Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00208

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Э.М.Г-т холбогдох,

         Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгч: Г.Г,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.У,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Г.Г нь Увс аймгийн Э.М.Г-т холбогдуулан Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

       1.1. Г.Г миний бие Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2022/00251 дугаартай шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний Б/07 дугаартай Э.М.Г-ын даргын тушаалаар ажилдаа эргэн орсон. Хэдий тушаал маань 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой байгаач миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэтэл намайг ажлаа авахаас 7 хоногийн өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж надтай хамтарч ажиллах боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан гэх шалтгаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дахин хууль бусаар, үндэслэлгүй үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Иймд Увс аймгийн Э.М.Г-ын дарга Ц.А-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаандаа хандаж, хариугаа аваад шүүхэд хандаж байгаа болно. Иймд Увс аймгийн Э.М.Г-т холбогдуулан Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

      2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Увс аймгийн Э.М.Г-ын  даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг үндэслэлийг тайлбарлахдаа нөхөрлөлийн зохион байгуулалттай, өөрөөр хэлбэл нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслээд томилж чөлөөлсөн гэх тайлбар гаргаж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх эрх нь Увс аймгийн Э.М.Г-ын даргад байгаа. Тэгэхээр томилж, чөлөөлж байгаа эрх бүхий албан тушаалтан нь томилсон тушаал гаргана. Мөн томилсон этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах давхар хүлээдэг. Тэгэхээр нөхөрлөлийн зохион байгуулалтаас гадна хөдөлмөрийн харилцаа үүсээд байгаа учраас Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасныхаа дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажил олгогчийн зүгээс томилсон шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Нэгэнт ажилд томилж байгаа тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн харилцааг яаж цуцлах вэ гэхээр ажил олгогчийн санаачилгаар, аль эсвэл ажилтны санаачилгаар, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд дуусгавар болох 3 төрлийн зохицуулалт байгаа. Гэтэл Г.Г-г ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч үндэслэлийг баримтлаагүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г.Г ажлаа хийгээд явж байхад эрх ашиг нь яаж хөндөгдчихөөд байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьж байна. Ажил албан тушаалаас чөлөөлөх асуудлын хувьд ажлаас чөлөөлөх тушаал гараад дуусгавар болчихдоггүй Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тушаал гараад ажлыг албан ёсоор хүлээлцсэнээр тухайн хүн нь ажлаа өгсөн, ажил үүрэг гүйцэтгэсэн дуусгавар болсон хамгийн сүүлийн өдөр гэж тооцдог байгаа. Ажил албан ёсоор хүлээлцүүлэх үүрэг нь Увс аймгийн Э.М.Г-ын дарга Ц.А-ийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Б.Б  буюу хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчид үүрэг олгосон боловч Б.Б  нь үүргээ биелүүлж тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна. Хэдийгээр бодит байдал дээр өнөөдөр Г.Г гэдэг хүн өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг гүйцэтгээд явж байгаа ч гэсэн тушаалаар бол Г.Г гэдэг хүнийг чөлөөлөөд Г.С гэдэг хүнийг томилсон тушаал гарчихсан байгаа. Өөрөөр хэлбэл ажлаа хүлээж авъя гээд ажил хүлээлцүүлбэл Г.Г нь ажлаас халагдчих хэмжээний эрсдэлт нөхцөл байдал үүсчхээд байгаа учраас хуульд заасан хугацаандаа буюу маргаан таслах комиссын шийдвэрийг авснаас хойш 10 хоногийн дотор шүүхийн байгууллагад хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд заасны дагуу нөхөрлөл шийдвэрээ гаргачихсан учраас Эрүүл мэндийн газраас Г.Г-г чөлөөлсөн гэдэг зүйлийг яриад байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм болон энэ дүрэмд нийцүүлээд гаргасан Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг сонгохдоо тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурлаас олонхын саналаар сонгоно гэж заасан байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн хурал нь 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан гэдэг боловч дүрэм журамд заасны дагуу бүрэн гүйцэт ирцтэйгээр явагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Хурлын тэмдэглэлээс үзвэл Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төв буюу тухайн нөхөрлөл нь 11 гишүүнтэй болох нь тогтоогддог бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралд 9 гишүүн оролцож санал өгсөн байдаг. Нөхөрлөлийн гишүүдийн хурлын ирц бүрэн гүйцэт байгаагүй нь тус өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журам, үлгэрчилсэн дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нөхөрлөл нь эрүүл мэндийн төвийн даргыг сонгох гэж байгаа тохиолдолд дүрэм журамд заасны дагуу 11 гишүүний ирцтэйгээр хуралдаад гишүүдийн олонхын санал буюу зургаа ба түүнээс дээш хүний саналыг авсан хүн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдох ёстой байсан. Гэтэл тухайн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хурал нь 9 хүний ирцтэй байсан бөгөөд Г.С-гөрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгох саналд 4 хүн саналаа өгсөн нь 11 гишүүдийн олонхын саналыг бүрдүүлж чадаагүй, мөн дээрээс нь тухайн хуралд суусан 9 хүний олонхын саналыг бүрдүүлж чадаагүй байгаа юм. Нөхөрлөлийн хуралд оролцсон 9 хүнээс 3 хүн санал өгөхөөс татгалзсан бөгөөд 1 хүн Г.Г гэдэг хүнийг дэмжиж санал өгсөн байгаа. Үлдсэн 4 хүн Г.С гэдэг хүнийг дэмжсэн тул дүрэм журамд заасны дагуу олонхын саналыг бүрдүүлж чадаагүй асуудал байна юм. Нөхөрлөлийн хурлын 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр тэмдэглэлд хурлаас гарсан шийдвэр гэх хэсэгт Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын асуудлаар Г.С эмчийг 5 хүн дэмжсэн гэж бичсэн боловч хурлын тэмдэглэл дотор байгаа гишүүдийн саналыг үзвэл 4 хүн Г.С гэдэг хүнийг дэмжсэн санал өгсөн байдаг. Мөн хурлын тэмдэглэлийн шийдвэр хэсэгт санал өгөөгүй 2 хүн гэж дурдсан боловч хурлын тэмдэглэлээс үзвэл 3 хүн саналаа өгөөгүй байгаа. Мөн хурлын тэмдэглэлийн шийдвэр хэсэгт Г.Г эмчид 1 хүн санал өгсөн бөгөөд Э.М.Г-ын газраас даргын асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа баримталж шийдэж өгнө үү. Э.М.Г-ын даргын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлсний дараагаар даргын асуудлыг дахин хэлэлцэнэ гэж шийдвэр гарсан байна. Дээрх шийдвэрээс үзвэл нөхөрлөлийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас Г.С гэдэг хүнийг тус эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон шийдвэр гараагүй байдаг. Өөрөөр хэлбэл 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Г.Г-г тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон. Гэхдээ 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн хурал хийх үед Г.Г ажлаа хүлээн аваагүй байсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан гэдгээ нотолсон баримт буюу тухайн ажиллагаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан С.Маамуу гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Г.Г нь тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг албан ёсоор хүлээж авсан байдаг. Г.Г-г тушаалаа гардаж аваад ажлаа хүлээж авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэнэ гэсэн шийдвэр гарсан байхад энэ шийдвэрийг үндэслээд Г.Г-г ажлаас чөлөөлж Г.С-г томилж байгаа асуудал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бол дэмжиж оролцож байна. ... гэжээ.

       3. Хариуцагч Увс аймгийн Э.М.Г-ын дарга Ц.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Бүрүүд овогтой Ганболдын Гэрэлтуяагийн тус шүүхэд гаргасан Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Элбэг өгөөж БГБХ нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр болон нөхөрлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд эмчлэгч эмчээр ажиллаж байгаа мөн одоогоор ажил хүлээлцээгүй даргын ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Иймд Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй холбоотойгоор эхнээс нь дэс дараатай ярихгүй бол нэг хүний хүсэл биелүүлэх гэж байгаа юм шиг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өмнөх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч өөрийгөө шүүхэд танилцуулахдаа Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа гэж мэдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах гэсэн байтлаа Г.Г нь одоо ч гэсэн тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажил албан тушаалд томилогдоод ажиллаж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд бичигдсэнээр 2017 оноос хойш Г.Г гэдэг хүнээс өөр хүнд шилжсэн баримт байдаггүй. Урьд Г.Г-г ажил эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарч Улаангом сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар ажил гүйцэтгэдэг байсан. Г.Г-гийн хувьд өөрт нь ашигтай шийдвэр гарахаар Э.М.Г-ын даргын шийдвэр хэрэгжээд байдаг мөртлөө өөрийнх нь эрх ашгийг хөндсөн шийдвэр гарчихаар энэ болохгүй байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ашиг сонирхолтой юм болов уу гэж үзэж байна. Энэ маргааны хувьд анхнаасаа Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу шийдвэр гаргасан болохоос биш эрүүл мэндийн газраас дур мэдэж шийдвэр гаргасан зүйл байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Аймаг, нийслэлийн Э.М.Г-ын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасны дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан. Яагаад гэвэл нөхөрлөлийн өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм буюу Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-нд батлагдсан А/212 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 3.3.2-д төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Мөн журмын 3.3-д хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна гэж заасан. Мөн журмын 3.3.5-д нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж чөлөөлнө гэж заасан. Мөн журмын 3.3.6-д Төвийг удирдах эрх бүхий гишүүн нь хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн байх ёстой гэж тус тус заасан байдаг. Анагаах ухаанд хүний их эмч, уламжлалтын их эмч гэх мэргэжлийн тавигдах шаардлагууд нь хоорондоо ялгаатай байдаг. Тухайн нөхөрлөлийн гишүүд нь дээрх бичиг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн бөгөөд нөхөрлөлийн гишүүд нь хурлын протокол хөтлөөд саналаа өгсөн байсан. Дээрх баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн газарт хандаад улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэмэлт өөрчлөлтийг хийлгэж ажил хүлээлцэх үед гарын үсэг зуруулъя гэх үед Г.Г гарын үсгээ зурж өгдөггүй байсан. Тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүд хоёр хураагдсан болохоос биш Эрүүл мэндийн газраас Г.Г-г, Г.С-г гэж ялгасан зүйл байхгүй. Нөхөрлөлийн гишүүд нь Э.М.Г-тэнэ асуудал үүссэнээс хойш сарын дараа өргөдөл хүсэлт авч ирж өгсөн. Улсын бүртгэлийн хэлтэс нь хууль дүрэмдээ захирагдаад нөхөрлөлийн дүрэм журамд гарын үсэг зурагдаагүй байгаа учраас өөрчлөлтийг хийж өгөхгүй гэдэг асуудал яригддаг. Одоо хүртэл нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг нь Г.Г-д байгаа бөгөөд нэр нь өөрчлөгдөөгүй байдаг. Улсын бүртгэлийн газраас дээд шатынхаа байгууллагаас шийдвэр гаргуулаад аваад ирвэл улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр гаргаж өгдөг ч юм уу, албадан байдлаар авах асуудлыг шийдвэрлэх болно гэж хэлсэн байдаг. Нөхөрлөлийн гишүүдийн хурлаар олонхын санал авсан хүнийг томилж өгнө үү гэх шийдвэр ирсэн учир Э.М.Г-ын даргын тушаал гарсан. Нөхөрлөлийн дүрэмд хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна гэж заасан байдаг. Хурлын шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна гэж заасан байхад шийдвэр биш гэж хэлэх юм. Тухайн хурлын шийдвэр нь нөхөрлөлийн гишүүдийн олонх нь дэмжинэ гээд гарын үсэг зураад баталгаажуулсан байгаа. Нөхөрлөлийн 11 гишүүний 9 гишүүн хуралд оролцоод 5 хүн дэмжээд 3 хүн санал өгөхөөс татгалзаад 1 хүн Г.Г-д өгчихсөн учир хурлыг 87%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр гэж шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Э.М.Г-ын даргын хурлын шийдвэрийг гүйцэтгээд биелүүлсний дараагаар гэж үзэхээр хурлын шийдвэр нь нөхөрлөлийн хурлын тэмдэглэл болчихдог. Г.Г-гийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр хурлын тэмдэглэл нь шийдвэр биш байдлаар тайлбарлаад байгаа нь учир дутагдалтай байна. Шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэгч Г.Г-гийн ажил хүлээлцүүлэх асуудалд ямар ч байдлаар хамаарал байхгүй. Э.М.Г-ын даргын тушаал гараад Г.Г тамга тэмдгээ хүлээж аваад хүмүүсийнхээ цалин мөнгө тавиад банканд очоод бүх юмаа өөрчлөөд авчихсан нөхцөл байдлууд бүгд байсаар байхад ажил хийгээгүй, хүлээж аваагүй гэдэг асуудлыг ярих боломжгүй юм. Шүүхийн шийдвэр нь биелэгдээд Э.М.Г-ын даргын тушаал гарчихсан байхад шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэгч юу хийж байгааг ойлгохгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга гэдэг нэрийн доор зүгээр тамга л байгаад байгаа юм. Түүнээс биш ТҮ-6 буюу эмчийн орон тоон цалин мөнгө, ажлын ачааллын хувьд ямар ч ялгаа байхгүй. Г.Г-гийн тушаал байгаад байхад ажилгүй болчихсон гэдэг асуудал яригдаад байгаа нь учир дутагдалтай байна. Ямар нэгэн хүнийг даргаас нь буулгаад ажилгүй болгосон тохиолдол ер нь байхгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж л байгаа байх. Зөвхөн тамгыг хэн барих вэ гэдэг асуудал хөндөгдөөд байгаа юм. Г.Г тайлбартаа Г.С надтай уулзаж тамга тэмдгээ аваад ажлаа хүлээж авъя гэдэг асуудал яриагүй учраас би ажлаа гүйцэтгээд яваад байгаа гэж тайлбарлаж байна. Магадгүй тийм зүйл байгаа ч гэсэн нөхөрлөлийн бүх гишүүд нь Г.Г-тай уулзаад ажлыг хүлээн авч тамга тэмдэг авъя гэж байхад одоо хүртэл тамга тэмдгээ өгөхгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа нь ажлаа өгөх сонирхол байхгүй гэдэг нь илэрхийлэгдэж байна. Г.Г-гийн хувьд шүүхдээд сууж байх ёстой биш өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдтэй учраа олох ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

         5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх тухай тушаал, Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах тухай тушаал, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны /тэмдэглэл/ шийдвэр, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Элбэг-Өгөөж Бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрэм, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/171 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

       6. Хариуцагчаас итгэмжлэл, Б.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, бүртгэл хяналтын картын маягт /өргөдөл/, Э.М.Г-т гаргасан хүсэлт, Элбэг-Өгөөж ӨЭМТ БГБХ нөхөрлөлийн гишүүдийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1 хурлын тэмдэглэл, Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар Хавсран ажлуулах тухай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхөрлөлийн эрх бүхий гишүүдийн Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Элбэг өгөөж БГБХ нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 400 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

        7. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 645 дугаар захирамжаар Элбэг-Өгөөж ӨЭМТ-ийн хурлын тэмдэглэл бүхий дэвтэрт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд тусгаж Элбэг-Өгөөж БГБХ нөхөрлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1 дүгээр гишүүдийн хурлын тэмдэглэлийг хуулбарлаж хэрэгт хавсаргасан, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 726 дугаар Нотлох баримт хасах тухай захирамжаар хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхөрлөлийн эрх бүхий гишүүдийн Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах тухай, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 400 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах тухай тушаал, 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Элбэг өгөөж БГБХ нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл нийт 7 хуудас баримтыг нотлох баримтаас хасжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

         2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

         Г.Г миний бие Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2022/00251 дугаартай шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний Б/07 дугаартай Э.М.Г-ын даргын тушаалаар ажилдаа эргэн орсон. Хэдий тушаал маань 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой байгаач миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэтэл намайг ажлаа авахаас 7 хоногийн өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж надтай хамтарч ажиллах боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан гэх шалтгаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дахин хууль бусаар, үндэслэлгүй үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Иймд Увс аймгийн Э.М.Г-ын дарга Ц.А-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаандаа хандаж, хариугаа аваад шүүхэд хандаж байгаа болно. Иймд Увс аймгийн Э.М.Г-т холбогдуулан Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.

           3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

         Иргэн Б овогтой Г.Г-ийн тус шүүхэд гаргасан Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Элбэг өгөөж БГБХ нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр болон нөхөрлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд эмчлэгч эмчээр ажиллаж байгаа мөн одоогоор ажил хүлээлцээгүй даргын ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Иймд Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

        4.1. Нэхэмжлэгч Г.Г-г Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах тухай тушаалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан Элбэг-Өгөөж Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилжээ.

      4.2. Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын 3.3.2, 3.3.3, 3.3.5 дахь заалт, Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн БГБХ-н нөхөрлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Элбэг-Өгөөж Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Г-г 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

          Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Аймаг, нийслэлийн Э.М.Г-ын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө заасны дагуу Увс аймгийн Э.М.Г-ын дарга нь нэхэмжлэгч Г.Г-г Элбэг-Өгөөж Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлжээ.

        Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг ба Г.Г-г ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн аль тохирох заалтыг баримтлах бөгөөд хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

       Мөн нэхэмжлэгч талаас 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр нөхөрлөлийн хурлын тэмдэглэлийн шийдвэр хэсэгт Элбэг-Өгөөж ӨЭМТ-ийн даргын асуудлаар Г.С эмчийг 5 хүн дэмжиж, санал өгөхгүй 2 хүн, Г.Г эмчид 1 хүн санал өгсөн. ЭМГ-аас даргын асуудлыг шийдвэрлүүлэх, хуулиа баримталж шийдэж өгнө үү. Э.М.Г-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай тушаалыг /шийдвэрийг/ хэрэгжүүлсний дараагаар даргын асуудлыг дахин хэлэлцэнэ гэж шийдвэр гарсан байна. Дээрх шийдвэрээс үзвэл нөхөрлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас Г.С гэдэг хүнийг тус эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г.Г-г тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон. Гэхдээ 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн хурал хийх үед Г.Г ажлаа хүлээж аваагүй байсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан гэдгээ нотолсон баримт буюу тухайн ажиллагаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан С.Маамуу гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Г.Г нь тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг албан ёсоор хүлээж авсан байдаг. Г.Г-г тушаалаа гардаж аваад ажлаа хүлээж авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэнэ гэсэн шийдвэр гарсан байхад энэ шийдвэрийг үндэслээд Г.Г-г ажлаас чөлөөлж Г.С-г томилж байгаа асуудал нь үндэслэлгүй гэж маргадаг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Г.С танаа шүүхийн шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор биелүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэх шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээс үзэхэд Г.Г 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээж авсан байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

       4.3. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл/шийдвэрээр Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг талууд тохиролцоогүй гэдгээр дуусгавар болгов. Иймд ажилтан энэхүү тэмдэглэл /шийдвэрийг/ хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэжээ.

      5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл/шийдвэрийг хүлээн аваад 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Г-г Элбэг-Өгөөж Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Э.М.Г-аас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

          8. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар Хавсран ажилуулах тухай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхөрлөлийн эрх бүхий гишүүдийн Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 400 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгүүд нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Увс аймгийн Э.М.Г-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г-г Элбэг-Өгөөж Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Э.М.Г-аас  70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БОЛОР