| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00339/И |
| Дугаар | 151/ШШ2024/00323 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00323
| 2024 04 10 | 151/ШШ2024/00323 | |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 679,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан ... хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Х.Б нь 2017 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 670,500 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 670,500 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 679,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 670,500 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,500 төгрөгөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Х.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Х.Бт нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Х.Б миний бие харааны 90 хувийн алдагдалтай Б үндэсний төвд амьдарч байгаа тул 2017 онд авсан зээлийг тухайн үед нь төлсөн. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай оролцож чадахгүй болсон тул хэргийг миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С хэлтэс нь Х.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 679,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь “Хариуцагч Х.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 670,500 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,500 төгрөгөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
Дээрх нэхэмжлэгчийн татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь хэргийг хариуцагч Х.Б-ын эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б-д холбогдох гэрээний үүрэгт 679,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 20,846 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ... тоот дансанд оруулсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН