Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/02266

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....................тоотод оршин суух, регистр , Б овогтой Ж Т,

Хариуцагч: Баянгол дүүргийн ....................... тоотод оршин суух, регистр Я хутагт овогтой Э  Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохиролд 125 382 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д /үнэмлэх 0976/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч М.М, Э.Э нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Т нь Э.Э холбогдуулан хохирол 125 382 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Э.Э нь 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Ж.Т миний эзэмших эрхтэй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд байршилтай хашаан доторх миний өмчлөлийн 162 м.кв талбайтай, мансардтай 2 давхар, автомашины гаражтай дүнзэн байшинг болгоомжгүй, хайхрамжгүй байдлын үйлдлийн улмаас галд өртүүлж надад 125 382 000 төгрөгийн хохирлыг учруулсан. Зуслангийн дүнзэн байшин нь дахин ашиглагдах боломжгүйгээр галд өртөж, тавилга, эд хогшлын хамт бүрэн шатаж дууссан байдаг. Х ХХК нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээг хийж, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 198 тоот дугаар дүгнэлтээр гал гарсны улмаас учирсан хохирлын үнэ, цэнийг 125 382 000 төгрөг гэж тодорхойлсон. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс иргэн Э.Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн .............. дугаартай хэрэгт 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж, мөн оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай тогтоолоор яллагдагч Э.Э холбогдох Эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.Т өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. Дээрх прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Ж.Т нь Э.Э холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/Ш32022/18835 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Э.Э г тухайн хаягт оршин суудаг болохыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс тогтоосон байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э гээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 125 382 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд би төрийн албан хаагч хүн. Ам бүл 4-лээ амьдардаг. Том охин 1 ой 7 сартай, бага охин 7 сартай, эхнэр одоогоор ажилгүй. Би гэртээ ганцаараа ажил хийж байгаа учраас 60 000 000 төгрөгийн урьдчилгаа мөнгө өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 125 382 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, маргасан зүйл байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар /хх 4/, Х ХХК-ний үнэлгээ /хх 5-17/, Э.Э гийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх 18/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх 19-20/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/Ш32022/18835 дугаартай захирамж /хх 21/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн албан хариу /хх 22/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Э.Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, өөрөө хэлбэл, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн ................. зуслангийн задгай, Ж.Т ын эзэмшлийн 162 м.кв талбай бүхий мансардтай 2 давхар, автомашины гаражтай байшинг шатаасан гэх эрүүгийн ..................... дугаартай хэрэгт яллагдагчаар татаж шалгасан байна.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай тогтоолоор яллагдагч Э.Э холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Э.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улмаар учруулсан хохирлыг 2021 онд багтаан төлөхөөр хүсэлт гаргасан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна.

 

Х ХХК-ний 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар үнэлгээгээр Ж.Т ын эд хөрөнгөд 125 382 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон боловч хариуцагч Э.Э хохирлыг барагдуулаагүй байжээ.

 

Эдгээр үйл баримт, хохирлын талаар хариуцагч маргаагүй, гагцхүү 60 000 000 төгрөгийг урьдчилан төлөх боломжгүй, эхнэр, бага насны 2 хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг талаар тайлбарлажээ.

 

Хариуцагч нь бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э гээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 125 382 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 784 860 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ж.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э гээс 784 860 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Энхтайваны Э гээс 125 382 000 /нэг зуун хорин таван сая гурван зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулж Жийн Т т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ж.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э гээс 784 860 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т т олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД Ч.БАЯРСҮРЭН

 

А.САРАНТУЯА