Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0253/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгч Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Цэнд-Аюушийн Дэлгэрмөрөнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718001300059 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, эмээгийн хамт  Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, микрийн 7-8 тотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Цэнд-Аюушийн Д-/ РД: ТК97021918/8

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ДД баарны гадаа иргэн Б.Даваажаргалын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ДД баарны гадаа иргэн Б.Даваажаргалын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Дэлгэрмөрөнгийн өгсөн: Шүүхэд хандаж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Даваажаргалын өгсөн: ... Зүс таних Д-гэх залуу миний уруулын дээд хэсэгт нэг удаа цохисон. Би эмнэлэгт урууландаа 8 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч Э.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: Д-Даваажаргалын нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд Даваажаргал нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд дахиад цохих гээд байхад нь Дэлгэрмөрөнгийн нэг найзтай нийлж байгаад болиулсан. ... Дэлгэрмөрөнтэй хамт эмнэлэг явж урууланд нь 8 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:  Манай дүү Даваажаргал надад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ... Зүс таних хүүхэд маань тамхинаас болоод уруул руу цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхэдтэй нь дүүтэйгээ хамт очиж уулзахад тэр хүүхэд бага зэрэг халамцуу хэл амаар доромжилсон байдалтай байсан. Тэгээд би тэр хүүхдийг дүүтэйгээ хамт дагуулаад эмнэлэг орж урууланд нь оёдол тавиулсан бөгөөд оёдлын мөнгийг би өгсөн гэх мэдүүлэг /хх-9/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 857 дугаартай Б.Даваажаргалын биед дээд уруулын гадна, дотор хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал, 1 шүдний цууралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Иймд шүүгдэгч Ц.Дэлгэрмөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Даваажаргалын хохиролд 300.000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримтаар нотлогдож байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.Дэлгэрмөрөнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Аюушийн Дэлгэрмөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дэлгэрмөрөнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Д-нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваажаргал санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дэлгэрмөрөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР