| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05698/И |
| Дугаар | 102/ШШ2024/02456 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/02456
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин, регистр ....., С морьт овогтой Г-ийн У ,
Хариуцагч: Баянгол дүүргийн .................тоотод оршин суух, регистр .................., Б ововогтой О З
Хариуцагч: Баянгол дүүргийн ......................тоотод оршин, регистр ..................., Т овогтой Бын Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: 85 640 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.У нь О.З , Б.Б нарт холбогдуулан зээл болон хамтран ажиллах гэрээний үүрэгт 85 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 2020 оны 8 сарын сүүлчээр иргэн Ч. Д-ээр зуучлуулан О.З , М.Г нартай уулзаж Өмнөговь аймгийн Ц суманд байрлах нүүрсний уурхайд хөрс хуулах ажлыг хамтран хийхээр ярилцсан. Гэвч энэ ажил хийгдээгүй. Үүний дараа О.З надтай уулзаж 2020-2021 оны өвөл цаг агаар хүндрэх магадлалтай, өвсний бизнест хамтарч хөрөнгө оруулж ажиллахаар ярилцаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу О.З , М.Г , З ын хүү 3.О нарын хамтын явж өвс худалдан авахаар болж 8000 боодол ногоон өвсийг газар дээрээс нь 8000 төгрөгөөр, 2000 боодол өвсийг 6000 төгрөгөөр худалдан авсан. Өвсний үнэнд 2020 оны 10 сарын 8-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 10 сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 10 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг буюу нийт 35,000,000 төгрөгийг би төлсөн. Ингээд өвс тээвэрлэх болон бусад шаардлагатай зардал гэж надаас 2020 оны 10 сарын 09-ний өдрөөс 11 сарын 15-ны хооронд 34,700,000 төгрөгийг авсан, үүнээс гадна өвсөө татах шланз машин БНХАУ-аас оруулж ирнэ гээд 2020 оны 10 сарын 09-ний өдөр машины үнэ 51000 юань буюу 22,440,400 төгрөгийг надаар төлүүлсэн. О.З нар хамтран ажиллахад мөнгөн хөрөнгө оруулаагүй, харин үйлчилгээ үзүүлэх, зуучлах байдлаар оролцсон. Бид нар худалдаж авсан өвсөө Сүхбаатар аймгаас авчрах тэр цаг үеэр Ковид-19 өвчин гарч, 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс улсын хэмжээнд хатуу хөл хорионы тогтоосоны улмаас зөвхөн О.З явж өвсөө авчраад тэрээр өвсийг зарж борлуулсан байсан. Өвсийг ямар үнээр хэрхэн борлуулсан талаар надад мэдэгдээгүй, миний оруулсан мөнгө төгрөгийг өгөх, ашгаа хэрхэн хувиарлах талаар мэдээлэл өгөөгүй. Түүнтэй уулзахад оруулсан мөнгийг чинь болон өвсний ашиг 7,000,0000 төгрөг өгнө гэж амалсан боловч өгөөгүй хохироосоор байна. Өвс бэлтгэх үед тээвэрлэх болон бусад шаардлагатай зардалд гэж надаас авсан 34,700,000 төгрөгийг О.З өөрийн эхнэр Б.Б ийн дансаар, машины үнэ 22,440,000 төгрөгийг би Хятад байх өөрийн түншээр дамжуулан төлөөд автомашиныг Монгол улсын хилээр оруулж ирсэний дараа оношлогоо, улсын дугаар авах 100,000 төгрөгийг мөн би гаргаж, машиныг Б.Б ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоо машиныг эдгээр хүмүүс ашиглаж, эзэмшиж байгаа болно. Тухайн үед буюу 2020 оны 11 сард өөрийн бизнест хөрөнгө оруулах шаардлага гарч О.З аас оруулсан мөнгөө авъя гэхэд хүнээс зээлээд түр зохицуулж байгаач гэхээр нь 2020 оны 11 сард иргэн Г.Мөөс 20 000 000 төгрөгийг, сар бүрийн 3 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүд 3,000,0000 төгрөгийг төлж давхар хохирсон. Мөн О.З мөнгө хэрэгтэй байна гээд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүний Хаан банкны ........ тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2021 оны 03 сард О.З нартай уулзахад өвсний бизнесийн ашиг 7 сая төгрөг, мөн зээлийн хүүд төлсөн мөнгийг би төлнө гэж амалсан боловч төлөөгүй. Иймд зээлийн гэрээгээр авсан 15,000,000 төгрөг, хамтран ажиллахаар авсан, өвсний мөнгө 35,000,000 төгрөг, тээвэрлэлтийн болон бусад зардал 34,700,000 төгрөг, машин, оношлгоо, улсын дугаарын үнэ 22,540,000 төгрөг, ашиг 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг нийт 117,240,000 төгрөг төлөхөөс, төлсөн 31,600,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 85,640,000 төгрөгөөс хариуцагч О.З аас 70 640 000 төгрөг, хариуцагч Б.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.З нь өвс худалдан авах тухай дангаар шийдвэр гаргаагүй. У , М, Г нар өвсний наймаа хийхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь хөрс хуулалтын ажилд хамтарч ажиллахаар эхлээд ярисан, ингэхдээ нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг Д хэлж, Д нь М, У нарыг З тай уулзуулсан. Тухайн уулзалтаар Г хөрс хуулалтын ажлын талаар болон олох ашиг орлогын талаар бусад хүмүүстээ танилцуулга хийсэн. Уг уулзалтаар эдгээр хүмүүс хөрс хуулалтын ажилд хөрөнгө оруулахаар тохиролцож, Н.Д нь М , У нарт 100,000,000 төгрөг байгаа, уг 100,000,000 төгрөгийг хөрс хуулалтын ажилд зарцуулъя гэж ярисан. Гэвч хөрс хуулалтын ажлын компани нь өөр байгууллагад өр ширтэй байсан учраас энэ явуулахаа болиод өвс тээвэрлэлтийн ажилд хамтрахаар болсон. Г ийн ах Сүхбаатар аймагт өвс тээвэрлэлт хийдэг, ашиг сайн олдог гэсэн учраас М , Г , У , З нар хамтарч өвс тээвэрлэхээр тохиролцож Ёүхбаатар аймаг руу явсан. Г нь Сүхбаатар аймгийн хүн, ах нь Сүхбаатар аймгийн алдарт уяач хүн байдаг. Ингээд Г ахаараа дамжуулж Ганбат гэх хүнээс өвс худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Ганбатаас 70,000 боодол өвс авч Г.У , М , Г , З нар ашгаа хуваахаар тохиролцсон байдаг. О.З нь мөнгөний эх үүсвэрийг М өөс гарна гэж ойлгосон байгаа. 10,000,000 боодол өвсийг 64,000,000 төгрөгөөр, 2,000 боодол өвсийг 12,000,000 төгрөгөөр тооцон нийт 76,000,000 төгрөгөөр өвс авах байсныг ярилцаж тохироод 75,000,000 төгрөгөөр авахаар тохирч 50,000,000 төгрөгийн өвсийг Сүхбаатар аймгийн төвд буулгасан байгаа. Уг өвсний 50,000,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг нь Г.У аас Ганбат болон Ганбатын эхнэрийн дансанд шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийн өвснөөс 35,000,000 төгрөгийн өвсийг Улаанбаатарт авчирч, 15,000,000 төгрөгийн өвсийг Сүхбаатар аймгийн төвд Ганбатын хашаанд үлдээсэн. Маргаанд 50,000,000 төгрөгийн өвсний асуудал л байгаа. О.З өвсийг худалдан борлуулахын тулд 50,000,000 төгрөгийн, том тэвштэй, чиргүүлтэй машиныг 21,000,000 төгрөгөөр авах боломж байхгүй. Ковидын үед Г Сүхбаатар аймагт байхдаа өвсийг хаашаа ачиж борлуулсан нь тодорхойгүй. У Б.Б ийн данс руу 100,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч Б.Б ийн дансанд мөнгө орсон зүйл байхгүй. Тиймээс уг маргаанд өвсний тээврийн зардал, шатахуун, машины сэлбэг зэрэг асуудал огт яригдахгүй. Нэхэмжлэгчийн О.З аас нэхэмжилсэн мөнгийг ойлгохгүй байна. Хамтран ажиллах гэрээгээр хэн хэдэн төгрөгний хөрөнгө оруулах, хэдий хэмжээний ашиг олох тухай тохиролцдог. Г.У Б.Б ийн данс руу мөнгө шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөнөөсөө авч О.З т 7,000,000 төгрөгний ашиг өгнө гэж хэлсэн гээд байгаа. Г.У ыг манай талаас тооцоо нийлье гэхээр ирдэггүй. Хамтран ажиллах гэрээгээр ашиг, зардлыг тооцож байж хэн хэдэн төгрөг өгч авахыг шийдэх ёстой. М , Г.У нар Г.Э гэх хүнээс мөнгө зээлсэн эсэхийг бид мэдэхгүй. О.З хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн. Би М тэй холбогдоод эдгээр хүмүүстэй нийлж тооцоо бодох талаар хэлсэн ч тооцоо нийлээгүй. Тооцоо нийлэлгүйгээр Г.У т 7,000,000 төгрөг өгөх үндэслэл байхгүй. Г.У , М нар өөрсдөө нягтлан бодох мэргэжилтэй хүмүүс учраас тооцоо тооллогын асуудлыг сайн мэдэж байгаа. М , У , Г нар нийлж О.З аас мөнгө авахаар тохирсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Б.Б ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б нь нөхөр О.З т дансаа ашиглуулсан. Дансаар орж ирсэн мөнгийг О.З т өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Дансаар орж ирсэн мөнгө нь өвсний мөнгө, бензиний мөнгө, тээвэрлэлтийн мөнгө гэдэг нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч Г.У өөр бусдад шилжүүлсэн мөнгөө Б.Б ээс нэхээд байгаа ч тухайн мөнгийг Ганбат гэх хүнд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Ганбатад шилжүүлсэн мөнгийг Г авсан байдаг. Эдгээр хүмүүсийн маргаан нь Б.Б т хамааралгүй. Машины мөнгө нэхэж байгаа ч машиныг зараад мөнгийг нь Г.У дансандаа авсан. Г.У ын хүнээс зээлсэн мөнгө нь Б.Б т хамааралгүй. Зээлсэн мөнгийг буцаагаад өгсөн тухай О.З ын төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б т холбогдуулсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс: Зээлийн гэрээ /1 хавтас 5/, Г.У ын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хавтас 5/, Хаан банк ХК Г.У ын дансны хуулга /1 хавтас 7-13/, Хятад хэл дээр хуулбар /1 хавтас 14/, Г.У ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1 хавтас 15-17/, н.З тооцооны баримт /1 хавтас 18/, итгэмжлэл /1 хавтас 19/, нотлох баримт гаргуулах хүсэлт /1 хавтас 42/, итгэмжлэл /1 хавтас 43/, Хятад хэл дээрх хуулбар баримт /1 хавтас 48-49/, Орчуулга /1 хавтас 50/, Худалдаа хөгжлийн банкны Гадаад шилжүүлгийн даалгавар баримт /1 хавтас 51/, Хятад хэлнээс орчуулсан Нотолгоо бичиг /1 хавтас 52/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02392 дугаар шийдвэр /1 хавтас 85-86/, 2023.06.16 102/АБ2023/03068 дугаар тоот Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлстэс, архивын хариу /1 хавтас 95-117/, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 4/100 дугаарт албан тоот /1 хавтас 118/,
Хариуцагч Б.Б ээс: Итгэмжлэл /1 хавтас 23/, Хаан банкны дансны хуулга /1 хавтас 164-214/, Монгол банкнаас зарласан валютын ханш /1 хавтас 215/, НХмаягт БМ-3 Зарлагын баримт /1 хавтас 217-229/, НХмаягт БМ-3 Зарлагын баримт Г гэсэн нэртэй /1 хавтас 230-250/, 11 дүгээр сарын 4 гэсэн огноотой орлого, зарлага, бусад гэсэн гар бичвэр /1 хавтас 158-159/, Малчин лавлах 109 мэдээллий төв гэсэн фэйсбүүк пэйж хуудасны зургууд /2 хавтас 36-39/, Г.У ын Хаан банкны дансанд мөнгө шилжүүлсэн талаарх Г.Эийн тайлбар /2 хавтас 40/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2024 оны 5 сарын 03-ны өдрийн 599 дугаар албан тоот, хавсралт /2 хавтас 41-44/,
Хариуцагч О.З аас: 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 423 дугаарт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /1 хавтас 160-162/, С.Алтантуяагийн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн тодорхойлолт /1 хавтас 142/, иргэний үнэмлэхний хуулбар /1 хавтас 156/, НХмаягт БМ-3, зарлагын баримт Г гэсэн нэртэй /2 хавтас 1-11/,
Шүүх талуудын хүсэлтээр: Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа /1 хавтас 95-117/ Н.У-ийн гэрчийн мэдүүлэг /1 хавтас 120-121/, Б.Г-ын гэрчийн мэдүүлэг /1 хавтас 122-123/, гэрч Г.Г ийн мэдүүлэг /2 хавтас 28-30/, гэрч С.А-ийн мэдүүлэг /2 хавтас 31-32/, 2023.06.16 102/АБ2023/03068 дугаар тоот Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлстэс, архивын хариу /1 хавтас 95-117/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 4 525 000 төгрөгийг О.З аас гаргуулахаар хангаж, хариуцагч Б.Б т холбогдох нэхэмжлэл болон бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Г.У нь О.З , М , М.Г нартай хамтран 2020-2021 оны өвөл Сүхбаатар аймгаас өвс худалдан авч, Улаанбаатар хотод борлуулах, олсон ашгаа хувааж авахаар харилцан тохиролцжээ.
Нийт 8000 боодол өвсийг 1 боодлыг 8000 төгрөгөөр, 2000 боодол өвсийг 1 боодлыг 6000 төгрөгөөр буюу 76 000 000 төгрөгийн өвсийг 75 000 000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс Г.У нь өвсний үнэ 35 000 000 төгрөг, тээвэрлэлтийн болон бусад зардал 34 700 000 төгрөг, машин, оношлгоо, улсын дугаарын үнэ 22 540 000 төгрөг, ашиг 7 000 000 төгрөг, зээлийн хүү 3 000 000 төгрөг нийт 117 240 000 төгрөгийг төлсөн, хариуцагч нар буцааж 31 600 000 төгрөгийг төлсөн тул хасч тооцон 85 640 000 төгрөгийг хариуцагч О.З , Б.Б нараас гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч О.З нар хамтран ажиллахаар тохирсон, 31 600 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар Г.У нь хамтран ажиллахаар тохирсон хугацаанд Б.Б ийн дансанд нийт 49 700 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 31 600 000 төгрөгийг буцааж төлсөн төлсөн байна.
Нэхэмжлэгч нь өвсний үнэ 50 000 000 төгрөг төлсөн гэх боловч баримтаар 49 700 000 төгрөг шилжүүлжээ.
Үүнээс тооцвол, нэхэмжлэгч 117 240 000 төгрөгөөс тооцоо хийсэн нь үндэслэлгүй, өвс худалдах, худалдан авахаар хамтран ажилласнаас 7000 000 төгрөгийн ашиг олсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 49 700 000 төгрөгөөс 31 600 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх зардал 18 100 000 төгрөгийг хамтран ажиллаж, ашиг хуваахаар тохирсон 4 хүнд хуваавал нэг хүнд 4 525 000 төгрөгийг О.З төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Б.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Г.У , Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин Б.Ганбат, М.Г нарын хооронд үүссэн өвс худалдах, худалдан авах төлбөр тооцоонд шилжүүлсэн мөнгө гэж үзэхээр байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00721 тоот шийдвэрээр Б.Ганбат, М.Г нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн, нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.
Түүнчлэн Б.Б нь хамтран ажиллахаар тохирсон нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.1.Гэрч М.Г У , З , Г , М нар тохирсон, нарийн тооцооллыг мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрч Б.Ганбатын З ыг зүс танина, Г ээс өвсний мөнгөний авлагатай, З тай тооцоогүй гэх мэдүүлэг, гэрч С.А-ийн манай нөхөр Г тэй өвсөнд явахаар ярилцсан, 3-4 удаа байх, ашиг байтугай шүүхдээд байсан гэх мэдүүлгээр өвсний бизнес хийхээр хамтран ажиллахаар тохирсон нь тогтоогдсон, харин төлбөр тооцооны талаар хэн ч тодорхой мэдүүлээгүй байна.
2.2 Нэхэмжлэгчийн гаргасан БНХАУ-аас оруулж ирсэн машины баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй боловч Б.Б ийн нэр дээр бүртгэгдсэн байсан, машины үнийг буцааж төлсөн талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан НХмаягт БМ-3 зарлагын баримтууд, орлого, зарлага, бусад гэсэн гар бичвэр гэсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийнн хураамжид 586 140 төгрөг төлсөн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 586 140 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.З аас 87 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.З аас 4 525 000 /дөрвөн сая таван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж Г.У т олгож, нэхэмжлэлийн бусад хэсэг болох 66 115 000 төгрөг болон Б.Б ээс 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.У ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586 140 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.З аас 87 350 төгрөг гаргуулж Г.У т олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА