Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/265

 

       Г.Х-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Х-т холбогдох 2109 01290 1442 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Г-ийн Х, 1998 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй гэх, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт Төв аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн барилгын ажлын талбайгаас 1.262.400 төгрөгийн үнэ бүхий 12 боодол буюу 48 ширхэг террасны шалыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Г-ийн Х-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.Х-т оногдуулсан хорих ялыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Х нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах санаа зорилгоор машин механизм ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тийм нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүгдэгч Г.Х нь баригдаж буй гражаас 12 боодол террасны шал хулгайлж гэмт үйлдлээ мэдүүлсний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулахад машин механизмыг ашигласан. Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалах бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 306 дугаартай тогтоолд хулгайлах гэмт хэрэг дууссаны дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэргээр машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамруулан үзэхгүй гэж заасан. Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан. Иймд шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зөвтгөн эрүүгийн хариуцлага оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ажлынхаа газраас барилгын материал хулгайлсан нь үнэн. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Миний цалингийнхаа оронд өөр юм авч болох юм байна гэсэн бодол маань өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Хууль бусаар орон байр, агуулахад нэвтэрсэн үйлдэл тогтоогдоогүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Г.Х нь энэхүү гэмт хэргийг үйлдэхээр 2-3 хоногийн өмнөөс төлөвлөж байсан. Тухайн үед фэйсбүүк хаягаараа тээврийн хэрэгсэл түрээсэлж, авч яваад гэмт хэрэг үйлдсэн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан энэ гэмт хэрэгт оногдуулахаар заасан хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүхээс гэмт хэргийн шинж, мөн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн. Энэ хэргийн хувьд хэргийн зүйлчлэл зөв зүйлчлэгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн барилгын ажлын талбайгаас 1.262.400 төгрөгийн үнэ бүхий 12 боодол буюу 48 ширхэг террасны шалыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.А-ын: “...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х хотхоны наад талд баригдаж буй барилгын гражид байсан террасны 33 боодол шалнаас 12 боодол нь алга болсон байсан. Нэг боодолд 4 ширхэг байдаг, нийт 48 ширхэг террасны шал байхгүй байна. ...” /хх 17-18/,

гэрч Б.Ө-ын: “...Би Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоот байшингийнхаа гадна үүдэнд террас хийлгэсэн. Фэйсбүүк дээр байсан зарын дагуу Г.Х гэсэн хаягтай, 88хххххх дугаартай хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр холбогдож, 9 дүгээр сарын 08-ны өдөр ажил эхэлсэн. 9 дүгээр сарын 09-ний өдөр төмөр рам зангидаад 10-ны өдөр террасны шалны хавтангаа авч ирсэн. Тэгээд 10-ны оройдоо ажлаа дуусгаад явсан. ...” /хх 20/,

гэрч Э.И-ийн: “...Тэр барилгын тогийг хаанаас, хэрхэн тасалж болох талаар, мөн тог тасарсан үед гражийн хаалга онгорхой байдаг талаар Г.Х ах, би, мөн тэнд байгааг хүмүүс бүгд мэддэг байсан. Г.Х ах өмнө нь тухайн барилга дээр ажиллаж байсан болохоор мэддэг юм байна лээ. ...” /хх 24/,

шүүгдэгч Г.Х-ын: “...Фэйсбүүкт байршуулсан зарын дагуу нэгэн хүн холбогдож “Зуслангийн байшингийн террас хийлгэмээр байна” гэсэн. Тэр өдрөө бага зэрэг төмөр дутахаар нь өмнө хамт “Т” компанид ажиллаж байсан С ахтай ярихад “Яргайтад ажил хийж байна” гэхээр нь тэнд нь очиж, бага зэрэг төмөр авсан. Тэгээд тэдэнтэй юм ярилцаж байтал тэд нар бүгдээрээ Яргайтад ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х-д барьж байгаа байшинд хүн байхгүй байгааг мэдсэн. Фэйсбүүкийн зар дээрээс “Ачаа ачна” гэсэн зар байхаар нь нэг дугаар руу залгаж амжиргаа цагаан машин хөлсөлж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х-д байх “Т” компанийн барьж байсан барилга дээр 21 цаг өнгөрч байхад очиж нөгөө машиныг наана нь үлдээгээд байшингийн урд байрлах шон дээрх цахилгаан шат руу очиж, цахилгааны автомат унтраалгыг унтраасан. Тэгэхэд гражийн хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байсан бөгөөд би тэр граж дотроос нь 12 боодол террасны шалыг ачиж, авч явсан. Тэгээд уг террасны шалыг Шадивланд террас хийх айлдаа авч ирж буулгаад, амжиргаа цагаан машины жолоочид 60.000 төгрөг өгч, маргааш нь террасыг шаллаж дуусгасан. ...” /хх 5-6/ гэх мэдүүлгүүд,

48 ширхэг террасны шалны үнэлгээг 1.262.400 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29-30/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Х-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Х нь машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгодог.

Шүүгдэгч Г.Х  нь Б.Ө-той харилцан тохиролцсоны дагуу хийж байсан террасны шал хийж гүйцэтгэх ажилдаа ашиглах зорилгоор урьд ажиллаж байсан “Т” ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хы хотхоны ойролцоо байх байшингийн гражид байсан террасны шалыг хулгайлах, уг үйлдлээ хөнгөвчлөх буюу 3 метр урт, 15 см өргөнтэй, нийт 48 ширхэг террасны шалыг ачиж явах, зөөж тээвэрлэх зорилгоор фэйсбүүк дэх зарын дагуу “амжиргаа цагаан” автомашин хөлсөлж, тухайн автомашинтайгаа очин, гражаас нь террасны шалыг хулгайлан авч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Г.Х нь террасны шалыг ачааны автомашинд ачин хууль бусаар эзэмшилдээ оруулж, тухайн газраас явснаар буюу захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ