Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2023/0034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023      10         12                                     123/ШШ2023/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Золжаргал,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал

Гуравдагч этгээд: Л.Далай, Б.Сийлэгмаа, Э.Сүх-Эрдэнэ нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат,  хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч газрын даамал М.Алтантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийлэгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч талаас “А.Золжаргалын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
    2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “А.Золжаргалын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Газрын даамалд даалгах” гэж  нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Л.Далайгаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Мөнхчулуунд Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Поошигт, Торлогтын ам, 1 дүгээр гудамж, 30 тоот хаягт байрлах, 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Б.Сийлэгмаагаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Мөнхчулуунд Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг 60-н давааны зүүн талд байрлах, 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Э.Сүх-Эрдэнээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Мөнхчулуунд Баянчандмань сум Эрдэнэ 60-н давааны зүүн талд байрлах, 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн Б.Мөнхчулуун нь маргаан бүхий газрууд болох  гуравдагч этгээд Л.Далайгийн газрыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр,  гуравдагч этгээд Б.Сийлэгмаагийн газрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр,  гуравдагч этгээд Э.Сүх-Эрдэнийн газрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус газар худалдах худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч А.Золжаргалд худалдсан байна.

2.2. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 дугаар албан тоотоор “Иргэн Алтан-Очир овогтой Золжаргал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна гэх хариуг өгчээ[2].

Мөн нэхэмжлэгч сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргасныг аймгийн Засаг дарга гомдлыг хянаад хариу өгөхдөө буюу маргааны асуудлыг “...газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх тухай гомдлыг судлаад дараах хариуг хүргүүлж байна. Баянчандмань сумын Засаг даргын албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбарт анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй байна гэж үзсэн байна” ... А.Золжаргалын газрын гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ.[3]

2.3. Нэхэмжлэгч А.Золжаргал асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй учир “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа Газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болох, газрын кадастрын нэгдсэн санд бүртгүүлэхээр 2022 оны 11 сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “А.Золжаргал нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах дараах газрын хууль ёсны өмчлөгч билээ.

1. 3-р багийн, Эрдэнэ 60-н давааны зүүн талд 18 гудамж, 1802 тоот хаягтай, Улсын бүртгэлийн /Г-1426003400/ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын /4116036190/ дугаартай 5000 м.кв газар,

2. 3-р багийн, Эрдэнэ 60-н давааны зүүн талд 18 гудамж, 1801 тоот хаягтай, Улсын бүртгэлийн /Г-1426003399/ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын /4116036189/ дугаартай 5000 м.кв газар,

3. 3-р багийн, Эрдэнэ Поошигт торлогтын ам 1 гудамж, 30 тоот хаягтай, Улсын бүртгэлийн /Г-1426003721/ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын /18604338051170/ дугаартай 5000 м.кв газар.

Тэрээр уг газрыг 2017 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан. Гэтэл өөрийн өмчлөлийн газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэсэн боловч “Мэдээлэл байхгүй байна” буюу газрын кадастрын мэдээлэл нь устсан байна. Чухам ямар шалтгааны улмаас мэдээлэл нь байхгүй болсон талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл мэдэгдэл мэдээлэл ирээгүй байна. Газрын кадастрын бүртгэл нь газар өмчлөх эрхийн салшгүй нэг хэсэг учир газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл байхгүй болсноор дээрх өмчлөлийн газар өөр бусад хүний өмчлөлийн газартай давхцах зэрэг асуудал бий болох цаашлаад А.Золжаргал нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж өгнө үү” хэмээн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/275 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичигт А.Золжаргал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарласан байдаг. Дээрх 01/275 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг. Тус гомдлын дагуу Төв аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “Анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй гэж үзсэн тул гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Төв аймгийн Засаг даргын тус албан бичгийн 2022 оны 10 сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно.

А.Золжаргалын өмчлөлийн газар, газрын кадастрын бүртгэлтэй холбоотой дээрх байдлаар хоёр шатны Засаг даргад хандсан боловч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаад байгаа юм.

... Тиймээс иргэн А.Золжаргалын өмчлөлийн дээрх газрын кадастрын мэдээллийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах зэргээр шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэх, дээрх шийдвэртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар өмчлөгчид мэдээлэх учиртай юм. Гэтэл А.Золжаргалын газар өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байх тул хуульд заасны дагуу өмчлөгч нь тухайн газруудын кадастрын мэдээллийг бүртгүүлж, газрын мэдээллийн санд оруулах эрхтэй юм.

Иймд дээрх газрын хууль ёсны өмчлөгч болох А.Золжаргалын  эрх ашгийг хамгаалж, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамалд даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон Газрын даамалд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс тус газруудыг 2017 оноос эхэлж газар худалдан авах гэрээний дагуу газар өмчлөх эрхийг өмчилж эхэлсэн байдаг. Гэтэл өөрийн өмчлөлийн газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэсэн боловч мэдээлэл нь харагдахаа больсон байсан. Уг асуудлаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хандсан байдаг. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 дугаар албан бичгээр холбогдох гэрээ болон газар өмчлөх захирамж ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Гэтэл Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 болон 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу төрийн байгууллага болон төрийн бус байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр дотоод архивтай байхаар заасан байдаг. Үүний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт сумын Засаг даргын өөрийнх нь захирамжтай холбоотой архив байх ёстой бөгөөд тэндээс нэхэмжлэгчийн газар өмчлөх захирамжийг олоод авах боломжтой байсан. Мөн түүнчлэн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Шууд тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбар өгсөн. Газрыг бүртгэхгүй байгаатай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зааж өгсөн байдаг. Тухайлбал, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч А.Золжаргалын өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд харагдахаа больсонтой холбоотой ямар нэгэн эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй. Энэ талаар А.Золжаргалд огт мэдэгдээгүй. А.Золжаргал өөрөө энэ талаар мэдээд холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаад, шийдвэрлүүлэхээр хандсан боловч үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч А.Золжаргалын 3  газрыг гурвууланг нь бүртгэх боломжгүй гэж байгаа. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын даамлаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар ирүүлсэн. Тус тайлбар дээр А.Золжаргалын нэхэмжлэлтэй анхны өмчлөгч Э.Сүх-Эрдэнэ буюу сүүлийн 4 оронг нь хэлээд явъя гээд 7180 нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын кадастрын нэгдсэн систем болох “Эл Эн” программд бүртгэгдсэн байна гэж байгаа. Мөн түүнчлэн анхны өмчлөгч Б.Сийлэгмаагийн 0228 нэгж талбарын дугаартай газрыг газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэ систем болох “Эл Эм” программ бүртгэсэн байна гэж байгаа. Гэтэл өнөөдөр Засаг даргын төлөөлөгчийн зүгээс энэ 3 газрыг гурвууланг нь бүртгэх боломжгүй, хууль бус байна гээд байгаа. Гэтэл энэ 3 захирамжтай холбоотой хууль бус гэх прокурорын тогтоол байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдоогүй. Өнөөдөр прокурор гэм буруутай гээд бүх хүнийг үзээд байвал шүүх байх хэрэг байгаа юм уу. Эрүүгийн хэргийн шүүх өнөөдөр эцсийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нь тогтоодог байтал прокурор түүнийг тогтоодог болсон юм шиг яриад байна. Үүнийг тусдаа шийддэг шүүх байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, процесс ажиллагаа гэж байгаа. Бүх зүйл үе шат дараалалтай байгаа. Гэтэл өнөөдөр прокурорын тогтоосон зүйлээр энэ хүмүүс гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай учраас энэ захирамжууд хууль бус гэж үзээд байгаа. 2 өөр тайлбар яриад байна. Шүүхэд авагдсан баримтаар “Эл Эм” программд бүртгэгдсэн байна гээд газрын даамлаас ирүүлсэн байдаг. Гэтэл Засаг даргын төлөөлөгч нь бүртгэх боломжгүй, хууль бус гээд 2 өөр ялгаатай тайлбарыг хэлээд байна. Анхны өмчлөгчтэй холбоотой асуудал яригдаад байгаа. Гэтэл өнөөдөр А.Золжаргал энэ 3 газрыг Иргэний хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх үүсээд байна. Анхны өмчлөгч биш. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүсдэг. Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу гэрээ байгуулсан. Төлбөрийг шилжүүлсэн. Тухайн үед уг газар эрхийн доголдолтой байсан уу гэвэл үгүй. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан. Тус хуулийн зохицуулалтын дагуу тухайн газрыг худалдаж авч байхад ямар нэгэн эрхийн доголдолгүй байсан гэж үзэж байгаа. Түүнчлэн хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсний дагуу өмчлөх эрх үүсээд байдаг. Өнөөдөр анхны захирамж нь ийм асуудалтай байна гээд иргэн хоорондын байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал хөндөгдөхгүйгээр шууд газар өмчлөх захирамжтай холбоотой асуудал яригдаад бүртгэгдэхгүй байгаа. Мөн бүртгэлийг хаагаад байгаа энэ үйлдэл нь хуульд заасан үндэслэлтэй юм уу, хууль журмын дагуу явагдаж байгаа юм уу гэх асуудал яриад байна. Гэтэл өнөөдөр цаг хугацааг дуусгавар болгож хаах гэдэг нэр томьёотой үйлдлийг хуулиар олгогдсон тийм дүрэм, журам, хууль тогтоомж нэг ширхэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд огт заагаагүй үндэслэлээр хууль бусаар газрын кадастрын мэдээллийн санд цаг хугацааг нь хааж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт А.Золжаргалын газрыг шинэ мэдээллийн санд бүртгэхгүй байна гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл энэ нь өмчлөх эрх олгосон захирамжтай холбоотой бид нар ямар нэгэн байдлаар маргаагүй. Энэ талаар хариуцагчийн зүгээс ч ямар нэгэн шаардлага гаргаагүй гэж үзэж байна. Нэмэлт дүгнэлт хэлэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэвэл хуучин мэдээллийн санд байсан мэдээллийг шинэ мэдээллийн санд бүртгэхээс татгалзаад байгаа энэ агуулгатай холбоотой нэхэмжлэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Бүртгэлтэй холбоотой 2 асуудал байгаа. Шинээр бүртгэх асуудал юм уу эсхүл өөр асуудал юм уу. Энэ нь шинээр бүртгэх асуудал биш. Өөрөөр хэлбэл, хуучин мэдээллийн санд бүртгэсэн байсан асуудлыг шинэ систем нь өөрчлөгдөж болно. Гэхдээ хуучин мэдээллийн систем дээр шинэчлэлт хийхгүйгээр, шинэ системд ашиглахад орсон учраас хуучин мэдээллийн систем дээр байсан баазыг шинэ мэдээллийн систем дээр хуулж тавих асуудал яригдаж байгаа. Мэдээллийг бүртгэж оруулах. Өөрөөр хэлбэл жишээ аваад хэлбэл энэ /таб/ тест байлаа гэхэд маргааны зүйл болоод байгаа зүйлийг энэ гэж үзвэл үүнийг та нар солихдоо энэ болохгүй байна гээд үүнийгээ солиод мэдээлэл оруулахгүй байгаатай адилхан гэсэн үг. Мэдээллийн системд оруулж байгаа мэдээлэл нь өөрөө нэгдүгээрт, шинээр орж байгаа мэдээлэл биш. Хоёрдугаарт,  өмчлөлтэй холбоотой маргаан, тэр шийдвэртэй холбоотой маргаан огт байхгүй. Зөвхөн хуучин мэдээллийн систем дээр байгаа баталгаажсан мэдээлэл нь шинэ систем дээр орохдоо систем солихдоо яагаад тэр систем дээр хуулагдахгүй байгаа талаар асуудал яригдаж байгаа. Үндэслэл болоод байгаа, хариуцагчийн тайлбарын татгалзлын үндэслэл болоод байгаа журам нь өөрөө өмчлөх эрх хүссэн өргөдлийг  хүлээж аваад, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журам байгаа. Гэтэл бид нарын хувьд өмчлөх эрх хүсэлт дагаад кадастр хийлгэх тухай агуулгатай өргөдлийг тухайн газрын даамал бол гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад ийм зүйл тусгагдаагүй. Ямар харилцаагаар зохицуулагдах вэ гэхээр 2020 оны А181 дугаартай Геодези зураг зүйн газрын даргын баталсан Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем, түүнийг ажиллуулах журамд заасны дагуу зохицуулагдах харилцаа. Гэтэл хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа үндэслэл нь Өмчлөх эрхийг бүртгэж аваад кадастр хийхдээ холбогдсон харилцааг зохицуулсан журмын дагуу бус татгалзаад байгаа учраас эрх зүйн үндэслэлгүй байна. Үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэж байна. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем ажиллуулах журмын 14 дүгээр зүйлийн 14.1-т 2 зүйлийг тусгасан. Үүнд: тус журмын 13.1.10-т мэдээллийн сан баталгаажсан нэгж талбарын мэдээллийг устгахыг хориглоно гэж заасан. Энэ яагаад баталгаажсан бэ гэхээр өмнөх мэдээллийн сан дээр баталгаажсан мэдээлэл шинэ систем ашиглалтад ороход хүчингүй болно гэж байхгүй. Зөвхөн тэр мэдээллийг шинэ системд оруулахтай холбоотой үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ мэдээллийг яагаад устгах болж байна вэ гэхээр одоогоор цаг хугацааг дуусгавар болгосон гээд байгаа. Энэ нь хууль, журамд байхгүй хэллэг. Энэ цаашид ямар үр дагаврыг үүсгэх вэ гэхээр удаан хугацаанд яваад шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд устгахтай адил хэмжээний үр дагавартай гэх тайлбарыг өгсөн байдаг. Энэ бас хориглох зүйлд орсон байдаг. 14 дүгээр зүйлийн 14.2, 1-т агентлагийн кадастрын асуудал эрхэлсэн нэгж нь системийг улиралд нэг удаа шалгалт хийнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ зөрчил дутагдал байна гэвэл системд оруулсан мэдээлэл зөрчил дутагдалтай байсан бол улирал тутам шалгалт хийгдэж байгаа. Энэ шалгалтын үр дүнг авах арга хэмжээг 14.2-т заасан. Хэрэв шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу агентлагийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан танилцуулж, шийдвэр гаргуулан зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээг авч ажиллана гэж байгаа. Гэтэл ямар нэгэн зөрчил илрүүлсэн, шалгалт хийгдээгүй. Хоёрдугаарт, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байж зүгээр үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаад байгаа үйл явдал байгаа. Хэрэв энэ шалгах ажиллагаа хийгдээд явбал Захиргааны ерөнхий хуульд ч гэсэн заасан. Нөхцөл байдлыг тогтоогоод холбогдох нотлох баримтаа цуглуулаад, баримтуудыг цуглуулсны үндсэн дээр оролцогчийн оролцох эрхийг хангаж, сонсох ажиллагаа хийгдэж, шийдвэрүүд нь гарах ёстой. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч тайлбаргүйгээр, ямар ч журамгүй эрх зүйн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан үйл баримт болоод байна. Эцэст нь хэлэхэд, систем дээрх маргаан бүхий газрыг олгосон захирамжийг 2 иргэнээс худалдаж авсан. Э.Сүх-Эрдэнэ, Б.Сийлэгмаа гэх 2  хүнээс худалдаж авсан. Энэ захирамжаас 2 хүнд газар олгосон. 2 хүнээс худалдаж авахад нэг нь бүртгэлтэй байгаад байгаа. Гэтэл Б.Сийлэгмаа гэх хүний газрыг бүртгэхгүй, татгалзаад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ захирамж дээр дур зоргоороо хандаад байгаа асуудал байгаад байна. Яагаад нэгийг нь баталгаажуулаад бүртгээд болоод байхад нөгөөдөх нь яагаад болохоо байгаад байгаа юм бэ гэх асуудал байна. Захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь хуульд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэж заасан. Энэ  зарчмын хүрээнд үндэслэлгүйгээр татгалзаад, энэ зарчим зөрчигдөөд байна. Татгалзал болоод байгаа үндэслээд байгаа заалт нь энэ харилцааг зохицуулсан журмын заалт биш гэх тайлбарыг гаргаж байна. Маргааны үндсэн агуулгын хувьд Тамгын газар болон Д.Гэрэлхүү гэх Газрын даамлын зөрчилдөөнөөс үүдэлтэй байгаад байна. Тамгын газар бол Д.Гэрэлхүүгийн буруу, хууль бус ажиллагаа хийсэн байна гэж үздэг. Гэтэл энэ зөрчилдөөний дундаас иргэд хохирох нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Тамгын газар үнэхээр иргэн буруутай гэж байгаа бол Д.Гэрэлхүүд холбогдуулан шаардлага, гомдлоо гаргах боломжтой. Энэ зөрчилдөөний улмаас иргэд хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, төрийн байгууллагын албан тушаалтан буруутай үйл ажиллагаа явуулсан бол төр өөрөө хариуцах зохицуулалттай. Хууль зөрчсөн буруутай байгаа бол Д.Гэрэлхүүтэй холбоотой шаардлага, гомдлуудаа гаргаад явах эрх нь нээлттэй байгаа. Прокурорын тогтоолд ач холбогдол өгч байна. Энэ тогтоолоор захирамжууд нь хүчин төгөлдөр, хууль бус байсан байна гэж нотлох гэж оролддог. Прокурорын тогтоолд юу гэсэн бэ гэвэл тухайн нөхцөл байдалд бол гэмт хэргийн шинжтэй үйл баримт байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх. Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдэг нь гэмт хэргийг шалгаж, шалгалтын ажиллагаанд нотлох, цуглуулах, баримт цуглуулах боломжгүй болсон гэсэн үг. Нотлох баримт цуглуулаагүй, гэмт хэргийн талаар холбогдох баримтыг цуглуулаагүй байж тухайн зүйлийг гэмт хэрэг гэж ойлгохгүй. Гэмт хэргийн шинжтэй байж болно. Захиргааны хэргийн шинжтэй ч маргаан байж болно. Гэхдээ эцсийн шийдлийг шүүх тэгж дүгнэдэггүй. Энэ бол одоогийн байдлаар төсөөлөл, таамаг. Тийм учраас үүгээр тухайн шийдвэрийг хууль бус, илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Миний бодож байгаагаар үнэхээр шийдвэр нь хууль бус байсан байна гэвэл тухайн үедээ хууль бус, илт хууль бус гэх шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл тухайн үед зүгээр л бүртгэхээс татгалзсан. Ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдрийн хурал дээр ярьж байгаа тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль бус, илт хууль бус болох нь тогтоогдож байна гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа. Гэвч энэ харилцаа нь өмнө нь болсон бүртгэхээс татгалзсан асуудал дээр өнөөдрийн хурал дээр захирамж нь хууль бус, илт хууль бус гэж тогтоогдсон нь өмнөх үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хууль бус, илт хууль бус байсан бол тухайн үед татгалзахдаа хууль бус, илт хууль бус болохыг тогтоосон нотлох баримтыг цуглуулаад шийдвэр гаргаад явах байсан боловч тэрийг өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоох асуудал биш. Цаг хугацааны хувьд боломжгүй. Мөн өмнөх гаргасан тайлбар дээрээ нэмж хэлэхэд гол анхаарч үзэх асуудал нь А.Золжаргалын хувьд 2 захирамж дээр захирамжийн хавсралтад дурдагдсан 2 иргэнээс газар худалдаж авсан. Нэг нь программ дээр бүртгэж болоод хууль ёсных болчихоод байхад нөгөөх нь яагаад болохгүй, хууль ёсны бус болоод байгаа юм бэ. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Мөн татгалзаад байгаа журам нь энэ журам биш. Газрын кадастр мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам гэж байгаа. Энэ журмаар зохицуулагдах харилцаа байсан. Өмнөх тайлбараа дэмжиж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Засаг даргын Тамгын газар болон Д.Гэрэлхүү нарын зөрчилдөөнтэй холбоотой баримт байна. Энэ зөрчилдөөний улмаас иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал үүсэж байгаа. Зарчмын хүрээнд яривал төрд иргэн итгэх итгэл хамгааллын зарчим үйлчлэх ёстой. Хууль бус үйл ажиллагаа байсан гэдэг нь тогтоогдвол энэ зарчим үйлчлэхгүй байх ёстой байх. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэвэл А.Золжаргалыг нэгдүгээрт, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Тэгэхээр Д.Гэрэлхүү буруутай байсан эсэх талаар хавтаст хэрэгт гэм бурууг нь тогтоосон баримт байхгүй. Прокурорын шатанд гарсан тогтоол нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна. Ер нь гэмт хэргийн шинж байна уу гэвэл байна. Үүнийг цааш нь шалгаад явах байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байна. Энэ асуудлаас болоод иргэд хохирох ёсгүй гэж үзэж байгаа. Хэрэв учраа олох гэж байгаа бол Д.Гэрэлхүүд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаад, тэрийг олгуулах боломжтой байна. Хоёрдугаарт, шийдвэрийг илт хууль бус гээд байдаг. Захиргааны байгууллага үнэхээр тэгж үзэж байгаа бол илт хууль бус гэдгээ нотлох ёстой. Нотолсон баримт мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тийм ажиллагаа хийгээгүй байна. Мөн хууль бус, хүчин төгөлдөр бус гэх шийдвэрийг гаргаагүй. Тухайн үед татгалзахдаа анхны өмчлөгчийн мэдээлэл байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэж татгалздаг. Тэр татгалзлын үндэслэл болсон захирамж, журам нь тухайн харилцааг зохицуулах журам гэж байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, шийдвэртэй холбоотой илт хууль бус эсхүл илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Бодит байдлыг захиргааны байгууллага тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, хавтаст хэрэгт авч өгөөгүй ийм үйл баримт байна. Өмнө нь илт хууль бус гэж татгалзаагүй байж өнөөдрийн шүүх хуралдаанд цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнээд тухайн захирамжийг, өмчлөх эрх олгосон захирамжийг илт хууль бус байгаа учраас бид одоо татгалзаж байна гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь өмнө нь татгалзсан татгалзлыг зөвтгөх үндэслэл болохгүй байна. Өмнөх тайлбартаа давтаж хэлэхэд, энэ бол өмчлөх эрхтэй холбоотой захирамжийг хүчин төгөлдөр бус, илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага юу вэ гэхээр өмнө нь кадастрын мэдээллийн нэгдсэн систем дээр байсан мэдээлэл нь одоо тэрийгээ шинэ мэдээллийн систем дээр хуулж тавих асуудал байна. Та нар үндэслэлгүйгээр татгалзаад байна. Үнэхээр шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны байсан юм бол тэр шаардлагаа гаргаад яв гэдэг байдлаар өнөөдрийн шүүх хуралдаан болж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг авч үзэхийг хүсэж байна. Мөн иргэдийг холбогдох баримтаа авч ирэх ёстой, авч ирээгүй учраас бүртгэхгүй байгаа гэх тайлбарыг хэлж байна. Иргэд баримтаа хадгалах үүрэг байхгүй. Хууль ёсны дагуу өмчлөх эрхээ олж аваад улсын бүртгэлд бүртгэчихээд Монгол улсын хуулийн хувьд тухайн өмчийг олж авсан гэж үзэх боломжтой. Гэтэл өөртөө  хадгалагдах ёстой баримтыг иргэдээс шаардах нь холбогдох Архивын тухай хууль болон бусад хуульд  нийцэхгүй байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд, татгалзал үндэслэл нь хуульд үндэслээгүй байна. Хууль зүйн хувьд захиргааны байгууллага эрх зүйн хэм хэмжээнд үндэслэх зарчимд нийцэхгүй байна. Таамаг дэвшүүлсэн тийм байдалтай байж болзошгүй гэх байдлаар ярьж байна. Үнэхээр тэрийг тогтоовол захиргааны байгууллага тэр асуудлаар шүүх, хуулийн байгууллагад боломжтой. Өнөөдөр зөвхөн хэргийг шийдвэрлэхийн тулд хариуцагчийн тайлбар, тэдний таамаглалд үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гарах ёсгүй гэж үзэж байна. Тийм учраас хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн шийдвэр, захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэгэн баримт байхгүй учраас өмчлөгч нарын эрхийг сэргээж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна. Мөн 143 дугаартай захирамжаар газар өмчлөх эрхийг олгосон. Тэр захирамж илт хууль бус юм бол тухайн захирамжаар газар олгосон хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна. Тэдний өмчлөх эрхийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ асуудлыг шүүгчийн зүгээс харгалзаж үзэхийг хүсэж байна. 143 дугаартай захирамжаар олгогдсон Э.Сүх-Эрдэнэ, Б.Сийлэгмаа гэх 2 хүнээс А.Золжаргал нь газар худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан байхад нэг нь бүртгэж болоод байдаг. Нэг нь илт хууль бус болоод байдаг нөхцөл байдал байж болохгүй гэж үзэж байна гэжээ.

3.4 Хариуцагч М.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан иргэн А.Золжаргал гэх хүн Төв аймгийн Баянчандмань сумын Газрын алба дээр ч юм уу эсхүл Тамгын газар дээр очиж Газрын даамал, Засаг даргатай уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ хүн ирж хандаагүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл С.Шижирбаатар, Б.Бат-Үнэн гэх 2 хүн 2 удаа ирж уулзаж байсан. Тэрийг мэдээд байгаа. Иргэн А.Золжаргалын нэхэмжлэлд өмнө би хариуцагчаар явж байгаагүй учраас тухайн үед сайн анзаарч байгаагүй. Гэхдээ миний гаргаж өгсөн тайлбар дээр байгаа. 3 нэгж талбартай 3 газрыг худалдаж авсан байна. Хоёр нь шинэчилсэн мэдээллийн сан буюу “Эл Эм” программд бүртгэл нь байна гэдгийг гаргаж өгсөн. Л.Далай гэх иргэнээс авсан газрыг бүртгэж баталгаажуулж өгөх боломжгүй гэдгийг тухайн үед ирж хандаж байсан бол  хэлсэн байгаа байх. Яагаад гэвэл 2016 оны А/143 гэсэн захирамж сумын Засаг даргын архивд байгаа. Тэр захирамжид энэ иргэний нэр байхгүй. Нөгөө 2 нэгж талбарын тухайд 2017 онд гарсан 354, 355 дугаартай 2 захирамжаар баталгаажуулж, мэдээллийн санд орсон. Энэ 2 нэгж талбарт ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Мэдээллийн санд архивд байсан захирамжууд бүртгэл нь орсон бол хэвээрээ байгаа. Энэ 2 нэгж талбар дээр А.Золжаргал гэх иргэн ямар үндэслэлээр мэдээллийн санд дахиж бүртгүүлнэ гэж хандаад байгааг ойлгохгүй байна. Гуравдагч этгээдийн яриад байгаа 2012 онд цахимаар газар авч байсан гэж ярьж байна. 2012 онд хөдөө орон нутагт цахимаар газар олгож байгаагүй. Цахимаар газар олгох асуудал Монгол орон даяар 2016 онд нийслэлийн дүүргүүдийн хооронд хийгдэж байсан. Сум, хөдөө орон нутагт цахимаар газар олголт хийгдээгүй гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын 01/272 дугаартай албан бичиг бол хууль ёсны үндэслэлтэй гарч ирүүлсэн гэж хариуцагч тал үзэж байгаа. Мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжгүй гэх асуудалд тушаал шийдвэрүүд нь байхгүй гэх асуудлыг хөндсөн. Зөвхөн мэдээллийн санг өөрчлүүлэх гээд байхад та бүхэн энэ дээрээ асуудлаа шийдээч гэх. Өнөөдөр шүүхийн шатанд ирсэн учраас сонсох ажиллагаа явуулаагүй. Шүүхэд маш олон нотлох баримт буюу 2 хавтаст хэргийг бүрдүүлсэн. Гэрч нарын мэдүүлгүүдийг сонсож үзсэн. Бүртгэж өгөөч гээд байгаа А.Золжаргалын 3 газрын хувьд гурвуулаа илт хууль бус захирамжуудаар авсан. Хууль бус гэмт хэргийн шинжтэй гэдэг нь бас прокурорын шийдвэрээр нотлогдоод байгаа. Бид энийг л тайлбарлаад байгаа. Бид хууль ёсны үндэслэл бүхий хүсэлтийг шийдвэрлэнэ. Хуулийн зарчмаар ажиллана. Энэ 3 хүний бүртгэлийг шинэчлэх тохиолдолд шийдвэрийн асуудал хөндөгдөнө. Захирамжийн асуудал хөндөгдсөн. Гэтэл захирамжуудыг хуулбарласан. Энэ хүмүүс анхнаасаа өмчлөх эрхгүй байсан. Өмчлөх эрхгүй хүмүүс байсаар байтал цааш дамжуулаад өмчилсөн. Газрын даамал, төр мэдээллийн сандаа бүртгээгүй байна гээд байгаа. Анхны гарсан 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай захирамжид эдгээр хүмүүс огт байхгүй. Энэ захирамжийг үндэслээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/355, А/354 гээд 2 захирамж гарсан. Энэ захирамжийн асуудлыг Засаг дарга Ц.Энхжаргал гэх хүнээс хөндсөн. Ийм захирамж гаргаагүй гэдэг. Ийм гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Энэ асуудлууд хэнтэй холбоотой вэ гэхээр тодорхой болсон. Газрын даамал Д.Гэрэлхүүтэй холбоотой. 2012 оны захирамжийг өөрчлөөд дараах хүмүүсийн нэрийг хийгээд тэгээд цааш шилжүүлээд, шилжүүлж болохгүй бол дахиад захирамж гаргаад тэр захирамжийг Засаг дарга нь мэдэхгүй захирамж гаргаад энэ хүмүүст 5000 м.кв газрыг өмчлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан асуудал байгаа. Энэ асуудлуудыг хянаж, шалгаж нягталсны дараа бид мэдээллийн сангийн асуудал, өмчлөх эрхийн асуудлыг хөндөх ёстой. Ийм учраас тухайн үед бүртгэх боломжгүй байна, та бүхний шийдвэр үндэслэлүүдээ гаргаад ир гэх асуудлыг тавьсан. Түүнээс огт бүртгэхгүй байгаа асуудал байхгүй. Гэхдээ та бүхний өгсөн баримт материал хангалтгүй байна гэх асуудлуудыг хөндсөн. Тэгээд дараа нь шүүхэд хандсан. Шүүхэд бүх нотлох баримтаар ил болсон. Өмчлөгч биш, өмчлөгч бус, хууль бусаар авсан этгээд нарт хуулийн дагуу бүртгээд гэрчилгээ олгох асуудал нь боломжгүй. Бид шүүхээс юу хүсэж байна вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэх хүсэлттэй байгаа талаар тайлбартаа дурдана. Шүүхийн шийдвэр гарсны дараа илт хууль бус асуудлуудыг цэгцэлж, нэг мөр болгож, улсын бүртгэлийн хэлтэс рүү бүртгэлийн асуудлуудыг хүчингүй болгох асуудлуудыг хөндөнө. Шүүхэд шилжсэн учраас хоёрдугаарт, сонсох ажиллагаа хийх дарааллууд байгаа учраас энэ асуудлыг хөндөхгүй байгаа. Шүүх хууль бус захирамжтай, өмчлөлтэй энэ хүмүүсийг бүртгэх талаар шийдвэр гаргахгүй байх гэж үзэж байна. Хуулийн дагуу. Яагаад гэвэл угаасаа эдгээр хүмүүст өмчлөх эрх байхгүй. Өмчлөх эрхтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй асуудал. Гэмт хэргийн шинжийг прокурор тогтоосон. Прокурор нь гэм буруутай байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хааж байна гэх 2 прокурорын тогтоол байгаа. Энэ тогтоол, гэрч нарын мэдүүлгүүдийг энэ 3 иргэнд газрын шинэ мэдээллийн санд бүртгээд өмчлөх эрхийг нь олгоод явах боломж байхгүй гэх тайлбарыг гаргаж байна. “Эл Эм” программ дээр бүртгэсэн гэж байна. Бүртгэсэн юм бол яагаад нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ. Өөрөө ойлгомжгүй шаардлага байна. Шүүх хэрхэн даалгах юм бэ. Бүртгэсэн байгаа юмыг дахиад бүртгэ гэж шүүхээс даалгах юм уу. Тийм зүйл яриад байна. Эсхүл бүртгээгүй газар байгаа бол тэрэндээ нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй. Хоёрын дунд бүртгэсэн байгаа талаар яриад байна. Тэгвэл ийм шаардлага гаргах ямар шаардлага байгаа юм бэ. Шүүх түүнийг даалгаж яах юм бэ. Бүртгээгүй асуудал байгаа юм бол тэр дээрээ маргаад явах хэрэгтэй. Яагаад бүртгэх талаар асуудлыг хөндөөд байна вэ,  хариу өгсөн бэ гэх асуудал байгаа. Захиргааны хэргийн шүүхийн зарчим байгаа. Нотлох баримтад тулгуурлаж, бүх бичиг баримтыг бүрдүүлнэ. А.Золжаргал шударгаар олж авсан юм уу. Үнэхээр энэ газрууд нь анхнаасаа хүчин төгөлдөр шийдвэрүүдээр явсан эсэх талаар асуудлуудыг хөндөхөөс өөр арга байхгүй. Бид тэрийг яриад байгаа. Нэхэмжлэгч, өмгөөлөгч нь зөвхөн бүртгэх, бүртгэлийн асуудлуудыг хөндөөд байгаа. Өмчлөлийн асуудлыг бид хөндөөгүй гэдэг. Өмчлөлийн л асуудлыг хөндөөд байна. Өөр юу хөндөөд байгаа юм бэ. Бүртгэхийн тулд өмчлөлтэй эсэх талаар асуудал зайлшгүй яригдана. Гэтэл дандаа хавсралтыг нь өөрчилсөн, эсхүл хуурамч бичиг баримтуудаар авсан. Мөн Тамгын газрын архивд юу ч байхгүй. Сая бас үзлэг хийхэд юу ч байгаагүй. Өмнө ч байгаагүй. Үүнийг судалсан, судлаад  хариу өгсөн. Тэр хүмүүстэй холбоотой ямар ч баримт архивд байхгүй учраас бид хариу өгөөгүй гэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч маань эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа танай архивд байх ёстой, танайх архивын үүргээ биелүүлээгүй байна гэх архивын тухай хуулиудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Өнөөдрийн хувьд бичиг баримтад үзлэг хийхэд архивд эдгээр хүмүүст өмчлөл байхгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу ямар нэгэн өргөдөл, хүсэлт юу ч өгөөгүй байдаг. Тэр нь огт байхгүй. Ийм бичиг баримттай байгаа нь үнэн. Үүнийг зөвтгөх гээд байгаа юм биш. Өнөөдрийн байдлаар үнэхээр хүчин төгөлдөр шийдвэрүүдээр авсан бол юу ч хэлэхгүй. Тэрийг ч тухайн үедээ шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл өнөөдөр үнэхээр энэ хүмүүс хүчин төгөлдөр шийдвэрээ авсан юм уу. 2 захирамж байгаа. Хоёул дээр нь тэр хүмүүсийн нэр байхгүй. Хавсралтыг өөрчилсөн гэдгийг Д.Гэрэлхүү хүлээн зөвшөөрсөн. Ийм тохиолдолд энэ газрыг хүчин төгөлдөр гэж үзэх юм уу. Хүчин төгөлдөр шийдвэрүүдээр авсан байна, өмчлөл нь зөв гэж үзэх үндэслэл байхгүй. Харин бид үүнийг зөвтгөхийн тулд явж байна. Одоо би Б.Сийлэгмаа гэх хүнээс ч асууна. Энэ хүнээс мөнгө төгрөг аваад газраа шилжүүлсэн юм уу, газраа мэдэж байсан юм уу гэх асуудлуудыг өнөөдөр хөндөнө. Өмнөх хүмүүс нь огт тийм зүйл байхгүй гэж хэлдэг. Өөр хэргүүд дээр ч хэлдэг. Э.Сүх-Эрдэнэ надад хамаагүй гэж хэлдэг. Анхнаасаа хэрхэн авсан талаар өмчлөлийн асуудал хөндөгдөнө. Тэгж байж энэ шийдвэр хүчин төгөлдөр хуулийн хүчин чадалтай болно. Хууль ёсны авсан зүйлүүд дээр Засаг дарга маргах ч шаардлага байхгүй. А.Золжаргал гэх хүн шударга эзэмшигч мөн үү гэх асуудал зайлшгүй хөндөгдөнө. Гэтэл захирамжуудыг гаргасан Засаг дарга, нарийн бичиг, Газрын даамал нар нь хэлээд байна. Захирамжийн хавсралтыг өөрчилдөг. Захирамжийг хуулбарлаж гаргадаг асуудлуудыг нь н.Энхжаргал дарга өөрөө хэлдэг. Өөрөө хүртэл Д.Гэрэлхүүгээр бичүүлээд авсан байдаг. Хавтаст хэрэгт байгаа. Чи яагаад ийм олон гэмт хэргийн шинжтэй асуудлууд гаргаад байгаа юм бэ гэж асуусан байдаг. Энэ нь анхнаасаа өмчлөх эрхгүй этгээд өмчлөөд тэр нь дамжаад явсан асуудал байгаа учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсангүй. Нэг нь бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй гэж ярьж байна. Бүртгэлтэйг дахиад бүртгүүлэх гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна. Хоёрдугаарт, манай тайлбар дээр илт хууль бус уу, хууль бус гэх асуудлыг өмнө нь тайлбар дээрээ хөндсөн. Араас нь явахгүй, урдаас нь явах ёстой. Энэ асуудал шийдэгдээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй. Өнөөдөр гаргасан мэт, энэнд шүүх дүгнэлт хийх гээд байгаа юм шиг тайлбарлаад байна. Үгүй. Нотлох баримтыг судалж, гэрчийн мэдүүлгийг сонссон. Хариу тайлбаруудыг сонссон. Хууль бус үйл ажиллагаа байсан уу гэвэл байсан. А.Золжаргал гэх хүний хувьд энэ хүмүүсээс авсан. Гэтэл дунд нь Б.Мөнхчулуун, Газрын даамал гэх 2 асуудал хөндөгдөөд байна. Гэрч мэдэхгүй гэж хэлж байна. 2012 онд нийслэлийн асуудал бол тусдаа. Цахимаар авч байсан ч юм уу, үгүй ч юм уу. Баянчандмань сум гэдэг нь тусдаа засаг захиргаатай. Тэнд хандсан хандалт байхгүй гэж хэлээд байна. Огт тэнд хандаагүй гэж. Яагаад 2012 оны захирамжийн асуудал дээр Б.Мөнхчулуун 2016, 2017 онд энэ хүний иргэний үнэмлэхийг нь хүүхдийнх нь хамт аваад байгаа юм бэ гэх асуудал дагуулаад байна. 2012 оны захирамжийн хавсралтыг үндсэндээ Д.Гэрэлхүүд өгөөд тэрний захирамжийг өөрчлөөд гаргасан асуудал энд илт харагдаж байна. Захирамжийн аль хавсралт нь хүчинтэй юм бэ гэх асуудлыг шүүх хөндөөд байх шиг байна. Манай архивд байгаа. Д.Гэрэлхүү гэх хүн удаа дараагийн мэдүүлэгтэй би ийм асуудал хийсэн гэдгээ хэлээд байдаг. Мөн цагдаагийн байгууллагаар шалгасан нь нотлогдоод тогтоогдоод байдаг. Прокурорын байгууллагаас хэргийг хаасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан. Гэмт хэргийн агуулга шинж байгааг тодорхойлсон. Бид иргэн А.Золжаргалыг хэлмэгдүүлэх гээд эрхийг нь зөрчих гээд байгаа юм биш. Үнэхээр Л.Далай, Б.Сийлэгмаа гэх хүмүүс хууль ёсоор авсан бол бид юу ч ярихгүй. Гэтэл энэ 2 хүн авсан нь яах ч аргагүй захирамжийн хавсралтын өөрчлөлт байгаад байгаа. Энэ нь өөрөө хууль бус үйлдэл болоод байна. 355, 354 дугаартай захирамжаар гарсан учраас энэ 2 хүн дээр мэдээллийн санд орчихоод байгаа. Үүнийг ялгах хэрэгтэй. Л.Далай гэх хүнээс авсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А143 бол бас л нотлох баримттай. Энэ нотлох баримтын 4-т нь өөр хүний нэр байгаа. Бас архивд байгаа. Л.Далай гэх хүний нэр байхгүй. Хавсралтыг өөрчилсөн. Би андуурч байна. 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай захирамж огт өмчлөлөөр гараагүй захирамж. Сая холиод хэлчихлээ. Огт өмчлөлөөр гараагүй захирамжийг үйлдээд гаргачихсан. 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай захирамж огт архивд байхгүй. 25 дугаартай захирамж байгаа. Гэхдээ тэр нь 2012 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрөөр гарсан. Гэхдээ газар эзэмшүүлэх тухай гээд. Өөр агуулгатай, өөр захирамж. Энэ захирамжийг ашиглаад хуулбарласан асуудал байгаа. Энэ огт хүчин төгөлдөр захирамж байхгүй. Агуулга нь нэг. Хавсралт өөрчилнө гэдэг нь ч хууль бус. Байхгүй захирамжийг хийгээд гаргана гэдэг нь бас л хууль бус. Ийм 2 захирамжийг үндэслээд энэ хүний мэдүүлгийг хараад байхад 2016 онд Б.Мөнхчулуун гэх хүн хүмүүсийн материал бүрдүүлээд аваачиж өгөөд ямар аргаар юм бэ асуудлуудыг шийдээд явсан. Тэр үеийн хяналт сул байсан, улсын бүртгэл дээр бүртгээд авчихсан. А.Золжаргал өөрөө хүсэлтээ өгөөд Газар өмчлөх тухай  хуульд зааснаар авсан бол энд ямар нэгэн асуудал байхгүй. Дамжаад ороод ирсэн асуудал байгаа. Дамжихдаа өмнөх өмчлөгч нарын асуудал нь дандаа хууль бус, бүр илт хууль бусаар байхгүй захирамжийг гаргадаг, илт хавсралтыг нь өөрчилдөг энэ асуудал нь хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас үүнтэй төрийн байгууллага эвлэрэх боломжгүй гэх байдлаар энэ хариултыг өгч байна. Хууль бус шийдвэрүүдийг бид нар харсаар мэдсээр байж А.Золжаргал мэдэхгүй байж байгаад авсан учраас үүнийг баталгаажуулаад өгье гэх асуудал байж болохгүй. Итгэл эвдэх, хуульд бодитой хандах, хууль дээдлэх зарчим хаачсан юм бэ. Үүнтэй холбоотой гол асуудалд анхнаасаа хариултаа өгөөд яваад байгаа. Шүүхийн шатанд шүүгч асууж байна. Зөв. Тухайн үедээ тэр асуудлыг судлаад хүчингүй болгох эсхүл ямар нэгэн байдлаар шийдэх боломж байсан уу гэвэл байсан байх. Гэхдээ тэгж шийдээгүй учраас одоо бид шүүхийн шийдвэр гарсны дараа асуудлууд хөндөгдөнө. Угаасаа хөндөгдөхөөс ч өөр аргагүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа нь бас зөв. Өмчлөлийн маргаан дээр бид маргаагүй гэж. Хүчин төгөлдөр байна уу эсхүл хүчин төгөлдөр бус байна уу гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй. Зөвхөн бүртгэлийн асуудлаар маргаж байгаа. Нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Бид ч гэсэн бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байхад тухайн захирамжуудыг хүчингүй болгох нь бас хуульд нийцэхгүй. Тийм учраас энэ асуудал дууссаны дараа бид бүх материал бүрдсэн учраас ямар шийдвэр гаргахыг Засаг дарга өөрөө Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрүүдээ гаргаад явна гэдгийг хэлээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.4-т маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Бидний өгсөн хариу бичиг, маргаан бүхий албан бичгийг хууль бус гэж үзэхгүй. Яагаад гэхээр хүсэлтийнхээ дагуу архивд бичиг баримтууд байхгүй, шалгаад үзэхэд байхгүй байсан учраас тухайн үед бид боломжгүй гэх хариуг өгсөн. Тэгэхээр хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй учраас мөн хуулийн 106 дугаар зүйлийн 3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх нэмэлт тайлбарыг гаргаж байна гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-2016 оны үед Б.Мөнхчулуун гэх хүн газар байгаа юу гэхээр нь би байгаа, чи хөөцөлдөөд авбал болно гэж хэлсэн. Онлайнаар цахим газар олголт гэж явж байсан. Тэгэхэд миний нэр дээр надад нэг газрын зураглал гараад ирсэн байсан. Тийм зураглал байгаа гэхэд тэгвэл тэрийг чинь би хөөцөлдөөд авч болох уу гэхээр нь би тэгвэл тэгээ гэж хэлээд иргэний үнэмлэхээ өгсөн. Б.Мөнхчулуунд нотариат л хийж өгсөн. Иргэний үнэмлэхийг нотариатаар хийж өгсөн. Өөр гарын үсэг зурсан зүйл байхгүй. 2017 онд үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Газар шилжүүлсэн зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр А.Золжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “А.Золжаргалын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа  буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамалд даалгах” гэж тодорхойлжээ.

  1. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч талаас “нэхэмжлэгчийн зүгээс тус газруудыг 2017 оноос эхэлж газар худалдан авах гэрээний дагуу газар өмчилж эхэлсэн байдаг. Гэтэл газрын кадастрын мэдээллийг цахим сангаас мэдээлэл нь харагдахаа больсон байсан. Уг асуудлаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хандсан. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 дугаар албан бичгээр холбогдох гэрээ болон газар өмчлөх захирамж ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Өөрөөр хэлбэл энэ нь өмчлөх эрх олгосон захирамжтай холбоотой бид нар ямар нэгэн байдлаар маргаагүй. Энэ талаар хариуцагчийн зүгээс ч ямар нэгэн шаардлага гаргаагүй гэж үзэж байна. Нэмэлт дүгнэлт хэлэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэвэл хуучин мэдээллийн санд байсан мэдээллийг шинэ мэдээллийн санд бүртгэхээс татгалзаад байгаа энэ агуулгатай холбоотой нэхэмжлэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Бүртгэлтэй холбоотой 2 асуудал байгаа. Шинээр бүртгэх асуудал юм уу эсхүл өөр асуудал юм уу. Энэ нь шинээр бүртгэх асуудал биш. Өөрөөр хэлбэл, хуучин мэдээллийн систем дээр шинэчлэлт хийхгүйгээр, шинэ системд ашиглахад орсон учраас хуучин мэдээллийн систем дээр байсан баазыг шинэ мэдээллийн систем дээр хуулж тавих асуудал яригдаж байгаа. Мэдээллийг бүртгэж оруулах. А/143 дугаартай захирамжаар олгогдсон Э.Сүх-Эрдэнэ, Б.Сийлэгмаа гэх 2 хүнээс А.Золжаргал нь газар худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан байхад нэг нь бүртгэж болоод байдаг. Нэг нь илт хууль бус болоод байдаг нөхцөл байдал байж болохгүй гэж үзэж байна” гэж, 
    2. Хариуцагч талаас “Засаг даргын 01/272 дугаартай албан бичиг бол хууль ёсны үндэслэлтэй. Шүүхэд маш олон нотлох баримт буюу 2 хавтаст хэргийг бүрдүүлсэн. Гэрч нарын мэдүүлгүүдийг сонсож үзсэн. Бүртгэж өгөөч гээд байгаа А.Золжаргалын 3 газрын хувьд гурвуулаа илт хууль бус захирамжуудаар авсан. Хууль бус гэмт хэргийн шинжтэй гэдэг нь бас прокурорын шийдвэрээр нотлогдоод байгаа. Бид энийг л тайлбарлаад байгаа. Бид хууль ёсны үндэслэл бүхий хүсэлтийг шийдвэрлэнэ. Хуулийн зарчмаар ажиллана. Энэ 3 бүртгэлийг шинэчлэх тохиолдолд шийдвэрийн асуудал хөндөгдөнө. Захирамжийн асуудал хөндөгдсөн. Гэтэл захирамжуудыг хуулбарласан. Энэ газар анхнаасаа өмчлөх эрхгүй байсан. Өмчлөх эрхгүй хүмүүс байсаар байтал цааш дамжуулаад өмчилсөн. Тэгэхээр хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй учраас мөн хуулийн 106 дугаар зүйлийн 3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж.
    3. Гуравдагч этгээд талаас “... 2017 онд Б.Мөнхчулуунд иргэний үнэмлэхээр  итгэмжлэл хийж өгсөн. ... Улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрөө гардаж аваагүй энэхүү газрыг Б.Мөнхчулуун аваад цаашид зарсан эсэхийг би мэдэхгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж, 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаар тус тус бүрэн эрхүүдийг нь хуульчилсан байна.
  3. Маргааны үйл баримтаар нэхэмжлэгчийн худалдан авсан гэх 3 газрыг шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлэхэд үндэслэл болох 1 актыг үзвэл, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/143 дугаар захирамжаар 15 иргэнд газар өмчлөх эрх олгосон баримт байх ба энэ нь хавтаст хэрэгт тус сумаас ирүүлсэн болон Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хоёр өөр хавсралтын нэрсийн жагсаалт бүхий  баримтуудыг тус тус ирүүлжээ.[4]
  4. Дээрх баримтыг үзвэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас актын эх хувь гэж  ирүүлсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/143 дугаар захирамж болон захирамжийн хавсралтын 4 дэх жагсаалтад “Батбямбын Алтанзул Колонкын урд Цаг уурын 1-р гудамж 62 тоот“ гэх хаяг байршил бүхий 5000 метр квадрат газрыг өмчлүүлсэн, захирамжийг баталгаажуулж Засаг даргаас тамга дарж, гарын үсэг зураад, хавсралт нэрсийн жагсаалтын дээд хэсэгт гарын үсэггүй зөвхөн тамга дарж баталгаажуулсан байна. Харин нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээний улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон буюу улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан захирамжийг баталгаажуулсан нь дээрхийн адил боловч хавсралтын дээд хэсэгт мөн тамга дараад, гарын үсэг зурж баталгаажуулсан, улмаар нэрсийн 4 дэх жагсаалтад  “Лхагвасүрэнгийн Далайд  Эрдэнэ 3-р бар Поошигт” гэх хаяг байршил бүхий 5000 метр квадрат газрыг өмчлүүлсэн баримт гарч ирсэн нь уг улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөх эрх олгосон гэх захирамж нь хуурамч гэж үзэх үндэслэл бий болж байна.

            Үүнд: - Тус сумын архив бичиг хэрэгт хадгалагдаж буй баримтаас өөр баримтыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг бичигдэж байсан,

   -Тус захирамжийг гарах үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргалыг гэрчээр асуусан  мэдүүлэгт “ ... би захирамжийн эхний хуудсанд тамга дарж гарын үсэг зурдаг, хавсралтад тамга дардаг, гарын үсэг зурдаггүй” гэж,

   -Тус захирамжийг гарах үед сумын Газрын даамал албан тушаалд ажиллаж байсан Д.Гэрэлхүүг гэрчээр асуусан мэдүүлэгт, энэ захирамжийн хавсралт яагаад хоёр өөр хавсралттай байгааг тодруулахад “... Ганц нэг захирамжийг бол өөрчилж гаргаж байсан. ...Ажилтайгаа үлдэхийн тулд цөөхөн хэдэн захирамжийн хавсралтыг сольсон тохиолдол байгаа” гэсэн мэдүүлэг,

   - Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаартай Прокурорын тогтоолд “... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь тус сумын Засаг даргын “газар өмчлүүлэх тухай” захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад газар олгосон болох нь тогтоогдож байгаа боловч хэрэг үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэж дүгнэсэн,

   - Мөн шүүхээс Баянчандмань сумын газрын даамлын бичиг хэрэг, ажлын тоног төхөөрөмжид хийсэн үзлэгээр, Д.Гэрэлхүүгийн хэрэглэж байсан компьютерт Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргалын гарын үсэгтэй тамганы дардас хадгалагдсан байсан,

   -Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот  байгуулалтын газраас Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай албан бичгийн дагуу  ирүүлсэн лавлагаанд Лхагвасүрэнгийн Далай нь 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  өөрийн нэр дээр төрөөс нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авсан байгаа зэргээс үзэж, уг газрыг анх улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй захирамжийн хавсралтын нэрсийн 4 дэх жагсаалтад  “Лхагвасүрэнгийн Далайд  Эрдэнэ 3-р бар Поошигт” гэх хаяг байршил бүхий 5000 метр квадрат газрыг өмчлүүлсэн хэсэг нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            5. Мөн нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг анх бүртгүүлэхэд үндэслэл болсон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 25 дугаартай захирамжийг үзвэл, уг захирамжийн хавсралтын нэрсийн жагсаалтын 12-т Энхжаргалын Сүх-Эрдэнэд, 16-д Банзрагчийн Сийлэгмаад тус тус газар өмчлүүлсэн гэх баримт Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн байх ба шүүх хуралдаанд Гуравдагч этгээдээр оролцсон Б.Сийлэгмаагийн “...би өөрийн хүү Э.Сүх-Эрдэнийн хамт  Б.Мөнхчулуунд 2017 онд иргэний үнэмлэхээ нотариат дээр очиж хуулбарлаж өгсөн, 2016 оны үеэс Б.Мөнхчулууныг манай дүүтэй хамт ажилладаг гэдгээр нь мэддэг болсон” гэх тайлбар эрх олгосон захирамжаас даруй 5 жилийн дараа бичиг баримтын бүрдэл бий болсон. Улмаар дээрх Баянчандмань сумын газрын даамлаар 2016 оноос 2018 оны хооронд ажиллаж байхдаа хуурамчаар газар өмчлүүлэх захирамжийг гаргаж байсан гэх Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг зэргээс холбогдуулан үзэж уг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 25 дугаартай захирамжийн Б.Сийлэгмаа, Э. Сүх-Эрдэнэ нарт холбогдох хэсэг нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээ Засаг даргын акт болон хариуцагч нарын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин хэргийн үйл баримтын тухайд авч үзвэл 3 үйл баримт маргааны үндэслэл болсон. Эндээс хариуцагч захиргааны байгууллагаас гаргаж өгсөн акт, тухайн суманд хадгалагдаж байгаа актад гуравдагч этгээд Л.Далай гэх хүний нэр байхгүй.

    Мөн гуравдагч этгээд Б.Сийлэгмаа, Э.Сүх-Эрдэнэ нарын хувьд шүүх хуралдаан болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “2012 онд газар өмчилж авсан эсэхийг би мэдэхгүй, 2017 онд Б.Мөнхчулуунд иргэний үнэмлэх хуулбарлан өгсөн, ямар газар авсан эсэхийг мэдэхгүй“ гэх тайлбарыг гаргаж байгаа тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн худалдан авсан гэх газар хуульд нийцсэн гэж үзэх, хууль бусаар газар өмчлөх эрхийн акт үйлдэгдэж, улмаар нэхэмжлэгч түүнийг худалдан авсан гэдгээр нь нэхэмжлэгчийн газрын мэдээллийн санд бүргүүлэх хууль ёсны эрх хөндөгдсөн гэж хууль бус актуудыг зөвтгөх, хэн нэгэнд газар өмчлүүлэх боломжгүй юм.  

    Энэхүү дээр тогтоогдсон үндэслэлээр энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан Л.Далай, Б.Сийлэгмаа, Э.Сүх-Эрдэнэ нарын хувьд авч үзвэл, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын лавлагаагаар Лхагвасүрэн овогтой Далай /РД:УХ95012714/ нь 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр төрөөс нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авсан болох нь тодорхойлогдсон. Мөн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/143 дугаар захирамжаар газар өмчилж авсан гэх баримт болон захирамж нь хуурамч буюу Л.Далайгийн нэр дээр энэ захирамжаар газар өмчлөх эрх үүсээгүй, Б.Сийлэгмаа, Э.Сүх-Эрдэнэ нарын 2017 онд бусдад хуулбарлан өгсөн иргэний үнэмлэх  бүхий баримтаар 2012 онд газар өмчилж  авах эрх үүсэх боломжгүй нөхцөл байдлын улмаас энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан дээрх гурван иргэний газар өмчлөх эрх, хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байх тул   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ..., шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж зааснаар  гуравдагч этгээдээр татан оролцуулсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 123/ШЗ2023/0129 дүгээр захирамжийг мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гарсан шүүгчийн захирамж, ... илт үндэслэлгүй бол уг захирамж, ... гаргасан шүүгч, ... хүчингүй болгох”  гэж заасны дагуу хүчингүй болгох, улмаар энэ гурван иргэний бусад газарт газар өмчлөх эрхийг нээлттэй болохыг тэмдэглэн үлдээх нь зүйтэй байна.

  1. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, газрын даамал нь газар эзэмших болон өмчлөх харилцаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан байна. Харин хариуцагч газрын даамал Газрын тухай хуульд заасны дагуу хяналт тавих чиг үүргийнхээ дагуу зөрүүтэй акт байсан болохоор бүртгэх боломжгүй гэх мөн хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга нь энэ маргаанд холбогдох нөхцөл байдлыг тогтоож, албан тоотоор “Иргэн Алтан-Очир овогтой Золжаргал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна” гэх хариуг өгсөн нь хуулийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, асуудлыг эрхийн хүрээнд шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэгчид газар өмчлөх эрхийг олгох асуудал биш бөгөөд хуульд заасан үндэслэлээр тухайн байгууллага болон албан тушаалтнаас нэхэмжлэгчийн газрыг мэдээллийн санд бүртгэх, улмаар өмчлөх эрхийг хангаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан бүртгэлийг шинэчлэгдсэн мэдээллийн санд шууд бүртгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг дүгнэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Засаг дарга нь энэхүү маргаанд хэлэлцэгдсэн баримт, түүний дотор хариуцагчийн тайлбараар хуурамч бичиг баримт үйлдэгдсэний улмаас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, үл хөдлөх эд хөрөнгө бий болгосон дээрх актуудыг хүчинтэй буюу үр дагавар үүсгэсэн хэвээр байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх бүртгэлтэй байж, маргаан гарч байх тул зохих ёсоор үр дагавар бий болгож буй дээрх актуудыг шийдвэрлэх, худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хэн нэгэн хохирохгүй байх, гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан этгээд нь гэрээний хохирлоо барагдуулах үндэслэлийг гаргаж өгөх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна. 

      Иймд дээрхээс хариуцагч Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, мөн хамтран хариуцагч сумын Газрын даамлын болон Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй гэж маргасан газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй гэж тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох А.Золжаргалын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамалд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А.Золжаргалын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/272 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 22.1, 111 дүгээр зүйлийн 111.3-т заасныг баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татах” тухай 123/ШЗ2023/0129 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

[1]  1 дүгээр хавтас 124-125 хуудас

[2]  2 дугаар хавтас 33 хуудас

[3] 1 дүгээр хавтас 18 хуудас

[4] 1 дүгээр хавтас 31, 48 хуудас