Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00413

 

 2024        05          01                                       151/ШШ2024/00413  

 

                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “В” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 151,319,572 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Т,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Э.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:  

Манай компани нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “В” ХХК-тай ... байрлах газарт баригдаж байгаа Н төслийн үйлдвэрлэл, үйлчилгээний барилгын гадна металл, чулуун, шилэн, ничиха хавтан фасадны ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Гүйцэтгэгч нь энэхүү ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хуульд заасны дагуу материалыг худалдан авч, тухайн материалыг угсрах ажлыг гүйцэтгэх гэсэн хоёр үндсэн үүргийг хүлээсэн. Гэрээний 6.2-ын А-д зааснаар 1124 м2 металл фасад болон 21 м2 ничиха фасад 310,900,000 төгрөг, 87.5 м2 шилэн фасад 51,200,000 төгрөг, 120.6 м2 чулуун фасад 37,900,000 төгрөг бөгөөд энэхүү 1353.1 м2 фасадыг угсрах ажлын хөлс нь 96,000,000 төгрөг байхаар тохиролцсон юм. Гэрээт ажлыг 2023 оны 09 дүгээр 06-ны өдөр эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусгах байсан. Гэтэл гүйцэтгэгч буюу хариуцагч нь дээрх хариуцсан ажлаа гэрээнд заасан цаг хугацаанд гүйцэтгээгүй. Гэрээний 7.1-д "үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор ажлын график гаргаж мөрдөөгүй, Захиалагчид ирүүлээгүй бөгөөд мөрдөн ажиллаж байгааг нотлоогүй, бусад байдлаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахааргүй нь илэрхий байгаа, бичгээр урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг зөрчсөн бол захиалагч нь гэрээг цуцлах эрхтэй” гэж тусгасан. Иймээс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр утсаар гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Захиалагч нь гүйцэтгэгчийн Х банкны ... дугаартай данс руу гэрээний төлбөрт 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 140,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 120,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 180,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 19,200,000 төгрөг буюу нийт 459,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, мөн ажлыг дуусгаагүй боловч ажилласан хугацааны ажлын хөлс, гаргасан материалын тооцооллыг инженер, төсөвчний хамт гаргасан. Тооцож үзэхэд, гүйцэтгээгүй ажлын хөлс 16,575,067 төгрөг, хийж  гүйцэтгээгүй материалын төлбөр нь 105,849,506 төгрөг буюу нийт 122,424,572 төгрөг байна. Мөн “В” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс гадна 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн хэрэгжүүлж байгаа ... байрлах газарт баригдаж байгаа Н төслийн үйлдвэрлэл, үйлчилгээний барилгын гадна шатны чулуун фасад болон барилгын хаяа чулуун фасадны ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Тухайн ажлын төлбөрийг төсөвт өртгөөр тооцсон. Дээрх нэмэлт ажлын төлбөрийг материал болон ажлын хөлс, бусад бүх зардлуудыг багтаан нийт 37,450,000 төгрөгөөр тохирсон юм. Тус төлбөрийг Гүйцэтгэгчийн Х банкны эзэмшлийн 444004288 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 24 өдөр 37,923,000 төгрөгийг бэлэн бусаар, бүрэн шилжүүлсэн. Энэхүү төлбөрөөс гүйцэтгэгч нь 9,028,000 төгрөгийн материалыг нийлүүлсэн. Нийт гэрээний ажлын төсөв зардлын тооцоололд, ажлын хөлс нь 7,410,000 төгрөг, материал нь 30,040,000 төгрөг /Энэ дүнд нэхэмжлэлээр илүү төлсөн 473,000 төгрөг багтаагүй/ байсан. Гэтэл хариуцагч нь гэрээт ажлаас 9,028,000 материал хүлээлгэн өгснөөс бус өөр бусад ажлыг огт гүйцэтгээгүй. Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу энэ гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг 2024 оны 01 сарын 16-ны өдөр амаар, 2024 оны 01 сарын 17-ны өдөр гүйцэтгээгүй ажлын төлбөр болох 28,895,000 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Харин тухайн төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймээс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болохыг тогтоолгож, хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 16,575,067 төгрөг, хийж гүйцэтгээгүй материалын төлбөр 105,849,506 төгрөг буюу нийт 122,424572 төгрөгийг гаруулах, мөн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барилгын гадна шатны чулуун фасад болон барилгын хаяа чулуун фасадны ажлыг гүйцэтгүүлэх гэрээнээс татгалзаж, ажлын төлбөрт өгсөн 28,895,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хөдөө орон нутагт ажилд явсны улмаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй. Эвлэрэх талаар хариуцагчтай уулзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрэхээ илэрхийлсэн. Хариуцагч эвлэрэх тухай тайлбараа өөрөө тайлбарлана гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б миний бие Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, хөтлийн 8-4 тоотод өвөө, эмээгийн хамт амьдардаг. Би эмнэлгийн байнгын хяналтад байдаг, ажил эрхэлдэггүй. 2023 оны 06 дугаар сард барилгын ажилд авна гэх зарын дагуу утсаар холбогдож, Н.Ч-той очиж уулзаад З суманд барилгын гадна фасад хийх ажилд ажилласан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас гэртээ ирсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа Н.Ч захирал утсаар холбогдож ирж уулзаач гэхээр нь очиход найз нь авто машины осол гаргаад нэг хүний амь нас хохирсон, шүүх хурлаас орох нь байна. “В” ХХК-ийг түр чиний нэр дээр болгоё, шүүх хурлаар орсны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авна гээд шууд бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Сүүлд “Т” ХХК-ийн өр төлбөрийг төлөх нэхэмжлэл ирснийг мэдэгдэхэд чамд хамаагүй гээд өнгөрсөн. Одоо утсаа авахгүй, уулзахгүй зугтаагаад байгаа. “Т” ХХК-ийн өр төлбөрийг “В” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Ч-оор төлүүлэх хүсэлтэй байсан. Харин одоо тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болохыг тогтоолгож, гүйцэтгээгүй ажлын хөлс 16,575,067 төгрөг, бараа материалын төлбөр 105,849,506 төгрөг, нийт 122,424,572 төгрөг, мөн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барилгын гадна шатны чулуун фасад болон барилгын хаяа чулуун фасадны ажлыг гүйцэтгүүлэх гэрээнээс татгалзаж, ажлын төлбөрт өгсөн 28,895,000 төгрөг, нийт 151,319,572 төгрөгийг хариуцагч “В” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн өмгөөлөгч би мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Э.Б-ыг н.Ч гэдэг залуу энэ компанийн захирлаар 7 хоногийн хугацаанд томилоод, 7 хоногийн дараа буцаагаад авчихна гэж хэлээд гүйцэтгэх захирлаар томилсон. Э.Б нь тархиндаа уйланхайтай байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Хүний ярьж хэлснийг ойлгож чадамж тааруу юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчид илэрхийлсэн. Дараагийн асуудлыг шийдвэр гүйцэтгэл дээр асуудлаа шийдье. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн өмгөөлөгч би мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 151,319,572 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч “В” ХХК-ийн төлөөлөгч Э.Б нь “Нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болохыг тогтоолгож, гүйцэтгээгүй ажлын хөлс 16,575,067 төгрөг, бараа материалын төлбөр 105,849,506 төгрөг, нийт 122,424,572 төгрөг, мөн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барилгын гадна шатны чулуун фасад болон барилгын хаяа чулуун фасадны ажлыг гүйцэтгүүлэх гэрээнээс татгалзаж, ажлын төлбөрт өгсөн 28,895,000 төгрөг, нийт 151,319,572 төгрөгийг хариуцагч “В” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.

Дээрх хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 151,319,572 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “В” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,213,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-иас 1,213,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч нь тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасны дагуу захирамжийг албан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН