Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0254/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Хохирогч Б-,

Шүүгдэгч Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгон овогт Гомбын Бадамгаравт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000000057 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дугаар баг, 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 59 тоотод оршин суудаг, Урьд:

2005 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Гомбын Бадамгарав, регистрийн дугаар ТВ:76092673

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б-нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найес” баарны гадна Б-тэй маргалдаж, түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Б-нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найес” баарны гадна Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

 

Шүүгдэгч Г.Бадамгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэм буруугийн асуудалд маргаангүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг

 

Хохирогч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирол төлөгдсөн, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б-ийн өгсөн: ....2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед хамт ажилладаг Гэрэлээ залгаад Найес бааранд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд 23 цагийн үед очтол Гэрэлээ нэг хүүхэн залуу хоёртой байсан бөгөөд бид 4 юм ярьж суусан ба Гэрэлээ бид хоёр 00 орсон чинь Бадамгарав, Сайнжаргал 2 зогсож байсан бөгөөд Сайнжаргал над руу чи бааранд явж байгаа юм уу гээд зууралдаад байсан, тэгтэл Гэрэлээ уурлаад намайг аваад гарсан. Тэгээд дотор сууж байгаад би гадаа агаарт гарах гэж явж байгаад Сайнжаргалтай маргалдсан. Нэг хүүхэнтэй бүжиглээд гар хөлөө савчуулаад байсан юм. тэгээд муудалцаж байхдаа би малгайг нь аваад суудал руугаа яваад өгсөн юм. Тэгээд баар хаах болоод малгайг нь өгнө гэж бодоод баарнаас гарсан... гадаа Бадамгаравтай таарсан, түүнээс Сайнаа хаана байна гэж асуутал би яаж мэддэг юм бэ, чиний Сайнааг хүүхэн аваад буудалд оруулсан гэж хэлсэн, тэрнээс болоод бид 2 хэрэлдсэн, тэгтэл Б-миний нүүр рүү нэг удаа гараараа цохиод түлхэж унагаад биеийн зүүн талын гуя шагай хэсэг рүү өшиглөсөн, тэгээд хэн ч цагдаа дуудаагүй, би өөрөө босоод цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-8-9/,

 

Гэрч С.Сайнжаргалын өгсөн: ...Найз Гантөмөр, Б-нартай Найес бааранд орсон бөгөөд нэг нэг шил пиво уусан юм, тэгээд би талбай руу гараад бүжиглэтэл Б- гарч ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гээд нүүр рүү цохиод уурлаад яваад өгсөн. Тэгээд би найз хүүхэн дээр нь очоод та нар яагаад хүний амьдралд оролцоод байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай найзууд гарсан юм, тэр хооронд би Б-ийн найзуудтай ярьж байсан юм, тэгсэн Б- намайг цагдаа явъя гээд байсан юм. тэгээд цагдаа явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

Гэрч З.Гэрэлийн өгсөн: .... Б- 00 орсон бөгөөд би араас нь очсон чинь Сайнжаргал гэх залуутай зууралдаад зогсож байсан, тэгэхээр нь би тэр залууг түлхээд Б-ийг аваад ширээн дээр суусан. Тэгсэн Б- Сайнжаргалын малгайг өгөөдөхье гээд гараад явснаа хэсэг байж байгаад намайг Сайнжаргалын найз нь зодчихлоо гэж орж ирсэн. Тэгээд цагдаа дуудна гэж байсан, би хамт байсан хүүхэн согтохоор нь хүргэж өгчихөөд ирье гээд яваад буцаад ирэхэд Б- гэртээ харьчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-12/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 866 тоот “Б-ийн биед тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуу, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, баруун тохой, өвдөг зүүн шагай, тавхайны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-14/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бадамгаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  хохирол төлөгдсөн, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгээр, мөн хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 23/ зэргээр нотлогдож байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Бадамгаравт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Бадамгаравыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Бадамгаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б-нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бадамгаравт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР