Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/241

 

О.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.С-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2111 00000 1322 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн О-ын С, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, Солонгос хэлний сургалтын төвд багш ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ...-ын гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О.С нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын 613 дугаар уулзварын орчимд О.М-тай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь духанд зулгарал, зүүн хацарт шарх, зурагдсан зулгарал, зүүн нүдний дотор булан хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: О.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт О-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, шүүгдэгч О.С-т авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.С давж заалдах гомдолдоо: “...Би биеэ барьж чадалгүй бусдад гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Гэвч хохирогчийн хэлж байгаачлан түүнийг зүгээр байхад нь уг үйлдлийг гаргаагүй. Хохирогч нь замын хөдөлгөөнд боловсон бус оролцон, оруулахгүй шахаж, шоолж, доромжилсон нь уг үйлдлийг гаргахад хүргэсэн. Харилцан зодолдож, миний куртик урагдаж, эхнэр гэх хамт явж байсан эмэгтэй намайг өшиглөж, хэл амаар доромжилсон. Хохирогчийг цагдаа гэдгийг мэдээд мэргэжилдээ тохирох ёс зүйгүйд харамсаж байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн хэмжээ их байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгч, прокурорын харилцаа, хандлага нь хүнд гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт “Биеэ барьж чадахгүй хүн дахин гэмт хэрэг хийхгүй гэх баталгаа байхгүй” гэж хэлж байсан нь хувь хүний зан араншинг хэтэрхий муухайгаар харагдуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Одоогийн байдлаар сэтгэл санааны болон санхүүгийн дарамтад орсон нөхцөл байдалтай байна. Би эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдээ хараад гэртээ байдаг. Би ганцаараа ажилладаг болохоор торгууль манай гэр бүлийн санхүүд хүнд тусч байна. Тиймээс торгох ялыг багасгаж өгнө үү. Одоогийн байдлаар хохирогч талтай тохиролцсоны дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөөд явж байгаа. ...” гэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

О.С нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын 613 дугаар уулзварын орчимд О.М-тай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь духанд зулгарал, зүүн хацарт шарх, зурагдсан зулгарал, зүүн нүдний дотор булан хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.М-ы: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Ө.Э, түүний эгч Укатай хамт Хүчит Шонхор зах руу өөрийн хх-хх ХОҮ улсын дугаартай Соната-7 загварын автомашинаар явсан. Чингэлтэй дүүргийн 613 дугаар уулзвар дээр зүүн зүгээс гэрлэн дохионы ногоон гэрлээр гараад баруун гар тийшээ, ертөнцийн зүгээр хойшоо эргэсэн. Тэгтэл Кроун загварын хх-хх УБН улсын дугаартай автомашины жолооч “Оруулчихаач дээ. Чи ямар сүртэй юм бэ. Хөдөөний дугаартай орк минь” гэх зэргээр дайрч эхэлсэн. Би өөдөөс нь “Дүрмээрээ яваач ээ чи” гэж хэлчихээд яваад өгсөн. Гэтэл 5 минутын дараа нөгөө машины жолооч замаа чөлөөлж, машинаа байрлуулчихаад над дээр ирээд миний машины хаалга руу тас хийтэл гараараа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа бууж ирээд “Яаж байна аа” гэтэл үгийн зөрүүгүй баруун гараараа намайг хоёр удаа цохьчихоод зугтах гэхээр нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 12-13/,

гэрч Ө.Э-ийн: “...О.М-г татаж буулгаад, нүүр рүү нь гараараа нэг удаа, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиход О.М-ы хацар шалбарч, дух хавдаж, цус их гарсан. Тэгээд тухайн этгээд зугтах гэж оролдоход манай найз залуу зуурч авахад би гар утсаараа бичлэг хийсэн. ...” /хх 19/,

хохирогч О.М-ы эрүүл мэндэд “духанд зулгарал, зүүн хацарт шарх, зурагдсан зулгарал, зүүн нүдний дотор булан хэсгээр цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10967 дугаартай дүгнэлт /хх 20-21/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч О.С-т тухайн зүйлд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас торгох ялыг сонгон, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.С-ын гаргасан торгох ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаас хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хугацааг тогтоосон бөгөөд шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэхээр заасан.

Ингэснээр талууд мэтгэлцэх, шаардлагатай баримт, сэлтийг гаргаж өгөх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэргээр шүүх хуралдаанд бэлтгэх хангах боломжийг талуудад олгодог.

Шүүгдэгч, хохирогч нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт /хх 68-69/-ээ анхан шатны шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ мөн өдөр шүүх хуралдааныг товлон явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил биш боловч цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ