУУН