Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02294

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух, регистр ............., Б ургийн овогтой Нийн Ж,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ................ тоотод байрлах, регистр ............, О ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 534 400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Ж нь О ХХК-д холбогдуулан 24 534 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

2023 оны 06 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн урд талд ...давхар орон сууцны суурийн ухлагийн ажлыг хариуцагч талд хийж өгсөн. Ингэхдээ өөрийнхөө экскаватор, хово маркийн тэргээр барилгын суурь ухаж, шороо зайлуулах ажил хийсэн. Тухайн үед ажилд зарцуулах зардлыг би өөрөөсөө гаргасан. Ингээд ажил дуусах үед тохирох хөлсийг олгохоор гэрээ хийсэн хэдий ч өдийг хүртэл ямар нэгэн байдлаар төлөөгүй байна. Үүнээс үндсэн төлбөр нь 14 000 000 төгрөгийг ажлыг дуусмагц өгнө гээд өгөөгүй, иймд хоногийн 0.3 хувийн алданги тооцон дүгнээд нийт 24 534 400 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг сольж О ХХК болгож өөрчилсөн. О ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь Чингэлтэй дүүрэгт байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд тооцоод байгаа алданги гэрээнд заасан үндсэн дүнгийн 50 хувиас хэтэрсэн. Тиймээс илүү гарсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн талаар акт байхгүй. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* надад хэлэхдээ ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй. Ажил гүйцэтгэсэн эсэх дээр маргаантай байгааг хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, хөлсөөр ажиллах гэрээ /хх 4/, ХААН банкны дансны хуулга /хх 5/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагаас 20 400 000 төгрөгийг хангаж, бусад хэсэг буюу 4 134 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар У.З-г тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийг О ХХК-иар сольсон.

Хариуцагч О ХХК нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн ................... тоотод үйл ажиллагаа явуулж байгаа нь хэргийг шилжүүлэх үндэслэл болохгүй.

 

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

О ХХК нь Н.Ж тай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ...........хорооллын орон сууцны 1310.4 м.куб газрын ухлагийн ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 14 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

Талууд хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу захиалагч нь О ХХК, гүйцэтгэгч нь Н.Ж  байна.

 

3.1. Ажил гүйцэтгэгч нь ухлагийн ажлыг 2023 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдөр бүрэн хийж дуусгасан талаар гэрээний 2.5 дахь заалтад тусгасан, өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг хүлээж авсан байна.

Харин захиалагч нь ажлыг бүрэн дууссан үед ажлын хөлсний 50 хувь буюу 7000 000 төгрөгийг, 2023 оны 7-р сарын 3-ны дотор 7000 000 төгрөгийг төлөх үүрэг үлээсэн боловч 6-р сарын 23-ны өдөр 400 000 төгрөг шилжүүлж, бусад үүргээ биелүүлээгүй байна.

 

3.2. Талууд гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон тул ажлын хөлс 13 600 000 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 6 800 000 төгрөг нийт 20 400 000 төгрөгийг О ХХК төлөх үүрэгтэй.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 280 620 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 280 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 259 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-иас 20 400 000 /хорин сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Н-ийн Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 134 4010 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 280 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 259 950 төгрөг гаргуулж Н.Ж т олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА