Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00414

 

 

 

 

 

                  2024      05        01

                     151/ШШ2024/00414

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б миний бие 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын “А” ББХК-д жолоочоор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй, ажилд орсон гарсан тушаалд архиваас гарахгүй байна. Иймд намайг 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... хотын “А” ББХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч А.Б нь 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын “А” ББХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь:

            - Тээврийн техник мэргэжлийн сургуулиас 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А.Б-д олгосон ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 

            - Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын ... дугаартай тодорхойлолт,  

- Гэрч Б.М-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №078407 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Б-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

            - Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын .. дугаартай архивын лавлагаа,

            - Зам, тээвэр, холбооны яамны харьяа нэгдүгээр автокомбинатын даргын ... дугаартай “Тээвэрчдийг шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, хавсралт, 

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар А.Б-ын 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Б-ыг 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын “А” ББХК-д жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОТГОНЧУЛУУН