| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01909/И |
| Дугаар | 102/ШШ2024/02145 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02145
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, өөрийн байр, Банкны эрх хүлээн авагч,
Хариуцагч: Баянгол дүүргийн .................тоот, регистр .............., Э ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 301 656 895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 301 656 895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч "Э " ХХК нь банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 337 дугаартай "Зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 000.00 төгрөгийг сарын 0.46 хувь, жилийн 5.5 хувийн хүүтэй, блокийн үйлдвэр байгуулах зориулалтаар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэхээр тохиролцсон. Банк гэрээний 3.9 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн банкин дахь тоот харилцах /депозит/ дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 350,000,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000,000.00 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 220,000,000.00 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 200,000,000.00 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000.00 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 100,000,000.00 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 380,000,000.00 төгрөг нийт 7,000,000,000.00 төгрөг болсон. банк болон "Э " ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 337/1 тоот "зээлийн нэмэлт гэрээ", 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот "зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн гэрээний хүүг зах зээлийн хүүнд хөрвүүлэн 21.6 хувь болгох, зээлийн хэмжээг 3,892,000,000.00 төгрөг, зээлийн хугацааг 2018 оны 11 дүгэр сарын 18-ны өдрийг дуустал, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хавсралт 1-д заасан байдлаар төлөх болгосон.
"Э " ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 337 дугаартай барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн ............ байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5111 нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаартай барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 337-2 дугаартай барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношилгоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,108,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 536,546,343.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,872,921.61 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,892,000,000.00 төгрөг, үндсэн хүү 4,788,459,282.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112.33 төгрөг нийт 9,301,566,395.31 төгрөг байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 90,500.00 төгрөгийг мөн гаргуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 9,301,656,895.31 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн ............ байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатай, 3038/5111 нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношилгоо, эмчилгээ сургалтын зориулалттай, 5 жилийн хугацаатай, ............. нэгж талбарын дугаартай 3500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ .
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Э ХХК нь үндсэн зээлийг төлсөн тул зээлийн хүү 4,788,459,282.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112.33 төгрөг, нотариатын зардал 90,500.00 төгрөг нийт 5,409,656,895.31 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн ............ байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5111 нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар нь хугацаа дуусаж сунгагдаагүй, хүчингүй болсон, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар дээр орон сууцны хороолол баригдсан байх тул эдгээр шаардлагаас тус тус татгалзаж байна. Харин 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлаттай аж ахуйн зориулалттай, ........... нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: "Э " ХХК нь МУ-ын Засгийн газрын 2012.12.15-ны өдрийн 171 дугаартай "барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай" 2013.01.09-ний өдрийн А-2/6 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан тогтоол, Монгол банкны ерөнхийлөгч болон Барилга хот байгуулалтын сайдын барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах "бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээг байгуулан хөтөлбөрт хамрагдсан. Барилга хот байгуулалтын яамтай 2013.05.02-ны өдрийн 134 дугаартай гэрээ байгуулан 7 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон юм. Үүний дагуу " банк ХХК нь дамжуулан зээлдүүлэгчээр оролцож 2013.07.22-ны өдөр 337 дугаартай "зээлийн гэрээгээр нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр 7 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. "Гэвч " банк" ХХК нь зээлийг 2013.08.23-аас 2014.09.15-ны хооронд 15 удаагийн шилжүүлгээр хувааж өгсөн ба үүнээс сар бүр олгосон зээлийн данснаас төгрөг, зээлийн хүүнд 536.546.343,63 төгрөг, үндсэн зээлд 3.108.000.000 нэмэгдүүлсэн хүүнд 1.872.921,61 төгрөг, нийт 3.646.419.265,24 төгрөгийг буцаан татаж авсан. банк ХХК нь зээлийн хөрөнгийг хугацаанд нь өгөхгүй, өөрийн дансандаа байлгаж эргэлдүүлж ашиг олж байсан, зээл олгох мөнгөн гүйлгээний эрхээрээ эрхшээлдээ оруулж зээлийн хүү төлөх хугацаа болсон гэх шалтгаанаар шилжүүлсэн мөнгөө буцаан татаж авах зэргээр ашиглаагүй мөнгөний үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг татан авч манай байгууллагыг маш ихээр хохироосон. Мөн санхүүжилт хийх бүртээ банкин дээрээ дуудаж "зээлийн гэрээ" болон "барьцааны гэрээг шинэчилж хийх ёстой, үгүй бол санхүүжилт хийхгүй гэх зэргээр хясан боогдуулж компанийг аргагүй байдалд оруулж гэрээнд гарын үсэг зуруулж байсан. банк ХХК нь МУ-ын Засгийн газраас олгосон зээлийн хөрөнгийг өөрийн банканд байршуулсныхаа төлөө дундаас нь ашиг хонжоо олсон, үүний уршгаар манай компани хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэнд гомдолтой байгаа болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээний талаарх зохицуулалтыг тодорхой зааж хуульчилсан байна. Тодруулбал, Э ХХК нь банк ХХК-аас 7 тэрбум төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан 2013.07.22-ны өдөр аваагүй, энэ талаар 2016.08.01-ний өдрийн 337/1 тоот зээлийн нэмэлт гэрээнд тодорхой тусгагдсан байгаа. банк ХХК нь манай компаний зээлийн төлбөр 3.4 тэрбум төгрөгийг төсөл санхүүжүүлэгч Монгол банканд төлж барагдуулсан болохоо, мөн үндэслэлгүйгээр жилийн 5,5 хувийн хүүтэй зээлийг жилийн 24 хувийн хүүтэй зээл рүү хөрвүүлэн 303.400.000 төгрөгийн хүү хуримтлуулсан талаар дурдсан байдаг. Мөн 2016.11.18-ны өдрийн 337-1 тоот "Зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээ" гэх баримт бичгийн 2.1-д: "... 337 тоот зээлийн гэрээ болон хүүний үлдэгдлийг арилжааны зээлэнд хөрвүүлэв", 2.2-т: "зээлийн хэмжээ 3.892.000.000 төгрөг" гэсэн олгогдоогүй зээлийн бичилт болохыг илэрхий тод харуулж байгаа юм. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд заасан чөлөөт байдлаар хийгдээгүй, олгогдоогүй зээлээс хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд манай компани төлөх үүрэггүй нь байна. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь 2016.11.18-ны өдөр банк ХХК-иас 3.892.000.000 төгрөгийн зээл аваагүй, бэлнээр болон дансаар ийм хэмжээний мөнгө олгогдоогүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь бодит үнийн дүнгээс үндэслэлгүйгээр нэмэгдүүлж төлбөр шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Банкны эрх хүлээн авагч нь санхүүгийн тайландаа Э ХХК-иас 3.892.000.000 төгрөгийн авлагатай гэж бүртгэсэн байдаг, гэтэл одоо 5.409.566.395,31 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3.892.000.000 төгрөгийг манай компани төлөх ёстой тул хүлээн зөвшөөрч байна, харин үндэслэлгүй нэхэмжилсэн 5.409.566.395,31 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3.Нэхэмжлэгчээс: Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал /1 дүгээр хавтас хх-6-10 дугаар тал/, улсын бүртгэлийн гэрчилгээ /1дүгээр хавтас хх-11 дүгээр тал/, Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1 дүгээр хавтас хх-12-16 дугаар тал/, зээлийн гэрээ /1 дүгээр хавтас хх-17-25 дугаар тал/, Барьцааны гэрээ /1 дүгээр хавтас хх-27-32 дугаар тал/, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтас хх-33 дугаар тал/, Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ / 1 дүгээр хавтас хх-34-43 дугаар тал/, зээлийн дансны хуулга/ 1 дүгээр хавтас хх-44-50 дугаар тал/ депозит дансны хуулга/ 1 дүгээр хавтас хх-51-61 дүгээр тал/ балансын гадуурх дансны хуулга/ 1 дүгээр хавтас хх-62-99 дүгээр тал/,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтас хх-106 дугаар тал/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /1 дүгээр хавтас хх-133-134 дүгээр тал/, Бүтээгдэхүүний Стандартын Хангалт, үнэ тогтворжуулах гэрээ /1 дүгээр хавтас хх-136-138 дугаар тал/, Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /1 дүгээр хавтас хх-139-140 дүгээр тал/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтас хх-166-168 дугаар тал/, 2012 оны 12 дугаар сарын 15-ны 171 дүгээр Монгол улсын засгийн газрын тогтоол /2 дугаар хавтас хх-6 дугаар тал/, Барилгын Материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр /2 дугаар хавтас хх-7-21 дүгээр тал/, ААШТО ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /2 дугаар хавтас хх-53-55 дугаар тал/, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал /2 дугаар хавтас хх-57 дугаар тал/, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр /2 дугаар хавтас хх-58-65 дугаар тал/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал /2 дугаар хавтас хх- 70 дугаар тал/, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2 дугаар хавтас хх-71-74 дүгээр тал/, Зээлийн дансны хуулга /2 дугаар хавтас хх-101-107 дугаар тал/, депозит дансны хуулга /2 дугаар хавтас хх-108-118 дугаар тал/, Балансын гадуурх дансны хуулга /2 дугаар хавтас хх-120-155 дугаар тал/, Зээлийн дансны хуулга /2 дугаар хавтас хх-156-160 дугаар тал/, депозит дансны хуулга /2 дугаар хавтас хх-161 дүгээр тал/, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Прокурорын тогтоол /2 дугаар хавтас хх-191-219 дүгээр тал/, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал /2 дугаар хавтас 228 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний 06/540 дугаар тоот хариу / хх-4дүгээр тал/,
Шүүх хариуцагчийн хүсэлтээр: Хэргийн хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /1 дүгээр хавтас хх-146-149 дүгээр тал/, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1 дүгээр хавтас хх 150-153 дугаар тал/, 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1 дүгээр хавтас хх-154-158 дугаар тал/, Э ХХК-ийн нэр дээр дүүргийн засаг даргын 2012 оны А/403 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хувийн хэрэг /1 дүгээр хавтас хх-179-246 дугаар тал/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2022/15393 дугаар захирамжид заасан нотлох баримтууд /2 дугаар хавтас хх-33-39 дүгээр тал/, 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамж, хавсрат /2 дугаар хавтас хх-40-41, 42-52 дугаар тал/, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/АБ2023/00319 дүгээр тоотын хариу /2 дугаар хавтас хх-170 дугаар тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 034 710 758.97 төгрөгийг Э ХХК-иас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7 660 м.кв талбайтай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс хангуулахаар хангаж шийдвэрэлээ.
2. банк ХХК нь Э ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 9,301,656,895.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 175 дугаар зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3.892.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,409,656,895.31 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар хангуулахаар тус тус багасгасан. Шүүх багасгасан шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар дээр орон сууцны хороолол баригдсан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан байна. Иймд эдгээр шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.2. банк нь Э ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 337 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 000.00 төгрөгийг сарын 0.46 хувь, жилийн 5.5 хувийн хүүтэй, блокийн үйлдвэр байгуулах зориулалтаар 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар зээлүүлэх, барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн ............ байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаар барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 337-2 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношилгоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалахаар тохирчээ.
Талууд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 337/1 тоот "Зээлийн нэмэлт гэрээ", 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот "Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай "зээлийн гэрээний зээлийн хүүг зах зээлийн хүүнд хөрвүүлэн 21.6 хувь болгох, зээлийн хэмжээг 3,892,000,000.00 төгрөг, зээлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар тогтоосон, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, 337-1, 337-2 дугаар барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Харин 337 дугаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ.
4.2. Банк нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд байдаг.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 тоот тушаалаар банкинд хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан үндэслэлээр банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 тоот тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилжээ.
Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байхаас гадна банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.
4.4. банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, бусдаас өр төлбөрөө шаардах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн, өөрөөр хэлбэл, татан буугдсан хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох зэргээр банкны үйл ажиллагаа эрхлэхгүй.
4.5. Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар Э ХХК-иас зээлийн хүү 4,788,459,282,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112,33 төгрөг, нотариатын зардал 90 500 төгрөг нийт 5,409, 656, 895.31 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Харин 2019 оны 4 дүгээр 9-ний байдлаар зээлдэгч нь зээлийн хүү 2,528,925,632.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,785,126 төгрөг нийт 3,034,710,758.97 төгрөгийг төлөөгүй, энэ үүргийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй. Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй гэж үзэж нотариатаар гэрчлүүлсэн, үүний зардалд 90 500 төгрөг төлсөн байх тул хангах үндэслэлгүй.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Энэ үүргийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаар барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.
5. банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 331 503 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 3 034 710 758.97 /гурван тэрбум гучин дөрвөн сая долоон зуун арван мянга долоон зуун тавин найман төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг гаргуулж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг 2 374 946 136.31 /хоёр тэрбум гурван зуун далан дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай, .............. нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчбанкны эрх хүлээн авагч нь барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ............ байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5111 нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай газар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ............. нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 331 503 /арван таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун гурав/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА