| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01246/И |
| Дугаар | 102/ШШ2024/02144 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02144
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ........................... багт оршин суух, регистр .............., Б овогтой Ц-ын Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн . тоотод оршин суух, регистр ................, Б овогтой Б П,
Нэхэмжлэлийн шаардлага: 8 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь Б.П холбогдуулан 8 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т-ын хүсэлтээр Б.П-той зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 0,5 хувийн хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нотариатчийн дэргэд байгуулсан. Танил Т нь хариуцагчтай нийлж миний картанд байсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглон дуусгасан. Энэ талаар Тыг цагдаагийн байгууллага шалгасан, хорих ял авах гээд байна гээд гуйхаар нь би гомдолгүй гэж хэлээд хөнгөн шийтгэл авсан. П зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдэгчээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 5 400 000 төгрөг нийт 8 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.П шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Б гэдэг хүнийг танихгүй, түүнээс мөнгө зээлээгүй. Манай найз н.Т нь үүрийн 4 цагт тоглоё гэж дуудсан, очиход Ц.Бэд Замын үүдэд хашаа байшин зарж байгаа, сайн танидаг ах, карт нь надад байгаа гээд мөнгийг нь авч тоглосон. Ингээд мөнгийг тоглосон гээд Т цагдаа, шүүхээр орж зохих шийтгэлээ авсан. Би Тт тус хэрэгтэй холбоотойгоор мөнгө төлсөн. Т хохирол дутуу байгаа учир Ц.Б ахтай уулзаад гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авах хэрэгтэй, намайг чи гэрээ хийгээд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан болохоор гэрээнд гарын үсэг зурсан. Уг Т нь нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, би хамааралгүй байсан гэв.
3.Нэхэмжлэгч: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, зээлийн гэрээ /хх 4-5/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Ц.Б, Б.П нар нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн хувийн алданги тооцохоор тус тус тохирчээ.
Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд 3000 000 төгрөгийг Б.П ид шилжүүлж өгөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, зээлийн гэрээний үүрэг шаардахгүй гэж дүгнэлээ.
Харин иргэн Т нь Ц.Бийн картыг ашиглан мөрийтэй тоглосон, гэм буруутай нь тогтоогдож шүүхээр шийтгүүлсэн, Ц.Б тухайн үед гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 149 350 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.П оос 8 400 000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА